2023
Төгөлдөр хуурч Камэрон
2023 оны 5-р сар


“Төгөлдөр хуурч Камэрон,” Найз, 2023 оны 5-р сар, 40–41.

Төгөлдөр хуурч Камэрон

Камэрон хэрхэн тоглохыг мэдэхгүй ч туслахыг хүсэв.

Энэ түүх АНУ-д болсон.

Төгөлдөр хуур дээр дадлага хийж буй хүү

Камэрон “Би Бурханы хүүхэд” дууллыг Хүүхдийн хэсгийн бусад хүүхдийн хамт дуулав. Камэрон сонсголын бэрхшээлтэй хэдий ч дуулах дуртай. Удахгүй болох Хүүхдийн хэсгийн хөтөлбөрөөр тэд дуулах байлаа. Энэ нь ердөө сарын дараа байв.

Дууны цаг дуусахад Жөүнс эгч зарлал хэллээ. “Манай Хүүхдийн хэсгийн төгөлдөр хуурч удахгүй нүүх гэж байгаа. Тиймээс Хүүхдийн хэсгийн хөтөлбөрөөр хэд хэдэн хүүхдийг төгөлдөр хуур тоглоосой гэж бид хүсэж байна. Нэг юм уу хоёр дуу тоглох хүсэлтэй хүүхэд байна уу?” гэж тэр асуув.

Камэрон гараа өргөлөө. Тэр хөтөлбөрт туслахыг хүсжээ.

Туслах хүсэлтэй хүүхдүүдийн нэрсийг Жөүнс эгч бичиж авав. “Эмма. Бэн. Камэрон! Би чамайг төгөлдөр хуур тоглож чаддаг гэж мэдээгүй юм байна” гээд тэр инээмсэглэв.

Камэрон урьд өмнө хэзээ ч хичээл авч байгаагүй ч эмээгийнхээ гэрийн төгөлдөр хуур дээр дуу зохиохдоо дуртай байлаа.

“Би тийм ч сайн биш л дээ. Гэхдээ дадлага хийвэл би чадна гэж бодож байна!” гэж тэр хэлэв.

Жөүнс эгч “Үйлчлэх хүсэлтэй байгаад баярлалаа” гээд хүүхэд бүрд тоглох хоёр дуу хуваариллаа.

Камэронд баярласандаа болоод гараад гүймээр санагдав. Тэр үргэлж тоглож сурахыг хүсдэг байсан бөгөөд одоо цаг нь ажээ!

“Чи их баяртай харагдаж байна! Хүүхдийн хэсэг дээр ямар нэгэн зүйл болоо юу?” гэж ээж нь түүнийг Сүмээс тараад машинд суухад нь асуулаа.

Камэрон мишээл тодруулан “Би Хүүхдийн хэсгийн хөтөлбөрөөр төгөлдөр хуур тоглох гэж байгаа” гэв.

“Чамайг туслах хүсэлтэй байгаад би маш их баяртай байна. Гэхдээ чи дуу тоглох хэмжээнд төгөлдөр хуур тоглож мэдэхгүй шүү дээ” гэж ээж нь хэлэв.

Камэрон цэх суугаад, “Би сурч чадна. Би хамгийн сайнаараа хичээнгүйлэн давтах болно! Би эмээгийн төгөлдөр хуурыг хэрэглэнэ” гэв.

“Тэгвэл одоо эхэлсэн нь дээр бололтой!” гэж ээж нь хариуллаа.

Ээж нь Камэронд төгөлдөр хуурын багш олоход нь туслав. Багш нь түүнд “Би ариун сүм харах дуртай” мөн “Есүс Христийн Сүм” дуунуудыг тоглох хялбар аргыг үзүүлэв.

Тэр эмээгийнхээ гэрт аль болох олон удаа давтав. Тэр дууны мөр бүрийг ахин дахин давтжээ. Тэр олон алдаа гаргасан ч хичээсээр, тоглосоор байлаа. Эцэст нь тэр хоёр дууг хоёуланг нь тоглож сурав.

Удалгүй Хүүхдийн хэсгийн хөтөлбөр эхлэх цаг боллоо. “Чи зүгээр үү?” гэж ээж нь асуув.

Камэрон төгөлдөр хуурын номоо цээжиндээ наан тэврээд “Сандарч байна. Гэхдээ бас догдолж байна” гэж хариулав.

Хүү төгөлдөр хуур тоглож, хүүхдүүд дуулж байгаа нь

Камэроны тоглох ээлж ирэхэд түүний гар бага зэрэг чичирч байв. Тэнгэрлэг Эцэг минь, надад туслаач гэж тэр сэтгэлдээ залбирав. Тэр гүнзгий амьсгал аваад, хамгийн сайнаараа тоглов. Бусад хүүхэд даган дууллаа.

Дууны төгсгөлд тэр инээмсэглэв. Энэ үнэхээр сонирхолтой байлаа! Ариун Сүнс түүнд тусалж байсныг тэр мэджээ.

Тэр эхний дуугаа тоглож дуусаад улам илүү итгэлтэй болов. Тэгээд хоёр дахь дуугаа тоглож эхэллээ. Түүний хуруунууд яг л дадлага хийсэн шигээ товчлуурууд дээр хөдөлж байв.

Энэ бол Камэроны дуртай дуу байлаа. Тэр тоглож байхдаа үгсийн талаар бодов. “Аврагч Есүс Христэд би итгэдэг. Түүний нэрийг ав[на].” Камэрон уг хөтөлбөрт зориулж дуунуудыг тоглож сурахаар маш шаргуу хөдөлмөрлөсөн.

Төгөлдөр хуур тоглох нь гэрчлэлээ хуваалцах нэг арга зам байх гэж тэр бодлоо.

Хөтөлбөрийн дараа ээж нь Камэроныг чанга тэврээд

“Ямар байсан бэ?” гэж асуув.

“Эхэндээ би сандарсан ч сонирхолтой байсан!” гэж Камэрон хариуллаа. Тэр үргэлжлүүлэн дадлага хийж, илүү олон дуу сурахыг хүсэв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Адам Кофорд