“Бэлтгэлээс ч илүү сайхан өдөр,” Найз, 2023 оны 11-р сар, 14–15.
Бэлтгэлээс ч илүү сайхан өдөр
Тэр эмэгтэйн сэтгэл таагүй байлаа. Ишмэйл тусалж чадах болов уу?
Энэ түүх Боливид болсон юм.
Ишмэйл гадагш гарч наранд зогсоод инээмсэглэв. Тэр Папатай цэцэрлэгт хүрээлэн явах гэж байлаа. Замдаа Ишмэйл Папагийн гараас хөтөлж, хөл бөмбөгийн бөмбөгөө тэврэн явав. Ишмэйл Папатай цагийг өнгөрөөх, ялангуяа хөл бөмбөг тоглох дуртай!
Тэд цэцэрлэгт хүрээлэнд ирээд, эргэн тойрноо харлаа. Хөл бөмбөгийн талбайн ойролцоо нэг эмэгтэй зэрлэг зулгааж, явган хүний замаар нэгэн гэр бүл алхаж байлаа. Харин хөл бөмбөгийн талбай хүнгүй байв. Ишмэйл, Папа хоёрт бэлтгэл хийхэд хангалттай талбай байв!
“Тоглоход бэлэн үү?” гэж Папа асуув.
“Тийм ээ!” гээд Ишмэйл талбай руу эрчээрээ гүйв. Тэрээр хөндлөнгийн, торгуулийн, мөн булангийн цохилтуудыг хийв.
Папа бөмбөгийг хүчтэй гэгч өшиглөлөө. Бөмбөг Ишмэйлийн яг толгой дээгүүр гарав!
“Би аваад ирье” гэж Ишмэйл хэлээд талбайн булан руу гүйж очин бөмбөгийг авлаа. Тэнд өнөөх эмэгтэй газар ухсаар байгааг тэр харав. Тэр ядарсан харагдаж байлаа.
“Одоо би хаалгач болно. Тэгээд чи гоол оруулж чадах эсэхээ хараарай!” хэмээн Папа хашхирав.
Ишмэйл буцаж гүйн, бөмбөгийг хаалга руу өшиглөв. Папа хаах гэж оролдсон боловч үл ялиг дутав.
“Гоооол!” Бөмбөг хаалганд орсонд Ишмэйл баярлав.
Нэг л мэдэхэд бүтэн цаг өнгөрчээ. “Гэртээ харих цаг боллоо” гэж Папа хэллээ.
Ишмэйл зэрлэг түүж буй эмэгтэй рүү эргэж харав. Наранд ажиллана гэдэг хөл бөмбөг тоглохтой адилгүй дээ гэж тэр бодлоо. Ишмэйл түүнийг баярлуулахыг хүсэв. Тэгтэл түүнд нэгэн санаа төрлөө.
“Папа, тэр эмэгтэй сайн зүйл хийж байна гэж та бодохгүй байна уу?” гэж тэр асуулаа.
“Юу?” Папа өнөөх эмэгтэй рүү хараад, “Аан, тийм ээ” гэв.
Ишмэйл “Бид очоод түүнд үүнийг нь хэлэх хэрэгтэй гэж би бодож байна” гэхэд,
“Бид гэртээ хурдан харих хэрэгтэй. Мама нь биднийг хүлээж байгаа” гэж Папа хэлэв.
Ишмэйл өнөөх эмэгтэй духаа арчиж байгааг харлаа. Түүнтэй ярих мэдрэмж улам хүчтэй төрөв. “Бид үнэхээр түүнтэй ярих хэрэгтэй юм шиг санагдаж байна” гэж тэр хэллээ. Тэр Папагийн гараас хөтлөн, эмэгтэйн зүг алхав.
Тэр гараа даллан “Өглөөний мэнд, хатагтай” гэж хэлсэнд,
эмэгтэй өндийж ч харсангүй. “Та нар юу хүсээ вэ?”
Түүний сэтгэл таагүй байгааг Ишмэйл хараад ойлгов. Гэвч Ишмэйл бууж өгсөнгүй. “Би танд гайхалтай ажил хийж байгааг тань хэлэхийг хүссэн юм!”
Тэгтэл эмэгтэй өндийн харав.
Ишмэйл инээмсэглээд, “Цэцэрлэгт хүрээлэнд санаа тавьж байгаад тань баярлалаа!” гэлээ.
Эмэгтэй хариуд нь инээмсэглэн, “Баярлалаа!” гэв. Эмэгтэйн инээмсэглэл улам бүр тодров. “Маш их баярлалаа.”
Ишмэйл Папатай гэртээ харих замдаа аз жаргалтай байлаа.
“Чиний хэлсэн зүйл түүнд их чухал байсан гэж би бодож байна. Өөрт төрсөн мэдрэмжээ дагасанд чинь би баяртай байна” гэж Папа хэлэв.
“Би ч гэсэн” гээд, Ишмэйл хэсэг бодолхийлснээ, “Та үүнийг Ариун Сүнс байсан гэж бодож байна уу?” гэж асуув.
Папа толгой дохиод “Заримдаа Ариун Сүнс бидэнд бусдад туслах мэдрэмжийг өгдөг. Чиний хийсэн зүйл яг энэ байсан” гэв.
Ишмэйл инээмсэглэв. Уг эмэгтэйтэй ярих нь жижиг зүйл байсан ч тэр түүний өдрийг илүү сайхан болгож чадсан юм. Ариун Сүнсийг сонссоноор тэр өөрийнхөө өдрийг ч бас илүү сайхан болгосон.