“Бид үүнийг хамтдаа хийнэ,” Найз, 2023 оны 11-р сар, 40–41.
Бид үүнийг хамтдаа хийнэ
Энни Залуу эмэгтэйчүүдийн ангид явж эхэлнэ гэхээс айж байлаа.
Энэ түүх АНУ-д болсон юм.
Энни даашинзаа имрэн суулаа. Тэр үг хэлэгчдийг сонсохыг хичээсэн ч сандарч, мөн түүнд тавгүй мэдрэмж төрж байв.
Өнөөдөр Энни Залуу эмэгтэйчүүдийн ангид явж эхэлнэ. Тэр ариун ёслолын цуглаан дууссаны дараа шууд тийш орох байв. Бүгд л Энниг баяртай байна гэж бодсон ч тэр айж байлаа.
Тэр өөрийн эгч Тами руу харав. Тами Залуу эмэгтэйчүүдийн анги руу дэвшээд гурван жил болж байгаа ба ангидаа их дуртай. Тэр үргэлж Эннид анги нь ямар гайхалтай болохыг хэлдэг байсан. “Чи маш олон найзтай болно. Энэ нь Хүүхдийн хэсгээс ялгаатай. Бараг л том хүн болсон юм шиг санагддаг” гэж Тами хэлсэн.
Гэхдээ Энни эгчээсээ өөр байлаа. Тами шинэ хүмүүстэй танилцах дуртай бас найзуудтай болох түүнд амархан байлаа. Харин Энни дуу цөөтэйн дээр хүмүүстэй ярихаас уншиж, зурахыг илүүд үздэг байв.
Бас түүний нүүрэн дээр батга гарчихсан учраас тэр гадаад төрхөөсөө ичиж байлаа. Батганы зориулалттай тос хэрэглэсэн нь түүнд үр дүнгээ өгсөн ч, арьсан дээрх улаан толбо нь арилсангүй.
Ариун ёслолын дараа тэр коридор луу удаан гэгч нь гарлаа. “Би өнөөдөр Залуу эмэгтэйчүүд рүү орж чадахгүй нь ээ” гэж тэр ээж, эгч хоёртоо хэлэв.
Ээж нь санаа зовнисон байдалтай “Би чамайг Залуу эмэгтэйчүүдийн анги руу дэвшихдээ баяртай байгаа гэж бодсон. Юу болсон юм бэ?” гэж асуув.
“Би тэнд явдаг эгчмэд охидын хэнийг нь ч танихгүй шүү дээ.” Энни нүүрэндээ хүрээд “Дээрээс нь тэд намайг хараад шоолох байх” гэж хариулав.
Ээж нь түүнийг тэврээд “Тами ч гэсэн тэнд байна гэдгийг санах хэрэгтэй” гэв.
Тэр “Би Тамитай адилгүй” гээд Тами руу харж, “Та хүмүүстэй ярихдаа сайн шүү дээ” гэж хэллээ.
“Шинэ ангид орох хэцүү гэдгийг би мэднэ. Гэхдээ бид үүнийг хамтдаа хийнэ. Би ч гэсэн анх Залуу эмэгтэйчүүдийн ангид явж эхлэхдээ айж байсан” гэж тэр Тамид хэлэв.
Тэр Тами руу гайхан харав. Тами үргэлж зоригтой юм шиг байдаг. Тэр бүр сургуулийнхаа хөгжимт жүжигт тоглохоор шалгуулсан ба гол дүрийг авсан. Энни ийм зүйл хийдэггүй байлаа. Тэр зүгээр л анзаарагдахгүй байхыг хичээдэг байв.
“Гэхдээ та хэзээ ч айдаггүй шүү дээ” гэж Энни хэлэв.
Тами инээмсэглээд “Мэдээж, би айлгүй яах вэ! Би тэр хөгжимт жүжигт шалгуулахдаа айж байсан. Би юу хийсэн гээч?”
Энни толгойгоо сэгсрэв.
Тами “Би залбираад хамгийн сайнаараа хийсэн. Би бас бусад хүүхдэд тусалсан. Маш олон хүүхэд яг над шиг айж байх шиг санагдсан. Бусдыг зоригтой байхад тусалснаар би өөрөө зоригтой болсон” гэв.
Энни энэ тухай бодлоо. Тэр Тамигийн хийсэн зүйлийг хийж ангийнхаа бусад охидыг айхгүй байхад нь тусалж чадах болов уу?
“Чи өнөөдөр Залуу эмэгтэйчүүдийн ангид орж чадна гэж бодож байна уу?” гэж ээж нь асуув.
Энни гүн амьсгаа аваад, толгой дохив. Тэр үүнийг хийж чадна.
Энни, Тами хоёр Залуу эмэгтэйчүүдийн анги руу алхан орлоо. Энни бусад охид руу харвал тэдний зарим нь Энни шиг сандарсан харагдав. Эрика хумсаа мэрж, Жюли хуруугаараа үсээ ороон эргүүлж байлаа.
Энни тэдэнд хэрхэн тусалж чадахаа бодов. Тэр Жюлигийн хажууд очиж суулаа. “Чи бас сандарч байна уу?” гэж Энни шивнээд “Бүх зүйл сайхан болно” гэж хэллээ.
Жюлиг инээмсэглэхэд Энни ч бас хариу инээмсэглэв. Тэр одоо тийм ч их айхгүй байгаа. Магадгүй Залуу эмэгтэйчүүдийн анги үнэхээр гайхалтай байна байх.