2023
Ойлгодог Нэгэн
2023 оны 11-р сар


“Ойлгодог Нэгэн,” Найз, 2023 оны 11-р сар, 26–27.

Ойлгодог Нэгэн

Кроны өвчтэй байх ямар байдгийг Блэйрийн найзууд ойлгодоггүй байв.

Энэ түүх АНУ-д болсон юм.

alt text

Блэйр “Би өнөөдөр очиж чадахгүй нь ээ” гэж хэлэхдээ ичсэнээсээ болоод нүүр нь улайв.

Найзууд нь түүн рүү ширтэнэ. “Гэхдээ чи ирнэ гэсэн шүү дээ.” гэж Самми хэллээ.

“Уг нь тийм л дээ.” Тэр хөл рүүгээ ширтээд “Миний бие сайнгүй байна. Уучлаарай” гэв.

Жэссикаг “Чи бас өнгөрсөн удаа ч ингэж хэлсэн шүү дээ” гэхэд нь

Блэйр юу гэж хариулахаа мэдсэнгүй. Тэр Саммигийн гэр лүү явж чаддаг ч болоосой гэж хүсэж байлаа. Гэсэн ч өнөөдөр түүний гэдэс үнэхээр өвдөж байв. Тэр гэртээ хариад амрах хэрэгтэй байлаа.

Блэйр кроны өвчтэй. Өвчин нь түүний гэдсийг хөндүүрлүүлж, маш их өвтгөдөг. Ихэнх өдөр түүний гэдэс зовуурилдаг бол бусад өдөр үүнээс ч хэцүү байдалтай байдаг. Өнөөдөр бол тэр хэцүү өдрүүдийн нэг байлаа. Тэр аль өдөр нь зовуурь ихтэй байхаа сонгож чаддаг ч болоосой гэж хүсэв. Түүнийг ямар нэгэн хөгжилтэй зүйл хийхээр төлөвлөх бүрд гэдэс нь маш ихээр өвдөх шиг санагддаг.

“Зүгээр л явцгаая” гэж Самми Жэссикад хандан хэллээ.

Блэйр гэртээ ирмэгцээ эмээ уув. Дараа нь тэр унтахыг оролдлоо. Гэхдээ өвдөлт хэтэрхий их байв.

alt text

Аав, ээж хоёр нь түүнийг харахаар өрөөнд нь иржээ. Аав нь ирж түүний орон дээр суулаа. Бие нь яаж байна?”

“Зүгээр ээ. Эм уугаад арай гайгүй болж байна.”

“Чамайг Саммигийнд очиж чадаагүйд харамсаж байна” гэж ээж нь хэлэв.

Блэйрийн нүд нулимсаар дүүрлээ. “Шударга биш байна! Найзууд маань надад ямар байгааг ойлгодоггүй.” Блэйр дэр авч хана руу шидлээ. “Би зүгээр л бие минь дээрдээсэй гэж хүсэж байна.”

Аав нь түүнийг тэврээд “Мэднэ ээ. Чи санваарын адислал авах уу?” гэв

Блэйр толгой дохилоо. Адислал ихэвчлэн түүнд илүү амар амгаланг мэдрэхэд тусалдаг байв.

alt text

Аав нь Блэйрийн толгой дээр гараа тавьж түүнийг тайвшруулж, амраахын тулд адислав. Адислал сайхан мэдрэмжийг авчирлаа. Энэ нь Тэнгэрлэг Эцэг түүнд хайртайг санахад тусалжээ. Гэхдээ найзуудынхаа талаар бодоход түүнд гуниг төрсөөр байлаа.

Адислалын дараа аав, ээж хоёр нь Блэйрийг үнсээд сайхан амраарай гэв. Тэд өрөөнөөс гарч, тэр унтахаар боллоо.

Блэйр буцаж хэвтээд нүдээ анив. Адислал түүнд тусалсан ч тэр өвдсөн хэвээр байлаа.

Тэр орныхоо дэргэд залбирахаар өвдөг сөхрөв. Эхлээд тэр яг л урьдынх шигээ залбирчээ. Тэр Тэнгэрлэг Эцэгт талархаж буйгаа илэрхийлээд бие нь дээрдэхэд туслаач гэж хүсэв. Тэгээд тэр цааш үргэлжлүүлэв.

alt text

“Тэнгэрлэг Эцэг минь, надад үнэхээр гунигтай байна. Би найзуудтайгаа хамт байхыг хүсдэг. Би ганцаардаж байна. Өдөр бүр намайг ямар их өвддөгийг хэн ч ойлгодоггүй. Би эрүүл байсан цаг үеэ санаж байна” гэж тэр хэллээ.

Блэйр залбирлаа үргэлжлүүлэх тусам Тэнгэрлэг Эцэг түүний залбирлыг сонсож байгааг мэдрэв. Блэйр Түүнийг сонсож юм уу хараагүй ч хайрыг нь мэдрэв. Өөрийнх нь хэлсэн зүйлсийг Тэрээр ойлгож, санаа тавьж байгааг тэр мэдэв. Энэ мэдрэмж нь алга болохыг тэр хүссэнгүй.

Тэр Тэнгэрлэг Эцэгт хандан сэтгэл дэх бүх зүйлээ уудалж дуустлаа залбирсаар байлаа. Тэгтэл түүнд “Кроны өвчтэй байх ямар байдгийг найзууд чинь ойлгодоггүй ч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мэддэг. Тэд чамайг ямар их өвдөж, ганцаарддагийг ч мэддэг. Тэд үргэлж чиний дэргэд байна” гэсэн бодол Блэйрт төрөв.

Түүнийг чангаар тэврэн авах шиг түүнд санагдлаа. Залбирч дуусаад тэр аав ээж дээрээ очиж юу болсон тухай ярив.

“Чи хар дарж зүүдлээ юү?” гэж ээж нь асуулаа.

Блэйр инээмсэглэж, “Үгүй ээ. Би залбирсан юм” гэж хариуллаа.

Ээж нь гайхширан “Бид нэлээн түрүүн чиний өрөөнөөс гарсан. Энэ бүх хугацаанд чи залбирч байсан юм уу?

Ийм удаан уу?” гэж асуув. Блэйр толгой дохив. “Яг л чанга тэврүүлсэн юм шиг мэдрэгдсэн. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад ямар байгааг мэддэг. Тэдний ачаар би ганцаараа биш гэдгээ мэдэрсэн!”

alt text here

Зургийг Тамми Лион