“Шалгаруулалт,” Найз, 2023 оны 11-р сар, 30–31.
Шалгаруулалт
Есүс Христ өөрийнх нь талд байгааг Жарэд мэдэрчээ.
Энэ түүх Францад болсон юм.
Жарэд бөмбөгөө залсаар талбай дундуур урагшлав. Тоглогчид түүний эргэн тойронд гүйлдэж, гутлууд нь чахран дуугарна.
“Би сул байна” гэж Габриэл хэлэв.
Жарэд бөмбөгөө Габриэлд дамжуулан цааш гүйлээ. Дараа нь Габриэл бөмбөгөө Жарэдад дамжуулав. Жарэд бөмбөгийг цагариг руу шидлээ.
СРРРРР!
Бөмбөг оров!
Тэмцээний дараа дасгалжуулагч нь “Сайн байна, Жарэд. Бүсийн шигшээгийн шалгаруулалт хоёр долоо хоногийн дараа болно шүү” гэж хэллээ.
Жарэд инээмсэглэв. Цөөн хэдэн тоглогчийг л уг шалгаруулалтад урьсан байлаа.
“Шалгаруулалт ням гарагт болно. Чи боломжтой юу?” гэж дасгалжуулагч нь асуулаа.
Жарэдын догдлол тэр даруй алга болов.
“Ням гарагт уу?” гэж тэр асуув.
“Тийм ээ. Ямар нэгэн асуудал байна уу?”
Жарэд энэ талаар бодож үзэв. Энэ нь үнэхээр сайн багт тоглох боломж байлаа! Гэвч ням гарагт тэр сүмд очиж, Аврагчид анхаарлаа хандуулдаг байсан.
“Ням гараг бол миний хувьд онцгой өдөр. Гэхдээ би энэ талаар аав ээжтэйгээ ярилцъя” гэж тэр хэлэв.
Тэр орой Жарэд аав, ээжийнхээ хамт орон дээрээ суулаа. Бодох зуураа тэр бөмбөгөө агаарт дээш шидэв. Тэгээд аав, ээждээ “Би үнэхээр тэр багийн шалгаруулалтад орохыг хүсэж байгаа ч, үүнийг ням гарагт хиймээргүй байна. Бурхан сагсан бөмбөгөөс илүү чухал гэдгийг би мэднэ” гэж хэлэв.
“Бид чамд яаж туслах уу?” гэж ээж нь асуухад
Жарэд гараараа бөмбөгийг эргүүлэнгээ “Бид хамтдаа залбирч болох уу?” гэв.
Тэр бөмбөгөө доош тавьж аав, ээжтэйгээ хамт өвдөг сөхрөв. “Тэнгэрлэг Эцэг минь, би энэ сагсан бөмбөгийн багийн шалгаруулалтад оролцохыг үнэхээр, бүр үнэхээр их хүсэж байна. Гэхдээ шалгаруулалт ням гарагт болно! Ням гараг бол Танд зориулах өдөр гэдгийг би мэднэ. Би юу хийх вэ?”
Залбирч дуусаад Жарэд тайван дулаан мэдрэмжийг мэдрэв.
“Юу гэж бодож байна?” гэж ээж нь асуулаа.
“Шалгаруулалт ням гарагт болбол би явахгүй. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэсэн мэдрэмж надад төрсөн” гэв.
Хоёр хоногийн дараа Жарэдын ээж э-мэйл хүлээн авлаа. Үүнд шалгаруулалт бямба гарагт болж өөрчлөгдсөн гэж бичсэн байв!
Жарэд шалгаруулалтдаа оролцож бас Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж чадахаар болов! Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонссон гэдгийг тэр мэдэж байлаа.
Дараагийн хоёр долоо хоногийн турш Жарэд чадах чинээгээрээ сагсан бөмбөгийн бэлтгэл хийв. Өнөөх чухал өдөр ирэхэд тэр бүхий л чадлаараа тоглолоо. Тэр тоглолт хооронд хурдан гүйж, шидэлтүүд нь ихэнхдээ орж, багийнхныгаа дэмжсэн.
Дасгалжуулагч эхний үеийн дараа “Дараах тоглогчид дараагийн шалгаруулалтад үргэлжлүүлнэ. Нэрээ сонсоорой” гэж хэлэв.
Жарэдын зүрх хүчтэй цохилж байлаа. Дасгалжуулагч эхний нэрийг, дараагийнхыг, бас дахиад нэг нэр дуудав. Шигшээ багт орно гэсэн түүний найдвар алдрахыг тэр мэдэрлээ.
Удалгүй дасгалжуулагч нэрсийг дуудаж дуусав. Тэр Жарэдын нэрийг дуудсангүй. Жарэд шалгаруулалтын дараагийн шатанд өрсөлдөхөөргүй боллоо.
Тэр бэлтгэлийн өрөөний гаднах сандал дээр суугаад гутал руугаа ширтэв. Тэр маш их хичээсэн. Гэвч бүх хөдөлмөр нь дэмий хоосон байсан юм шиг түүнд санагджээ.
Ээж нь түүнийг авахаар ирэхэд Жарэд толгой сэгсэрч “Би багт орж чадсангүй” гэв.
Ээж нь түүнийг чанга тэврэн, “Бидний хүссэнээр болоогүйд би харамсаж байна” гэж хэллээ.
Жарэд гүнзгий амьсгал авав. Удалгүй тайтгаруулсан бодол орж ирэх нь тэр!
“Юмс миний хүссэнээр үргэлж болохгүй ч Есүс Христ надад ямар байгааг сайн мэддэг. Тэр миний талд байгаа” гэж тэр хэлэв.
Ээж нь инээмсэглэж, “Яг зөв! Тэр чамд ямар байгааг мэддэг” гэлээ.
Жарэд хариуд нь инээмсэглэв. Тэр гунигтай байсан ч Аврагч түүнд ямар байгааг ойлгодог гэдгийг мэдсэнээр сэтгэл санаа нь арай дээрдэв. Есүс түүнийг үргэлж хайрлаж, дэмжинэ гэдгийг тэр мэдэж байлаа.