“Бяцхан дүүдээ туслах нь,” Найз, 2023 оны 11-р сар, 16–17.
Бяцхан дүүдээ туслах нь
Хэн ч Лашиад цаг гаргасангүй.
Энэ түүх Өмнөд Африкт болсон юм.
Лашиа бяцхан дүүтэй боллоо. Түүнийг Лиам гэдэг. Дүү нь хар үстэй, бяцхан гар, хөлтэй. Тэр үнэхээр эгдүүтэй.
Гэхдээ зарим үед шинэ дүүтэй байх нь хэцүү байв. Аав, ээж хоёр нь үргэлж завгүйн дээр Лиам маш их уйлдаг байв.
“Ээж ээ, та надад үлгэр уншаад өгч болох уу? гэж Лашиа асуув.
“Би дүүг нь усанд оруулах хэрэгтэй. Чи Арианатай хамт үлгэр уншчих” гэж ээж нь хэллээ.
Лашиа, эмэгтэй дүүгийнхээ хамт шалан дээр суув. Тэд номоос хэдэн хуудсыг уншлаа. Гэхдээ ээжгүйгээр унших өөр байв.
“Аав аа, та надтай хамт тоглоомоор тоглох уу? гэж Лашиа асуув.
“Би ажилдаа явахаасаа өмнө ээж, бяцхан дүүд нь туслах хэрэгтэй” гэж аав нь хариуллаа.
Лашиа хөмсгөө зангидав. Аав, ээж хоёр нь түүнд цаг гаргахаа больсон юм шиг санагдав! Тэд цаг үргэлж Лиамыг харж, хандаж байлаа.
Удахгүй аав нь ажилдаа явав. Ээж нь Лиамыг унтуулахаар хэвтүүлжээ. Тэгээд Лашиа, Ариана хоёртой буйдан дээр суув. Тэр ядарсан харагдаж байлаа.
“Бид Лиамыг асраад их завгүй байлаа. Та хоёр ганцаардсан уу?”
Лашиа толгой дохив. Түүнд уйлмаар санагджээ.
Ээж нь Лашиа, Ариана хоёрыг тэврээд “Лиам нярай учраас түүнд одоо маш их анхаарал, халамж хэрэгтэй байгаа юм. Та хоёр шиг өөрсдөө чаддаг насан дээрээ дүү нь очоогүй байгаа” гэв.
“Би мэднэ ээ.”
“Хэрэв чи хүсвэл Лиамыг асрахад тусалж болно шүү” гээд ээж нь инээмсэглэв.
“Үнэн гэж үү?” гэж Лашиа асуулаа. Лашиад энэ санаа таалагдав.
“Би ч гэсэн болох уу?” гэж Арианаг асуухад
ээж нь “тийм ээ, чи ч гэсэн” гэв.
Удалгүй Лиам уйлж эхэллээ. Ээж нь түүний живхийг солих үед Лашиа нойтон алчуур авчирч өгөв.
“Баярлалаа” гэж ээж нь хэлэв.
Маргааш нь Лиамыг усанд оруулах үед Лашиа, Ариана хоёр дүүдээ өмсүүлэх цэвэрхэн хувцас сонгов. Хувцсан дээр хөөрхөн бяцхан амьтдын зураг байлаа! Тэд Лиамд хувцсыг нь өмсүүлэхээр ээждээ авчирсанд,
“Баярлалаа” гэж ээж нь хэлэв.
Лашиа, Ариана хоёр тэдэнд туслах өөр арга замуудын талаар бодлоо. Тэр хоёр хэлүүлэлгүйгээр өглөө бүр өөрсдөө ороо хураадаг болов. Заримдаа тэд бүр аав, ээжийнхээ орыг ч хураадаг. Бас оройн хоолны цаг болоход тэд аавдаа гал тогоонд тусалдаг.
“Баярлалаа” гэж ээж, аав нь хэлэв.
Лиамыг уйлах үед Лашиа түүнийг харж, тайвшруулав. Тэр түүнийг тэвэрч, аяархан ярьж байлаа. Лиам баярлалаа гэж хэлж чадахгүй ч, нэг өдөр түүн рүү инээмсэглэв.
Лашиа хариуд нь инээмсэглэлээ. Тэр бяцхан дүү, аав, ээждээ тусалсандаа баяртай байлаа.