2021
Илүү дээдэд хүрэх тэнгэрлэг төлөвлөгөө
2021 оны 7-р сар


“Илүү дээдэд хүрэх тэнгэрлэг төлөвлөгөө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 2–5.

Илүү дээдэд хүрэх тэнгэрлэг төлөвлөгөө

Бид зуурдын амьдралыг тоймлон харахдаа, энэ нь “болох уу, болохгүй юу?” гэсэн асуулт биш, харин “илүү дээдэд хүрэх үү, үгүй юү?” гэсэн асуулт гэдгийг ойлгодог.

залуу эрэгтэй

Би хүүхэд бүрээ төрөх үед нь эхнэртэйгээ хамт байхаар адислагдсан ба эцэг эхийгээ нас барах үед дэргэд нь байх боломжтой байсан юм. Төрөлт болон үхлийн мөчид мэдэрсэн зүйлээ би их гайхсан. Би нэгэн ариун нандин зүйл тохиож байгааг мэдэрсэн юм. Дэлхий дээрх цаг үе маань бидний оршихуйн мөнхийн чухал хэсэг. Тэнгэр нь зуурдын амьдрал бүрийн эхлэл, төгсгөлийг онцолдог.

Зөвхөн төрөлтийн өмнө юу тохиосон талаар, үхлийн дараа юу тохиох тухай мэдлэгтэй байснаар л бид дэлхий дээр байх хугацаандаа юу хийх ёстойгоо ойлгож чадна. Хэрвээ дэлхий дээрх амьдралаас маань өөр зүйл бидэнд байхгүй бол бид бүгд бусдын төлөө нэг их их санаа зовохгүйгээр “ид[эж], уу[ж], мөн баяс[аж]” (2 Нифай 28:7) болох юм. Бид зуурдын амьдралыг харахдаа, энэ нь “болох уу, болохгүй юу?” гэдэг асуулт биш, харин “илүү дээдэд хүрэх үү, үгүй юү?” гэдэг асуулт гэдгийг ойлгодог.1

залуу эмэгтэй

Төрөхийн өмнөх амьдрал, дэлхий дээрх амьдралын зорилго, үхлийн дараах амьдралын тухай өгүүлдэг авралын төлөвлөгөөг мөн Аврагч, Есүс Христийн энэхүү төлөвлөгөөн дэх гол үүргийг ойлгох нь Тэрээр энэ амьдралыг туулахад бидэнд туслах болно гэдгийг харуулдаг. Бид Түүнтэй гэрээ хийхдээ өөрсдийгөө гэрээний зам дээр гаргаж мөн алхам алхмаар Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болдог.

Дэлхий дээр ирэхээс өмнөх бидний амьдрал

Бид Бурханы сүнслэг хүүхдүүд бөгөөд дэлхий дээр ирэхээсээ өмнө урт удаан хугацааны туршид Түүнтэй хамт амьдарч байсан гэдгийг илчлэлтүүд заадаг. Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөртэй нь адил болох замыг бэлтгэсэн. Өмнөх амьдралд Эцэгийнхээ авралын төлөвлөгөөг эсвээс аз жаргалын төлөвлөгөөг сонгосон хүмүүс нь бид өөрсдөө бөгөөд бид “илүү дээд” болохыг сонгосон юм.

Ахлагч Кристоффэрсон гэр бүлийнхээ хамт

Ахлагч Кристоффэрсон эхнэр, хүүхдүүдийнхээ хамт

Дэлхий дээрх бидний амьдрал

Бид Бурханы болон Түүний Хүү Есүс Христийн бүтээсэн дэлхийд ирсэн. Бид бие махбодыг хүлээн авсан. Бие махбодтой болох нь Бурханы эдэлдэг алдар сууг хүлээн авахад зайлшгүй чухал юм. Хэрэв бид Бурханы зарлигуудыг дагана гэдгээ харуулах юм бол “[бидний] тэргүүн дээр алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно” (Абрахам 3:26). Энэ нь бид тэнгэрлэг эцэг эхтэйгээ илүү адил болж, тэдэнтэй мөнхөд амьдарна гэсэн үг юм. Бид эдгээр гайхамшигт боломжийн төлөө баярлан уухайлдсан билээ.

Та бид маш удаан хүлээсэн хэдий ч одоо дэлхий дээр байна. Бид төгс, үхэшгүй биетэйгээр амилуулагдан, мөнхийн амьдралыг эдлэхээр селестиел хаант улсад орох тэр цагийг тэсэн ядан хүлээдэг. Энэ нь бидний төсөөллөөс ч илүү гайхамшигтай юм. Гэхдээ одоо бид “Их Эзэн [бидний] Бурхан [бидэнд] зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн” (Абрахам 3:25) тэдгээрийг сурч мөн хийхээр хичээж байна. Бид Бурханы төлөвлөгөөг мэддэг учраас эдгээр зарлиг нь бидний эрх чөлөө, аз жаргалыг хязгаарлахын тулд биш, харин ч үүний эсрэгээр өгөгдсөн гэдгийг бид мэднэ. Зарлигууд нь хамгийн дээд эрх чөлөө, баяр хөөрт хүргэх бидний хөтөч юм.

Тэр Аврагчийг өгсөн

Гэсэн ч, амьдрал хэцүү. Бид бүгд итгэлээр амьдрахыг сурах явцдаа бүдэрдэг. Гэсэн ч дэлхий бүтээгдэхээс өмнө Бурхан бидэнд нүгэл, үхлээс биднийг аврахын тулд Аврагчийг өгөх болно хэмээн амласан. Есүс Христ Өөрийн зовлон, үхэл, Цагаатгалаар дамжуулан бидний нүглийг төлж мөн наманчлалын бэлгийг бидэнд боломжтой болгодог. Тиймээс биднийг наманчлах үед Тэр бидний нүглийг өршөөж мөн үүний үр нөлөөнөөс биднийг цэвэршүүлдэг. Мөн Аврагч Өөрийн Амилалтаар бидэнд амилуулалт ба үхэшгүй байдлын бэлгийг өгдөг.

Христийн өмнө бөхийж буй хүмүүс

Өвдөг бүр сөгдөх болно, Ж.Көрк Ричардс

Гэрээний зам дээр алхах нь

Бид энэ зуурдын дэлхийд бие махбодтойгоор төрсөн шигээ тэнгэрийн хаант улсад сүнсний хувьд дахин төрөх ёстой. Бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар үүнийг хийдэг. Энэ нь дэлхий дээрх амьдралын маань туршид үргэлжилдэг сүнслэг өөрчлөлт хувиралтын маань эхлэл юм. Бид заримдаа үүнийг “эцсээ хүртэл тэвчих” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бид бүх амьдралынхаа туршид баптисмын гэрээгээ сахихыг хичээн, шаардлагатай үед наманчлан, дахин цааш үргэлжлүүлэхийг хэлж байгаа юм. Есүс “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно” (Мозая 26:30) хэмээн хэлсэн.

баптисм

Та Бурханы тусламжид найдаж болно

Төрөхөөс өмнөх амьдралдаа та Бурханыг мөн Христийг сонгосон бөгөөд Тэдний тусламжтайгаар “илүү дээд” болохоор сонгосон. Мөн та Тэдний тусламжид найдаж болно. Бурхан Тэргүүтэний гишүүд бол амьдралыг маань үл сонирхдог, хөндлөнгөөс ажигладаг хүмүүс биш юм. Тэд бидэнд хязгааргүй хайртай бөгөөд Өөрсдийн хүчийг бидэнд туслахын тулд мөн бидний зөвшөөрөх хэмжээнд хүртэл ашигладаг. Тэд үргэлжид бидний сонгох эрхийг хүндэтгэдэг ч биднийг адислахыг хүсэн хүлээж байдаг. Есүс “Би чамайг мартах нь үгүй, Ай Израилын угсаа. Болгоогтун, би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн” (1 Нифай 21:15–16) хэмээн батлан хэлдэг.

Алхам алхмаар илүү сайн болох нь

Зарим хүн селестиел хаант улс бусдын хувьд боломжтой ч өөрсдийнх нь орж чадахгүй зүйл гэж боддог. Үнэндээ, бидний хэн нь ч Есүс Христийн ач ивээлгүйгээр үүнд тэнцэж чадахгүй. Аз болоход, та Түүний ач ивээлийг хүртэж чадна. Дэлхийг ялан дийлсэн гэдгээ Есүс бидэнд хэлсэн билээ. Та өөрийн баптисмын болон бусад гэрээгээр Түүнтэй холбогддог бөгөөд тэгснээр та Түүнтэй хамт дэлхийг ялдаг.

Та энэ дэлхий дээр төгс төгөлдөр байдалд хүрэх шаардлагагүй. Бошиглогч Иосеф Смит үүнийг шатаар авирахтай харьцуулсан. Та доороос нь эхлэн, сайн мэдээний зарчмуудын талаар сурч, дагаж амьдрахдаа алхам алхмаар авирдаг. Мөн сурсан зүйл нь энэ амьдралын дараа ч хадгалагддаг—“Энэ дэлхийд бүхнийг ойлгоно гэж байхгүй”2 хэмээн тэр заасан.

Ариун сүмд буй залуу эрэгтэй

Бид энэ дэлхий дээр дутагдал, бэрхшээл зовлон юу ч туулсан бай хэрвээ бид гэрээний зам дээр үлдэх аваас (эсвэл буцаад үүн дээр хурдан гарах аваас) Өөрийнхөө үнэнч хүүхдүүдээс ямар ч адислалыг харамлахгүй хэмээн Бурхан амладаг. Тэгээд бүх зүйл сайн сайхан болдог. Энэ нь илүү дээдэд хүрэх тэнгэрлэг төлөвлөгөө юм!

Эх сурвалж

  1. Truman G. Madsen, Eternal Man (1966), 31–32.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 303.