“Та яагаад зоригтой байх хэрэгтэй вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 6
Ирээд, Намайг дага
Та яагаад зоригтой байх хэрэгтэй вэ?
Өөдрөг бай! Их Эзэн ийм байх шалтгааныг өгсөн.
Их Эзэн бидэнд олон урилга өгсөн. Мөн Тэрээр чухал урилгуудаа үе үе давтан хэлдэг. (Жишээлбэл, Тэр хэдэн удаа “Над дээр ир” хэмээн хэлсэн билээ?)
Судар дээр “зоригтой байгтун” хэмээх урилга олон давтагдсан байдгийг та харах болно.
Өөрийнх нь хүмүүс Өөрийг нь дагахыг хичээж байгаа боловч эсэргүүцэл, бэрхшээлтэй тулгарсан үед Их Эзэн заримдаа ийн хэлдэг. Мөн Тэрээр биднийг урам зоригтой байхыг урихдаа ихэвчлэн баяр хөөртэй байхыг урамшуулсан шалтгаануудаа өгдөг. Жишээ нь, Тэр нэгэнтээ ийн хэлсэн:
“Зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно. Хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялгууд та нарынх бөлгөө” (Сургаал ба Гэрээ 78:18).
Үүнийг шинжлэн үзье:
“Зоригтой бай, учир нь [1 дэх шалтгаан] би та нарыг удирдах болно. [2 дахь шалтгаан] Хаант улс та нарынх болой, мөн [2а дахь шалтгаан] үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн [3 дахь шалтгаан] үүрд мөнхийн баялгууд та нарынх бөлгөө” (Сургаал ба Гэрээ 78:18).
Энд Их Эзэн Өөрийн удирдамж, адислалуудыг бидэнд сануулдаг. Эдгээр нь баяр хөөртэй, зоригтой байх тун сайн зарим шалтгаан юм.
Өөр нэг жишээ авч үзье:
“Зоригтой байгтун, бяцхан хүүхдүүд минь; учир нь [1 дэх шалтгаан] бибээр та нарын дунд байна, мөн [2 дахь шалтгаан] бибээр та нарыг орхих нь үгүй” (Сургаал ба Гэрээ 61:36).
Бас өөр нэгэн жишээг авч үзье:
“Зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь [1 дэх шалтгаан] Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн [2 дахь шалтгаан] [би] та нарын дэргэд зогсч байх болно” (Сургаал ба Гэрээ 68:6).
Биднийг Их Эзэнийг дагаж, Өөрийнх нь ажлыг хийхээр хичээх үед Тэрээр дэргэд маань байж, туслах болно гэдгээ бидэнд сануулдаг. Тиймээс бид өөрсдийн замаар өөрсдөдөө итгэлтэй, тийм ээ, баяр хөөртэйгөөр явж чадна. Эцсийн эцэст, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь “аз жаргалын төлөвлөгөө” (Алма 42:8, 16) бөгөөд Их Эзэний зарлигуудыг дагах нь “аз жаргалтай хүмүүний ёсоор” (2 Нифай 5:27) амьдарна гэсэн үг юм.
Бидэнд тулгарсан зовлон бэрхшээл биднийг доош татах үед ч бид Их Эзэнийг дагахыг хүсэх аваас Тэр биднийг урамтай, зоригтой байхыг урамшуулдаг. Мөн Тэрээр үүнтэй холбоотой зарим сайн шалтгааныг бидэнд өгдөг.