2021
Бичээд үз
2021 оны 7-р сар


“Бичээд үз,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 18–19.

Бичээд үз

Судруудыг судалж байхдаа бодлоо бичиж авах нь сурахад тань үнэхээр тусалж чадна.

“Би судар уншиж эхлэх болгондоо унтаад өгөх юм” гэж нэг номлогч номлолын ерөнхийлөгчдөө хэлжээ. “Судрууд нь унтуулдаг эм шиг л байх юм.”

Номлолын ерөнхийлөгч нь “Чи уншихдаа тэмдэглэл хөтөлдөг үү?” гэж асуужээ.

“‘Үгүй” гэж номлогч хариулав.

Ерөнхийлөгч нь “Зөвхөн уншиж байгаа бол унтаад өгөхөд эсвэл өөр зүйл бодож эхлэх нь амархан байдаг. Гэхдээ чи бичиж эхлэх юм бол унтах нь бараг л боломжгүй” гэж хэлсэн юм.

Бэрхшээлтэй байгаа номлогчдоо өгсөн номлолын ерөнхийлөгчийн зөвлөгөө нь маш том өөрчлөлт авчирсан юм. Тэгэхээр хэрвээ чи судраас суралцах арга замаа сайжруулах шинэ арга замыг эрж хайж байгаа бол үүнийг туршаад үзээрэй. Уншиж байгаа зүйлээ бичих үедээ та илүү их анхаарал тавьж, илүү ихийг сурч мэдэж байгаагаа харах өндөр магадлалтай.

Бид дараах арга замуудыг маш тустай болохыг олж мэдсэн.

Стивэн Ланд ах:

Стивэн Ланд

Би унших үедээ хажуудаа цаас байлгадаг. Суралцах үед маань Сүнс өдөөх үед би тэдгээр өдөөлтийг бичиж авдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) надад энэ санааг өгсөн бөгөөд “Сүнснээс суралцсан чухал зүйлсээ аюулгүй газарт бичиж авч бай. Та үнэ цэнтэй мэдрэмжээ бичиж авах тусам илүү олноор ирэхийг нь харах болно. Мөн та олж авах мэдлэгээ амьдралынхаа турш ашиглах боломжтой байх болно” гэж хэлсэн юм (“To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely,” Ensign, June 2002, 32).

Эдгээр үгийг үнэн гэдгийг би мэднэ. Би үг хэлэхээр эсвэл хичээл заахаар бэлтгэхдээ судар уншаад зогсохгүй, уншиж байхдаа бичиж авсан зүйлсээ түүнчлэн ашигладаг.

Ахмад Корбитт ах:

Ахмад Корбитт

Би сэдэвчлэн суралцах дуртай. Би судрыг эхнээс нь дуустал уншдаг ч сэдэвчлэн суралцаж, энд тэндээс нь унших бас дуртай. Жишээлбэл, би итгэлийн талаар эсвэл Израилын цугларалтын талаарх судруудыг олохын тулд Topical Guide-ийг ашигладаг. Тэгээд би тэмдэглэл хөтлөхөөс гадна, ойлгож байгаагаа бататгахын тулд сурч байгаа зүйлээ бичиж авдаг. Ийн үйлдсэнээр юмсын талаарх ойлголт маань илүү сайн болсон нь намайг гайхашруулдаг. Би бас зарим судрын шүлгийг сонгож, цээжилдэг.

Брэдли Р.Вилкокс ах:

Брэдли Р.Вилкокс

Би судрыг өөрийн үгээр бичдэг тэмдэглэлийн дэвтэртэй. Жишээлбэл “Учир нь эгэл хүн бол Бурханы дайсан” (Moзая 3:19) гэдэг хэсгийг “Бардам, үл наманчлагч хүн Бурханы дайсан байхаар сонгодог, гэхдээ Бурхан бол түүний дайсан биш. Бурхан бол түүний хамгийн сайн найз” гэж бичсэн.

Би бас асуултууд бичдэг. Эдгээр нь уншиж эхлэхээсээ өмнө бодож байсан асуултууд эсвэл уншиж байгаа зүйлээс маань үүдэн гарсан асуултууд байж болно. Аль нь ч байлаа гэсэн энэ нь анхаарлыг маань төвлөрүүлдэг.

Бодлоо бичиж авахын хүч

Ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бид судраас өөр өөрөөр суралцдаг боловч бид бүгдээрээ суралцах үедээ бичиж авдаг!

Унших нь бодол, мэдрэмжээ өөрийн болгоход тусалдаг. Энэ бол чухал юм. Мөн бид ярьж байхдаа эсвэл бичих үедээ доторх бодол, мэдрэмжээ ойлгож, илэрхийлдэг. Энэ нь сайн мэдээний үнэнийг өөрийн болгоход бидэнд илүү сайн тусалдаг гэж бид боддог.

Нэг залуу эрэгтэй ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхийг өөрөөс нь хүсэх үед энэ үнэнийг мэдэж авчээ. Тэр олон хүний үг хэлэхийг сонсож байсан ч нарийн ширийн түүхийг нь санадаггүй байв. Энэ удаа өөр байв. Тэр хэлэх үгийнхээ ерөнхий тоймыг гаргахад энэ нь зохион байгуулалт сайтай үг хэлэхэд нь түүнд тусалсан төдийгүй тэр энэ үгээ маш удаан хугацааны турш санаж байв.

Судраас суралцах үед тань бас ийм зүйл тохиож болно. Хэрвээ та судраа нээхдээ нойрмоглож, унтаж байгаа бол сэрэх цаг болсон шүү. Харандаа, үзэг, утас эсвэл компьютероо гаргаад, бичиж эхэл. Энэ нь ямар өөр байхыг хараад та маш их гайхна!