2021
Би хэрхэн өөрийн үнэ цэнд эргэлзэхээ больж чадах вэ?
2021 оны 7-р сар


“Би хэрхэн өөрийн үнэ цэнд эргэлзэхээ больж чадах вэ?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 30–31.

Асуулт ба хариулт

“Би хэрхэн өөрийн үнэ цэнд эргэлзэхээ больж чадах вэ?”

Тэнгэрлэг Эцэгийн мэлмийгээр

залуу эмэгтэй

“Би өдөр бүр Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, Түүний мэлмийгээр өөрийгөө харахад минь туслахыг гуйдаг. Тэгээд Сүнс миний үнэ цэн, хэн талаар маань Бурханаас өөдрөг захиас авч ирэхийг би анхааран сонсдог бөгөөд эдгээр үгийг би өөртөө хандан толинд харж байгаад хэлдэг. Энэ энгийн үйлдэл бидний тэнгэртэй холбогдох төдийгүй Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хайртай бас итгэдэг гэдгийг олж мэдэх арга зам юм.”

Маделэйн М., 14 настай, АНУ, Нью-Йорк

Өөрсдийн ялгаатай байдлыг хайрла

Залуу эмэгтэй

“Би Бурханы хайртай хүүхэд гэдгээ санахыг чадлынхаа хэрээр хичээдэг. Би өөрийгөө бусадтай харьцуулахгүй байхыг хичээдэг, яагаад гэвэл энэ нь өөрийн үнэ цэнд итгэхийг маань илүү хэцүү болгодог. Бурхан бид бүгдийг хувь хүний хувьд онцгой, үзэсгэлэнтэйгээр бүтээсэн бөгөөд тэр бүх ялгаа нь сайн зүйл юм.”

Брүк Д., 14 настай, Канад, Алберт

Далдлагдсан адислал

Залуу эрэгтэй

“Бид заримдаа сул дорой, алдаа дутагдалтай байх нь биднийг үнэ цэнгүй болгодог гэж боддог. Үнэн хэрэгтээ бид адислагдсан, тиймээс бид тэдгээрийг даван туулж, даруу байдал мөн өөрсдийгөө хөгжүүлэх байдлаар дамжуулан өөрсдийнхөө илүү сайн хувилбар болж чаддаг. Хэрвээ бид өөрсдөд маань хэцүү санагддаг зүйлс дээр ажиллах аваас Их Эзэн хүчин зүтгэлийг маань харж, шагнах болно. Энэ нь хичээж, хэзээ ч бууж өгөхгүй байхыг хэлж байгаа юм.”

Рикардо Р., 17 настай, Мексик, Чихуахуа,

Бидний тэнгэрлэг мөн чанар

залуу эрэгтэй

“Амьд Бурханы хүүхдүүдийн хувьд бид Түүнтэй адил болж чадна гэсэн тэрхүү мэдлэгтэй юуг ч харьцуулшгүй юм. Энэ нь бүх зүйлийг өөрчилдөг! Бид өөрсдийн үнэ цэндээ эргэлзэх муу бодлыг бодох үедээ эдгээр бодол нь Бурханаас биш, харин Сатанаас ирдэг гэдгийг санаарай. Бид Тэнгэрлэг Эцэгтэй адил дуусашгүй чадавх, тэнгэрлэг мөн чанартай. Тэр хүн нэг бүрд итгэдэг мөн хайртай.”

Александр С., 16 настай, Бразил, Минас Жэрайс

Агуу үүрэг хариуцлага

Залуу эмэгтэй

“Би судруудаас болон амьд бошиглогчдын үгсээс суралцаж, тунгаан бодохыг хичээх үедээ Ариун Сүнс надтай хамт байгааг мэдэрдэг мөн энэ нь надад би Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай охин бөгөөд надад зориулсан агуу төлөвлөгөө Бурханд бий гэдгийг сануулдаг. Эдгээр хожмын өдрүүд дэх бидний агуу үүрэг хариуцлагыг мөн Бурхан бидэнд найддаг, биднийг болон бидний чадавхыг мэддэг гэдгийг маань ерөнхийлөгч Нэлсон бидэнд үргэлж харуулдаг.”

Мириан П., 16 настай, Бразил, Парана

Өөрийн дуртай зүйлийг хий

“Бид өөрсдийн үнэ цэнд эргэлзэж эхлэх үедээ бусад хүнээс үргэлж тусламж эрэлхийлж чадна. Эхлээд бид өөрсдийн бодол санаан дээр ажиллаж чадна. Бид дасгал хийж, найз нөхөд, гэр бүлтэйгээ эрүүл арга замаар цагийг өнгөрөөж эсвэл өөрсдийн дуртай үйл ажиллагааг хийж болно. Энэ нь өөрсдийгөө үнэ цэн, авьяас чадварыг өгсөн Бурханы хүүхдүүд гэдгээ ойлгоход тусалдаг.

Карлос В., Мексик

Өөрийгөө мэдэж ав

“Би өөрийнхөө хэн гэдгийг ойлгож авахад цаг зарцуулсан учраас өөрийгөө хайрлах нь илүү амархан байгааг ойлгосон. Өвөө маань нэг удаа надад “Чи өөртэйгөө мөнхөд амьдрах хэрэгтэй болно, тийм учраас чи өөрийнхөө хамт цаг өнгөрүүлмээр байгаа хүн байвал дээр байх” гэж хэлж билээ. Би тэр зөвлөгөөг дагаж, өөрийн хамгийн сайн хувилбар болохыг хичээсэн. Би одоо юунд дуртайгаа, юунд сайн гэдгээ бас юунд итгэдгээ мэддэг болохоор өөртөө илүү итгэлтэй болсон. Би Тэнгэрлэг Эцэгийн болоосой хэмээн хүсэж байгаа хүн болохыг хичээх үедээ баяр хөөрийг мэдэрдэг.”

Сара Нийлсон, АНУ, Юта

Хэн гэдгээ сана

“Би Бурханы хүүхэд” гэдэг Хүүхдийн хэсгийн дууны талаар би боддог. Энэ дуу надад Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслахын тулд бэлэг, авьяас чадвар өгөгдсөн гэдгийг сануулдаг. Үүн дэх хүн бүрийн үүрэг онцгой, чухал бөгөөд бид бүгд бие биенийхээ амьдрал дахь гайхамшиг юм. Та үнэхээр энэ амьдралд өөрийн эргэн тойрон дахь хүн бүрд гайхамшиг нь билээ. Хэрвээ та үүнийг мартах юм бол Есүсийн энэ дэлхий дээр хийсэн бүх зүйлийн талаар бодож, Түүний жишээг дагахыг хичээ. Та гуниглах, үнэ цэнгүй мэт санагдах болгондоо адил бодолтой байгаа хүмүүсийг хайж ол. Таны сэтгэл дээрдэх болно.”

Бригам М., Мексик

Тэнгэрлэг зөвшөөрөл

“Би Бурханыг сонсох үед Тэрээр хувийн үнэ цэндээ эргэлзэхээ болиход минь тусалдаг. Бусад хүн миний үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй ч Бурхан ойлгодог бөгөөд би Түүнд итгэдэг. Хэрвээ би өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээр өөрийн үнэ цэнийг шийдүүлэх юм бол би тэдний үгсийн талаар л бодож, өөрийгөө муугаар бодно. Харин би сөрөг үгсийг мартах юм бол өөрийн үнэ цэнд эргэлзэх хэрэггүй болдог. Надад тэдний зөвшөөрөл хэрэггүй юм байна гэдгийг би ойлгосон. Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд төрөлхийн үнэ цэнтэй. Ялангуяа бусад хүн сануулахгүй байгаа үед бид өөрсдөдөө үүний талаар сануулах хэрэгтэй.”

Анна Г., 23 настай, Франц

Сайн мэдээнд итгэлтэй байх нь

“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр надаас илүү, төгс мэт санагдахуйц янз бүрийн хүмүүсийг би хардаг. Сайн мэдээний дагуу амьдрах нь хэн гэдэгтээ талархах хандлагыг хөгжүүлэхэд минь тусалдаг. Би итгэл, наманчлал зэрэг сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарч, судруудыг тунгаан бодох үедээ онцгой гэдгээ мэдэрдэг. Би өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй гэж мэдэрдэг бөгөөд эцэст нь би өөртөө илүү итгэлтэй болдог.

Александра Р., Мексик

Өөрийгөө уучил

Бид өөрсдийн гаргасан алдааг мэддэг учраас өөрсдийгөө өршөөгдөх ёсгүй гэж заримдаа боддог. Гэхдээ бид хүн учраас алдаа гаргаж мөн алдаа гаргасаар байх болно. Бид өөрсдийгөө уучилдаг байх хэрэгтэй. Учир нь хүн бүрд хоёр дахь боломж хэрэгтэй байдаг. Бид өөрсдийгөө биднийг хайрладаг хүмүүсийн нүдээр харж байх хэрэгтэй. Бид ямар ч тохиолдолд хувиршгүй хайрыг эдлэхүйц онцгой, гайхамшигтай хүнийг буюу өөрсдийгөө олж харах болно.

Валэри Ж., Мексик