2021
Би зохистой байсан уу?
2021 оны 7-р сар


“Би зохистой байсан уу?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 22–23.

Би зохистой байсан уу?

Ухаан орсон цагаасаа хойш л би хүчирхийллийн хохирогч болж ирсэн. Энэ нь Их Эзэн намайг хэрхэн хардагт нөлөөлсөн болов уу?

доошоо харж буй залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Трэнт Гадмундсэн

Гаднаас нь харахад хүүхэд нас маань маш энгийн байсан.

Бид сүмд явж, Сүмийн бүх цуглаан, үйл ажиллагаанд оролцдог байлаа. Би сургуульд явж мөн найз нартайгаа тоглодог байсан. Өсвөр насандаа би ердийн өсвөр насныхны хийдэг бүхнийг л хийдэг байв. Би найз нартайгаа цагийг өнгөрөөж, найрал дуу бас жүжгийн клубт явдаг байв. Би ахлах сургуулийн бүжгийн үдэшлэгт явсан. Гэхдээ миний баяр хөөртэй, энгийн гаднах төрх байдлын цаана маш харанхуй нууц хадгалагдаж байв.

Хоёр орчим настай байхаас минь эхлэн хоёр ах маань намайг хүчирхийлэн хүчинддэг байлаа. Тэд бас охин дүү нарыг маань ч хүчирхийлсэн. Бид юу болж байгааг ойлгоход хэтэрхий жаахан байсан бөгөөд би том болох үедээ бага багаар ойлгож эхэлсэн юм. Би ах нарынхаа хажууд байх бүрдээ харанхуй, бохир байдлыг мэдэрдэг байсан.

Би илүү будилж эхэлсэн

Залуу эмэгтэйчүүдийн ангид ёс суртахууны талаар заасны дараа би ариун журамт байдал болон ариун явдлын утгыг ойлгосон юм. Удирдагчид маань надаас болон ангийн маань бусад залуу эмэгтэйгээс ёс суртахууны хувьд цэвэр ариун байхыг гуйхыг би сонсож суулаа.

“Би яаж ёс суртахууны хувьд цэвэр байж чадах вэ?” гэж би дотроо бодож байсан. Ухаа орсон цагаасаа л би бэлгийн хүчирхийллийн хохирогч байсаар ирсэн. Их Эзэн миний талаар юу боддог бол гэж би бодохгүй байж чадахгүй байлаа. Би журамтай залуу эмэгтэй байсан уу? Би тойрог, сургуулийнхаа зөв шударга залуу эрэгтэйтэй болзохуйц зохистой байсан уу? Миний туулсан хүчирхийлэл намайг ариун сүмийн гэрлэлтэд тэнцэхгүй болгосон уу?

Би энэ талаар маш их бодсон. Надад тохиолдсон зүйл нь миний сонголт биш байсан байхад намайг ариун журамтай бус гэж үзнэ гэдгийг би ойлгохгүй байв. Би яагаад өөрийгөө журамтай гэж бодож чадахгүй байна вэ? Би Их Эзэний хайрыг авахад зохисгүй байсан уу? Би наманчлах шаардлагатай байсан уу?

Би мартахыг хичээсэн

Би үнэхээр мэдэхгүй байлаа. Би өөрийгөө буруутгах хэрэггүй гэж бодсон ч гэлээ надад бохирдож, доромжлогдон, бүрэн гутаагдсан мэт санагдаж байв. Би эцэг эхдээ эсвэл хэн нэгэнд хэлэх зориг гаргаж чадахгүй байв. Би хэдэн удаа хичээсэн боловч маш их ичиж, юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Би юу болж байгааг мартахыг хичээсэн.

Намайг 15 настай байхад охин дүү нар минь надад байхгүй зоригийг гаргасан юм. Тэд сургууль дээрх зөвлөхдөө ярьсан байв. Удалгүй ах нарын маань нэг баривчлагдаж гурван жил шоронд хоригдохоор яллагдсан. Гэхдээ өчнөөн олон жилийн дараа ч би дотроо өөрийгөө ариун журамтай биш бас зохисгүй гэж бодсон айдсаа тээж байв.

Би тусламж авахаар зориг гаргасан

Эцэст нь нэг өдөр би бишоптойгоо уулзах зориг гаргасан юм. Хүүхэд, залуу эмэгтэй байхад маань надад хүчээр үзүүлсэн бэлгийн хүчирхийллийн бүхий л үйлдлийн төлөө Их Эзэн надад хариуцлага хүлээлгэдэггүй гэдгийг тэр тайлбарласан. Энэ нь миний буруу огт биш гэдгийг тэр надад батлан хэлсэн юм. Би Их Эзэний өмнө толбогүй байсан. Би ариун журамтай хэвээр байсан!

Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, бишопоосоо тусламж авснаар би хүчирхийллийг болон үүнээс болж ирсэн шаналал, зовлонг ардаа орхих боломжтой байсан. Одоо би үнэхээр аз жаргалтай бөгөөд хэвийн амьдарч байна. Би зөв шударга эрэгтэйтэй ариун сүмд гэрлэсэн төдийгүй бид гэр бүлээ баяр хөөртэйгөөр авч явж байгаа.

Заримдаа өнгөрсөн явдал бодолд маань орж ирдэг ба харин би өөрийн зохистой байдлын талаар тунгаан бодохдоо мэдэрч байсан зовнилыг санадаг.

Миний байсны адил нөхцөлд байгаа, доромжлогдон, ичиж, өөрсдийн ариун журмын талаар мөн Бурханы төлөвлөгөөнд өөрсдийгөө хэрхэн багтдаг талаар гайхширч байгаа өөр хэчнээн залуу хүн байгаа бол гэж би боддог.

Эдгээр залуу хүнд би Их Эзэн та нарт хайртай гэж хэлмээр байна.

Түүний зүрх сэтгэл таны төлөө өвдөж байдаг.

Таныг буруутгах зүйл байхгүй гэдгийг Тэр мэддэг.

Тэр таныг үнэхээр ариун журамтай гэдгийг мэддэг.

Аз жаргалтай амьдрах зориг мөн хүч чадлыг олоход тань Тэр тусална.