“Та үүнийг хийж чадна!” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 1-р сар, 24–26.
Ирээд, Намайг дага
Та үүнийг хийж чадна!
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр селестиел хаант улсыг өвлөн авахад маань бидэнд туслахын тулд маш их зүйлийг хийсэн төдийгүй хийсээр ч байгаа.
Сургаал ба Гэрээ 76
“Би юү? Селестиел хаант улсад уу? Би орж чадна гэж бодохгүй байна.”
Танд ийм бодол төрж байсан уу? Ялангуяа бидэнд төгс байдлаас маш хол байгаа мэт санагдаж байгаа үед хангалттай сайн эсэх талаараа гайхширах нь энгийн зүйл юм. Заримдаа селестиел хаант улс хүрч болшгүй зүйл мэт санагддаг ч
бүү урам хугараарай. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний гол зорилго бол танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болж, Тэдэнтэй хамт селестиел хаант улсад амьдрахад тань туслах явдал юм. Мөн та өөрийн бодож байгаагаас илүү сайн байр байдалд байгаа. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард бидэнд, Тэдэнтэй дахин амьдрах нь “бидний зорилго төдийгүй—Тэдний зорилго”1 гэдгийг сануулсан юм.
Юу юунаас ч илүүгээр, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бид бүгдийг Өөрсөдтэй нь болон гэр бүлтэйгээ хамт селестиел хаант улсад амьдрахыг хүсдэг. Бид тэнд очихын тулд ганц ганцаараа ажиллах хэрэггүй гэдэг нь сайн хэрэг юм. Бид Христэд ирж, Түүнийг дагах үедээ өөрсдөдөө хэрэгтэй хүч чадлыг болон тусламжийг хүлээн авдаг. Түүний Цагаатгалын улмаас селестиел хаант улсыг өвлөн авах нь боломжтой төдийгүй өндөр магадлалтай юм.
Тиймээс, Түүний тусламжтайгаар та үүнийг хийж чадна! Та үүнийг хийж чадна!
Бурханы тѳлѳвлѳгѳѳ нь хүн бүрд зориулагдсан
Селестиел хаанд улсад орохын тулд бид Есүс Христэд итгэлтэй байж, итгэлээ нэмэгдүүлэхийг эрэлхийлэх хэрэгтэй. Бид өдөр бүр өөрчлөгдөн, наманчлахыг хичээх хэрэгтэй. Бид баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, Есүс Христийг байнга санаж мөн гэрээнүүдээ шинэчилж байх хэрэгтэй. Бид эцсээ хүртэл тэвчих ёстой. Хэрвээ эдгээр нь таны хүсэж байгаа, хичээж байгаа зүйл бол та селестиел хаант улсыг өвлөгч хүмүүсийн нэг болох зам дээрээ байна.
Үүнээс гадна, Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, селестиел хаант улсын хамгийн дээд зэрэгт орох зохистой хүмүүс нь “энэ хаант улсын хамгийн дээд шаардлагыг, үүний дотор Бурханы ариун сүмд хийсэн гэрээнүүддээ болон мөнхийн гэрлэлтдээ үнэнч байх шаардлагыг хангасан хүмүүс”2 хэмээн заасан. (Та Сургаал ба Гэрээ 76:50–70, 92–96-г уншиж, энэ талаар илүү ихийг мэдэж чадна).
Селестиел хаант улсыг өвлөн авах бэлтгэлийнхээ талаар гайхширч эсвэл санаа зовж байгаа бол энэ нь бидний туулах аялал гэдгийг санаарай. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохыг сонгож байгаа өдөр бүр бид илүү селестиел хүн адил болж мөн селестиел хаант улсад илүү ойртож байдаг. Мэдээжийн хэрэг, бид бүгдээрээ алдаа, дутагдал гаргаж, нүгэл үйлддэг. Өдөр тутам наманчлахдаа Есүс Христэд найдах нь гол түлхүүр юм. Тэнд очиход маань бидэнд туслахын тулд Түүний болон Тэнгэрлэг Эцэгийн маань хийсэн мөн хийсээр байгаа бүх зүйлийн улмаас энэ аялал нь найдвар төрүүлэм юм.
Бидэнд Аврагч байдаг
Аврагч биднийг Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих арга замаар хангадаг. Иосеф Смит, селестиел хаант улсад амьдардаг хүмүүсийг “Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авч” мөн “өөрийн цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн … Есүсээр дамжин төгс болгогдсон” (Сургаал ба Гэрээ 76:51, 69) хүмүүс хэмээн дүрсэлсэн байдаг.
Есүс Христээр төгс болгогдоно гэдэг нь бид хэзээ ч алдаа гаргахгүй гэсэн үг биш юм. Энэ нь бид наманчилж, өдөр бүр илүү сайн болохыг хичээж, өөрчлөгдөх явцдаа туслуулахын тулд Аврагчид болон Түүний Цагаатгалын хүчинд найдна гэсэн үг билээ. Бид ийн үйлдэх үед Түүний ач ивээл бидэнд селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд буюу Түүнтэй мөн Тэнгэрлэг Эцэгтэйгээ мөн гэр бүлтэйгээ хамт амьдрах тэр хаант улс руу өсөн хөгжих боломжийг олгодог. Бид түүнчлэн Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг хүлээн авах болно. Аврагч байгаагүй бол эдгээрийн аль нь ч боломжгүй байх байсан.
Бидэнд Сүм бий
Ерөнхийлөгч Өүкс, Сүм нь “Бурханы бүх хүүхдэд өөрсдийн чадавхыг ойлгож, өөрсдийн хамгийн дээд хувь заяанд хүрэхэд туслахаар” оршдог. Энэ сүм нь Бурханы охид хөвгүүдийг селестиел хаант улсад орж, өргөмжлөлийг хүртэх арга замаар хангаж өгөхийн тулд оршин тогтнодог”3 хэмээн заасан юм. Энэ нь сайн мэдээний ёслолууд болон гэрээнүүдэд дуулгавартай байснаар хийгддэг.
Эдгээр ёслол болон гэрээ нь санваарыг шаарддаг бөгөөд энэ санваар нь зөвхөн Бурханы үнэн Сүмд боломжтой байдаг. Эдгээр болон бусад арга замаар, Их Эзэн болон Түүний Сүм нь бидэнд өөрсдийн чадахын хэрээр хамгийн сайн болох аялалд маань тусалж, улмаар бидний зүрх сэтгэл Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг өвлөн авахад мөн мөнхийн амьдралыг хүртэхэд бэлтгэгдсэн байх болно.
Үргэлжлүүл, битгий бууж өг!
Селестиел хаант улс руу аялах аян нь найдвар төрүүлэм ч гэлээ үргэлж амархан байдаггүй. Тэнгэрлэг Эцэг үүнийг мэддэг. Тэрээр бас Есүс Христ алхам тутамд маань бидэнд тусалж мөн биднийг хүчирхэгжүүлнэ хэмээн амласан.
Тиймээс үргэлжлүүлэн хий, битгий бууж өг. Бид Аврагчийг дагахыг хичээж, Ариун Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авахуйц зохистой амьдарч, эдгээр өдөөлтийн дагуу үйлдэж мөн аль тал дээр сайжрах хэрэгтэй байгаагаа мэдэх үед маань бидэнд тусламж өгөгдөх болно. Бид Есүс Христэд итгэх итгэлтэйгээр мөн хэрэгтэй үедээ наманчлан амьдралыг туулах үед, Тэнгэрлэг Эцэг маань бидэнд илүү сайн болж өөрчлөгдөхөд маань туслах болно.
Селестиел хаант улсад орохуйц зохистой болох нь нэг агуу үйлдлээр гүйцэлддэг зүйл биш юм. Энэ нь Аврагчийг дагах сонголтыг тогтмол хийж, Түүний сайн мэдээнээс ирдэг найдвар болоод баталгаанд найдахаас гардаг үр дүн юм.
Тиймээс хэрэв та Аврагчийг дагахыг хичээдэг мөн селестиел хаант улсад орж чадах эсэхдээ санаа зовж байдаг бол бүх шинж тэмдэг нь баттай “Тийм” гэдэг рүү зааж байна шүү. “Та үүнийг хийж чадна!” Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн бидний хүн нэг бүрээс хийгээсэй хэмээн хүсдэг зүйл юм! Ерөнхийлөгч Өүксийн зааснаар, энэ бүхэн нь “Өөрийн хүүхдүүдийг гэсэн Бурханы агуу хайрын учир, ‘Эцэгийг алдаршуулж, түүний гарын бүх ажлыг тэрээр авардаг’ [Сургаал ба Гэрээ 76:43] Есүс Христийн Цагаатгалын учир”4 боломжтой болдог.