“Илүү аз жаргалтай амьдралд хүргэх 7 арга зам,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 8–11.
Илүү аз жаргалтай амьдралд хүргэх 7 арга зам
Өдөр бүр таны хийдэг энгийн алхмууд аз жаргалтай амьдралд хүргэнэ.
“Хар даа! Би үүнийг танд зориулж зурсан” гээд хүү маань нүүрний минь өмнө зурсан зургаа барилаа. Цаас нь миний хамар шүргэхэд бүх өнгө холилдон бүрэлзэн харагдаж байв. Ялгаж тодорхой харж болохгүй байлаа.
Би зургийг нүүрнээсээ холдуулан барихад бүдэг өнгөнүүд ялгаран тод харагдсан юм.
Тэр “Ямар зураг байна?” гэж асуув.
Үс минь шар биш байсныг эс тооцвол хүү маань бид хоёрын зургийг бодитоор харуулсан гэж бодсон зургаа зурахдаа олон цаг зарцуулсан байлаа.
“Миний бор өнгө дуусчихсан.” “Бас шар өнгө илүү баяр хөөр төрүүлдэг өнгө юм чинь тээ” гэж тэр тусархуу байдлаар нэмж хэлэв.
Би уг зургийг ажиглан харахдаа хүү маань энэ зургийг хэрхэн анхаарал тавин будсаныг харж байлаа. Бийрээр хэдэн удаа будсаныг нь тоолж чадахааргүй байв. Зөндөө олон удаа будсан байсан. Бас түүний зөв байлаа, би шар үстэй, баяр хөөртэй харагдаж байлаа.
Та өөрийн харж байсан будагт зургийн талаар бод доо. Бийрийн ганц түрхэлт үүнийг гоё болгодоггүй гэдгийг та харах болно. Үнэндээ, бийрийн ганц түрхэлт дээр төвлөрөн харах юм бол энэ нь тийм ч гоё харагддаггүй. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нь нийлүүлсний дараа уран зургийн гайхамшигт бүтээл бий болдог.1
Амьдралд аз жаргалыг олох нь зураг зурахтай ойролцоо юм. Аз жаргалаар дүүрэн амьдралыг бий болгохын тулд бид өдөр тутмын үйл явцаар бийрийн жижиг зурааснуудыг зурдаг. Зөвхөн ганц зуралтыг эсвэл ганц удаа л үүнийг хийх юм бол эдгээр зүйл тийм ч чухал санагдахгүй. Гэхдээ бид үүнийг өдөр тутмын мөн долоо хоног тутмын хүчин чармайлттайгаа хослуулах аваас тэдгээр нь аз жаргалаар элбэг дэлбэг амьдралыг бүтээж чадна.
Амьдралдаа илүү их аз жаргалыг бий болгохын тулд таны хөгжүүлж болох бийрийн долоон зураас буюу үйл явцыг дор багтаав.
Бийрийн зураас 1: Өөдрөг үзэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
Аз жаргал нь таны харилцдаг хүмүүсээс их хамаардаг. Энэ нь зарим үед баяр хөөргүй байдаг хүмүүстэй найз байх хэрэггүй гэсэн үг биш юм. Үнэндээ, бид бүгдээрээ заримдаа баяр хөөргүй байдлыг мэдэрдэг.
Гэхдээ өөрийг тань өөд нь татдаг, урамшуулан өдөөдөг хүмүүстэй цагийг өнгөрөөдөг байхад анхаар. Их Эзэний жишгийг дагаж амьдрахад тань туслах сайн найзууд аз жаргалд тань том хувь нэмэр оруулж чадна. Мөн бусдыг өргөж дэмждэг найз байхыг хичээ. Та бусдын амьдралд том өөрчлөлтийг авчирч бас чадна.
Бийрийн зураас 2: Аз жаргалаа нэмэгдүүлэхийн тулд дуу хөгжмийг ашигла.
Хөгжим та нарын оюун санаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Энэ нь тархины тань химийн бүтцийг бодитоор өөрчилж чаддаг. Сайхан дуу хөгжим чамайг өөдрөг, аз жаргалтай, эрч хүчтэй болгож чадна. Баяр хөөртэй, урам төрүүлэм, итгэлийг бэхжүүлэх, байнга сонсох дуунуудын жагсаалтыг гарга.
Бийрийн зураас 3: Гадаа гар.
Бурханы бүтээлүүдийг таашаах нь бидний сэтгэл, бие махбодыг эдгээх их хүчтэй. Зурагт, компьютер, утасны дэлгэцээс холдон, гадаа гарч нарны илч, өөрийн эргэн тойрон дахь ургамал, амьтдыг таашаахад цаг гаргах нь таны аз жаргалд зайлшгүй чухал байдаг. Гэр бүл, найз нөхөдтэйгөө гадаа гарч, алхаж, тоглоом тоглон, гадаа суун уншиж бас суралц. Энэ нь танд ямар сайхан мэдрэмж төрүүлж байгааг та гайхах болно.
Бийрийн зураас 4: Хангалттай сайн унт.
Унтах нь оюун санаа, бие махбодын эрүүл мэндэд зайлшгүй чухал гэдгийг Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээ 88:124-ийг үзнэ үү). Утасны зайг цэнэглэх хэрэгтэй байдаг шиг таны тархи зөв ажиллахын тулд унтаж амрах хэрэгтэй байдаг. Та өглөө босохоор сэрүүлэг тавьдаг шигээ орой унтах цагийг бас тохируулж байгаарай (мөн орондоо орохдоо утсаа битгий авч ор!).
Бийрийн зураас 5:Сэтгэлээ уудалсан яриа өрнүүлэх.
Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярихдаа мэссэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах нь таатай байж болно. Гэхдээ нүүр тулан, сэтгэл уудалсан яриа өрнүүлэх нь электрон төхөөрөмжөөр дамжуулан холбогдоход мэдрүүлж чаддаггүй зүйлийг оюун бодол, сэтгэл санаанд тань мэдрүүлдэг. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө харилцахад анхаар. Эргэн тойрон дахь хүмүүсээ сонсож мөн тэдэнтэй ярих цаг гарга.
Бийрийн зураас 6: Тогтмол дасгал хөдөлгөөн хийж мөн эрүүл мэндэд сайн хоол унд идэж уухыг хичээ.
Тархи таны өгөх илчлэгийг л ашиглан ажилладаг. Хагас боловсруулсан мөн чихэрлэг ихтэй хоол хүнс (чанаргүй хоол ч гэж заримдаа нэрлэгддэг) гоё амттай байж болох ч оюун ухаан, бие махбодыг ядруу болгох нь олонтоо. Сайн мэдээ нь гэвэл, та жимс, ногоо, буудайг илүү их хэрэглэх үед таны чанаргүй хоол идэх хүсэл багасах болно. Их Эзэн бидэнд нэг л бие махбодыг өгсөн болохоор бид үүнийг халамжлан арчлах хэрэгтэй.
Бийрийн зураас 7: Залбирч мөн тунгаан бод.
Их Эзэн, Түүний бошиглогч, төлөөлөгчид бидэнд залбирч, хөдөлгөөнгүй байх цаг гаргахыг олонтоо зөвлөж ирсэн билээ. Залбирах болон тунгаан бодох нь тархины аз жаргалыг мэдэрдэг хэсэгт эерэгээр нөлөөлдөг. Та тунгаан бодох, залбирах цагийг тогтмол гаргавал аз жаргал тань төдий чинээ баг багаар нэмэгдэх болно. Удаан хугацааны туршид таны амар амгалан, өөртөө итгэх итгэлд хэр их өөрчлөлт гарсныг та анзаарах болно.
Илүү их санаа хайж байна уу?
Энэхүү долоон бийрийн зурааснууд нь бие махбод, сэтгэл зүрхээ аз жаргалаар дүүргэхийн тулд бидний өдөр бүр хийж болох зүйлсийн цөөн хэд нь л юм. Илүү санаа авахын тулд, өмнө нь таныг болон бусдыг аз жаргалтай болгосон зарчмуудыг олж мэдэхийн тулд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг үзнэ үү. Та өдөр тутмын амьдралдаа эдгээр зүйлийг илүү тогтмолжуулахын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Аз жаргалын агуу эх сурвалж нь бидний Аврагч, Есүс Христ гэдгийг үргэлж санаарай. Таны нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн Тэр таныг адислахаар мөн бэрхшээлүүдийг туулахад тань туслахад бэлэн байдаг. Таны хүсэн найдаж байгаа аз жаргалыг олоход тань Тэр танд туслах болно.