2022
Бурханы аз жаргалын төлөвлөгөө ба та нарын тэнгэрлэг хувь заяа
2022 оны 1-р сар


“Бурханы аз жаргалын төлөвлөгөө ба та нарын тэнгэрлэг хувь заяа,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар

Бурханы аз жаргалын төлөвлөгөө ба та нарын тэнгэрлэг хувь заяа

Аз жаргалын төлөвлөгөөг ойлгож, үүний дагуу амьдрах нь та нарт өөрсдийн тэнгэрлэг хувь заяанд хүрэх боломжийг олгоно.

Ууланд авирах

Зураг чимэглэлийг Албэрт Эспи

Хувь заяа гэдэг үгийг сонсоход та нарын санаанд юу орж ирж байна вэ? Та нар урьдаас шийдэгдсэн, зайлсхийх боломжгүй зүйлсийн талаар бодож байна уу? Юу хийхээс чинь үл хамааран, өөрчилж болохгүй ямар нэг аймаар эсвэл гайхалтай зүйлийн талаар та нар бодож байна уу? Эсвэл та нар даалгавар гүйцэтгэн, дэлхийг аварч, хаан эсвэл хатан болох хувь тавилантай, кино, номын баатрын талаар бодож байж болох юм.

Толь бичгүүд эдгээр хөрвүүлэгтэй санал нийлж болох хэдий ч бид тэнгэрлэг хувь заяаны талаар ярих үедээ өөр утгаар ярьдаг. Та нарын киноноос харж, номоос уншдаг хувь заяатай адилгүй нь, та нар Бурханы хүүхэд учир тэнгэрлэг хувь заяагаар амьдрах боломжтой бөгөөд энэ нь та нараас сонгох эрхээ ашиглахыг шаарддаг.

Бурхан газар дээрх болон тэнгэр дэх бүх хүчийг эзэмшдэг. Тэнгэрлэг Эцэгтэйгээ байгуулдаг бидний гэрээ амьдралын шуурган дундуур алхах үед маань бидний хамтрагч байх боломжийг Түүнд олгодог. Бидний тэнгэрлэг хувь заяа буюу бидний Бурхантай хамтрах үеийн нөөц бололцоо нь Түүний аз жаргалын төлөвлөгөөгөөр дамжуулан боломжтой болсон юм.

Аз жаргалын тань төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг ойлгох нь өөрийн мөнхийн мөн чанар, зорилгыг танин мэдэхэд та нарт тусална. Бурхантай гэрээ байгуулж, гэрээгээ сахихыг сонгох нь та нарт тэрхүү зорилгод хүрэх боломжийг мөн олгодог.

Мосегийн номоос бид “Мосе нэгэн үлэмжийн өндөр ууланд дээш аваачигдсан, Бурханыг нүүр нүүрээрээ харж, мөн тэрээр түүнтэй ярилцсан” (Мосе 1:1-2) гэж уншдаг. Энэхүү хувийн айлчлалаар дамжуулан Бурхан Мосед түүний мөнхийн мөн чанарын талаар заажээ. Мосе мөнх бус бас төгс бус нэгэн байсан хэдий ч өөрийнхөө талаар нэгэн чухал зүйлийг, тухайлбал тэр үнэндээ Бурханы хүү байсан гэдгээ мэдсэн юм (Мосе 1:6-г үзнэ үү).

Хэн гэдгээ сана

Сатан чамайг хэн гэдгээ мартаасай гэж хүсдэг. Сатан Мосег Их Эзэний түүнд бэлтгэсэн ажлыг хийхийг ятган болиулахыг хичээх үед Мосе зоригтойгоор “Чи хэн бэ? Учир нь болгоогтун, Бурханы хүү байна би” (Мосе 1:13; тодотгол нэмэгдсэн) гэж хариулсан. Тэгээд Мосе “Эндээс зайл чи, Сатан; намайг бүү мэхэл”(Мосе 1:16; тодотгол нэмэгдсэн) гэж тунхаглажээ.

Өөрөөр хэлбэл, Мосе “Чи намайг хуурч мэхэлж чадахгүй, яагаад гэвэл би өөрийн хэн гэдгийг мэднэ. Чамд Бурханы гэрэл мөн сүр жавхлан байхгүй. Тиймээс би яагаад чамайг шүтэж, чиний худал хуурмагт итгэх ёстой юм бэ?” гэж хэлсэн юм.

Бурхан та нарт хайртай мөн та нарт тусалж, та нарыг адислахыг хүсдэг гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Чи Түүний хүүхдүүдийн нэг учраас Тэр чамд бурханлаг байдлаар анхаарал халамж тавьдаг. Бурханы хүүхэд байх гэдэг нь яг юу гэсэн үг болох талаар цаг гарган суралцаарай. Дараа нь тэрхүү суралцсан зүйлсийнхээ дагуу өдөр бүр амьдрахад чинь туслах зорилго тавин, сонголтуудыг хий.

Чамд зориулсан ажил надад буй

Чамд тулгараад буй олон асуудал, санаа зовоосон зүйл байж болох юм. Чамд хичээлийн даалгавар, найз нөхөд, гэр бүлийн үүрэг хариуцлага байгаа, магадгүй чи бүр ажил хийдэг ч байж болно. Эдгээр бүх чухал үүргийг амьдралынхаа гол зорилгыг марталгүйгээр тэнцвэртэй авч явах нь та нарын хувьд сорилт болох нь мэдээж. Чамаар гүйцэтгүүлэх ажил Бурханд буй (Мосе 1:6-г үзнэ үү). “Яагаад би энэ дэлхий дээр байгаа вэ?” гэсэн асуултын хариулт бол энэ юм.

Бурханы хүүхдийн хувьд чи энэ дэлхийд бие махбод хүлээн авахаар ирсэн. Бие махбодынхоо тусламжтайгаар чи Есүс Христийг итгэлтэй дагахыг сонгож чадна. Чи Бурханы тушаалуудыг сахих, ариун нандин ёслолуудыг хүлээн авах, сайн мэдээний гэрээнүүдийг байгуулах мөн дагахыг сонгож чадна. Эдгээр зүйлийг хийх нь чамайг тэнгэрлэг хувь заяагаа гүйцэлдүүлэхэд бэлтгэх болно.

Чи энэ зорилгоо оюун санаандаа тодхон буулгаснаар долоо хоног бүр ариун ёслолоос хүртэн, судруудаас судалж, өдөр бүр залбирахын мөн үр ашигтай зорилго тавин, бусдад үйлчлэхийн чухал ач холбогдлыг олж харж чадна. Эдгээр зүйл чамайг яг яагаад энд байгаа талаар санахад тусалдаг бөгөөд гэрээнийхээ зам дээр үлдэж, аз жаргалтай байхад чинь хэрэг болох хувийн илчлэлт хүлээн авахуйц зохистой байхад чинь туслах болно. Та нар наманчилж, Их Эзэнийг хичээнгүйлэн дагах үедээ амьдралынхаа бүх тал дээр хувийн чиглүүлэг хүлээн авна.

Хүрхрээний ойролцоох ой дундуур алхсан нь

Ямар хүн болох ёстой, тийм л хүн болохыг эрмэлз

Дэлхий ертөнцийн санаа зовоосон асуудлууд, анхаарал татах зүйлс эсвэл өөртөө үл итгэх байдал чинь чамайг Бурханы авралын агуу төлөвлөгөөн дэх чухал үүргээ мартахад хүргэж болох юм. Хэрэв ийм зүйл болох юм бол, би чамайг Христэд ирэхэд урьж байна (Моронай 10:32-ыг үзнэ үү). Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх ямар ч зүйл Түүнгүйгээр боломжгүй бөгөөд Түүнийг байгаа цагт бүх сайн сайхан зүйл биелэх боломжтой.

Аврагчийг дагахаар эрмэлзэх нь аливааг сайн мэдээний өнцгөөс харах хамгийн шилдэг арга зам юм. Түүнд итгэж найдсанаар та нар сорилтуудтай итгэлтэйгээр нүүр тулж чадна. Мөн та нар сонголт хийх, асуудлуудыг шийдвэрлэх, зөв шударга зорилгын төлөө ажиллах, сорилтуудтай нүүр тулах зэргийн үед тодорхой байдлыг илүү их мэдрэх болно.

Та нарын шийдвэр мөнхийн үр дагавартай. Есүс Христ болон Түүний цагаатгагч ач ивээлээр дамжуулан та нар энэ болон дараагийн амьдралд баяр баясгалантай байж чадна. Түүнд байгаа бүхнийг хүлээж авах, “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох … мөнх амьдрал” болох Түүний амьдралаар амьдрах тэнгэрлэг хувь заяагаа чи бүрэн ойлгож чадна (Сургаал ба Гэрээ 14:7).