“Их Эзэнд найд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.
Их Эзэнд найд
Бурхан таныг бүх зүйлд Өөрт нь итгэж найдахад урьдаг.
Заримдаа хэцүү зүйлс тохиолдох үед бид Бурханд мөн өөр хэн нэгэнд найдаж болох эсэхдээ гайхширдаг. Бурхан бидний урмыг хугалах вий гэж бас эмээдэг. Сайн мэдээ гэвэл, Бурхан биднийг төгс хайрладаг. Тэр сайхан сэтгэлтэй, өгөөмөр бас шударга. Тэр өөрчлөгдөшгүй мөн найдвартай.
Тиймээс юу ч болж байсан бид Түүнд найдаж болно. Энэ жилийн өсвөр үеийнхний уриа бол “Их Эзэнд найд” (Сургаалт үгс 3:5–6) юм.
Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн бид тус бүрдээ хэрхэн Их Эзэнд найддаг болсон өөрсдийн зарим жишээг хуваалцаж байна.
Бурханы хүсэл зорилгод итгэ
Намайг 16 нас хүрэхээс хэдхэн өдрийн өмнө манай гэр бүл улсынхаа нэг цэгээс нөгөө рүү нүүсэн юм. Миний хувьд энэ аймшигтай үе байлаа! Эргээд бодоход, өсвөр насны хүүхэд байхад минь хийсэн тэр нүүдэл манай гэр бүлд болон надад ирсэн хамгийн агуу адислалуудыг авчирсныг би тодхон хардаг. Магадгүй бид Их Эзэний цаг хугацааг тухайн мөчид ойлгохгүй байж болох ч Түүний зүрх сэтгэл, хүсэл зорилгод итгэж болох учраас Түүнд найддаг билээ.
Мишэлл Д.Крэйг
Их Эзэний цаг хугацаанд итгэ
Аав минь номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан учир би эгч нарын номлолд дуудагддаг жишиг насанд хүрэхээс өмнө номлолынхоо дуудлагыг эрт хүлээн авсан юм. Энэ нь би ахлах сургуулиа төгсөхөөс өмнө номлогчийг бэлтгэх төвд очно гэсэн үг байлаа. Миний хувьд би энэ цаг тохиолыг ойлгоогүй ч Их Эзэнд найд гэсэн Сүнсний хүчирхэг баталгааг хүлээн авсан. Би итгэсэн бөгөөд бүх зүйл гайхалтайгаар эргэсэн.
Их Эзэнд найдна гэдэг нь урдах зам бүрэн тод харагдахгүй байсан ч урагшлахыг хэлнэ.
Бонни Х.Кордон
Хэцүү цаг үед Бурханд найд
Намайг өсөж томрох үед аав маань цэргийн офицер байсан юм. Түүний ажлын ганц таагүй зүйл нь тэр дайнд явах ёстой болдог байв. Түүнийг Вьетнамын дайнд 2 дахь удаагаа явах үед би 13 настай байлаа. Түүнийг буцаж ирэхгүй байх вий гэсэн айдас надад байнга байсан ч би Их Эзэнд найдаж байлаа. Явахаасаа өмнө миний аав надад эцгийн адислал өгсөн бөгөөд өөрийг нь байхгүй үед Их Эзэн надад тусалж, надтай хамт байх баталгааг өгсөн юм. Би амар амгаланг мэдэрсэн. Аав минь гэртээ аюулгүй буцаж ирнэ гэдгийг би баттай мэдэхгүй байсан ч юу ч тохиолдсон бүх зүйл ЗҮГЭЭР болно гэж итгэж байв.
Ребекка Кравэн
Өөрийгөө Бурханд даатга
Би өсвөр насандаа Сүмд нэгдэхдээ өөрийн амьдрал, цаг хугацаа, зүрх сэтгэлийг Их Эзэнд өгөхөөр шийдсэн юм. Ийм хувиршгүй амлалт авахад жаахан сүрдмээр санагдсан ч зөв гэдгийг нь би мэдэж байлаа. Тэнгэрлэг Эцэг минь надаас үүнийг хүсэж байсныг би мэдэрсэн бас үүнийг хийхэд надад амар амгалан мэдрэгдсэн юм. Би Бурханд найдахыг болон Түүнийг амьдралдаа ялуулахыг сонгосондоо маш их баяртай байна. Хэрэв би өөрийн ойлголтод түшиглэсэн бол миний амьдрал баяр баясал, аз жаргал, амар амгалангаар тийм ч баялаг биш байх байсныг баттай мэдэж байна.
Ахмад С.Корбитт
Их Эзэний сүнслэг өдөөлтөд итгэ
Би номлолд үйлчилж ирээд, коллежид буцаж явахын оронд цэрэгт явах сүнслэг өдөөлтийг мэдэрсэн юм. Энэ миний хамгийн хийхийг хүсээгүй зүйл байлаа! Би будилан эргэлзэж байсан ч Их Эзэнд найдахыг сурсан байсан учир Түүнийг сонсож, дагах хангалттай итгэлийг олсон. Би 3 жил цэрэгт явсан.
Миний амьдралд тохиолдсон олон сайн зүйлээс ирээдүйн эхнэртэйгээ уулзсан минь энэ шийдвэрээс улбаатай байв.
Стивэн Ж.Ланд
Одоо үйлд гэж буй Бурханы өдөөлтөд итгэ
Намайг зургаадугаар ангид 3 жил заасны дараа дахиад 4 жил заах юм бол магистрт суралцахад маань миний сургалтын төлбөрөөс сургуулийн захиргаа төлөлцөнө гэдгийг би олж мэдэв. Сүнс намайг ажлаасаа гаран, тэр даруй магистрын зэрэгтээ суралцахыг өдөөх хүртэл энэ нь сайхан төлөвлөгөө мэт санагдаж байлаа. Эхнэр минь ижил өдөөлтийг мэдэрч байсан учир бид урагш хөдөлсөн юм. Энэ нь бид төлбөрөө өөрсдөө төлөх хэрэгтэй гэсэн үг байв. Бид энэ шийдвэрээ дагасан учраас би Прово дахь Бригам Янгийн Их Сургуульд багшлах ажилд орсон юм. Хэрэв бид дахиад 4 жил хүлээсэн бол энэхүү боломж олгогч цонх хэзээ ч нээгдэхгүй байсан. Бид юмс хэрхэн бүтэхийг мэдээгүй ч Их Эзэн амласныхаа дагуу бидний замыг удирдсан билээ.
Брэдли Р.Вилкокс