“Хуучин Гэрээнээс Есүс Христийг олох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.
Ирээд, Намайг дага
Хуучин Гэрээнээс Есүс Христийг олох
Энэ жил та нарын Хуучин Гэрээг судлах үедээ Есүс Христийг хайх 3 арга замыг доор үзүүлэв.
Гэнэтийн таавар: Судрын аль номууд Есүс Христийн тухай өгүүлдэг вэ? Бодъё. За, байж байгаарай.
Мормоны Ном бол Түүний бас нэгэн гэрээ юм.
Сургаал ба Гэрээ бол Түүнээс Иосеф Смитэд болон бусад бошиглогчид ирсэн захиасуудын цуглуулга юм.
Шинэ Гэрээнд Түүний амьдралын үйл явдлуудыг өгүүлдэг.
Харин Хуучин Гэрээний тухайд? Энэ мөн бидэнд Есүс Христийн талаар заадаг уу?
Тийм ээ! Чухамдаа Хуучин Гэрээнд Аврагч Өөрийнх нь үүргийг ойлгоход шавь нартаа туслахын тулд ихээхэн чармайлт гаргасан. “Мөн Мосегоос эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав” (Лук 24: 27).
Энэ жил та нарын Хуучин Гэрээг судлах үедээ Есүс Христийг хайж олох 3 арга замыг доор үзүүлэв.
1. Өөр нэр ашиглан Есүс Христийн талаар өгүүлэх судрууд
Хуучин Гэрээний цаг үед Есүсийг олонтоо “Их Эзэн” эсвэл ”Бурхан” гэж дуудсан байдаг. Сүмээс хэвлэн гаргасан Библийн хувилбарт уг шүлэг Есүс Христийг хэлж байгаа эсэхийг нь ойлгоход туслах зүүлт тайлбарыг оруулсан байдаг. Жишээ нь, Мосег шатаж буй бутан дунд байх Бурхантай ярих үед (Гэтлэл 3:6-г үзнэ үү) зүүлт тайлбарт түүнийг Аврагчтай ярьж байгаа гэдгийг нь тодотгож өгдөг.1 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг судруудад байх Христийн өөр өөр цол хэргэм, нэрсийг судлахад урамшуулсан.2
2. Бидэнд Есүс Христийг сануулдаг зүйлс, үйл явдлууд
Хуучин Гэрээний олон судар Есүс Христийн талаар бидэнд заадаг мөн Түүний бидэнд санал болгодог тусламжийг сануулагч бэлгэ тэмдгүүдийг агуулсан байдаг. Жишээлбэл:
-
Олон сударт итгэлтэй хүмүүс шүтлэг бишрэлийнхээ нэг хэсэг болгон амьтдыг тахилд өргөхөөр зарлигдуулсан талаарх цаг үеүдийг дүрсэлдэг. Жишээ нь, Израилын хүүхдүүд хаалган дээрээ хурганы цусаар тэмдэг тавьсан бол аймшигт тахлаас хамгаалагддаг байв. Эдгээр золиос нь Есүс Христ сүнсний болон бие махбодын үхлийг даван туулах Цагаатгалынхаа нэг хэсэг болгон Өөрийгөө алуулахыг зөвшөөрсөн талаар бидэнд сануулдаг. (Гэтлэл 12:13-ыг үзнэ үү.)
-
Нэг удаа Елиа нэртэй бошиглогч цөлд нуугдах хэрэгтэй болдог. Тэр гашуудан, өөрийгөө үхсэн ч болоосой гэж хүсдэг. Түүнийг унтаж байх үед талх, ус гайхамшигтайгаар гарч ирэн, түүний бие махбод болоод сүнсэнд цааш явах хүч тэнхээг өгдөг. Энэ нь бидэнд Есүс Христ бол амьдрал, итгэл найдварын эх сурвалж болсон Амьд ус мөн Амьдралын талх гэдгийг сануулдаг юм. (1 Хаад 19:1–8-ыг үзнэ үү.)
-
“Таны үг миний хөл дэх дэнлүү” хэмээн нэгэн дууллын зохиогч бичсэн байдаг (Дуулал 119:105). Мөн Мика “Би харанхуйд суувч ЭЗЭН миний гэрэл юм” (Мика 7:8) хэмээн гэрчилсэн. Тэдний үгс Есүс Христ бол биднийг тэнгэрлэг гэрт минь буцаан хөтлөх дэлхийн Гэрэл гэдгийг сануулж байна.
Та нар унших үедээ Есүс Христийг болон Түүний биднийг аврах чадварын тухай сануулах бусад зүйлийг ч мөн олж харж болох юм. Жишээ нь, Ноагийн гэр бүл үерээс бүхээгт завины ачаар аврагдсан мөн Ионад халимны гэдсэнд байхад нь наманчлах цаг хугацааг өгсөн байдаг. Эдгээр үйл явдал нь Их Эзэн биднийг амьдралын шуурган дундуур хөтлөн авч явж, зөв зам дээр буцаж гарах боломжийг олгодог талаар сануулж болох юм. (Эхлэл 7:1; Иона 1:17-г үзнэ үү).
3. Есүс Христийн төрөлтийн талаар бошиглодог шүлгүүд
Өнөөдөр бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хүлээн, үүнд бэлтгэж байгаа билээ. Үүнтэй адилаар Хуучин Гэрээний бошиглогчид Түүний энэ ертөнцөд мэндлэх үе болох анхны ирэлтийг нь хүлээн, энэ талаар бичиж байсан юм. Жишээлбэл:
-
Балаам гэдэг бошиглогч “Иаковаас од гарч ирнэ” гэсэн байдаг (Тооллого 24:17). Энэ нь Аврагч Иаковын (буюу Израилын) шууд удмаас мэндэлнэ гэсэн утгатай.
-
Натан гэдэг бошиглогч Давид хаанд Есүс Христ Давидын удмынх байх болно, түүнчлэн түүний үр удам “түүний хаанчлалын сэнтийг мөнхөд” (2 Самуэл 7:13) тогтооно гэж хэлсэн.
-
Бошиглогч Исаиа Аврагчийн талаарх бүгдийн сайн мэдэх зарим дүрслэлийг бичсэн байдаг. Түүний зарим үг Христийн мэндэлсний баяраар олонтоо дуулдаг Хандэлын Мессиа дууны үгэнд орсон юм. (Исаиа 7; 9; 40; 53-ыг үзнэ үү.)
Бага зэрэг дадлага хийснээр чи энэ жил Хуучин Гэрээнээс хаанаас нь ч Есүс Христийг олж чаддаг болно. Тэр Адам, Ева болон Аарон, Мириам нарыг төдийгүй эдгээр эртний, сүнслэг цэдэгт Өөрийн биеэр биечлэн тохинуулсан олныг хайрласныхаа адил чамайг онцгойлон хайрладаг.3 Есүс Христэд итгэх итгэлээр мөн нэг нэгнээ дэмжсэнээр энэ жил судраас суралцах гайхалтай жил байх болно!