“Баяр баясгаланг түгээгч инженер,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.
Баяр баясгаланг түгээгч инженер
Германд амьдардаг энэ залуу эрэгтэй хаана ч байсан мэдлэг, гоо сайхан, баяр баясгаланг олдог ба олсон үедээ бусадтай хуваалцдаг.
16 настай Патрик Л. Германы Баварид амьдардаг ба математик, физик, хими зэрэг хичээлүүдэд дуртай. Чухамдаа тэр шинжлэх ухаанд маш их дуртай бөгөөд физикийн (тодорхойлбол, термодинамик, соронзон орон) талаар ном бичиж бусадтай хуваалцахыг хүсжээ.
Тэр хөдөлгөөнт автомашины хөдөлгүүр гэх мэт техник тоног төхөөрөмж хөгжүүлдэг инженер болохыг хүсдэг. (Дашрамд хэлэхэд, BMW болон Audi автомашины үйлдвэрүүд түүний амьдардаг газраас тус тус 1 цаг мөн 1 цаг 30 минут явах зайд байдаг.)
Гэсэн хэдий ч Патрик зөвхөн шинжлэх ухааны хэсгээс л эрч хүчтэй, сэтгэл хөдлөм зүйлсийг олдог юм биш.
Шинжлэх ухаан ба уран сэтгэмж
Тийм ээ, Патрик шинжлэх ухаанд гүн гүнзгий дурладаг боловч түүний сонирхол бодит баталгаа, томьёоноос цааш өргөн хүрээг хамардаг.
“Би физикийн ном бичсэн. Харин одоо би уран зөгнөлт ном бичиж байгаа. Миний бичиж буй ном шидэт амьтад ба тэдний ертөнцийн талаар юм. Мөн миний номд асуудал шийдвэрлэдэг хэдэн залуу хүн гардаг” гэж тэр тайлбарлав.
Хичээлийнхээ хажуугаар хийж буй түүний энэ шинэ төсөл Харри Поттер, Пэрси Жэксон гэх мэт уран зөгнөлт зохиолуудад шимтсэн түүний сонирхлоос үүдэлтэй. Нагац ах нь Патрикт ном бичих нь ямар зугаатай зүйл болох талаар хэлсний дараа хичээлийнхээ хажуугаар ном бичих нь түүний сонирхлыг татжээ. “Нагац ах минь надад өөрийн баяр хөөрийг халдварлуулсан” гэж Патрик хэлсэн.
Тэрхүү халдварласан баяр баясгалан нь Патрикийг бодит ертөнцийн жинхэнэ байдал, хуулиудын талаар сурсан зүйлс зэргээ ашиглан тэдгээрийн талаар ном бичихэд хүргэжээ. Энэ нь мөн түүнд гайхамшигт уран зөгнөлт түүх бичих хүслийг төрүүлжээ. Үүнд нийцэхгүй зүйл гэж үгүй. Патрик үнэн, гоо сайхан, баяр баясгаланг олон газраас олж болно гэдгийг мэддэг бололтой. Мөн тэр тэдгээрийг хаана ч байсан олж, бий болгож, хуваалцахыг хүсдэг.
Байгаль дэлхий
Патрик бодит ертөнцийн хуулиудын талаар маш олон зүйл мэддэг. Мөн тэр тэдгээрийн гадуур орших гоо сайхныг ч мөн харж байдаг.
“Би ойд ойрхон амьдардаг. Ой руу хурдхан орж, амар амгаланг мэдрэх нь ойн ойролцоох жижиг хотод амьдрахын нэг давуу тал юм” гэж тэр хэлэв.
Тэр ойн олон жимээр явган аялах, ялангуяа дугуйгаар аялах дуртай. “Би дугуй унах дуртай. Энэ бол миний хийх дуртай зүйлсийн нэг. Би дугуй их унадаг. Нэг удаа би 1200 км газрыг 2 долоо хоногийн дотор дугуйгаар туулсан” гэж тэр хэлэв.
Заримдаа тэр гэр бүлээрээ (ээж, аав, 2 эрэгтэй дүү, 2 эмэгтэй дүү) эсвэл зөвхөн аавтайгаа ойд алхах юм уу дугуйгаар аялах дуртай. Заримдаа тэр ганцаараа явдаг. Тэр байгалиас байнга гоо сайхан, амар амгаланг мэдэрдэг.
“Энэ хавьд нар мандах үзэсгэлэнтэй харагддаг. Их хол ч гэсэн заримдаа эндээс чамд Алпийн уулс харагдана. Нар мандах үед нарны гэрэл уулсыг нэвтлэн, тэнгэрийн хаяа туяарч үзэсгэлэнтэй харагддаг ба энэ мөчийг харах үнэхээр сайхан” гэж тэр хэллээ.
Мэдлэгийн өөр нэг хэлбэр
Патрик байгаль дэлхийн гоо үзэсгэлэн, байгалийн шинжлэх ухааны баримтын хажуугаар өөр нэг зүйлд ач холбогдол өгдөг нь залбирлаар дамжуулан олдог үнэн юм.
“Надад залбирлын талаар хүчтэй гэрчлэл бий. Би өвдөг сөгдөн, гараа хумиад, нам гүм, амар амгалан орчинд залбирдаг. Энэ бол надад байгаа хамгийн агуу гэрчлэл юм” гэж тэр хэлж байна.
Түүний гэрчлэл патриархын адислалд нь хэлэгдсэн зүйлээс хэсэгчлэн ирсэн гэж тэр тайлбарлажээ. “Үүнд ингэж хэлсэн байдаг. Тэнгэрлэг Эцэг чамаас зөвхөн 1 залбирлын зайд байгаа гэдгийг үргэлж санаарай. Чи Түүнтэй хаана ч ярьж чадна. Чи хаана ч байсан Тэр чамтай хамт байх бөгөөд чи хаана ч бай хариулт авч чадна гэж хэлсэн.”
Тодорхой алхмуудын дагуу үйлдэх үед залбиралдаа хариу хүлээн авах түүний туршлага өсөн нэмэгддэг аж. “Зарим залбирлын үеэр би Ариун Сүнсийг маш хүчтэй мэдэрдэг. Сударт хэлсний дагуу би ухамсартайгаар зорилго тавин, асуулт асууж, доош суун, үйлдэж, хүлээж, цаг заваа зориулсан үедээ Ариун Сүнсийг үргэлж мэдэрч, хүчтэй гэрчлэлтэй болдог” гэж тэр хэлэв.
Патрик ийм онцгой залбирал хэлсэн үеэ эргэн дурсав. “Бид Иосеф Смитийн талаар мөн тэр хэрхэн 14 настай байхдаа залбирч, хариулт хүлээн авсан талаар олон удаа ярьдаг. Би бүр ой руу орж, доош суун, залбирсан. Тэгээд би хариулт хүлээн авсан. Би аз жаргалтай байсан. Энэ нь миний гэрчлэлийг хүчирхэгжүүлж өгсөн юм.”
Тэр мэддэг зүйлсээ хуваалцдаг
Патрик шинжлэх ухааны мэдлэг, өөрийн бүтээлч уран сэтгэмжийг хуваалцахыг эрэлхийлснийхээ адилаар сүнслэг мэдлэгээ ч бас хуваалцахыг эрэлхийлдэг.
Тэр 12 наснаасаа эхлэн бүрэн цагийн номлогчдод туслахад цагаа зориулдаг байв. Мөн тэрээр найздаа номлогчдоор хичээл заалгуулахын тулд найзыгаа гэртээ урьж байсан. “Бид Сэргээлтийн талаар ярилцсан. Түүнд сонирхолтой байв. Тэр сайн сонсож, оролцож бас судруудыг уншсан. Бид Иаков 1:5-ыг буюу Иосеф Смитийн уншсан судрыг уншив. Түүнчлэн би түүгээр Иосеф Смит—Түүх хэсгээс уншуулсан. Тэр идэвхтэй оролцсон” гэж тэр ярив.
Ангийнхан нь түүний шашныг хүндэтгэдэг. “Тэд Сүмийг гадуурхахын оронд дэмждэг” гэж тэр хэлсэн. Түүний шашны хичээлийн багш хүртэл түүнийг дэмждэг аж. “Манай багш Бурханд итгэх итгэлтэй байх нь янзтай зүйл гэж боддог бөгөөд надад зорилгоо биелүүлэхэд хүртэл тусалдаг.”
Патрик сургуулиа төгсөөд, их сургуульд тэнцсэнийхээ дараа номлолд үйлчлэхээр төлөвлөж байгаа. “Би Миний сайн мэдээг номло гарын авлагыг судалж номлол бэлтгэнэ гэж бодож байна. Би үүнийг нухацтай судалж, хичээлүүдийг нь хийн, номлогчидтой их цаг өнгөрүүлэхийг хүсэж байна” гэж тэр хэллээ.
Сайн зүйл
Патрик “ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг” гэдгийг мэдсэн бөгөөд тэр эдгээр зүйлийг эрэлхийлдэг (Итгэлийн тунхаг 1:13). Тэр эдгээр зүйлийг олсон үедээ хуваалцдаг.
Тэр хаана ч байсан шинжлэх ухаан, уран сэтгэмж, байгаль зэргээс сэтгэл хөдөлгөм мэдлэг, эрхэм сайхан гоо үзэсгэлэнг олж хардаг. Мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой үүсгэсэн харилцаа холбоогоороо дамжуулан хамгийн дээд мэдлэг, гоо үзэсгэлэн, үнэнийг олж хардаг.