2022
Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг
2022 оны 1-р сар


“Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.

Уриа бид хоёр

Өсвөр үеийнхэн Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын урианы үгсийн дагуу хэрхэн амьдарч байгаагаа хуваалцав

Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг

“Би бол Бурханы хайртай хүү.”

Уулсын дээрх шөнийн тэнгэр

Би аавтайгаа ууланд аялж явахдаа хэзээ ч мартагдахааргүй мөчийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Нэг орой бид уулын бэл өөд өгсөн гарч, хамтдаа суух нэгэн газарт ирэв. Шөнийн тэнгэрийг хөндлөн гулд харах үед би тэнгэрт урьд өмнө хэзээ ч харж байгаагүй түг түмэн од түгсэн байхыг ажив. Бид хамтдаа удаан гэгч суун, гаргуудыг болон одны ордуудыг нэг нэгээр нь нэрлэлээ.

Өмнөө байгаа огторгуйг хараад, би өөрийгөө хэчнээн өчүүхэн, чухал биш гэдгийг мэдэрсэн юм. Огторгуйд өөр хэдэн гараг байгааг би төсөөлж ч чадахгүй буюу”төгсгөлгүй дэлхийнүүд” байдаг гэдэг биз дээ? Тэр бүгдтэй өөрийгөө харьцуулбал би юу байж болох вэ?

Ааваасаа би огторгуйд өөр амьдрал байгаа эсэхийг асуухдаа, аль хэдийн энэ бодолдоо ихэд балмагдсан байв. Тэр миний бодлыг уншчихсан байсан байх. Учир нь тэр энгийнээр ингэж хэлсэн. “Миний мэдэх зүйл бол чиний харж байгаачлан Тэнгэрлэг Эцэг маш олон зүйлийг бүтээсэн. Гэвч Тэр Өөрийн бүх бүтээлүүд дундаас чамд хувьчлан санаа тавин хайрладаг.

Чиний туулж өнгөрүүлж буй бүхнийг тэр мэддэг бөгөөд чиний амьдралын нэгэн хэсэг байхыг юу юунаас илүүтэйгээр Тэр хүсдэг. Тэр чамд баяр баясгаланг авчран, Өөртэй нь мөнхөд хамт амьдрахаар буцан очиход чинь туслахыг хүсдэг.”

Би тэрхүү шөнийн агуу тэнгэр доор өөрийгөө өчүүхэн гэдгийг мэдэрсээр байсан ч аавынхаа гэрчлэлд итгэсэн юм. Би Тэнгэрлэг Эцэгт чухал. Мөн Тэр миний амьдралд байхыг хүсдэг.

Тухайн үед Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байсан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын заасан зүйлийг би санасан. Тэрээр: “Энэ нь хүмүүний хувьд зөрчилдөөнтэй зүйл: Бурхантай харьцуулахад хүмүүн юу ч биш; гэхдээ Бурханы хувьд бид маш чухал.”1 гэж хэлсэн.

Одод түгсэн тэрхүү тэнгэр шиг, Бурханы бүтээлд төгсгөл гэж үгүй—Мөн Түүний хүүхэд бүрээ гэсэн хайр ч төгсгөлгүй. Бидний хүн нэг бүрийг хайрлах хайр төгсгөлгүй. Заримдаа би ууланд суун гайхширал төрүүлсэн бодолд автсан мөчөө эргэн боддог. Би Бурхантай харьцуулахад хэн ч биш байж болох ч Бурхан ингэж боддоггүй. Би бол Түүний хүү мөн Тэр намайг мэднэ.

Зохиогч нь АНУ-ын Калифорни мужид амьдардаг.

Эх сурвалж

  1. (Дийтр Ф.Угдорф, “Та нар Түүнд чухал,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган; Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 20).