“Сатаны заль мэхийг даван гарах,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 1-р сар.
Ирээд, Намайг дага
Сатаны заль мэхийг даван гарах
Сатан биднийг хууран мэхлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Аз болоход бидэнд түүний урхинаас зайлсхийхэд туслах тэнгэрлэг тусламж бий.
Илбэчинг хуруугаа имрэх үед яг чиний нүдний өмнө байсан бөмбөг алга болов.
Гайхалтай!
Дараа нь тэр хоосон бүрх малгайнаас туулай гаргаж ирэн мөн нэг зүйлийг агаарт хөвүүлж үзүүлэв.
Хөөх! Тэр үүнийг яаж хийв ээ?
Илбэчид хүмүүсийн боломжгүй гэж боддог зүйлийг боломжтой гэж итгүүлэх аргыг олсон байдаг бөгөөд бодит байдал дээр хүмүүс илбэчдийн харуулахыг хүссэн зүйлийг л олж хардаг.
Тэр ч үнэн шүү! Илбэчид үнэн хэрэгтээ туслахуудаа голоор нь хөрөөддөггүй. Тэд болоогүй зүйлсийг болсон мэт харуулж, биднийг хуурах ухаалаг аргуудыг бодож олсон байдаг. Нууц нь хуурмаг үзэгдэл, заль мэхэд оршино.
Энэ бүхнийг зугаацах, бусдыг баясгахын тулд хийдэг бол өөр төрлийн буюу бие махбод, сүнслэг байдлын хувьд аюултай хуурмаг үзэгдэл, заль мэх гэж бий.
Аюултай илбэчин, хууран мэхлэгч
Сатан бол бүх зөв шударгын дайсан бөгөөд хэнийг ч Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг дагаасай гэж хүсдэггүй. Тэр биднийг өөр шигээ аз жаргалгүй байгаасай гэж хүсдэг (2 Нифай 2:27-г үзнэ үү).
Үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Сатан биднийг мөнхийн үнэнд эргэлзүүлж, үл тоодог болгохоор чадах бүхнээ хийдэг. Тэр бидэнд сайныг муу,мууг сайн гэж итгүүлэн төөрөлдүүлэхийн тулд цөхрөлтгүй ажилладаг (Исаиа 5:20-ийг үзнэ үү). Ийм учраас түүнийг заримдаа худал хуурмагийн эцэг мөн агуу худалч гэж нэрлэдэг (Мосе 4:4-ийг үзнэ үү). Тэр үүнийг урт удаан хугацааны туршид хийж байгаа.
Уналт
Еденийн цэцэрлэгт Бурхан Адам, Ева хоёрт сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс бүү ид хэмээн хэлсэн. Хэрэв тэд идвэл Еденийн цэцэрлэгээс явж, эцэстээ үхэх байлаа. Гэвч Бурхан тэдэнд сонгож болно гэж хэлсэн юм (Мосе 3:16-17-г үзнэ үү).
Сатан Бурханы төлөвлөгөөг нураахыг хүсдэг. Тэр Еваг хориглогдсон жимсийг идэхэд уруу татахыг хичээжээ. Тэр түүнийг үхэхгүй гэж худал хэлэв (Бурханы хэлсэнтэй шууд зөрчилдөж байв). Тэр мөн түүнд бүрэн гүйцэд үнэн бус зүйлсийг хэлсэн (Мосе 4:11-ийг үзнэ үү).
Эцэст нь Адам, Ева хоёр жимсийг идэн, Бурханы оршихуйгаас хөөгдсөн билээ. Судрууд үүнийг “сүнслэг үхэл” гэж нэрлэдэг. Түүнчлэн тэд мөнх бус болж, ингэснээр бие махбодын хувьд үхэх болно гэсэн утгатай. Үүнийг Уналт гэж нэрлэдэг.
Адам, Ева хоёрын үр удмын хувьд бид ч бас Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан бөгөөд бие махбодын хувьд үхэх болно. Бид амьдралын хүнд хэцүү зүйлс, Сатаны уруу таталтууд зэргээр соригддог.
Уналт тэр чигтээ муу зүйл мэт сонсогдож байгаа ч Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Энэ нь бидэнд сонгох эрх чөлөөгөө ашиглан сайныг үйлдэхээр сонгох үед суралцах, өсөж хөгжих боломжийг олгодог. Есүс Христийн болон Түүний Цагаатгалын ачаар бид нүгэл үйлдэх үедээ наманчилж, мөнх амьдралыг хүлээн авахад бэлтгэж чадна. Уналтын улмаас тохиолдсон бүх зүйлийг Есүс Христ зөв болгодог. Сатан Бурханы төлөвлөгөөг зогсоогоогүй.
Сатаны заль мэхийг даван гарах
Сатан биднийг өнөөдөр ч хууран мэхлэхийг хичээдэг. Тэрээр дараах хэдэн арга замаар хууран мэхэлдэг. Үүнд:
1. Уруу таталт
Сатан бидний замд цэвэр бус, муухай бодлуудыг тавих дуртай. Тэр эдгээр бодлыг бидний оюунд нэвтрүүлж, биднийг тэдгээрийн дагуу үйлдэхийг хүсдэг. Бид Сатанд холдон яв гэж хэлснээр түүний уруу таталтыг эсэргүүцэж чадна (4-р хуудас дээрх ахлагч Стивэнсоны захиас). Уруу таталтын эсрэг бидний хамгийн агуу хамгаалалтуудын нэг бол үргэлж залбирах явдал юм (Алма 13:28; 3 Нифай 18:15-ыг үзнэ үү). Мөн бид өдөр бүр судраас уншиж бас суралцаж чадна. Эдгээр нь Сүнсийг бидний зүрх сэтгэлд авчран, үнэнийг дахин баталж, ирээдүйн уруу таталтуудын эсрэг бэхжүүлж чадна.
2. Худал хуурмаг
Заримдаа Сатан бидэнд “Чи хэзээ ч зөв зүйл хийдэггүй,” “Чи уучлагдашгүй хэтэрхий их нүгэл үйлдсэн,” “Өөрчлөгдөнө гэдэг боломжгүй” эсвэл “Чи үнэ цэнгүй, хэн ч чамайг анхаардаггүй” гэх мэт зүйлсийг хэлдэг.
Эдгээр нь худал юм. Эдгээрт бүү итгэ! Үнэн гэвэл: Бурхан чамд хайртай мөн чамд баясдаг. Учир нь чи Түүний хүүхэд. Чи гайхамшигтай! Та нарт маш их нөөц боломж байдаг бөгөөд Түүнийг дагах үед та нарын ирээдүй гэрэлтэй байдаг! Алдаа гаргасан ч гэсэн чи найдвараа хадгалан үлдэж болох бөгөөд Христтэй хамт алдаагаа засаж болно.
Сатан та нарт худал хэлнэ гэдэгт хэзээ ч бүү эргэлз. Түүнчлэн Сүнс та нарт үнэнийг үргэлж хэлнэ гэдэгт бүү эргэлз (Иаков 4:13-ыг үзнэ үү). Энэ бол Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахыг хичээх нь чухал болох нэг шалтгаан юм.
Түүнчлэн бид судрууд болон Сүмийн удирдагчдын захиасыг тогтмол уншсанаар Сатаны худал хуурмагийг танин мэдэж, эсэргүүцэж чадна. Та нар Сатаны худал хуурмагийг үгүйсгэх үнэнүүдийг сануулах, урам зориг өгсөн судрууд болон эшлэлүүдийг олж чадна. Та нар тэдгээрийг цээжилж эсвэл байнга харж болох газартаа байрлуулж болох юм.
3. Цөхрөл
Сатан биднийг сэтгэлээр унаж, гутарсан байхад дуртай. Тэр биднээс сэтгэлээр унагаж буй ямар ч зүйл өөрчлөгдөхгүй байх болно гэдэгт итгэхийг хүсдэг. Гэхдээ огт тийм биш ээ.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан. “Сатан биднийг үүнд итгээсэй гэж хүсдэг. Учир нь “[Сатан] өөрийгөө сайжирч чадахгүй, өөрийгөө өсөж хөгжиж чадахгүй, төгсгөлгүй дэлхийнүүдэд түүнд гэрэлт ирээдүй огт байхгүй гэдгийг мэддэг. Тэр бол үүрдийн хязгаарт баригдсан зовлонт хүн бөгөөд таныг бас зовлонд унагахыг хүсдэг. Тиймээс үүнд нь бүү хууртаарай.” 1
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр та нарыг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Биднийг Өөсрдөд нь хандвал Тэд сорилтуудыг тэвчин, амар амгалан, баяр баяслыг олоход туслах болно.
Эцэст нь хэн ялахыг бид мэднэ
Аврагч биднийг “Санаа бодол болгондоо [Над] руу харагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36) хэмээн урьдаг. Түүний урилгад анхаарах үед цагаатгагч ач ивээл, хүч чадал нь Сатаны биднийг хуурах гэсэн оролдлогоос үргэлж хүчтэй байх болно. Бид Сатаны заль мэхэнд унах шаардлагагүй. Бид Сатаны уруу таталтуудыг мөн амьдралд тохиолддог сорилт бэрхшээлүүдийг даван туулах зоригтой, хүчтэй байж чадна.
Аврагч “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) хэмээн хэлсэн. Тэр мөн “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) гэж хэлсэн.
Есүс Христ биднийг Сатаны ашиглахыг хичээдэг аливаа заль мэхний эсрэг өргөж, хүчирхэгжүүлж чадна. Бид Аврагчийг болон Түүний сургаалуудыг санахдаа Сатаны заль мэх, худал хуурмагийг мөн “тэдгээр зүйлүүдийг үнэхээр байгаагаар нь” харах болно (Иаков 4:13).