“Бидний ач ивээл хэмээн нэрлэдэг хүч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.
Амьдралд зориулсан тусламж
Бидний ач ивээл хэмээн нэрлэдэг хүч
Ямар ч бэрхшээл тулгарсан бай Бурханы ач ивээл бидэнд тусалж чадна.
Удаан хугацааны турш сэтгэл гутралд автсаны эцэст амиа хорлож нас барсан өмнөх тойргийнхоо нэгэн гишүүний оршуулгад би оролцсон юм. Түүнийг алдсандаа зүрх сэтгэл минь шаналж, би найз нөхөд, гэр бүлийнхэнтэй нь хамт гашуудаж байлаа.
Сэтгэлийн хямрал болон сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудал нь уг өвчнөөр өвдсөн мөн тэднийг хайрладаг бүх хүний хувьд нарийн төвөгтэй бөгөөд хүнд хэцүү байж болно. Сайн мэдээний ашиг тус бол Христ Өөрийн ач ивээлийн бэлгээр дамжуулан итгэл найдвар, тусламжийг өгдөг явдал юм.
Бригам Янгийн Их Сургуулийн 600 залууг хамруулсан судалгаагаар, Есүс Христийн ач ивээлийг ойлгодог хүмүүсийн сэтгэл гутрал, түгшүүр, өөртөө өндөр шаардлага тавих байдал, ичгүүрийн түвшин бага байсныг харуулсан.1 Амьдралд нь тийм чухал өөрчлөлтийг авчирсан ач ивээлийн талаар энэ залуучууд юу ойлгож байсан бэ?
Бурхан биднийг хязгааргүй хайрладаг
Судалгааны явцад, зарим хүн Бурхан, Есүс Христ хоёр өөрийг нь төгс болсон үед л хайрлаж, тусална гэж итгэдэг болох нь харагджээ. Ийм хүмүүс Бурхан, Есүс Христ хоёр өөрсдийг нь хязгааргүй хайрладаг, үргэлж тэдний төлөө байдгийг ойлгодог хүмүүсээс хамаагүй хүнд хэцүү амьдардаг болох нь тогтоогдсон юм.
Англи хэлэнд grace буюу ач ивээл гэдэг үг олон утгатай. Энэ нь гоо үзэсгэлэн, сайхан сэтгэл, эелдэг байдлыг илэрхийлж болно. Еврей хэлээр энэ үг нь нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс үзүүлсэн хайр хишиг, ээл ивээл гэсэн утгатай. Магадгүй энэ нь Христэд итгэгчид яагаад олон зууны туршид ач ивээл гэдэг үгээр Бурханы хайр хишиг, ээл ивээл, хайрыг дүрсэлдэг байсныг тайлбарлах байх.
Бурхан бидэнд туслахыг хүсдэг
Хожмын үеийн гэгээнтнүүд ач ивээл гэдэг нь Бурханы зан чанараас өөр зүйлийг бас илэрхийлдэг гэдгийг ойлгодог. Ач ивээл нь мөн биднийг Түүнтэй адилхан болохыг хичээх үед Тэрээр хэрхэн бидэнтэй харьцдагийг дүрсэлдэг (Моронай 10:32-ыг үзнэ үү). Тухайн үед Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байсан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ач ивээл бол “биднийг сул дорой, хязгаарлагдмал байдлаас өргөмжлөгдсөн байдал руу ороход өгөгдөх тэнгэрлэг тусламж мөн хүч чадлын бэлэг юм”2 хэмээн тайлбарласан.
Дээр дурдсан судалгаагаар Бурхан, Христ хоёрыг өөрсдөд нь туслахад бэлэн, туслахыг хүсдэг, тусалж чадна гэж үздэг залуучууд өөрсдийгөө ганцаараа гэж боддог хүмүүстэй харьцуулахад сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудал багатай байжээ.
Бурхан бидэнтэй бидний байгаа газарт уулздаг
Хэт олон хүн Бурханы тусламжийг ямар нэгэн байдлаар хүлээн авах эрхгүй гэж өөрсдийгөө үздэг болохоор хүлээн авах боломжгүй гээд бодчихдог. Үнэндээ ач ивээл бол бэлэг юм. Бэлгийг авахын тулд төлөөс төлөх шаардлагагүй. Та зөвхөн хүлээн авах сонголтыг л хийх хэрэгтэй.
Бурхан бидэнд хаана байж, юу үйлдсэн эсэхээс маань үл хамааран тусалдаг гэдгийг ойлгодог хүмүүсийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бага байдгийг судалгаагаар тогтоожээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бид Бурханыг туслахаас өмнө, сайн сайхан эсвэл чадварынхаа хамгийн доод үеийг гүйцэлдүүлэх хэрэггүй. Дуулгавартай байдлын замын хаана нь байгаагаас үл хамааран бид өдөр бүр, цаг мөч тутамд тэнгэрлэг тусламжийг хүлээн авч болно”3 хэмээн заасан.
Найзын маань оршуулган дээр хуваалцсан, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүн бүрийн хүлээн авах боломжтой итгэл найдвар, эдгэрэлтийн тухай хүчирхэг гэрчлэлүүдэд би талархаж байсан. Үнэхээр Христ бол аливаа асуудлын шийдэл, жинхэнэ баяр баясгалангийн эх булаг билээ.