2022
Ариун сүм ба таны мөнхийн аялал
2022 оны 7-р сар


“Ариун сүм ба таны мөнхийн аялал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Ариун сүм ба таны мөнхийн аялал

Бид Их Эзэний өргөө рүү чиглүүлэгддэг нь ямар сайхан адислал вэ.

Ариун сүмийн өмнө буй өсвөр үеийнхэн

Гэрэл зургийг Ноэл Маглак

Та аялалд гарсан байна. Энэ нь өнө эртнээс, таныг сүнсэн хүүхдийнх нь хувьд Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдарч байхад эхэлсэн. Харин таны сүнс одоо бие махбодтой болсноор, хэзээ нэгэн цагт Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очиж, Түүний хүүхдүүддээ бэлдсэн бүх адислалаас хүртэхүйц зохистой байхад шаардагдах бүхнийг сурч мэдэхээр энэ дэлхий дээр амьдарч байгаа билээ. Энэхүү мөнхийн аялалдаа суралцах хамгийн агуу зүйлсийн заримыг та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүдэд сурч мэдэх болно.

Дэлхий даяарх ариун сүмүүд

1928 онд намайг төрөх үед долоохон ариун сүм байжээ. Одоо бидэнд дэлхий даяар тархсан гайхалтай ариун сүмүүд байна. Өөр бүр ч олон ариун сүмтэй болно! Ариун сүм нь мөнхийн аялалд маань хэрэгтэй баяр баясгалан, хүч чадлыг бидэнд өгдөг.

Хэчнээн гайхамшигтай байсан ч дэлхий дээрх өөр ямар ч барилга байгууламжид ариун сүмд байгаа бүхэн байхгүй. Аврагч Петрт, чамд хүч чадал, эрх мэдэл олгогдох бөгөөд “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно” (Матай 16:19) хэмээн хэлсэн. Энэ бол том мэдэгдэл юм! Ариун сүмийг ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг газрынх нь хувьд санваарын хүчээр онцгойлон адисалдаг. Эдгээр ёслол нь хөшигний аль аль талд хүчинтэй.

Мөнхийн гэр бүлийн баяр баясгалан

Миний эхнэр Барбара нас бараад бараг дөрвөн жил болж байна. Гэхдээ бид Их Эзэний өргөөнд орж, эхнэр нөхрийн хувьд санваарын хүчээр лацдуулан холбогдсон тул 7 хүүхэд, 43 ач, зээ, 100 гаруй ачанцар, зээнцэртэйгээ хамт мөнхөд холбогдсон. Ариун сүм ямар гайхамшигтай гээч! Гэр бүл маань мөнхөд хамтдаа байна гэж бодоход миний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрдэг. Таны гэр бүл ч гэсэн мөнхөд байж чадна.

Миний насан дээр ирэхээрээ та нар их мөнгө төгрөгтэй болох, чамин тансаг машин унах сонирхолгүй болно. Амьдралын тань хамгийн үнэ цэнтэй зүйл бол энд байгаа гэр бүлээс тань гадна мөнх амьдралд байгаа гэр бүл тань байх болно.

Сэргээгдсэн үнэний хүч

Та өөрийн хэн болохыг буюу хязгааргүй чадавхтай Бурханы охин эсвэл хүү гэдгээ мэднэ. Та хаанаас, яах гэж ирснээ мөн ирэх дэлхийд юу таныг хүлээж байгааг мэднэ.

Ойн цоорхойд бяцхан хүү өвдөг сөгдөн залбирсны гайхамшигт үр дүнд эдгээр үнэн урагш гарч ирснийг би гайхан биширдэг. Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн бөгөөд алхам алхмаар сайн мэдээний адислалууд сэргээгдсэн.

Би Иосеф Смитэд гүнээ талархдаг. Бурханы төлөвлөгөө, Цагаатгалд гүйцэтгэсэн Есүс Христийн чухал үүрэг, гэр бүл, ариун сүмийн мөнхийн ач холбогдлын талаарх бидний сэргээгдсэн ойлголт бүгд түүнээс эхтэй. Сэргээлтийн агуу бөгөөд үргэлжлэн ирсээр байгаа захиас бүх дэлхийд түгэх хүртэл бид ариун сүмүүдийг цаашид ч барьж мөн шинийг барина гэдгээ зарласаар байх болно.

Сэргээгдсэн үнэнүүд, ялангуяа ариун сүмийн ёслолуудаар дамжуулан сурч мэдсэн үнэнүүд нь амьдралыг харах өнцгийг өөрчилдөг бөгөөд мөнхийн аялалд маань туслах хүчийг бидэнд өгдөг.

Ариун сүмийг амьдралынхаа нэгэн хэсэг болго

Өнөөдөр хийж чадах зүйл тань одоогоос хэдэн жилийн дараа, бүр энэ амьдралын дараа ч ихээхэн өөрчлөлтийг авчирна гэж бодох амаргүй байж болно. Гэвч мөнхийн аялалд явж байгаагаа сана. Та нар баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар аяллынхаа нэгэн чухал алхмыг хийдэг.

Та нар ариун сүмд нас барагсдын төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулах замаар аяллаа цааш үргэлжлүүлэхэд нь тэдэнд тусалж чадна. Би та нарын насан дээр байхдаа үүнийг олон удаа гүйцэтгэж байсан. Нэг удаа 60 гаруй хүний төлөө баптисм хүртсэнээ би санаж байна. Би баптисмуудын хооронд амьсгаагаа арай ядан авч байсан.

Хэрэв та нарт ариун сүм рүү явах боломж олдох л юм бол яв! Боломжтой бол ойр ойрхон явж бай. Цаг заваас чинь хэт их хумсалдаг, бодит бөгөөд мөнхийн зүйлээс анхаарлыг тань сарниулдаг зүйлтэй тэгтлээ орооцолдох хэрэггүй. Ариун сүмээс хол амьдардаг байсан ч одооноос эхлэн ариун сүмд орохуйц зохистой байхад анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө бэлд.

Ариун сүмийн адислалуудаас хүртэхийн тулд одооноос бэлд

Өөртөө хүлээн авдаг ариун сүмийн хамгийн анхны ёслолуудын нэг бол хишиг хүртэх юм. Энэ бол Бурханы бүх хүүхдийн авах боломжтой санваарын хүчийн бэлэг. Бид ёслолыг хүлээн авч, ариун сүмд байгуулсан гэрээгээ өдөр бүр амьдралдаа сахиснаар энэ хүчийг олж авдаг.

Та нар тунгаан бодож, залбирч, ариун сүмийн талаар сурч мэдэх замаар хишиг хүртэж, ариун сүмийн өөр ёслолуудад өөрсдийгөө бэлдэж болно. Хэрэв эцэг эх, эмээ өвөө тань ариун сүмд орсон бол энэ нь ямар гайхамшигтай адислал болох талаар тэдэнтэй ярилцаарай. Бишоп болон бусад удирдагч тань та нарт бас тус болох болно. Та нар мөн тусалж дэмждэг сайн найз нөхөдтэй болно гэж би найдаж байна. Ариун сүмд орж, Их Эзэний танд өгөхийг хүсэж буй бүх гайхамшигт амлалт, адислалыг хүртэхэд бэлэн болсон байх тэр өдөр та талархах болно.

Есүс Христ шавь нартаа зааж байгаа нь

Христ шавь нартаа зааж байгаа нь, Жастин Күнз

Аялал үргэлжилсээр

Энэ амьдралын зорилго бол дараагийн амьдралд өөрсдийгөө бэлдэх явдал мөн. Тэнгэрлэг Эцэгийн агуу төлөвлөгөө үхлээр дуусгавар болдоггүй. Учир нь та нарын сүнс мөнх юм. Сүнс нь сүнсний дэлхий рүү очиж, тэнд үргэлжлүүлэн сурч, үйлчилж, Амилуулалтыг хүлээдэг. Дараа нь өвдөг бүхэн сөхөрч, хэл бүхэн Есүс бол Христ гэдгийг хүлээн зөвшөөрөх болно (Исаиа 45:23-ыг үзнэ үү). Түүний Цагаатгал болон Амилуулалтын ачаар бидний бие, сүнс дахин нэгдэж, аялал маань мөнхөд үргэлжилнэ. Энэ нь бидний хувьд ямар гайхамшигтай адислал байна гээч!

Эцсийн эцэст, мөнхийн үр дагавар, ач холбогдолтой бүхэн Есүс Христийн амьдрал, үйл хэрэг дээр төвлөрсөн байх болно. Ариун сүмд үйлчлэхийн хэрээр Түүний талаарх мэдлэг, итгэл тань өсөн нэмэгдэнэ. Мөн та нар Түүний таныг гэх хязгааргүй хайрыг мэдэрч, амьдралынхаа туршид баяр баясгалан, сүнслэг хүчийг мэдрэх болно.