“Хэзээ номлолд үйлчилбэл хамгийн зөв гэдгийг би хэрхэн шийдэх вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.
Асуулт, хариулт
“Хэзээ номлолд үйлчилбэл хамгийн зөв гэдгийг би хэрхэн шийдэх вэ?”
Их Эзэн замыг бэлтгэдэг
“Бидний Тэнгэрлэг Эцэгт биднээр хийлгэх ажил бий. Түүний болон сонгогдсон үйлчлэгчдийнх нь үгийг уншихад Тэрээр биднээр юу хийлгэхийг хүсэж байгааг бид баттай мэдэх боломжтой. Их Эзэн биднээр хийлгэхийг хүсэж буй ажлаа гүйцэлдүүлэх арга замыг бэлдэх болно (1 Нифай 3:7-г үзнэ үү). Хэрэв бид Түүний зарлигийг дуулгавартай дагахыг хичээх юм бол Тэр үргэлж бидний дэргэд байх болно.”
Мануэла О., 15 настай, Гана
Танд хэзээ ч 100% бэлэн болсон мэт санагдахгүй байж болох юм
“Би мэргэжлийн серфингийн тамирчин (давалгаан дээр гулгагч) бөгөөд номлолд үйлчилснээр хүлээн авах жинхэнэ баяр баясгаланг мэдрэхийн тулд спортоо хойш тавьсан. Би үнэхээр өөрийгөө номлолд явахад бэлэн гэдгээ мэдрэх хүртлээ хүлээсэн бөгөөд үүнийхээ төлөө адислагдсан. Энэ бол таны Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт гаргах ёстой шийдвэр. Танд хэзээ ч 100% бэлэн болсон мэт санагдахгүй байж болно. Номлолын бичиг баримтаа илгээх нь үргэлж итгэлийн үйлдэл байх ч энэ нь маш үнэ цэнтэй юм.”
Жордан С., 22 настай, АНУ, Калифорни
Их Эзэн таныг бэлдэж, хүчирхэгжүүлдэг
“Та үргэлж Их Эзэнд хандан залбирч асууж болно. Их Эзэн номлогч болгохоор дуудсан хүмүүсээ хүчирхэгжүүлдэг. Аавыг маань нас барахад авралын төлөвлөгөөний талаарх миний гэрчлэл намайг тайтгаруулсан. Гэхдээ энэ дэлхийд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар хараахан мэдэхгүй олон хүн бий. Их Эзэн надаар заалгах хүмүүсийг бэлдэж байгаа гэдгийг би мэднэ.
Филипэ Ф., 17 настай, Бразил
Хүлээн авсан өдөөлтөө бичиж тэмдэглэ
“Би номлолд үйлчлэх талаар залбирах явцдаа удирдагчдын үг, дуу хөгжим, найз нөхдөөсөө хүлээн авсан өдөөлтөө бичиж авдаг байсан. Номлолд бэлдэж байхдаа сэтгэлээр унах тохиолдолд бичсэн зүйлээ эргэн харж, Сүнсний надад хэлсэн зүйлсийг уншдаг байв. Би бичиг баримтаа илгээгээд, Их Эзэнд итгэж найдсан. Итгэлээр урагшлах үед энэ нь хэрхэн өрнөхийг та мэдэхгүй ч гаргасан шийдвэрт тань Бурханы мутар оролцсон гэдгийг олж харах болно!”
Брайнна М., 19 настай, АНУ, Орегон
Патриархын адислалаа ав
“Патриархын адислалаа авснаасаа хойш би сайн мэдээг хуваалцах ёстой гэдгээ мэддэг болсон. Би найзууддаа сайн мэдээг хуваалцах замаар номлолд бэлдэж байгаа. Арай том болоод бүрэн цагийн номлолд үйлчлэх нь надад тохирохгүй гэж бодож болох ч насан туршдаа сайн мэдээг номлож чадна гэдгээ би мэднэ.”
Элиз Д., 14 настай, АНУ, Флорида
Их Эзэнээс болон бусдаас асуу
“Би дөнгөж 14 настай хэдий ч энэ асуултын талаар дотроо тунгаан бодож байгаа. Хэзээ үйлчлэхээ шийдэх цаг ирэхэд би Их Эзэнд хандан хариултаа олоход минь туслахыг гуйн залбирах болно. Би бас гэр бүлийнхэн, бишоп, найз нөхөд гээд хамгийн ойр дотны хүмүүстэйгээ ярилцах болно.”
Жордан В., 14 настай, АНУ, Невада
Их Эзэн танд хариулна
“Би номлолд үйлчлэхийг үргэлж хүсдэг байсан ч энэ нь тийм ч амархан шийдвэр биш гэдгийг мэднэ. Хэрэв бид судруудыг хичээнгүйлэн судалж, Тэнгэрлэг Эцэгтээ үргэлж залбирах юм бол Тэрээр биднийг удирдан чиглүүлнэ гэдгийг би мэднэ. Их Эзэнд итгэ. Тэр танд хэзээ номлолд үйлчлэх тохиромжтой вэ гэдгийг хэлэх болно. Хариултаа үргэлжлүүлэн эрэлхийл. Тэгвэл та хариултаа авч, бэлэн гэдгээ мэдэрнэ.”
Николл Р., 14 настай, Бразил
Сүнслэг байдал, оюун ухаан, бие бялдрын хувьд бэлд
“Чин сэтгэлээсээ залбирч, шийдвэрийнхээ талаарх судруудыг тунгаан бод. Сүнсний танд шивнэж, хэлэх зүйлд нээлттэй бай. Харин энэ хооронд та бүх ариун ёслолын цуглаанд сууж, семинарт явж мөн Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүдийн хичээл эсвэл Аароны санваарын чуулгын цуглаанд оролцож болно. Та мөн сэтгэл санаа, бие бялдрын хувьд бэлдэж болно.”
Аддисон Х., 14 настай, АНУ, Юта