“Талархлын гайхамшигт хүч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.
Талархлын гайхамшигт хүч
Талархалтай байх нь сайн зүйлээс гадна амьдралыг тань өөрчилж чадна.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлсэн. “Адислалаа тоолох нь асуудлаа тоочихоос хавьгүй дээр. … Талархал нь бидэнд амьдралын гол зорилго, жинхэнэ баяр баяслын талаарх илүү том дүр зургийг харуулдаг.”1
Энэ бол үнэн! Талархалтай байх нь олон адислалыг авчирдаг. Талархал нь танд илүү аз жаргалтай, эрүүл саруул байхад тусалж, нойрны чанарыг тань сайжруулж, сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндээ бэхжүүлж, илүү өөдрөг, бусдад энэрэнгүй хандахад тусална. Илүү их талархахын хэрээр амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах чадвар тань тэр хэрээр сайжирна. Эцсийн эцэст, талархалтай байх нь таныг бүх сайн сайхныг өгөгч Бурханд илүү ойртуулж чадна (Иаков 1:17-г үзнэ үү).
Бразилд амьдардаг Эстэр Карнэйро Пончианогийн хувьд талархаж байгаа зүйлийнхээ жагсаалтыг бичих нь түүнийг аз жаргалтай болгож, хүнд хэцүү цаг үед эрч хүч, зүрх зоригтой байхад тусалдаг.
Эстэрийн талархлын жагсаалт
1 Сайн мэдээ
Судраас судалж, өдөр бүр залбирч, семинарт сууж, сүмд явах нь намайг илүү сайн байхад сүнслэгээр өдөөдөг. Сайн мэдээ нь сайн сайхан өдрүүд ирнэ гэсэн итгэл найдварыг өгдөг. Энэ нь үнэхээр мөнхийн аз жаргалыг авчирдаг.
2 Миний гэр бүл
Манайх ам бүл зургуулаа тул гэр маань үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг! Бид хамтдаа хөлөгт тоглоом тоглож, уул хадаар алхаж, хоол хийж, “Ирээд, Намайг дага” гарын авлагаас суралцдаг. Гэр бүл минь миний аюулгүй газар юм. Би тэдэнтэй хамт байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг. Бид төгс биш ч маш их аз жаргалтай байдаг. Ямар ч үед итгэж найдаж болох хүмүүс надад байгаад би талархаж байна.
3 Найз нөхөд
Цар тахал ч жинхэнэ нөхөрлөлийг маань салгаагүй. Бид нүүр нүүрээ харж уулзаж чадахгүй байсан ч бие биетэйгээ хамт байх арга замыг олсон. Бид хамтдаа инээж, дуулах дуртай. Би найзуудтайгаа хамт цаг хугацаагаа өнгөрүүлэх дуртай. Би тэдний хүн нэг бүрд талархдаг.
4 Биеийн тамираар хичээллэх
Хэсэг хугацааны өмнө, дасгал миний талархлын жагсаалтад байхгүй байсан. Би биеийн тамираар хичээллэхэд тийм ч дуртай байгаагүй. Харин дараа нь дугуй унах гэж оролдсоны эцэст үүнд дуртай гэдгээ би мэдсэн! Дугуй унахдаа би аз жаргалыг мэдэрдэг. Мөн миний эргэн тойрон дахь дэлхий ертөнц илүү сайхан газар юм шиг санагддаг. Энэ нь надад бодох, байгалийг харж, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэх цагийг өгдөг. Санаа зовсон эсвэл гунигтай байх үед энэ нь намайг тайвшруулан тусалдаг. Би дугуй унахдаа баярлаж, талархах олон мянган шалтгааныг олж хардаг.
5 Дуу хөгжим
Хөгжим надад асар их аз жаргалыг авчирдаг. Хөгжимгүйгээр миний ертөнц өмнөх шигээ хэзээ ч байхгүй. Би багаасаа л дуулах, хөгжим сонсох дуртай байсан. Хөгжим бидний сэтгэлийг сэргээхээс гадна амар амгаланг мэдрүүлэх хүчтэй. Би Сүмийн өсвөр үеийнхний дууг сонсох үнэхээр дуртай.
Талархал жинхэнэ баяр баясгаланг авчирдаг
Амьдралаа талархлын нүдээр харах үед амьдрал ямар хүнд хэцүү болохоос үл хамааран Их Эзэн надтай үргэлж хамт байгааг би олж хардаг. Хамгийн энгийн зүйл бидэнд хамгийн их аз жаргал авчирдгийг би ойлгосон. Эргэн тойрноосоо юу чухал болохыг олж харвал та ч бас жинхэнэ баяр баясгаланг олж чадна.
Та юунд талархдаг вэ?
Талархлын жагсаалт гаргахын хамгийн сонин зүйл бол нэгэнт эхэлсэн л бол зогсооход хэцүү байдаг явдал юм. Оролдоод үз! Цаг гарган өөрийн гэсэн талархлын жагсаалтыг бич. Эдгээр бэлгийнхээ төлөө Тэнгэрлэг Эцэгт болон бусад хүнд талархлаа илэрхийлэх арга замын талаар бод. Хэдий чинээ олон зүйл бичнэ, төдий чинээ олон зүйлд талархдаг болно гэдгийг та олж мэдэх болно!