2022
Дубайн ариун сүмд ороход бэлдэх нь
2022 оны 7-р сар


“Дубайн ариун сүмд ороход бэлдэх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.

Дубайн ариун сүмд ороход бэлдэх нь

Дубайн болон Катарын өсвөр үеийнхэн ариун сүмийг хэрхэн хайрладгаа мөн ойр хавьд нь ариун сүм баригдаж байгаад баярлаж байгаагаа хуваалцав.

Зураг
Залуу эрэгтэй

Саажаны гэрэл зургийг Карла Накарио

Бурханы бошиглогчийн хэлсэн хэдхэн энгийн үг ч гэсэн таны амьдралыг өөрчилдөг. Ерөнхий чуулганы үеэр, Сүмийн дэлхийн өнцөг булан бүрд байгаа гишүүд шинэ ариун сүмүүдийг зарлахыг маш их хүлээдэг. Харин Саажан, Гвэн хоёрын хувьд, 2020 оны 4-р сарын ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Арабын Нэгдсэн Эмират, Дубай” гэж хэлэхэд өсвөр насны энэ хоёр хүүхэд амьдрал нь эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн гэдгийг мэдэж байв.1

Дубайд амьдардаг Саажантай танилцана уу

12 настай Саажан өмнө нь хэзээ ч ариун сүм харж байгаагүй.

“Ээж үргэлж ариун сүмд орох зорилго тавьдаг байсан. Тэр ариун сүмийг хайрлах хайраа бусдад түгээдэг. Харин одоо ариун сүмд очих нь миний амьдралын зорилго болсон” гэж Саажан хэлсэн юм.

Саажан Энэтхэгт төрсөн бөгөөд эцэг эх нь салахад ээжтэйгээ хамт Арабын Нэгдсэн Эмират руу нүүжээ. Тэр “Ээж минь цаг наргүй ажилладаг. Тэр миний хувьд супер баатар л гэсэн үг. Хүнд хэцүү үед ч гэсэн тэр хэзээ ч бууж өгдөггүй” гэв.

Зураг
Эцэг, эхтэйгээ байгаа хөвгүүн

Саажаны ээж, эмээ хоёр нь түүнийг төрөхөөс хэдэн жилийн өмнө Энэтхэгт Сүмд нэгдсэн байжээ. Тэд Мормоны Номыг уншаад, энэ нь тэдний залбирлын хариулт байсныг мэджээ. Саажан ээжтэйгээ хамт Сүмд явж өссөн бөгөөд аав нь зөвшөөрөхийг хүлээсний эцэст саяхан баптисм хүртжээ.

“Баптисм хүртэх нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг юм. Харин би Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахдаа халуун дулаан, баяр баясгаланг дотроо мэдэрсэн” гэж тэр хэлсэн.

Одоо Саажан тойрогтоо ариун ёслол түгээж, ариун сүмд орохоор бэлдэж байна. Тэр ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авсан бөгөөд Арабын Нэгдсэн Эмиратын Дубайн ариун сүмд баригдаж дуусахаар нь орохыг тэсэн ядан хүлээж байгаа.

Саажан “Ариун сүм зарлахыг сонсоход надад зориулан зарлаж байгаа мэт санагдсан. Энэ нь бидний залбирлын хариулт байв. Яг бидний амьдарч байгаа газар баригдах гэж байгааг зарлахад би чихэндээ итгээгүй. Би хүссэн үедээ галт тэргэнд суугаад шууд л ариун сүм рүү очих боломжтой болно. Би бас Энэтхэгийн Бенгалуру ариун сүм баригдаж, өвөө эмээ минь орох боломжтой болж байгаад баярлаж байгаа” гэсэн юм.

Зураг
Эмээ өвөөгийнхөө зургийг барьсан залуу эрэгтэй

Саажан эмээ өвөөгийнх нь гэрийн ойролцоо буюу Энэтхэгийн Бенгалуруд ариун сүм баригдах гэж байгаад баярлахын зэрэгцээ

өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ажил хийхийг хүсэж байгаа.

Зураг
Залуу эрэгтэй ээжтэйгээ хамт компьютерын өмнө сууж байгаа нь

“Ариун сүмд орохуйц зохистой байхын тулд би өөрийгөө бэлдэж байгаа. Би бүх өвөг дээдэстээ туслахын тулд чадах бүхнээ хийнэ. Надад Их Эзэнд үйлчилж, Бурханы хаант улсад хамаатай зүйлсийг хийх гайхалтай сайхан боломж бий.

Катарт амьдардаг Гвэнтэй танилцана уу

Зураг
залуу эмэгтэй

Гвэний гэрэл зургийг Кристина Смит түүний гэр бүлийн зөвшөөрлөөр нийтлэв.

Гвэн 18 нас хүртлээ Шотланд, Ангол, Англи, Казахстан, Катар гэсэн 5 улсад амьдарч үзсэн. Аавынхаа ажлыг даган тэд дэлхий даяар аялсан бөгөөд саяхнаас Ойрх Дорнодод амьдрах болсон юм.

Гвэний ах эгч нар бүгд тусдаа гарсан бөгөөд тэр ганцаараа ээж, аавтайгаа Катарт амьдарч байгаа. Түүний хамгийн дуртай туршлагын нэг бол тойргийнхоо өсвөр үеийнхэнтэй хамт Украины Киев ариун сүм рүү хийсэн аялал юм. Тэдэнтэй ойр ямар ч ариун сүм байхгүй тул Ойрх Дорнод дахь гэгээнтнүүд ариун сүмд орохын тулд бусад улс орон руу нисдэг.

Тэр “Би аялалд явах болсондоо маш их баярлаж байсан бөгөөд гэр бүлийнхнийхээ нэрсийг авч явахыг хүссэн. Өдөр бүр би сургууль руугаа явах, ирэх замдаа гар утсаараа гэр бүлийнхнийхээ нэрийг олдог байв. Би ойролцоогоор 200 нэр олсон бөгөөд явахад бэлэн гэдгээ мэдэрч байсан!” гэж хэлсэн юм.

Зураг
Ариун сүмийн карт

Гэтэл түүнд урьдчилан бэлдэх боломжгүй нэгэн асуудал гарч ирсэн юм.

Энэ нь дэлхийг хамарсан цар тахал байв.

2020 оны 3-р сард КОВИД-19 вирусын тархалтын талаар тэдний сонорт дуулдаж эхэлсэн яг тэр үед Гвэний онгоц Украинд газардсан юм. Тэнгэрийн тусламжтайгаар тэд ариун сүмд очиж, Гвэний бэлдсэн гэр бүлийн нэрсээр баптисм гүйцэтгэж чадав.

Зураг
Хэсэг өсвөр насныхан

“Гайхамшиг ар араасаа цувран тохиож байсан. Ариун сүм рүү машинаар явж байхдаа би цар тахалд санаа зовж байв. Гэхдээ ариун сүм дотор би амар амгалан, тайтгарлыг мэдэрсэн. Бид мөн хил хаагдахын өмнөхөн Катар луу онгоцоор амжиж ирсэн” гэж тэр хэлсэн юм.

Зураг
Хоёр залуу эмэгтэй

Гэхдээ Америкийн Нэгдсэн Улсад байгаа нэг хүүхэд дээрээ очсон Гвэний ээж Катар луу эргэж ирж чадаагүй. Харин аав нь КОВИД-19 туссан тул Гвэн аавтайгаа хамт хөл хорионд орсон байна. Гвэн “Аав маань нэг хэсэг маш хүнд өвдөж, хөдөлж ч чадахгүй байсан. Би маш их ганцаардаж байлаа. Ээж ирээгүй, би хайлуулсан бяслагтай хавчуургатай талхнаас өөр хоол хийж мэдэхгүй байлаа” гэв.

Гэхдээ Гвэн аавтайгаа хамт сүмийн ёслол гэртээ хийж байсан туршлагатай.

“Нэрийг нь ариун сүм рүү авч явсан хүмүүс аав бид хоёртой хамт байгаа юм шиг надад санагдаж билээ. Тэрнээс хойш би ганцаардахаа больсон. Энэ нь үнэхээр сэтгэл хөдөлгөм туршлага болсон юм. Цар тахлын өмнөхөн ариун сүм орж чадсан нь том адислал байв” гэв.

Зураг
Ариун сүмийн өмнө зогсож буй өсвөр үеийнхэн

Украины ариун сүм рүү хийсэн аяллаас нь хойш нэг сарын дараа Арабын Нэгдсэн Эмиратын Дубайн ариун сүмийг зарласан. Гвэн ямар их баярласан гээч! Тэр мөн тухайн газар нутагт амьдарч байгаа хүмүүст энэ нь ямар чухал ач холбогдолтой болохыг мэднэ.

“Манай бүсэд Европ дахь өөр ариун сүм рүү нисэж очих боломжгүй хүмүүс байгааг би мэднэ. Тэд гэр бүлээрээ мөнхөд лацдан холбогдохыг хүлээсээр байгаа. Энэ нь цугларалт үнэхээр болж байгааг надад харуулсан. Бид Христэд дахин ирэх замыг нь бэлдэж байна.”

Ариун Сүмийн адислалууд

Ариун сүм аль хэдийн тэдний амьдралыг адисалж байгаа явдал нь Гвэн, Саажан хоёрын хооронд байгаа нэгэн нийтлэг зүйл юм. Ерөнхийлөгч Нэлсон “Ариун сүм бол Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн оргил нь билээ. Бурханы сайн сайхан, өгөөмөр сэтгэлээр Тэрээр газар бүрд байх хүүхдэдээ ариун сүмийн адислалуудыг ойртуулж байна”2 хэмээн хэлсэн.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Итгэлээр үргэлжлүүл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган (Ensign, May 2020, 115 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 140).

  2. Рассэлл М.Нэлсон, “Итгэлээр үргэлжлүүл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 138–140).

Хэвлэх