“Илүү бэрх зүйл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.
Ирээд, Намайг дага
Илүү бэрх зүйл
Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс асар их ач холбогдолтой болох үе бий.
Танд эдгэршгүй эрүүл мэндийн асуудал байна гэж бодъё. Таныг эдгээж чадах хүний тухай хэн нэгэн хэлэв. Тэр алс хол газар амьдардаг ч та түүнд захидал бичиж; дараа нь түүнтэй уулзаж, хэлэх үгийг нь сонсохын тулд алсын замд гарсан.
Гэрт нь очиход түүний туслах гарч ирээд, ойр байх голын усанд ор гэж дарга нь хэлүүллээ гэв.
Туслахыг буцаад явахад та сэтгэл дундуур үлдэв. Та “Би ийм зүйл сонсох гэж алс замыг туулж ирсэн гэж үү?” гэж бодно.
Хүлээлт
Яг ийм зүйл Нааманд тохиолдсон юм. Тэрээр Сирийн жанжин байсан бөгөөд маш өндөр хариуцлага хүлээсэн, нэр хүндтэй нэгэн байв. Гэвч тэрээр арьсны хүнд өвчин болох уяман өвчтэй байжээ.
Хэдийгээр тэр израил хүн байгаагүй ч гэсэн Израилаас ирсэн жаахан зарц охины ачаар бошиглогч Елишагийн тухай сонсжээ. Нааман Елиша, Израилын Бурхан хоёрын талаарх түүний гэрчлэлд итгэсэн тул Елиша руу явав. Нааманыг Елишагийн гэрт ирэхэд Елиша элчээ илгээсэн бөгөөд тэр эдгэрэхийн тулд Иордан голд долоон удаа орж угаа гэж Нааманд хэлсэн байна.
Тэр уурлажээ. Тэрээр Елишатай уулзана, Елиша гараа арьсных нь өвчтэй хэсэгт тавиад, Бурханыг дуудан, түүнийг гайхамшигтайгаар эдгээнэ гэж төсөөлж байв. Тэр ч байтугай нутагт нь орж угаах илүү дээр гол ус байгаа гэж тэр боджээ.
Нааман хүлээлттэй байв. Елиша гарч ирээд түүнтэй уулзана гэсэн хүлээлт түүнд байлаа. Энэ нь Нааман өндөр албан тушаал хашдаг мөн түүнд тодорхой хэмжээний хүндэтгэл үзүүлдэг байсантай холбоотой байж болох юм. Тэрээр мөн асуудлынх нь шийдэл өөрт нь өгснөөс илүү гайхамшигтай эсвэл гайхалтай байна гэсэн хүлээлттэй байв. Магадгүй энэ нь Елишагийн тухай сонссон зүйлээс үүдэлтэй байсан байж болох юм. Тиймээс энэ үйл явдал түүний уурыг ихэд хүргэжээ.
Даруу байдал
Гэвч Нааманы түүх үүгээр дууссангүй. Түүний зарц нарын нэг нь маш ухаалаг зөвлөгөөг түүнд өгөв. Зарц нь:
“Тэр эш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэхсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн ‘Угаа, цэвэрш’ гэж байхад та харин хийх бус уу?” гэжээ (2 Хаад 5:13).
Нааман зарцын зөв гэдгийг ухааран ойлгосон. Хэрэв эш үзүүлэгч ямар нэгэн том зүйлийг хийхийг хүссэн бол тэр хийх л байсан байв. Тийм байхад яагаад ийм энгийн зүйлийг хийж болохгүй гэж? Тэр өөрийгөө даруусгав. Тэр Иордан голд долоон удаа орж, эдгэжээ.
Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс
Заримдаа Их Эзэн хүмүүсээс “илүү бэрх зүйлийг” хийхийг хүсэж болох юм. Гэхдээ Их Эзэн ихэвчлэн ийм арга замаар ажилладаггүй. Тэрээр ихэвчлэн “өчүүхэн мөн энгийн зүйлүүд”-ээр “агуу их зүйлүүд” (Алма 37:6)-ийг бидний амьдралд авчирдаг.
Заримдаа бидний хүлээлт буюу бардамнал Их Эзэний арга замыг хэт энгийн буюу өчүүхэн жижиг мэт санагдуулдаг (1 Нифай 17:40–41-ийг үзнэ үү). Гэхдээ Их Эзэн бидэнд эдгээр мэдрэмжээ ялан дийлж, өөрсдийгөө даруусгахад тусалж чадна. Тэрээр биднийг хайрладаг бөгөөд адисалж, Түүнтэй адил болоход туслахыг хүсдэг (Мосе 1:39-ийг үзнэ үү).
Биднийг Их Эзэнд ойртож, адислалуудаас нь хүлээн авахын тулд Түүний биднээр хийлгэхийг хүсдэг өчүүхэн мөн энгийн зүйлсийн хэдэн жишээг доор өгөв.
-
Өдөр бүр залбирч, судраас унших (2 Нифай 32:3, 9-ийг үзнэ үү).
-
Нүгэл үйлдсэн бол наманчлах (Сургаал ба Гэрээ 1:31–32-ыг үзнэ үү).
-
Сүмд явж, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх (Моронай 6:5–6-г үзнэ үү).
-
Аравны нэгээ төлөх (Малахи 3:8–10-ыг үзнэ үү).
-
Мэргэн ухааны үгийг дагах (Сургаал ба Гэрээ 89-ийг үзнэ үү).
-
Үнэнч байх (Сургаал ба Гэрээ 51:9-ийг үзнэ үү).
-
Энэрэнгүй сайхан сэтгэлтэй байх (Ефес 4:32-ыг үзнэ үү).
-
Бусдад үйлчлэх (Матай 25:34–40-ийг үзнэ үү).
Танд өөр олон санаа орж ирж болох юм.
Тиймээс өчүүхэн мөн энгийн зүйлтэй тулгарвал үүнд анхаарлаа хандуулаарай. Энэ нь “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” товхимол дээрх удирдамж, чуулган дээр хэлсэн үгэн дэх зарим зөвлөгөө эсвэл бишопын тань танаас хийхийг хүссэн зүйл байж болно. Юу ч байсан Нааманыг санаж, зүгээр л хий. Энэ нь жижиг байж болох ч адислал нь агуу байх болно.