“Тантай адил хүн үгүй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 7-р сар.
Ирээд, Намайг дага
Естер
Тантай адил хүн үгүй
Их Эзэн Естерийг Өөрийн чухал ажилд бэлдсэн бөгөөд таныг ч мөн адил бэлдэж байгаа.
Санаандаа орж ирсэн ямар нэгэн зүйлээ яг одоо хий. Юу ч байсан хий! Гараа толгойныхоо дээгүүр дэвээд, тойрч эргээд, “Би гадил жимстэй талханд дуртай!” гэх мэт ямар нэгэн үг хэл.
Хийв үү? Сайн байна. Та саяхан өмнө нь огтхон ч хийж байгаагүй ямар нэгэн зүйлийг хийлээ. Сая юу ч хийсэн байсан мөн санаанд чинь орж ирснийг хийгээгүй байсан ч тэр зүйлийг тань яг тэр байдлаар урьд өмнө хэн ч хийж байгаагүй гэж хэлэхэд танд сонин сонсогдож болох юм. Таны байгаа газарт, яг тэр цагт, танаас өөр ямар ч хүн үүнийг хийгээгүй.
Энэ инээдтэй ч гэмээр дасгал ажил нь тантай яг адилхан мөн яг ижил нөхцөл байдалд орсон хүн байхгүй гэсэн нэгэн чухал санааг тодотгож байна. Ах дүү нар чинь хүртэл тантай адилгүй. Бүхэл бүтэн дэлхий дээр яг тантай адил авьяас, ур чадвар, найз нөхөд, гэр бүл, сүнслэг бэлэг, хувь хүний үзэл бодолтой өөр хэн ч байхгүй.
Хуучин Гэрээний Естер шиг та “энэ цагийн төлөө” (Естер 4:14), таньдаг мэддэг бүх хүнийхээ амьдралд эргэж буцалтгүй сайнаар нөлөөлөх өөрийн гэсэн өвөрмөц чадвартай.
Танд хийх чухал зүйлс бий!
Өнчин нэгэн байснаа хатан болсон нь
Ирээд, Намайг дага хөтөлбөрийн хүрээнд Хуучин Гэрээг энэ сар судлахдаа та Естер гэх нэгэн залуухан гайхалтай иудей эмэгтэйн талаар сурч мэдэх болно. Амьдралынхаа нэгэн цагт тэр өнчирч, хамаатных нь ах Мордехаи түүнийг өсгөжээ. Иудейчүүдийг харь үндэстэнд олзлуулсан цаг үед тэр өссөн.
Хүний газар амьдарч байсан өнчин охин болох түүнийг хэзээ нэгэн цагт хатан болно гэж хэний ч зүүдэнд орж байгаагүй биз. Гэхдээ яг ийм зүйл Естерт тохиолдсон юм (Естер 2-ыг үзнэ үү). Түүнийг хаан Ахашверошийн сүйт бүсгүйгээр сонгосон байв.
Гэхдээ түүнд хүнд сорилт тулгарсан. Естерийн хүмүүс болох иудейчүүд гэнэт устгагдах аюулд орсон юм. Түүний нөхөр болох хаан зөвлөхүүдийнхээ үгийг сонссоныхоо дараа хотын бүх иудей хүнийг тогтсон цагт алах тушаал гаргажээ.
Хотод нь олон хүн амьдардаг байж. Олон ч иудей хүн бас тэр хотод амьдардаг байлаа. Гэхдээ Естер хатан ердөө ганцхан байсан бөгөөд тэрээр энэ аюулыг зогсоож чадах цорын ганц хүн байсан юм.
Естер хатан ганцхан байсан шиг та ч бас цор ганц юм. Таны чадах, Их Эзэний танаар хийлгэх ёстой, олон хүнийг аврал руу хөтлөх тэр зүйлийг зөвхөн та л хийж чадна.
Залбирлын хариулт
Естерт тулгарч байсантай адил аюултай, аймшигт зүйл тантай тулгарах магадлал бараг байхгүй нь ямар том аз завшаан бэ. Гэхдээ энэ нь таны амьдралын зорилго түүнийхээс жижиг гэсэн үг биш.
Яг л Естер шиг, таныг чиглүүлж, бэлтгэсэн тул одоогийн та бий болсон юм. Харин Есүс Христийг дагах үед тэр бэлтгэл тань үргэлжилсээр байх болно. Та олон хүний өдөр тутмын залбирлынх нь хариулт байж болох юм.
Мэдээж олон авьяас, ур чадвартай байсан ч та замынхаа туршид Естер шиг сүнслэг тусламж хүсэх нь юу юунаас илүү чухал.
Итгэл, үнэмшил ба та
Естер өөрийн хүмүүсийг аврахын тулд хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан. Бас Бурханаас тусламж эрэлхийлэхэд нь хүмүүсийнх нь итгэл, дэмжлэг тусламж тус нэмэр болно гэдгийг тэр мэдэж байсан. Естер хамаатандаа “Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” (Естер 4:16) хэмээн хэлсэн.
Амьдрал хүнд хэцүү болох үед итгэлтэй хүмүүс Бурханд улам тууштай ханддаг. Естерт авч болох бүхий л тусламж хэрэгтэй байсан. Түүнд нөхрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөөр нь цуцлуулахад тусламж хэрэгтэй байснаас гадна хааныг дуудаагүй байхад очихын тулд амиараа дэнчин тавихаас өөр арга байгаагүй юм (энэ нь хатны хувьд ч хууль зөрчсөн үйлдэл байв).
Түүний итгэл, үнэмшил ямар хүчтэй байсныг та харав уу? Цаг гарган Естер “Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” гэж хэлснийг дахин унших хэрэгтэй. Энэ хүчирхэг үгсийг Шадрах, Мешах, Абеднего нар хааны алтан хөргийг шүтэхээс татгалзахдаа хаан Небухаднезарт хандан хэлж байсан.
Дуулгавартай дагахгүй бол зуух руу хаяна гэж заналхийлсэн ч тэд зоригтойгоор “Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна.
Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй” хэмээн хэлж байсан (Даниел 3:17–18, тодотгол нэмэгдсэн).
“Хэдийгээр тэгэхгүй байсан ч” болон “Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” гэдэг нь итгэлийн гайхамшигтай мэдэгдэл юм. Ийм хүчирхэг итгэл үр дагавар нь ямар байхаас үл хамааран оршдог. Естерийн эр зориг хүмүүсийг нь аварсан. Тэр ч гэсэн Шадрах, Мешах, Абеднего нарын адил, итгэлийг сонгохын үр дүн ямар байх нь үргэлж тодорхой байдаггүй ч зөв зүйл хийх нь үргэлж зөв сонголт гэдгийг анхнаасаа л мэдэж байсан.
Таны амьдралд зөв шударга замыг сонгоход хэцүү үе тохиолдох нь гарцаагүй. Бидний хэн нь ч мөнх бус амьдралын ороо бусгаа сорилтоос ангид байдаггүй. Гэхдээ энд ч гэсэн та Естер шиг байхыг сонгож болно. Зөв шударга байдлыг сонго. Үр дагавар нь болдгоороо болог.
Эцсийн эцэст тань шиг өөр хүн дахин төрөхгүй бөгөөд дэлхий ертөнцийг илүү сайн сайхан газар болгохын тулд та яг одоо “энэ цагийн төлөө” байна.