“Жинхэнэ гэрлийг дага,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.
Ирээд, Намайг дага
Жинхэнэ гэрлийг дага
Есүс Христийн гэрэл бол таны төлөө үргэлж—өчигдөр, өнөөдөр, мөнхөд байдаг гэрэл билээ.
1948 оны нэгэн ням гаргийн орой нар жаргах үеэр би Англи улсын Ноттингхам хот дахь Трент голын эргээр алхалж байв. Би тэр үед хорин настай номлогч байлаа. Тэр өдөр маш урт, ядармаар өдөр байсан ч би баяр хөөртэй, ажилдаа сэтгэл хангалуун байлаа.
Би голын эргээр алхаж байхдаа зүрх сэтгэлдээ залбирав. Би Их Эзэнээс ямар нэгэн удирдамж мэдрэхийг хүсэн, “Би Таны хүсэж буй зүйлийг хийж байна уу?” гэж асуусан.
Амар амгалан болон ойлголтын мэдрэмж гэнэт намайг бүрхэн авав. Яг тэр мөчид би Есүс Христ намайг мэддэг бас хайрладаг гэдгийг мэдэж авсан юм. Би үзэгдэл үзэж эсвэл дуу хоолой сонсоогүй. Гэхдээ Тэрээр миний өмнө зогсоод, намайг нэрээр минь дуудаж байгаа юм шиг тийм хүчтэйгээр би Христийн бодит байдал, тэнгэрлэг чанарыг мэдэж авсан билээ.
Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл, миний гаргасан том чухал шийдвэр болгонд Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэддэг явдал минь нөлөөлсөн юм. Би үгээр илэрхийлж чадамгүй тийм гүн гүнзгий, хүчтэйгээр Түүнийг хайрладаг. Тэр бол миний Их Эзэн, миний Аврагч, миний Гэтэлгэгч мөн миний найз.
Он жилийн туршид, дэлхийн ихэнх газраар явахдаа би Аврагчийг гэрчилж байсан. Тэрээр “харанхуйг гийгүүлдэг” (Иохан 1:5) жинхэнэ бөгөөд мөнхийн гэрэл гэдгийг би мэднэ. Түүн дээр ирж, Түүнийг даган, Түүний гэрлийг өөрсдийн амьдралд мэдрэх нь бидний хувьд онцгой боломж билээ.
Гэрлийн талаарх үнэн
24 цаг тутамд өдөр нь шөнөөр, шөнө нь өдрөөр солигддог. Шөнийн харанхуй нөмрөх үед нар шингэчихлээ гэж бид санаа зовдоггүй. Дэлхий ертөнц эргэж, нар бидний дээр дахин мандах болно гэдгийг бид мэддэг. Бид гэрлийг үргэлж харж, мэдэрч чадахгүй байж болно. Гэхдээ гэрэл үргэлж байж байдаг.
Сүнслэг байдлын хувьд ч мөн адил. Олон жилийн өмнө миний эхнэр Барбара бид хоёр шөнийн тэнгэр өөд ширтэн гайхширч байсан үеэ би дурсан санасан юм. Сая сая од онцгой тод гялалзаж, үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бодол минь Есүс Христийг бахдан гайхширах бодол болон хувирсан.
Тэр “эхлэлд Бурхантай хамт байсан” (Иохан 1:2). Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн удирдлага доор, энэ дэлхийг болон тоолшгүй олон дэлхийг бүтээсэн (Мосе 1:33-ыг үзнэ үү). Тэр бол нар, сар, оддыг гэрэлтүүлдэг хүч нь билээ (Сургаал ба Гэрээ 88:7–10-ыг үзнэ үү). Тэр бол бүх зүйлийн гэрэл, амийн эх сурвалж билээ (Иохан 1:3–4; Сургаал ба Гэрээ 93:10-ыг үзнэ үү). Тэр “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) хэмээн тунхагласан.
Өнөө үед Аврагчийн гэрлийг үгүй болгохын тулд Сатан зогсолтгүй ажиллаж байна. Хэрвээ чи Есүс Христ дээр ирэх аваас Түүний гэрэл тусаж чадахааргүй тийм харанхуй газар хэзээ ч байхгүй байх болно. Түүний гэрэл үргэлж байж байдаг.
Тэр бидний замыг гэрэлтүүлдэг
Бурханы Хүүгийн хувьд Есүс Христ “ертөнцөөс өмнө” (Иохан 17:5) Бурхан Эцэгтэй алдар суунд байсан. Тэр Эцэгтээ төгс дуулгавартай байсан (Иохан 5:30-ийг үзнэ үү) бөгөөд дэлхий дээр хүслээрээ ирсэн юм. Ээж нь “Түүнийг даавуунд ороож, тэжээлийн онгоц дотор тавьсан” (Лук 2:7) тэрхүү малын хашаанд төрөхөөр Тэрээр Өөрийн алдар сууг орхисон билээ.
Залуу насандаа Тэрээр “[Өөрийн] Эцэгийн ажлыг хийхээр явсан” (Лук 2:49) бөгөөд сургаалыг нь сонссон хүмүүс гайхширч байв. Тэрээр Өөрийн тохинууллаар гайхамшгуудыг үйлдэх, өвдсөнийг адислан эдгээх, үхсэнийг амилуулах, эцэст нь мөнхийн Цагаатгалыг үйлдэх хүч чадалтай байсан.
Аврагч Өөрийн хэлсэн, хийсэн бүгдэд, ялангуяа Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан Тэнгэр дэх Эцэгт очих замыг бидэнд үзүүлсэн билээ. Түүний үлгэр жишээ, сургаал нь тэнгэрлэг гэртээ буцаж очихын тулд дагах ёстой замыг маань гэрэлтүүлдэг.
Түүний гэрлийг хуваалц
Бид Бурханы Хүүгийн гэрлийг амьдралдаа нэгэнт мэдэрсэн л бол уг гэрлийг бусадтай хуваалцахыг хичээх хэрэгтэй. Би Англи улсад номлогч байхдаа маш дуртай байсан. Би Канадад номлолын ерөнхийлөгч байхад ч маш их дуртай байсан. Би Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн болох одоогийн энэ дуудлагадаа ч дуртай. Энэ нь дэлхий даяар Есүс Христийг гэрчлэх боломжийг надад олгодог.
Аврагч “Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой” (3 Нифай 18:24) хэмээн заасан юм.
Бид залбирч, Түүний үгсийг судраас эрэлхийлэх болгонд Аврагчийн гэрэл бидний дотор гэрэлтэж байдаг. Бид Түүний адилаар хайрлаж, гэрчлэлээ хуваалцан мөн амин хувиа үл бодон үйлчлэл үзүүлэх үедээ Түүний гэрлийг гэрэлтүүлдэг. Ингэснээр бидний амьдралаас харанхуй сарнин одож, Түүний гэрлийг хайж байгаа хүмүүс бидэнд татагддаг.
Түүний гэрэл мөнхөд гэрэлтдэг
Есүс Христийн гэрэл үргэлж чиний төлөө байдаг. Юу ч, үнэндээ ямар ч зүйл Түүний гэрлийг дарах юм уу унтрааж чадахгүй. Энэ нь мөнхөд гэрэлтэх болно. Есүс Христ бол “дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой; … хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл (Moзая 16:9) билээ.
Би залуу номлогчийн хувьд үүнийг өөрөө мэддэг болсон энэхүү туршлагадаа мөнхөд талархаж явах болно. Би амьдралын бүх бэрхшээл, баяр хөөрийг туулсан учраас үүнийг өнөөдөр илүү баттай мэднэ.
Чи хаашаа явж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол Бурханы Хүүгийн жинхэнэ гэрэл рүү хараарай. Хэрвээ чи Түүн дээр ирж, Түүний гэрлийг дагах хүсэлтэй байгаа бол Тэрээр замыг чинь гэрэлтүүлэх болно.