“Харанхуйд итгэлтэй байх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 12-р сар.
Харанхуйд итгэлтэй байх нь
Асуулт гарч, эргэлзээ төрөх үед надад тусалсан цөөн хэдэн зүйлийг санал болгоё.
Намайг жаахан хүү байхад манай гэр бүл АНУ-ын Невада муж дахь Грийт Бэйсин гэдэг дархан цаазтай паркт үе үе очдог байсан юм. Уг паркт Лэйман агуй гэдэг нэртэй гайхалтай газар байдаг байсан.
Аяллын хөтөч агуйн гүн рүү дагуулан орж, нэг цэгт хүрээд, бүх гэрлээ унтраадаг байлаа. Тэр үед тас харанхуй болно. Энэ нь маш хүнд мэдрэмж төрүүлэх бөгөөд агуйгаас гарах замаа ямар ч гэрэлгүй олох нь бүтэшгүй мэт санагддаг байсан. Аз болоход, аяллын хөтөч гэрлээ дахин асааж, хүмүүсийг агуйгаас аюулгүй гаргадаг байв.
Заримдаа бид Сүмийн талаар болон гэрчлэлийн талаар асуулт гарч, бүр эргэлзэж буйгаа мэдэрдэг. Энэ нь харанхуй агуйд байгаатай адил хүнд хэцүү, тодорхой бус санагдаж болно.
Асуух, санаа зовох зүйл гарах нь хэвийн юм. Эдгээрийг хэрхэн хүлээн авах нь л хамгийн их ялгааг гаргадаг.
Надад тусалсан хэд хэдэн санааг хуваалцъя.
Итгэлээ ашигла
Хэрвээ би асуулттай, санаа зовоож байгаа зүйлсдээ итгэлийн үүднээс хандах юм бол юу хийх ёстойгоо үргэлж мэддэг. “Итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм” (Алма 32:21). Мөн “та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө хөгжихийг зөвшөөр” (Алма 32:27).
Дэлхий чамд аливаа зүйлийг шинжлэх ухааны жишгээр баталж чадахгүй бол энэ нь үнэн байж чадахгүй гэж хэлэх болно. Энэ бол Их Эзэний арга зам биш. Амилсан Аврагчийн шарханд өөрөө гар хүрч үзэхээс нааш итгээгүй Томаст Аврагчийн хэлсэнчлэн, “Итгэлгүй бус, харин итгэлтэй бай” (Иохан 20:27).
Асуу, хай, тогш
“Асуу, хай, тогш” гэдэг хэллэг судруудад давтагддаг (Матай 7:7; Сургаал ба Гэрээ 88:63-ыг үзнэ үү). Асуумаар байх үед туслах Их Эзэний арга зам бол Өөрөөс нь асуух явдал юм.
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг” (Иаков 1:5). Бүх үнэний эх сурвалж руу шууд хүр. Бурхан чамд хайртай бөгөөд чамд туслах болно.
Үнэнийг эрэлхийлэгч бай
Үнэнийг чин сэтгэлээсээ, даруухнаар хайж байгаа хүмүүс асуултуудынхаа хариултыг яваандаа олдог гэдгийг би олж мэдсэн. Нөгөө талаас, зөвхөн бурууг хайж байгаа хүмүүс үнэнээс илүү ихээр холддог.
Үнэнийг эрэлхийлэгч бай. Үнэн оршдог бөгөөд чи үүнийг олж чадна.
“Дараа нь хариулагдах зүйлс” гэдэг нэртэй хайрцаг хий.
Чин сэтгэлээсээ, даруухнаар хариулт хайгаад байхад ирэхгүй бол чи юу хийх вэ?
Дахин хэлэхэд, би үүнд итгэлтэйгээр хандахыг сонгодог. Би оюун ухаандаа эрдэнэсийн сав шиг гоё хайрцгийг тавиур дээр байгаагаар дүрслэн бүтээсэн. Дээр нь “Хожмын өдөр хариулагдах зүйл” гэж бичсэн.
Надад шийдэж чадахгүй асуулт, санаа зовох зүйл гарах үед би төсөөллийн цаасан дээр үүнийгээ бичээд, цэвэрхэн нугалаад, уг хайрцагт хийдэг. Тэгээд би үүнийг буцаагаад тавиур дээр тавьдаг.
Ингэснээр би нэгэн өдөр Их Эзэн үүнд хариулах болно гэсэн итгэлтэйгээр үйлдэж байгаа юм. Тэр хариулж магадгүй, хариулахгүй ч байж магадгүй. Энэ нь Түүний мөнхийн мэргэн ухаанд Өөрийнх нь шийдэх зүйл юм.
Нэмж хэлэхэд, миний зарим асуултад хариулт ирсэн. Гэхдээ хайрцагт маань олон асуулт байгаа. Миний хувьд энэ нь ХЭВИЙН ЗҮЙЛ.
Христ доторх хайрт найзууд минь, үнэнийг эрэлхийлэгч байгаарай.
Итгэл чинь өсөн нэмэгдэх үед Их Эзэн чамтай хамт байх болно. Мөн чи Түүнд итгэлтэйгээр хандах үед, Тэрээр чиний мэдэх хэрэгтэй зүйлсийг чамд зөв цагт нь илчлэх болно.