2023
Гуам дахь сайн мэдээний бэлэг
f2023 оны 1-р сар


“Гуам дахь сайн мэдээний бэлэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Гуам дахь сайн мэдээний бэлэг

Далайн нэгэн арал дээр Франчэска сайн мэдээгээр дамжуулан бусадтай нөхөрлөх болж, тайвшралыг олов.

Залуу эмэгтэй

Гэрэл зургийг Коди Бэлл

Далайн эрэг, дөлгөөхөн ус, эртний агуй бүхий Гуам арал нь мөрөөдлийн амралтын газар мэт сонстоно. Гэхдээ 15 настай Франчэска Н-ийн хувьд энэ орчин энгийн зүйл аж! Тэр үзэсгэлэнт далайн эргүүдэд маш дуртай. “Гадагш гарч, байгалийг судлах нь зугаатай байдаг.”

Гуамд төрж, өссөн тэр гадаа цагаа өнгөрүүлэх дуртай. “Би гадаа байх дуртай төрлийн хүн болохоор дотор байх тийм ч дуртай биш” гэж тэр хэлэв. Тэр далайд сэлүүрт тавцан дээр явах, усны баг зүүн усанд хөвөх, аав, ээж, эгч, охин дүү нартайгаа ууланд алхах дуртай. Тэд ялангуяа эртний агуйтай газар руу явган аялах дуртай.

Гуамд залуу эмэгтэй гэр бүлийнхээ хамт

“Би эгч, охин дүү хоёртойгоо их дотно байдаг. Тэд бол миний хамгийн сайн найзууд” гэж тэр хэлэв. Түүний эгч Хавайд сургуульд сурч байгаа. “Биднийг холбоотой байхад сошиал медиа их гол үүрэг гүйцэтгэдэг” гэж Франчэска тайлбарлав. Тэр ойр дотно, холбоотой байх дуртай.

Бусдад үлгэр жишээ үзүүлэх

Франчэска охидын католик сургуулийн 10-р ангид сурдаг. Тэр сургуульдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цорын ганц гишүүн юм. Сургууль дээрээ Сүмийн цорын ганц гишүүн байх нь эхэндээ аймар байсан ч түүнийг өөрөөр хардагт нь тэр дассан. Үүнээс гадна, эргэн тойрныхон нь түүнийг өөр шашин шүтдэг тул янзтай гэж боддог байна.

Жишээ нь, нэг өдөр найзууд нь өдрийн цайны цагаар кофе ууж байхад Франчэска Мэргэн ухааны үгийн талаар тэдэнд тайлбарлажээ.

Сургууль дээр хүмүүс хараалын үг хэлж байсан ч Франчэска хараал хэлэхгүй байхыг сонгодог. Тэрээр “Би өмнө нь олон удаа соролтод орж байсан, гэхдээ залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй хувийн холбоо харилцаатай байх нь надад хүч чадал өгдөг. Эдгээр нь буруу зүйлс учраас мөн би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайртай учраас эдгээрийг хийх ёсгүй” гэж хэлэв.

Найз нөхөдтэй болох

Сургууль дээрээ ганцаараа Сүмийн гишүүн байх нь заримдаа ганцаардах мэдрэмж төрүүлдэг. Франчэска 9-р ангид байхдаа цар тахлын үеэр маш их ганцаардсан бөгөөд тийм ч олон найзтай байсангүй. Тэрээр аав ээжтэйгээ энэ талаар ярихаас санаа зовж байсан боловч залбирах үедээ өөрийн бодол мэдрэмжийн талаар тэдэнд хэлэх өдөөлтийг мэдэрсэн байна.

Эцэг охидтойгоо хамт

Тэд түүнийг итгэж болох найз нөхөдтэй болгохын төлөө гэр бүлээрээ залбирахаар шийдсэн юм. Гайхамшигтай нь, тэд залбирлаа дөнгөж хэлж дуусаад, хэн нэгнийг хаалгыг нь тогшиж байгааг сонсов. Өөр тойргийн нэг найз нь жигнэмэг авчирсан байлаа. Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонссоныг Франчэска мэджээ.

Франчэскагийн гадсанд Гуамын болон өөр хэд хэдэн арлын гишүүд багтдаг байв. Түүний тойрог өсвөр үеийнхнээс бүрдсэн жижигхэн бүлэг мэт байсан ч нэг гэр бүл шиг байдаг байлаа. Гишүүд нь хоорондоо ойр дотно байдаг нь түүнийг ням гараг бүр сүм рүү явахад урамшуулдаг байв. Тэд түүний амьдралд маш том нөлөө, үлгэр жишээ үзүүлдэг байлаа.

Түүнчлэн Франчэска семинарын ангиасаа хүч чадал олж авдаг байсан. Тэрээр “Семинар бол долоо хоногийн миний онцлох зүйлсийн нэг. Семинарт суух үед миний санааг зовоосон бүх зүйл байхгүй болсон мэт санагддаг” гэж хэлсэн.

Тэр семинарт онлайнаар эсвэл биечлэн суух дуртай бөгөөд шаардлагатайгаас бусад үед таслахгүй оролцдог. Семинарт суухыг сонгодог учраас түүний өдрүүд илүү сайхан өнгөрдөг гэж тэр хэлэв. Долоо хоног нь стресс ихтэй байх үед тэрээр семинарт амар амгаланг мэдэрдэг болохоор алгасахгүй явдаг аж.

Өсвөр үеийнхэн сардаа хоёр, гурван удаа үйл ажиллагаа явуулдаг. Франчэска бүр зугаатай хөлөгт тоглоом, судрын наадгай бүхий нэг үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж байсан удаатай. Цар тахлын үеэр тэдэнд уулзах боломж төдийлөн байгаагүй тул тэд уулзах боломжтой үедээ цагийг сайхан өнгөрөөдөг.

Үйл ажиллагаа явуулж байгаа залуу эмэгтэйчүүд

Залуу эмэгтэйчүүд Сүмийн “Good Day” гэдэг өсвөр үеийнхний дууг даган дуулж байгаагаар хөгжимт видео бүтээж, үүнийгээ хайр түгээн, бусдыг өргөн дэмжихийн тулд хүмүүстэй хуваалцсан байна. “Хүн бүртэй уулзах боломжгүй цаг үед сошиал медиа хүн бүрийг хамтад нь цуглуулж чаддаг.”

Ариун сүм рүү хандах

2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр Гуамын Юиго ариун сүмийг зарласан. Франчэска “Өсвөр үеийнхэн маш их баярлаж, бид бүгдээрээ үүний төлөө залбирсан” гэж хэлэв. Үүний дараа тэрээр барилгын ажлын явцыг сэтгэл догдлон ажиглаж байсан бөгөөд ариун сүмээ тэсэн ядан хүлээсэн юм. Энэ ариун сүмийн барилга 2022 оны 5-р сард дуусжээ.

Гуам дахь ариун сүмд байгаа залуу эмэгтэй гэр бүлийн хамт

Тэд өмнө нь ариун сүм рүү орохын тулд дандаа Филиппин рүү аялах хэрэгтэй байдаг байв. Аяллын зардлаа олохын тулд тэд жигнэмэг зарж, машин угаан мөнгөө цуглуулж байв. Мөн энэ нь том аялал учраас тэд долоо хоног орчим тэнд байхаар төлөвлөдөг байлаа. Франчэска ариун сүм рүү илүү ойр ойрхон очих боломжтой байгаадаа баярлаж, өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртсэнээс ирэх адислалд талархдаг.

Залбирлаар дамжин ирэх тайтгарал

Франчэска их санаа зовох байх гэж бодож байсан ч залбирал өөрт нь тусалсан гэв. “Залбирал үнэхээр хүчтэй. Тэнгэрлэг Эцэгтэй зүгээр ярих нь л намайг үнэхээр тайвшруулдаг. Тэр сонсдог бөгөөд надад тусалж чадна.

Намайг залбирах үед хариу нь тэр дороо үргэлж ирдэггүй. Удирдамж хүлээн авсан мэдрэмж, Түүний оршихуйг болон Түүний хайрыг мэдрэх мэдрэмж надад тусалдаг. Энэ нь намайг тайтгаруулж, надад илүү сайхан мэдрэмж төрүүлдэг” гэж тэр хэлдэг.

Тэрээр бусад өсвөр үеийнхэнд “Тэнгэрлэг Эцэгт хандан залбир. Түүнтэй ярь. Энэ нь их тус болдог” гэж зөвлөв.

Залбирч буй залуу эмэгтэй

Тэрээр ээжийнх нь илүү их санаа зовдог байдал нь том дэмжлэг үзүүлдэг гэж хэлэв. “Ээж минь Тэнгэрлэг Эцэгээс надад өгсөн адислал бөгөөд тэр намайг маш их чиглүүлсэн.

Гэр бүл бол үнэхээр том адислал” гэж тэр өгүүлэв. “Хэрвээ чи ямар нэг чухал зүйлийг туулж байгаа бол энэ талаараа гэр бүл болон найздаа илэн далангүй ярих нь чухал гэж би боддог.”

Франчэска хүн бүрийг Их Эзэнээс ирдэг өдөр тутмын адислалаа хараасай гэж хүсдэг. Тэрээр “Өдөр тутмын адислалууд энгийн байж болно. Сургуульд явах нь маш том адислал. Хэрвээ бид анзаарах цаг гаргах юм бол маш олон янзтай гоё гайхамшгууд ч байдаг. Амьдралд маань сайн мэдээ байгаад би маш их талархдаг” гэлээ.