“Бүхнээс дээд гайхамшиг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.
Ирээд, Намайг дага
Бүхнээс дээд гайхамшиг
Бүх гайхамшгаас илүү чухал нэг гайхамшиг байдаг.
Бурханы тусламжтайгаар бүх зүйл боломжтой (Лук 1:37; Филиппой 4:13-ыг үзнэ үү). Гэхдээ чи юуны ч төлөө залбирсан бай, үр дүнг нь харж чадах уу? Зарим хүн гайхамшгийг үздэг байхад зарим нь яагаад үздэггүй вэ? Мөн энэ бүхэн чиний хувьд яг юу гэсэн үг вэ?
Эрт цагийн гурван гайхамшиг, орчин цагийн гурван гайхамшиг, бүхнээс дээд нэг гайхамшиг бидэнд илүү ихийг заадаг.
1
Эрт цагийн гайхамшиг
Тэнгэр элч Габриел Мариа дээр ирж, Аврагчийн эх болно гэж хэлэхэд тэрээр гайхширсан нь наад захын хэрэг байх. Ийм зүйл боломжтой байх аргагүй байв. Гэвч тэнгэр элч Габриел Есүсийг Бурханы Хүү байх болно гэж тайлбарлаад, “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) гэж хэлжээ. Тэнгэр элчийн зөв байлаа. Мариа дэлхийн Аврагчийг төрүүлсэн.
Орчин цагийн гайхамшиг
Мексикт үйлчилж байгаа хоёр номлогч өдөр бүр хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар зам хөндлөн гардаг байв. Заримдаа тэд зам хөндлөн гарах боломжийг хүлээн 10 минут хүлээдэг байсан ба ихэнхдээ гүйх хэрэгтэй болдог байсан. Тэгээд тэд их хөгшин, маш удаан алхдаг, сүмд идэвхгүй нэгэн гишүүнтэй уулзав. Настай гишүүн тэдэнтэй хамт сүмд очихыг хүссэн боловч сүмд очихыг боломжгүй болгож буй нэг зүйл байгаа нь уг хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар зам хөндлөн гарах явдал байлаа. Мөн номлогчид зам хөндлөн гарахдаа түүнийг өргөж явах боломжгүй байсан (тэд энэ тухай аль хэдийн бодож үзсэн байв!). Тэгтэл тэдэнд гайхамшиг тохиожээ. Номлогчдын нэг нь “Биднийг уг гудамжинд ирэх үед ямар ч машингүй байв. Бид маш удаан алхаж бас аюулгүйгээр зам хөндлөн гарч чадсан” гэж ярив.
Энэ боломжгүй зүйл үү? Дахиад нэг бодоод үз дээ!
Бурханд бүх юм боломжтой (бүр боломжгүй зүйлүүд хүртэл!).
2
Эрт цагийн гайхамшиг
“Саа өвчтэй” буюу саажсан нэгэн хүн байв. Өөрийг нь Аврагч эдгээж чадна гэж тэр итгэж байлаа. Гэвч Есүсийг олон хүн шавж, тойрон хүрээлсэн байсан бөгөөд Түүн дээр очиход хэцүү байв. Тэгтэл нөгөө хүн юу хийсэн гээч? Найзууд нь түүнийг Аврагчид хүргэхийн тулд ортой нь хамт байшингийн дээвэр дээрээс буулган дотогш оруулжээ. Мэдээж, энэ нь тийм амар зүйл байгаагүй байж таарна. Гэхдээ тэр болон түүний найзууд маш их итгэлтэй байсан байх. Мөн энэ нь үр дүнгээ өгсөн. Есүс уг хүний нүглийг өршөөж, түүнийг эдгээсэн юм (Лук 5:17–26-г үзнэ үү).
Орчин цагийн гайхамшиг
Элла В-г цэцэрлэгт хүрээлэнд найзуудтайгаа тоглож байхад зарим найз нь тэжээмэл хамелеоноо алга болгов. Энэ нь тийм ч том зүйл биш юм шиг санагдаж болох юм. Гэхдээ хамелеон нь эргэн тойрондоо холилдохын тулд өнгөө өөрчилдөг гэдгийг санаарай. Хэсэг хугацаанд хайсны дараа Элла итгэлтэйгээр залбирах цаг боллоо гэж бодов. Тэд удалгүй хамелеоноо модон дээр сууж байхад нь олж чадсан юм! “Нэгэндээ дамжуулж өгснийхөө дараа бид Тэнгэрлэг Эцэгт хандан талархлын залбирал хэлсэн” гэж Элла хэлэв.
Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан гайхамшгууд ирдэг
Боломжгүй зүйлс Бурханд үргэлж боломжтой байдаг. Гэхдээ бид Аврагчид итгэлтэй байх (эсвэл наад зах нь итгэх хүсэлтэй байх!) хэрэгтэй бөгөөд гайхамшгуудыг тохиолгохын тулд тэрхүү итгэлийнхээ дагуу үйлдэх хэрэгтэй.
3
Эрт цагийн гайхамшиг
Элизабет, Захариа хоёр гэрлээд олон жил болсон ч хүүхэдгүй байлаа. Заримдаа тэдний итгэлтэй залбирлын хариу ирэхгүй байгаа мэт санагдаж байсан байж болох юм. Эцэстээ тэд хүүхэдтэй болоход дэндүү хөгширсөн байв. Тэгтэл тэнгэр элч Захариа дээр ирж, Элизабетыг хүүхэдтэй болно гэж хэлэв. (Зугаатай баримт: Уг нялх хүүхэд баптисч Иохан болсон!) Эцэст нь, боломжгүй зүйл боломжтой болсон юм. Элизабет, Захариа хоёр маш удаан хүлээх хэрэгтэй байсан (Лук 1-ийг үзнэ үү).
Орчин цагийн гайхамшиг
Линзи М. татаж унадаг өвчтэй байв. Линзи “Өглөө болгон би Тэнгэрлэг Эцэгээс миний татаж унадаг өвчнийг байхгүй болгож өгөхийг гуйдаг байсан. Гэвч энэ нь байхгүй болоогүй. Линзи эдгэрэхээ хүлээх зуураа санваарын адислал хүлээн авсан ба энэ нь түүнд амар амгаланг авчирчээ. Мөн тэрхүү амар амгалан нь өөрөө гайхамшиг байлаа. “Бид Тэнгэрлэг Эцэгт хандах үед, Тэрээр гайхамшгийг тараан, тайвшралыг өгсөн нь бидний төлөө гэдэг нь гарцаагүй” гэж тэр хэлсэн. Эцэст нь Линзи татаж унадаг өвчнийг нь гайгүй болоход тус болсон мэс засал хийлгэжээ.
Гайхамшгууд Бурханы хүслийн дагуу ирдэг
Бурхан бүгдийг хийж чадна. Чи агуу итгэлтэй байж болно. Гэхдээ гайхамшгууд Тэнгэрлэг Эцэгийн цаг хугацаанд, Түүний хүслээр, Түүний арга замаар ирдэг. Амар амгалан, тэвчих хүч чадал зэрэг өөр бусад гайхамшгийг бас эрж хай.
Бүхнээс дээд гайхамшиг
Бид гайхамшгийн талаар их ярилаа. Гэхдээ тэд бүгдээс илүү том, илүү чухал нэг гайхамшиг бий. Энэ гайхамшиг бол Бурханы Хүү дэлхий дээр нялх хүүхэд болон мэндэлж, хожим нь зааж мөн эдгээж, улмаар Өөрийн амийг өгсөн явдал юм. Есүс Христ бидний гэм нүгэл, гуниг зовлон, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Түүний гайхамшигт, гурван өдөр булшин агуйд байж, дараа нь бид бүгдийн төлөө үхлийн дараах амьдралыг авчирсан амилуулалтыг тохиолгосон үйл явдал багтдаг. Энэ гайхамшиг бүх зүйлийг өөрчилдөг.
Тодорхой нэг гайхамшиг дээр итгэлтэй байхыг хичээх нөхцөлд орох нь амархан байдаг. Тэнгэрлэг Эцэгийн хүслийг мэдэхгүй байгаа үед энэ нь хэцүү байж болно. Тиймээс өөрийн хүсэж байгаа гайхамшиг дээр итгэлээ төвлөрүүлэхийн оронд, Аврагчийн Цагаатгалын гайхамшиг дээр төвлөрүүл. Бурханы хувьд бүх зүйл, үүний дотор чиний гуйн залбирч байгаа зүйл ч боломжтой гэдэгт итгэлтэй бай. Гэхдээ бас Түүний хүсэл бол өөрийн чинь хүслээс дээр гэдэгт итгэлтэй бай. Залбирлууд чинь найдаж байгаа замаар чинь хариулагдахгүй бол, Тэрээр чамайг хүчирхэгжүүлж мөн тэвчихэд чинь тусална.
Эцсийн сургамж
Чи итгэлээ Есүс Христэд төвлөрүүлэх үедээ Бурханы хувьд бүх зүйл боломжтой гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгох болно. Чи Тэнгэрлэг Эцэг залбирлуудад чинь хариулдаг гэдэгт итгэж, Түүний хүсэлд найдан, зүйлс төлөвлөсний дагуу болохгүй байгаа үед Түүний амар амгаланг хүлээн авах болно. Тиймээс итгэлээ Есүс Христэд тавь. Тэр бол гайхамшиг юм. Мөн Түүнд бүх зүйл боломжтой.