2023
Илүү сайн сайхан өдрийн төлөө урагшлах нь
f2023 оны 1-р сар


“Илүү сайн сайхан өдрийн төлөө урагшлах нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Амьдралд зориулсан тусламж

Илүү сайн сайхан өдрийн төлөө урагшлах нь

Хүчирхийллийг даван туулсан хүмүүс найдвар, тусламж, эдгэрэл олж авах боломжтой.

Есүс Христтэй хамт байгаа эмэгтэй

Би нэг удаа ойролцоох ойн гал түймрээс болж утаа хөшиглөсөн газраас онгоцоор нисэж билээ. Онгоц хөөрч, үнсэн манан дундаас дээшлэн, тунгалаг, нар гийсэн тэнгэр өөд гарсан юм. Хурц нар, цэвэр агаар нь тэндээ байсаар байсан ч, тэдгээрийг таашаах чадварт маань миний хянаж чадахгүй нэг зүйл саад тотгор болж байсныг би анзаарав. Ойн гал түймэр миний буруугаас болж гараагүй ч амьдралд минь нөлөөлсөн юм.

Хүчирхийлэл үүнтэй адил. Хүчирхийлэлд өртөж буй хүмүүс огт буруугүй ч гэсэн үр дагаврыг нь туулах хэрэгтэй болдог. Хүчирхийлэл нь биднийг өөрсдийн үнэ цэн төдийгүй Бурханы хайрыг мэдрэхгүйд хүргэдэг. Сатаны худал хуурмагийн үүлнээс гарч, мөнхийн үнэнтэй дахин холбогдоход хохирогчийн хувьд хэсэг хугацаа хэрэгтэй байж болно. Гэхдээ найдвар, тусламж, эдгэрэл алхам тутамд боломжтой!

Нэгэн түүх

Стэйсигийн1 аав хүчирхийлэгч байв. Аав нь түүнд өөрийг нь өсөж том болоод бүтэлгүй амьтан болно гэж хэлжээ. Тэр түүнд хэрэггүй амьтан гэсэн мэдрэмж төрүүлдэг байв. .

Стэйси их сургуульд орж, гэрээсээ явсан ба энэ нь түүнд илүү эрүүл ухаанаар бодох боломж олгов. Тэр сүмд дахин явж эхэлсэн бөгөөд өөрийг нь болон гэр бүлийг нь гэх Бурханы хайрыг мэдэрчээ. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр сайн мэдээнээс болон Аврагчтай харилцах харилцаанаасаа илүү их амар амгаланг мэдэрсэн юм.

Энэ жил дэлхий даяар ойролцоогоор нэг тэрбум хүүхэд ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөх төлөв харагдаж байна.2 Чи эсвэл чиний таньдаг зарим хүн Стэйсигийн туулсантай адил зүйлийг туулж байж болох юм. Дараах эх сурвалжуудаас тусламж авах боломжтой.

Хэрэв чи хүчирхийллийн хохирогч бол

Хэрвээ чи ямар нэг байдлаар хохирч байгаа бол өөрт тохиолдож буй зүйлийн талаар хэн нэгэнд хэлнэ үү. Бурхан чамд хайртай гэдгийг мэдэж ав! Мөн гэр бүлийн чинь зөв шударга гишүүд, эргэн тойронд чинь байгаа найз нөхөд болон Сүмийн гишүүд чамд хайртай. Тэд чиний хажууд байж, даван туулахад чинь туслах болно.

Мөн “Хүчирхийлэлд чиний буруу хэзээ ч байгаагүй, байх ч үгүй. … Чи наманчлах хэрэгтэй хүн нь биш бөгөөд чи хариуцлага хүлээх ёсгүй.”3

Сүмийн гэр бүлийн үйлчлэлийн албанд сэтгэл зүйчээр ажилладаг Шэлдон Мартин эмч хүчирхийлэлд өртөгчдөд хандан, өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ мөнхийн үнэнд анхаарал төвлөрүүлэх нь тустай гэж хэлсэн.

  • Өнгөрсөн: Мартин эмч “Чиний мэддэгээс илүү олон хүн чамд санаа тавьдаг” гээд, чи бол тэнгэрлэг эцэг эхийн бүхнээс түрүүнд тавьдаг хүүхэд гэдгийг онцлон хэлсэн. Чиний мөнхийн гэр бүлийн харилцаа дэлхий дээрх харилцаанаас гарч, цааш үргэлжилдэг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурваас ирдэг хүч чадал болон тайвшралаас гадна чамд санаа тавьж, тохинуулж, чамайг хайрладаг өвөг дээдэс чинь хөшигний нөгөө талд байгаа.

  • Одоо: Мартин эмч хэлэхдээ, эдгэрэх явцдаа хаана байгаагаасаа үл хамааран, “Яг одоо өөрийгөө байгаагаар нь хайрла гэж хэлсэн. Уур хүрч, хоосорсон мэт санагдаж, будилах нь энгийн зүйл юм. Өөртөө тэвчээртэй ханд.

  • Ирээдүй: Мартин эмч “Бүх зүйлс сайжрах болно. Би Аврагчийг мэддэг учраас үүнийг мэдэж байна. Тэр чамд санаа тавьдаг” гэж хэлсэн. Түүнд ойр үлдэхийн тулд чадах бүхнээ хий. Чи тийн үйлдсэнээр, өөрийгөө хор хөнөөлтэй харилцаанаас холдуулж, Түүний амар амгалан болон хайрыг илүү их мэдрэх боломжтой болох болно.

Хэрэв чи найзыгаа хүчирхийлэлд өртөж байгаа гэж бодвол

  • Тэднээс “Хэн нэгэн чамайг зовоож байна уу?” гэж шулуухан асуу.

  • Тэдний хэлэх үгсийг анхааралтай сонс. Тэдэнд найрсаг, нинжин сэтгэлээр ханд.

  • Багш, эцэг эх, сургуулийн зөвлөх, Сүмийн удирдагч зэрэг тусалж чадах хэн нэгэнд хэл.

  • Тэдний найз хэвээр үлд. Тэдэнтэй энгийн байдлаар харьц. Тэдэнд өөр бусад эрүүл холбоо харилцааг үүсгэхэд нь тусал.

Үргэлжлүүлэн урагш тэмүүл

Өнөөдөр Стэйси хайраар дүүрэн өөрийн гэсэн гэр бүлтэй, мэргэжилдээ амжилттай байгаа. Зарим өдөр хэцүү байдаг ч тэр аз жаргал болон бусдыг уучлах уучлалыг ихээр мэдэрдэг.

Стэйси “Есүс Христ бидний бүх шархыг эдгээж чадна гэдгийг би мэднэ” гэж хэлдэг. Түүнийг бусад хохирогчтой нэг зүйл хуваалц гэвэл, найдвараа алдахгүй байх гэж тэр хэлнэ.

Тэр “Хэзээ ч дуусахгүй мэт санагдах бэрхшээл зовлонгийн дунд ч Христэд найдвар үргэлж байдаг” гэж хэлсэн юм.

Ямар ч бэрхшээлийг туулж байсан, урагш тэмүүлсээр бай. Амьдралаа өөрийн чадах бүх арга замаар сайн сайхан болон итгэлээр дүүргэ. Илүү сайн сайхан өдөр чиний өмнө байна!

Тэмдэглэл

  1. Нэрийг өөрчлөв.

  2. “Violence against Children,” World Health Organization, https://www.who.int/health-topics/violence-against-children дээрээс баримтыг үзнэ үү.

  3. Патрик Кийрон, 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган (Liahona, 2022 оны 5-р сар, 38).