2023
Гэрэл байх бидний амлалт
f2023 оны 1-р сар


“Гэрэл байх бидний амлалт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

Матай 3

Гэрэл байх бидний амлалт

Есүс Христ бол дэлхийн гэрэл мөн. Түүний гэрлийг хуваалцахын тулд чадах бүхнээ хийцгээе.

Баптисм

Тэмээний ноосон хувцас өмсөж, царцаа, зэрлэг зөгийн бал иддэг, аглаг буйд дахь хүнийг харахаар олон түмэн газар бүрээс ирсэн байв. Тэд Аврагчийн тухай мөн наманчлал, баптисмын талаарх түүний зааврыг сонсохыг хүсэж байлаа. Түүнийг сонссоныхоо дараа олон хүн баптисм хүртэхийг хүсжээ. Тэр наманчилсан хүмүүст баптисм хүртээв. Энэ хүнийг баптисч Иохан гэдэг.

Нэгэн өдөр Иоханыг Иордан голд баптисм хүртээж байх үед Есүс Христ хүрч ирээд, баптисм хүртэхийг хүссэн. Иохан гайхав. Есүс үргэлж Бурханы зарлигуудад дуулгавартай байсан бөгөөд наманчлах шаардлагагүй гэдгийг Иохан мэдэж байлаа. Үнэндээ тэр Есүсийг өөрт нь баптисм хүртээвэл зохино гэж бодов (Матай 3:14-ийг үзнэ үү)! Бурхан бүх хүнд баптисм хүртэхийг тушаасан, тиймээс Өөрөө үлгэр жишээ болж баптисм хүртэх хэрэгтэй байсан гэж Есүс тайлбарлажээ. Иохан санал нийлж, Есүст Иордан голд баптисм хүртээв.

Есүсийн баптисм бид ч гэсэн баптисм хүртэх ёстойг заадаг. Чи баптисм хүртэхдээ, Аврагчийн жишээг зөвхөн баптисм хүртэх үедээ биш, харин үргэлж дагах хүсэлтэй байгаагаа гэрээ байгуулан харуулсан.

Амлалт ба боломж

Баптисм дээрээ та нар Бурхантай гэрээ байгуулж, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахаар амласан (Мозая 5:8–10-ыг үзнэ үү). Та нар түүнчлэн Түүний зарлигуудыг сахиж, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн хаана ч гэсэн” Бурханы гэрчлэгч болж зогсохоо (Мозая 18:9) мөн Түүнд үйлчлэхээ амладаг (Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү).

Долоо хоног бүр сүм дээр та нар ариун ёслолоос хүртэхдээ энэхүү гэрээгээ шинэчилдэг билээ (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү). Та нар тэгээд “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлдэг” (2 Нифай 31:20).

Энэ явцад та нарт Аврагчийн жишээг дагах мөн Түүнийг болон өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрлах хайраа үзүүлэх олон боломж гарч ирэх болно. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Бидэнд адислах хөрш, хамгаалах үр хүүхэд, дэмжин туслах ядуус, өмгөөлж хамгаалах үнэн байна. Бидэнд засаж залруулах алдаа, бусадтай хуваалцах үнэн, хийх ёстой сайн үйлс бий. Товчоор хэлбэл, бид насан туршдаа чин үнэнч шавь байх ёстой”1 гэж хэлсэн билээ.

Тусламж хэрэгтэй хүмүүст гэрлээ тусга

Бидний төгс жишээ болох Аврагч үргэлж бусдыг хайрлан, тэдэнд үйлчилж, “сайныг үйлдэж явсан юм” (Үйлс 10:38).

Хүнд хэцүү цагт Есүс Христ “харанхуйг гийгүүлдэг” (Иохан 1:5) Гэрэл болдог. Тэр түүнчлэн бидэнд гэрэл байхыг заасан. “Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой” (3 Нифай 18:24).

Баптисмынхаа гэрээний нэг хэсэг болгон та нар “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд … үүрэлцэхэд бэлэн” мөн “гашуудах тэдний хамт гашуудахад … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад” (Moзая 18:8–9) бэлэн байхаар амладаг.

Чамайг уйтгар гунигтай эсвэл урам хугарсан хэн нэгэнтэй уулзах үед хэрхэн туслах нь илт тодорхой байж болох юм. Гэхдээ чамд юу гэж хэлэх, юу хийхээ мэдэхгүй байх цаг бас байх болно. Тэдгээр мөчид, чи зүрх сэтгэлээ нээж болно. Чи тэднийг сонсож, дэмжиж болно.

Бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх үед Аврагчийн гэрэл дотор чинь илүү тод гэрэлтэн мөн өмнөх замыг чинь гэрэлтүүлэх болно. Түүнчлэн энэ нь Аврагчийн гэрлийг хайж байгаа хүмүүсийг татах болно. Урагш тэмүүлэн, баптисм дээрээ амласан амлалтуудыг сахиснаар чи энэ дэлхийг илүү сайн, гэрэл гэгээтэй болгох олон арга замыг олох болно.