2010–2019
Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь
2017 оны 10-р сар


2:3

Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь

Бидний хэн байхад болон Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөөнд даруу байдал нэн чухал билээ.

Би Их Британид үйлчилж байсан үеэсээ эхлэн залуу хүний хувьд британи хошигнолд дуртай болсон юм. Уг хошигнол заримдаа өөртөө шүүмжлэлтэй, амьдралд энгийн, даруу байдлаар хандсан шинжтэй байдаг. Үүний нэг жишээг зуныг хэрхэн дүрсэлснээр харуулъя. Британийн зун харьцангуй богинохон, урьдчилан таамаглашгүй байдаг. Нэгэн зохиолч “Би Британийн зунд дуртай. Энэ нь миний жилийн хамгийн дуртай өдөр юм” гэж ёжлон хэлсэн байдаг. Миний дуртай Британийн хүүхэлдэйн киноны баатар нэлээн орой сэрээд, ноходдоо “Үгүй байлгүй дээ! Бид хэт их унтсаар зуныг өнгөрүүлчих шиг боллоо” гэж хэлж байгааг дүрсэлсэн байдаг.

Энэ хошигнолд бидний энэ гайхамшигт дэлхий дээрх амьдралтай адил зүйл бий. Бидний үнэ цэнтэй мөнх бус оршихуй маш богино хугацаатай гэдэг нь судруудад тодорхой байдаг. Мөнхийн талаас нь харвал, дэлхий дээрх бидний цаг хугацаа Британийн зунтай адил богинохон гэж хэлж болно.

Заримдаа хүн төрөлхтний зорилго, бодит оршихуйг маш энгийн даруу үг хэллэгээр дүрсэлсэн нь бий. Бошиглогч Мосе өнөө үед зарим хүн дээдсийн ч гэж хэлж болохуйц тийм амьдралд өсөж хүмүүжжээ. Агуу Үнэт Сувд дээр цэдэглэснээр, Их Эзэн Мосег бошиглолын үүрэгт ажилд нь бэлтгэхийн тулд түүнд дэлхийг мөн байгаа мөн бүтээгдсэн байсан хүмүүний бүх үрсийг харуулсан. Мосе сэтгэлээр унан, “Эдүгээ … хүмүүн юу ч биш, миний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйл гэдгийг би мэднэ” гэж хариулжээ.

Бурхан Мосегийн сэтгэлд төрсөн байж болох чухал биш юм байна гэсэн аливаа мэдрэмжийг үгүйсгэн, Өөрийнх нь жинхэнэ зорилго бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” хэмээн тунхаглажээ.

Бурханы өмнө бид бүгд эрх тэгш билээ. Түүний сургаал тун тодорхой. Бид Мормоны Номоос “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм” “Бурханд бүгд адил” хэмээн уншдаг. Иймээс хүн нэг бүрийг Их Эзэнд ирэхийг урьдаг.

Хэн нэгэн хүн арьс өнгө, хүйс, үндэс угсаа, хэл, эдийн засгийн нөхцөл байдал дээр үндэслэн өөрийгөө Эцэгийн төлөвлөгөөнд давуу эрхтэй гэж үзвэл ёс суртахууны хувьд буруу бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд зориулсан Их Эзэний төлөвлөгөөний жинхэнэ зорилгыг ойлгохгүй байгаа хэрэг.

Харамсалтай нь, өнөөдөр бид нийгмийн бүхий л хүрээнд өөрийгөө чухалчлах үзэл, бардамналыг өөгшүүлж байгааг мөн Бурханы өмнө даруу байх, үүрэг хариуцлага хүлээх явдлыг дорд үзэж байгааг хардаг. Нийгэмд ихэнх нь тогтсон уламжлалаа гээж, өөрсдийнхөө энэ дэлхийд байгаа шалтгааныг ойлгодоггүй. Их Эзэний бидэнд зориулсан зорилгыг биелүүлэхэд жинхэнэ даруу байх нь нэн чухал бөгөөд өдгөө бараг тийм байхаа больжээ.

Христийн даруу, зөв шударга байдал мөн зан чанар, оюуны чадавхын цар хүрээг сударт цэдэглэснээр ойлгох нь туйлын чухал. Бид Христийн эдгээр онцлог шинж, зан чанарыг, ялангуяа даруу байдлыг олж авахын тулд өдөр бүр хичээж чармайх хэрэгтэй гэдгийг дутуу үнэлбэл мунхаг хэрэг болно.

Хэдийгээр энэ амьдрал харьцангуй богинохон ч асар чухал ач холбогдолтой гэдэг нь судруудад тодорхой байдаг. Мормоны Номонд Алмагийн номлолын хамтрагч байсан Амюлек “Энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм” гэж хэлжээ. Бид миний дуртай хүүхэлдэйн киноны баатартай адил энэ амьдралаа унтаж өнгөрөөхийг хүсдэггүй байх.

Аврагчийн даруу байдлын үлгэр жишээ, бүх хүн төрөлхтний төлөө хийсэн золиослол түүхэн дэх хамгийн агуу үйл явдал юм. Бурхан Тэргүүтэний гишүүн болох Аврагч хүртэл бяцхан хүүхэд болон дэлхийд ирж, ах, эгч нартаа зааж, тэднийг анагаан, эцэст нь Цагаатгалаа гүйцэлдүүлэхийн тулд Гетсеманид болон загалмай дээр үгээр илэрхийлшгүй зовлон шаналлыг амсах амьдралаар амьдрахыг хүссэн юм. Христийн хайрлах сэтгэлээр, даруу байдалд хийсэн энэ үйлдлийг хүлцэл гэж нэрлэдэг. Тэрээр энэ бүхнийг Бурханы бүтээсэн эсвэл бүтээх бүх эрэгтэй, эмэгтэй хүний төлөө хийсэн юм.

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ селестиел алдар сууд хүрэх аялалдаа шантарч эсвэл бууж өгөөсэй гэж хүсдэггүй. Бид Бурхан Эцэг, Христ Хүү гэж хэн болохыг мөн Тэдний бидний төлөө хийсэн зүйлсийн талаар чин сэтгэлээсээ тунгаан бодвол энэ нь биднийг хүндлэл, бишрэл, талархал, даруу байдлаар дүүргэх болно.

Их Эзэнд Сүмээ барьж байгуулахад туслахад даруу байдал нэн чухал.

Алма өөрийн цаг үед өнөөдөр ч бидэнд хамаатай нэгэн асуултыг тавьсан. Тэр “Хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?” гэж асуусан. Алма үргэлжлүүлэн: “Хэрэв та нар энэ цагт үхэхээр дуудагдвал, та нар хангалттай даруухан байсан хэмээн … хэлж чадах сан болов уу?” гэж асуужээ.

Бурханы үгийг тунхаглахын тулд Залуу Алма шүүгчийн суудлаас татгалзсан тухай унших бүрд миний сэтгэл хөдөлдөг. Алмад Бурхан Эцэг, Есүс Христийн талаар гүн гүнзгий гэрчлэл байсан бөгөөд тэр Тэдний өмнө эргэлт буцалтгүй бүрэн үүрэг хариуцлага хүлээсэн нь тодорхой. Түүний нэн тэргүүнд тавьдаг зүйлс нь зөв мөн даруу байсан бөгөөд Их Эзэнд үйлчлэх нь илүү чухал байсныг ухаарсан учраас хэргэм зэрэг, албан тушаалаас татгалзсан юм.

Сүмийг барьж байгуулахад туслахын тулд амьдралдаа хангалттай даруу байх нь маш чухал. Сүмийн түүхэн дэх нэгэн жишээ үүнийг харуулдаг. 1837 оны 6-р сард бошиглогч Иосеф Көртландын ариун сүмд байхдаа төлөөлөгч Хибэр С.Кимбаллыг Есүс Христийн сайн мэдээг “Англи руу нэвтрүүлж, энэ үндэстэнд авралын хаалгыг нээхэд” дууд гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авчээ. Төлөөлөгч Оорсон Хайдад болон өөр цөөн тооны хүнд түүнтэй хамт явах үүрэг даалгавар өгсөн байна. Ахлагч Кимбаллын өгсөн хариулт гайхамшигтай байсан. Тэр “Энэ чухал үүрэг хариуцлагыг үүрэх тухай бодол тэвчиж чадахаас хамаагүй хүнд байлаа. … Би өөр дээрээ тохогдсон үүрэг хариуцлагын өмнө сөхөрч бууж өгөхөд бараг л бэлэн байв” гэжээ. Гэсэн хэдий ч тэр уг үүргээ бүрэн дүүрэн итгэлтэй, хариуцлагатай мөн даруу байдлаар хүлээн авсан.

Зарим үед даруу байдал нь өөрсдийгөө хангалтгүй гэж бодож байсан ч дуудлага хүлээн авахыг хэлдэг. Харин заримдаа өөрсдийгөө илүү чухал үүрэг даалгавар гүйцэтгэх чадвартай гэж бодож байсан ч итгэлтэйгээр үйлчлэхийг бас хэлдэг. Даруу удирдагчид хаана үйлчлэх нь чухал биш, харин хэр итгэлтэй үйлчлэх нь чухал гэдгийг үг хэл, үлгэр жишээгээрээ харуулсан. Зарим тохиолдолд даруу байдал нь удирдагчид болон бусад хүн бидэнтэй зүй бус харьцсан ч гэсэн гомдлоо дарахыг хэлдэг.

1837 оны 7-р сарын 23-нд бошиглогч Иосеф Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Томас Б.Марштай уулзжээ. Бошиглогчийг чуулгынх нь хоёр гишүүнийг өөртэй нь зөвлөлдөхгүйгээр Англи руу дуудсанд ахлагч Марш сэтгэл дундуур байгаа нь илт байв. Иосеф ахлагч Марштай уулзсанаар гомдол бухимдал арилан алга болж, бошиглогч нэгэн гайхамшигт илчлэлт хүлээн авчээ. Энэ нь одоогийн Сургаал ба Гэрээний 112-р хэсэг юм. Энэ нь даруу байдал, номлолын ажилтай холбоотой тэнгэрээс ирсэн агуу удирдамжийг өгдөг. 10-р шүлэгт “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно” гэж бичжээ.

Ахлагч Кимбалл, Хайд, Жон Гүүдсон нар бүрэн даруусан, Английн Прэстоны Вауксхолл цуглааны байранд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн тухай тунхаглаж байх яг тэр өдөр энэ илчлэлт ирсэн байна. Энэ нь номлогчдын энэ эрин үед сэргээгдсэн сайн мэдээг Хойд Америкаас гадна тунхаглаж буй анхны тохиолдол байв. Тэдний номлолын ажлын үр дүнд тэр даруй хөрвөгчдийн баптисмууд ар араасаа хийгдэж, олон итгэлтэй гишүүн гарч ирсэн байдаг.

Уг илчлэлтийн дараах хэсгүүд бидний үед хийгдэх номлолын ажлыг удирдан чиглүүлдэг. Тэдгээрт “Миний нэрээр чи хэнийг ч илгээлээ гэсэн, … аль ч үндэстэнд миний хаант улсын хаалгыг нээх хүчтэй байх болно … тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж мөн миний үгэнд оршиж мөн миний Сүнсний дуу хоолойг сонсохын хэрээр буюу” гэсэн байдаг.

Уг гайхамшигт номлолын ажлын тулгуур болсон даруу байдал нь Их Эзэнд Өөрийн Сүмийг гайхамшигт арга замаар зохион байгуулах боломжийг олгосон юм.

Баярлууштай нь, бид өнөөдөр ч гэсэн үүнийг Сүмд харж болно. Гишүүд, өсөн өндийж буй үеийнхэн маань номлолд үйлчлэхийн тулд цаг зав, боловсрол, ажлаа хойш тавьж байна. Олон ахмад гишүүн дуудагдсан ажлынхаа хүрээнд Бурханд үйлчлэхээр ажлаа орхиж, өөр олон зүйлээ золиосолдог. Бид хувийн асуудлууд Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхэд саад болохыг зөвшөөрдөггүй. Сүмийн үйлчлэл даруу байхыг шаарддаг. Бид дуудагдсан дуудлагадаа бүхий л хүчин чадал, оюун хийгээд чадлаараа даруухан үйлчилдэг. Сүмийн аль ч түвшинд Христийн зан чанар болох даруу байдлыг ойлгох нь чухал билээ.

Хувь хүнийг Бурхантай уулзахаар бэлтгэхэд өдөр бүр даруу байх нь нэн чухал.

Их Эзэнийг хүндэтгэн биширч, Түүний таалалд өөрсдийгөө захируулах зорилго нь өнөөдрийн нийгэмд эрт үед байсантай адил чухал биш болсон байна. Өөр итгэл бүхий Христийн шашны зарим удирдагч өөрсдийгөө Христийн дараах ертөнцөд амьдарч байна гэдэгт итгэдэг.

Олон үеийн туршид шашин дээр үндэслэсэн даруу байдал болон энгийн, даруухан байх иргэний ариун журам гол жишгүүд байсан.

Өнөө үед дэлхийд заримдаа жинхэнэ даруу байдалд хүргэдэггүй бардамнал, өөрийгөө өргөмжлөх зан, “өвөрмөц байдлыг” чухалчлах болжээ. Зарим нь өнөөдөр аз жаргалтай байх ёс суртахууны жишиг бол “үнэн бодит, хүч чадалтай, үр бүтээлтэй байхыг, хамгийн гол нь, чиний хувь заяа зөвхөн чиний гарт байгаа учраас … бусад хүнд найдахгүй бай” гэж хэлдэг.

Судрууд дахь хандлага үүнээс өөр байдаг бөгөөд биднийг Есүс Христийн үнэнч шавь байх ёстой гэж заадаг. Энэ нь Бурханы өмнө хариуцлага хүлээсэн гэдгээ гүн гүнзгий ухаарч, амьдралд энгийн даруу хандлагатай байхыг шаарддаг. Хаан Бенжамин эгэл хүн бол Бурханы дайсан бөгөөд биднийг “Ариун Сүнсний таталтанд” орох ёстой гэж заасан. Тэр олон зүйлийг тайлбарласан бөгөөд үүний тулд “хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн” байх ёстой хэмээсэн билээ.

Зарим нь даруу зан, эелдэг байдал, нигүүлсэл, өршөөл, боловсон байдлын эсрэг зан чанар буюу эгэл хүнийг алдаршуулан, өвөрмөц байдлыг буруугаар ашигладаг. Бид өвөрмөц байхыг Христийнхээс өөр зан чанартай байх шалтаг болгохгүйгээр Бурханы хүүхдийн хувьд өвөрмөц гэдэгтээ баярлах ёстой.

Даруу байхыг эрэлхийлэх үед орчин үеийн интернэт бидэнд бардамналаас зайлсхийхэд саад болдог. Үүний хоёр жишээ бол “намайг хар” гэх өөрийгөө дөвийлгөсөн хандлага мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уурлаж уцаарлан, бусад руу дайрах явдал юм. Өөр нэгэн жишээ бол “даруу гэдгээрээ бардамнах” явдал. Үүнийг “энэ нь харагдах байдлаараа даруухан эсвэл өөртөө шүүмжтэй хандаж байгаа мэт үг хэллэг [эсвэл зураг дүрс] мэт хэдий ч жинхэнэ зорилго нь өөрийн бахархаж явдаг зүйлд бусдын анхаарлыг татах явдал” гэж тайлбарласан байдаг. Бошиглогчид бардамналд болон дэлхийн хий хоосон зүйлсэд анхаарлаа хандуулах явдлыг сэрэмжлүүлсээр ирсэн.

Хүндэтгэлтэй харилцаа хаа сайгүй алдагдаж байгаа нь бас нэгэн асуудал болж байна. Сонгох эрхийн мөнхийн зарчим нь санал нийлэхгүй байгаа хэдий ч олон сонголтыг хүндэтгэхийг шаарддаг. Зөрчилдөөн, сөргөлдөөн бол “харилцан хүндэтгэлтэй байх хил хязгаарыг” үгүй хийдэг. Бид илүү даруу, номхон дөлгөөн байх хэрэгтэй.

Алма “зүрх сэтгэл дэх бардамналдаа хөөрч,” “өөрсдийгөө нэг нь нөгөөгөөс илүү дээр хэмээн бодон,” “Бурханы ариун жаягийн дагуу алхалж” байгаа даруу нэгнийг хавчин гадуурхахын эсрэг сэрэмжлүүлсэн.

Би янз бүрийн шашин шүтлэгтэй, Бурханы өмнө даруу, үүрэг хариуцлагаа ухаарсан хүмүүсээс жинхэнэ сайн сайхан зан чанарыг олж харж байсан. Тэдний дунд олон хүн Хуучин Гэрээний бошиглогч Микагийн “Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?” гэх сургаалыг дагадаг.

Бид үнэхээр дарууссан үедээ өршөөл эрэлхийлэн залбирч, бусдыг уучилдаг. Биднийг наманчлах бүрд Их Эзэн алдаануудыг маань өршөөх болно гэж Алмагийн заасныг бид Мозая номоос уншиж болно. Нөгөөтэйгүүр, Их Эзэний залбиралд байдагчлан бид бусдын алдааг уучлахгүй бол өөрсдийгөө буруутгал доор авчирдаг. Есүс Христийн Цагаатгалын ачаар наманчлалаар дамжуулан нүгэл маань өршөөгддөг. Бусдын бидний эсрэг үйлдсэн алдаануудыг өршөөхгүй байх нь Аврагчийн Цагаатгалыг үгүйсгэж буй хэрэг юм. Өс хонзон санаж мөн бусдыг өршөөх, Христийн арга замаар хүмүүст даруу төлөв хандахаас татгалзах нь биднийг буруутгал доор авчирдаг. Өс хонзон санах нь бидний бодгальд хортой.

Би мөн бүхий л төрлийн бардамналын эсрэг сэрэмжлүүлмээр байна. Их Эзэн бошиглогч Моронайгаар дамжуулан бардам ба даруу хүний хоорондын ялгааг тод харуулсан. “Тэнэгүүд шоолдог, гэвч тэд гашуудах болно; … номхон дөлгөөн тэдэнд миний ач ивээл хангалттай.” Их Эзэн үргэлжлүүлэн “Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” хэмээн тунхаглажээ.

Түүнчлэн даруу байдал гэж олон адислал, тэнгэрийн тусламж хүлээн авсандаа талархдаг байхыг хэлдэг. Даруу байдал нь ямар нэгэн гайхамшигтай, нүдэнд ил харагдахуйц том амжилтыг эсвэл ямар нэгэн хэцүү бэрхшээлийг даван гарахыг хэлдэггүй. Харин энэ нь сүнслэг хүч чадлын бэлгэдэл юм. Энэ нь бид өдөр бүр, цаг тутамд Их Эзэнд итгэж найдан, үйлчилж, Түүний зорилгуудыг гүйцэлдүүлж чадна гэсэн найдвар тээж явахыг хэлнэ. Энэхүү зөрчилдөөнтэй дэлхийд бид бүгдээрээ жинхэнээсээ даруу байхын төлөө өдөр бүр тэмцэх болтугай хэмээн би залбирч байна. Миний дуртай нэгэн шүлэгт үүнийг

“Даруу байдлын шалгуур нь

Мөнх байдлын шалгуур билээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Би Аврагч, Түүний Цагаатгал, Түүнд өдөр бүр даруухнаар үйлчлэхийн нэн чухал ач холбогдлын талаар өөрийн баттай гэрчлэлийг үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Кэти Лэттэ, in “Town and Country Notebook,” ed. Victoria Marston, Country Life, 2017 оны 6-р сарын 7, 32; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  2. Анний Тэмпэст, “Tottering-by-Gently,” Country Life, 2012 оны 10-р сарын 3, 128.

  3. Дуулал 90:4-ийг үзнэ үү. Дэлхийн жилээр бодоход, бидний амьдрах хугацаа урт, богино байхаас үл хамааран үүнийг мөнхийн талаас нь авч үзвэл тун богинохон юм. “Бүгд Бурханы хувьд нэг өдөр мэт байж, мөн тэрхүү цаг нь зөвхөн хүмүүний хувьд хэмжигдсэн байдаг” (Алма 40:8). Төлөөлөгч Петр: “Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг” (2 Петр 3:8) хэмээн тунхагласан.

  4. Мосе 1:6–9-ийг үзнэ үү. Энэ бол Христ тэнгэрлэг эрх мэдлээр хэлсэн үг (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 47, зүйлт тайлбар 11-ийг үзнэ үү).

  5. Мосе 1:10.

  6. Moсе 1:39.

  7. 2 Нифай 26:33; мөн Сургаал ба Гэрээ 1:34–35; 38:16; Албан Тунхаг 2-ыг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээ 20:37 “Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах тэд бүгд” гэж эхэлдэг. Ийн энэ нь баптисмд тавигдах шаардлагыг тодорхойлжээ Мөн Матай 11:28-ыг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 20:37-г үзнэ үү.

  10. Хэрэв наманчилж, ёслолуудыг хүлээж аван, биднийг мөнх амьдралд бэлтгэдэг гэрээт замыг дагахгүй бол “ямар ч хөдөлмөр гүйцэлдэж чадахгүй шөнийн харанхуй ирэх болно” (Алма 34:33) гэдгийг бид мэднэ.

  11. 3 Нифай 27:27-г үзнэ үү.

  12. Алма 34:32.

  13. 1 Нифай 11:26–33; 2 Нифай 9:53; Иаков 4:7; Сургаал ба Гэрээ 122:8-ыг үзнэ үү.

  14. Алма 5:26.

  15. Алма 5:27.

  16. Алма 4:19-ийг үзнэ үү.

  17. Иосеф Смит, Хибэр С.Кимбалл “History of Heber Chase Kimball By His Own Dictation,” ca. 1842–1856, Хибэр С.Кимбаллын тэмдэглэл, Сүмийн түүхийн номын сан; мөн Оорсон Ф.Витней, Life of Heber C. Kimball, An Apostle; The Father and Founder of the British Mission (1888), 116.

  18. Хибэр С.Кимбалл, “History of Heber Chase Kimball By His Own Dictation”; мөн Оорсон Ф.Витней, Life of Heber C. Kimball, 116.

  19. Ерөнхийлөгч Ж.Рубэн Кларк “Их Эзэний үйлчлэлд хаана үйлчлэх нь биш, харин хэрхэн үйлчлэх нь чухал. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хүн зохих ёсоор дуудагдсан дуудлагаа л хүлээн авдаг болохоос биш, дуудлагыг өөрөө хүсэж авах юм уу түүнээс татгалздаг ёс байхгүй” (Conference Report, 1951 оны 4-р сар, 154) гэж заасан.

  20. The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835-January 1838, ed. Брэнт М.Рожэрс ба бусад (2017), 412–417-г үзнэ үү. Вилат Кимбалл өөрийн нөхөр Хибэр С.Кимбаллд бичсэн захидалдаа илчлэлтийг “ахлагч Маршийн Иосефоос сонссоноо бичсэн номноос” хуулж авснаа дурджээ (Вилат Мюррэй Кимбаллаас Хибэр С.Кимбалд, 1837 оны 9-р сарын 6, The Joseph Smith Papers, Documents, Volume 5: October 1835–January 1838, 412).

  21. Сургаал ба Гэрээ 112:10; тодотгол нэмэгдсэн.

  22. Oорсон Ф.Витней, Life of Heber C. Kimball, 136–137-г үзнэ үү.

  23. Оорсон Ф.Витней, Life of Heber C. Kimball, 149-ийг үзнэ үү.

  24. Сургаал ба Гэрээ 112:21-22; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  25. “Бид дуудлагаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг тавьдаггүй бөгөөд хэрэв нөхцөл байдал өөрөөр эргэвэл дуудлагыг маань өгсөн хүмүүстэй зөвлөлдөөд, тэдэнд шийдвэрийг үлдээх нь зөв дараалал юм” (Боид К.Пакэр, “Called to Serve,” Ensign, 1997 оны 11-р сар, 8).

  26. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж-ийн 6-р бүлгийн “Даруу байдал” (2004), 120-ийг үзнэ үү.

  27. Чарлэс Ж.Чапут, Strangers in a Strange Land (2017), 14–15; мөн Род Дрэхэр, The Benedict Option (2017)-ыг үзнэ үү.

  28. Карл Сэдэрстром, “The Dangers of Happiness,” New York Times, 2015 оны 7-р сарын 19, 8.

  29. Мозая 3:19.

  30. English Oxford Living Dictionaries, “humblebrag,” en.oxforddictionaries.com/definition/humblebrag.

  31. Зарим талаараа энэ нь “өөрсдийн хөдөлмөрөөр олж авсан … төрөл бүрийн үнэт зүйлүүдийнхээ учир … нүдэн дэх бардамналдаа хөөрсөн” (Алма 4:6) хүмүүсийн тухай хэлсэн Алмагийн номны үгтэй адилхан. “Даруу байдлаараа бардамнах”-ыг нэг төрлийн бардамнал гэж тэмдэглэсэн байдаг.

  32. Дэвид Брүүкс, “Finding a Way to Roll Back Fanaticism,” New York Times, 2017 оны 8-р сарын 15, A23.

  33. Aлма 5:53, 54.

  34. Mика 6:8.

  35. Moзая 26:30-ийг үзнэ үү.

  36. Матай 6:1215-ыг үзнэ үү.

  37. Мозая 26:31-ийг үзнэ үү.

  38. Нэлсон Мандэлагийн хэлснээр: “Атаа хорсол нь хор уучихаад дайснаа үхэхийг хүлээж суухтай адил” (Жэсика Дурано, “15 of Nelson Mandela’s Best Quotes,” USA Today, 2013 оны 12-р сарын 5, usatoday.com).

  39. Ифер 12:26, 27; тодорхойлолт нэмэгдсэн.

  40. Эдмундс Ванс Күүк, “The Eternal Everyday,” Impertinent Poems (1907), 21.