2010–2019
Өнөөдөр өөрсдөдөө сонго
2018 оны 10-р сар


2:3

Өнөөдөр өөрсдөдөө сонго

Бидний мөнхийн аз жаргалын цар хүрээ амьд Бурханыг сонгох, Түүний ажилд Түүнтэй нэгдэхээс шалтгаалдаг.

Зохиомол дүр болох Мэри Поппинс нь жирийн нэг англи, хүүхэд асрагч боловч ид шидтэй нэгэн байлаа. Тэр Эдвардын үеийн Лондон хотын Интоорын мод гудамжны 17 тоотод амьдардаг, асуудал ихтэй Бэнкс гэр бүлд туслахаар зүүн зүгийн салхийг тээн ирдэг. Тэр Жэйн, Майкл гэдэг хүүхдүүдийг асарч харах үүрэг хүлээдэг. Тэр хатуу чанд боловч найрсаг байж, тэдэнд үнэ цэнтэй хичээлүүдийг онцгой шидэт аргаар зааж эхэлнэ.

Жэйн, Майкл хоёр маш их ахиц дэвшил гаргадаг ч Мэри өөрийнх нь явах цаг болсон гэж үздэг. Тайзны жүжгийн зохиолд Мэригийн яндан цэвэрлэгч найз Бэрт нь түүнийг явахгүй байхад ятгахыг оролдоно. “Мэри, энэ чинь сайн хүүхдүүд байна шүү дээ” гэж тэр маргадаг.

Мэри “Хэрэв тийм байгаагүйсэн бол би тэдэнд зааж, цагаа зориулах байсан уу? Тэд надад зөвшөөрөөгүй бол би тэдэнд тусалж чадахгүй байсан, тэгээд ч бүх юмыг мэддэг хүүхдүүдэд зааж сургах шиг хэцүү юм гэж үгүй” гэж хариулдаг.

“Тэгээд?” гэж Бэртийг асуухад,

“Тиймээс, тэд дараагийн хэсгийг өөрсдөө хийх ёстой” гэж Мэри хариулдаг.

Ах, эгч нар аа, бид Жэйн, Майкл Бэнкс хоёр шиг цагаа зориулж анхаармаар “сайн хүүхдүүд” юм. Бурхан Тэнгэрлэг Эцэг маань бидэнд тусалж мөн адислахыг хүсдэг хэдий ч бид Түүнд тэгэх боломжийг үргэлж өгдөггүй. Заримдаа бид бүр бүх юмыг мэддэг юм шиг үйлддэг. Тиймээс бид ч гэсэн “дараагийн хэсгийг” өөрсдөө хийх хэрэгтэй. Тийм ч учраас бид мөнх бус байдлын өмнөх, тэнгэрлэг гэрээсээ дэлхий дээр ирцгээсэн. Өөрсдийн маань “хэсэг” бол сонголт хийх явдал юм.

Тэнгэрлэг Эцэгийн маань хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгож, улмаар Өөртэй нь адилхан болох явдал юм. Хэрвээ Тэр биднээс зөвхөн дуулгавартай байхыг хүсэж байсан бол бидний зан байдалд нөлөөлөхийн тулд нэн даруй шагнах эсвэл шийтгэх аргыг хэрэглэх байсан.

Бурхан хүүхдүүдээ селестиел зочных нь өрөөнд шаахайг нь мэрээд байдаггүй, зүгээр нэг сургуультай, дуулгавартай “гэрийн амьтад” шиг болгохыг хүсдэггүй. Бурхан харин хүүхдүүдээ сүнслэг байдлын хувьд өсөж хөгжөөсэй, гэр бүлийн энэ үйлсэд Өөртэй нь хамтран зүтгээсэй хэмээн тэднээс хүсдэг.

Бид Түүний хаант улсын өв залгамжлагчид болох төлөвлөгөөг, Түүнтэй адил болж, Түүнийх шиг амьдралтай болох, Түүний дэргэд гэр бүлээрээ мөнх амьдрах амьдралд биднийг хүргэх гэрээний замыг Бурхан тогтоосон билээ. Бидний мөнх бус амьдралын өмнөх оршихуйд байхдаа мэдэж авсан хувь хүний сонголт нь энэ төлөвлөгөөний амин чухал тал байсаар ирсэн ба одоо ч хэвээр байна. Бид энэ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, дэлхий дээр ирэх сонголтыг хийсэн.

Итгэлээ хөгжүүлж, сонголт хийх эрхээ зохистой ашиглаж сурахыг маань баттай болгохын тулд бидний оюун санамжийг марталтын хөшиг бүрхсэн бөгөөд бид Бурханы төлөвлөгөөг санах боломжгүй болсон юм. Энэ хөшиггүйгээр Бурханы зорилгуудад хүрэх боломжгүй байсан бөгөөд бид хөгжихгүй, Түүний хүсэж буй итгэмжлэгдсэн өв залгамжлагчид болж чадахгүй байх байсан.

Бошиглогч Лихай “Иймийн тул, Их Эзэн Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгчээ. Иймийн тул, тэрээр нэгээр эсвэл нөгөөд татагдсан байхаас бусдаар хүн өөрөө үйлдэж чадахгүй байх сан билээ” гэж хэлжээ. Суурь түвшинд нэг сонголтыг Эцэгийн Ууган Хүү болох Есүс Христ төлөөлдөг. Нөгөө сонголтыг нь сонголт хийх эрхийг устгаж, хүчийг нь булаан авахыг хүсэж буй Сатан, Люсифер төлөөлдөг.

Есүс Христ бол “Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч болой.” Цагаатгалын золиослолыг гүйцэтгэснийхээ дараа Христ “ … хүмүүний үрсийн дээрх өөрийн нигүүлслийн эрхийг Эцэгээсээ шаардахаар [тэнгэр өөд дээшлэн одсон].” Мөн нигүүлслийн эрхийг авсныхаа дараа “тэрбээр хүмүүний үрсийн хэргийг өмгөөлдөг.”

Бидний төлөө Эцэгийн өмнө хийх өмгөөлөл нь Бурханы эсрэг байдаггүй. Өөрийнх нь таалал Эцэгийн таалалд багтахыг хүлээн зөвшөөрсөн Есүс Христ Эцэгийн хүсэж буй зүйлээс өөр зүйлийн төлөө тэмцэхийг хүсэхгүй. Бурхан Тэнгэрлэг Эцэг маань биднийг амжилт гаргахад алгаа ташиж зоригжуулдаг нь лавтай.

Христийн өмгөөлөл нь нэг талаас Тэр бидний нүглийн төлөөсийг төлсөн бөгөөд хэн ч Бурханы нигүүлслээс ангижраагүй гэдгийг бидэнд сануулахын тулд байдаг. Есүс Христэд итгэж, наманчилж, баптисм хүртсэн мөн эвлэрэлд хүргэх үйл явц болох эцсийг хүртэл тэвчдэг тэдний төлөө Аврагч уучилж, эдгээж, өмгөөлдөг юм. Тэр бол бидний туслагч, тайтгаруулагч, өмгөөлөгч бөгөөд биднийг Бурхантай эвлэрэхийг баталгаажуулж, дэмждэг.

Люсифер бол эсрэгээрээ биднийг буруутгагч буюу яллагч юм. Илчлэгч Иохан Люсиферийн эцсийн ялагдлыг “Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. Эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ. Яагаад? Яагаад гэвэл “Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас юм. Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ” гэж дүрсэлжээ.

Люсифер бол яллан буруутгагч. Тэр мөнх бус амьдралын маань өмнөх оршихуйд бидний эсрэг ярьж байсан, одоо ч гэсэн энэ амьдралд маань биднийг буруутгасаар байна. Тэр биднийг уруу татаж доройтуулахыг хүсдэг. Тэр биднийг төгсгөлгүй уй гашууд автуулахыг хүсдэг. Биднийг дутуу, хангалттай сайн биш, алдаа гаргасан бол засах боломжгүй гэж хэлдэг нэгэн нь тэр юм. Тэр бол адгийн хүчирхийлэгч бөгөөд биднийг доош унасан үед дээрээс өшиглөдөг нэгэн билээ.

Хэрэв Люсифер хүүхдэд хөлд орохыг зааж байтал хүүхэд бүдрэх юм бол түүн рүү хашгирч, түүнийг шийтгэн, дахин оролдохоо боль гэж хэлнэ. Люсиферийн арга барил эцэст нь бас үргэлжид цөхөрч, сэтгэлээр унахад хүргэдэг. Бүх худал хуурмагийн эцэг болох тэр худал хуурмагийг дэлгэрүүлэгч бөгөөд биднийг хууран мэхэлж, сатааруулахын тулд зальжин ажилладаг, “учир нь тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө.”

Хэрэв Христ хүүхдэд хөлд орохыг зааж байтал хүүхэд бүдрэх юм бол түүнд босоход нь тусалж, дараагийн алхмуудаа хийхэд нь урамшуулах байсан. Христ бол эцэст нь бас туслагч бөгөөд тайтгаруулагч. Түүний арга зам нь үргэлжид баяр баясгалан, найдварыг авчирдаг.

Бурханы төлөвлөгөө нь судруудад зарлиг гэж нэрлэсэн бидэнд шаардлагатай зааварчилгааг хамруулсан байдаг. Эдгээр зарлиг тушаал биднийг зөвхөн дуулгавартай байхад сургах зориулалттай, дээрээс тавигдсан дүрэм журмын тохиолдлын эсвэл сонирхолтой цуглуулга байдаггүй. Тэдгээр нь бидний бурханлаг байдлаа хөгжүүлэх, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж ирэх болон урт удаан үргэлжлэх аз жаргал, баяр баясгаланг хүлээн авахтай холбогдсон байдаг. Түүний зарлиг тушаалуудад дуулгавартай байх нь сохор харалган байдал биш, харин бид ухамсартайгаар Бурханыг болон Түүний заасан гэртээ харих замыг сонгодог юм. Бидэнд өгөгдсөн хэв маяг Адам, Ева хоёрт өгсөнтэй яг адил, учир нь “Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн билээ.” Бурхан биднийг гэрээний зам дээр байгаасай гэж хүсдэг боловч сонголт хийх боломжийг бидэнд өгдөг.

Бурхан Өөрийн хүүхдүүдийг өөрсдийнхөө төлөө сонголт хийгээсэй гэж үнэхээр хүсэж, хүлээж, чиглүүлдэг юм. Тэрбээр биднийг ямар ч байдлаар хүчлэхгүй. Бурхан хүүхдүүддээ сонголт хийх бэлгийг өгснөөр “өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөө үйлдэхийг” нь зөвшөөрсөн. Сонгох эрх нь бидэнд зам дээр гарах эсвэл гарахгүйг сонгох боломжийг олгодог. Энэ нь мөн замаас гарах эсвэл гарахгүй байх боломжийг олгодог. Бид дуулгавартай байхад албадуулж чадахгүйн адил, дуулгаваргүй байхад мөн албадуулж чадахгүй. Хэн ч бидний зөвшөөрөлгүйгээр биднийг замаас гаргаж чадахгүй. (Үүнийг сонгох эрх нь зөрчигдсөн хүмүүстэй холилдуулан ойлгож болохгүй. Тэд замаасаа гараагүй; тэд хохирогчид юм. Тэд Бурханаас ойлголт, хайр, нинжин сэтгэлийг хүлээн авдаг.)

Гэхдээ хэрэв бид замаас гарах юм бол Бурхан гунигладаг. Яагаад гэвэл энэ нь яваандаа аз жаргалаа багасгах, адислал авахгүй байхад зайлшгүй хүргэдэг гэдгийг Тэр мэднэ. Судруудад замаас гарахыг нүгэл гэж хэлсэн бөгөөд үүний үр дүнд аз жаргалтай байдал нь буурч, адислалууд өгөгдөхгүй болохыг шийтгэл гэсэн байдаг. Энэ утгаараа, Бурхан биднийг шийтгэдэггүй бөгөөд шийтгэл нь Түүнийх биш, харин бидний сонголтын үр дагавар байдаг.

Бид замаас гарчихсан байна гэдгээ олж мэдсэнийхээ дараа замаас холхон үлдэж болох юм эсвэл Есүс Христийн Цагаатгалын ачаар алхаагаа өөрчилж, зам дээрээ буцаж гарахыг сонгож болно. Өөрчлөгдөн, зам дээрээ буцаж ирэх үйл явцыг судруудад наманчлал гэсэн байдаг. Наманчлахгүй байна гэдэг нь Бурханы бидэнд өгөхийг хүсэж буй адислалуудыг хүлээн авах эрхгүй болохыг бид сонгож байна гэсэн үг юм. Хэрэв бид “хүлээн авч болох байсан үүнийг эдлэхийн тулд бэлэн байгаагүй” бол “хүлээн авахад бэлэн байгаа түүнийгээ эдлэхийн тулд байрандаа дахин буцаж очих болно.” Энэ бол бидний сонголт, Бурханых биш.

Бид замаасаа гарч хэр их удсан эсвэл хэр хол төөрсөн гэдгээс үл хамааран, өөрсдийгөө өөрчлөх шийдвэр гаргах тэр мөчөөс Бурхан бидэнд буцаж ирэхэд маань тусалдаг. Бурханы байр суурин дээрээс харахад, чин сэтгэлээсээ наманчилж, Христэд тууштайгаар урагшилж, зам дээрээ буцаж гарах нь хэзээ ч төөрөн гарч байгаагүй юм шиг байдаг. Аврагч бидний нүглийн төлөөсийг төлж, хүртэх аз жаргал, адислалууд нь буурах аюулаас чөлөөлдөг. Үүнийг судруудад өршөөл гэсэн байдаг. Баптисмын дараа бүх гишүүн замаасаа халтирдаг ба бидний зарим нь бүр дэндүү алс холдон явдаг. Тиймээс, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчилж, Түүнээс тусламж хүлээн авч, өршөөгдөх нь нэг удаа тохиолдох үйл явдал биш, харин амьдралын туршид үргэлжлэх, дахин давтагдах, олон удаагийн үйл явц юм. Бид ийнхүү “эцсээ хүртэл тэвчдэг.”

Бид хэнд үйлчлэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Бидний мөнхийн аз жаргалын цар хүрээ амьд Бурханыг сонгохоос мөн Түүний ажилд Түүнтэй нэгдэхээс шалтгаалдаг. Бид “дараагийн хэсгийг” өөрсдөө хийхийг хичээх явцдаа сонгох эрхээ зөв ашиглах дадлага хийдэг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч байсан хоёр эгчийн хэлснээр, бид “энхрийлэл, асрамж байнга шаардагддаг нярай хүүхдүүд” байж болохгүй. Бурхан харин биднийг насанд хүрч төлөвшин, өөрсдийгөө захирч удирддаг байгаасай хэмээн хүсдэг.

Эцэгийн төлөвлөгөөг дагахаар сонгох нь Түүний хаант улсын өв залгамжлагч болоход хүргэх цорын ганц зам юм; зөвхөн үүний дараа л Тэр биднийг Түүний хүслээс өөр зүйл хүсэхгүй гэдэгт итгэдэг болно. Гэхдээ бид “бүх юмыг мэддэг хүүхдүүдэд зааж сургах шиг хэцүү юм гэж үгүй” гэснийг санадаг байх хэрэгтэй. Тиймээс, бид Их Эзэнээр болон Түүний үйлчлэгчдээр Их Эзэний арга замаар сургагдах хүсэлтэй байх хэрэгтэй. Бид Тэнгэрлэг Эцэг Эхийнхээ “зууралдвал” зохих хайртай хүүхдүүд нь гэдэгт найдаж болох бөгөөд “өөрсдөө” гэдэг нь хэзээ ч “ганцаараа” гэсэн утгыг агуулахгүй гэдэгт бат итгэлтэй байж болно.

Мормоны Номын бошиглогч Иаковын

“Тиймийн тул, зүрх сэтгэлээ урамтай болгоцгоо, мөн та нар өөрсдөдөө үйлдэх эрх чөлөөтэй гэдгээ сана—үүрдийн үхлийн зам, эс бөгөөс мөнх амьдралын замыг сонгох тэр ажгуу.

“Иймийн тул, хайрт ах [эгч болон] дүү нар минь, Бурханы таалалд өөрсдийгөө эвлэрүүл, харин чөтгөрийн … таалалд бус; мөн та нар Бурханд эвлэрүүлэгдсэнийхээ дараа, та нар аврагдана, энэ нь зөвхөн Бурханы ач ивээлд мөн үүний дагуу байна гэдгийг санагтун” хэмээн хэлснийг би та нарт хэлье.

Тиймээс, Христэд итгэх итгэлийг сонго; наманчлалыг сонго; баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авахыг сонго; ариун ёслолд оюун сэтгэлээ бэлдэж, түүнээс зохистойгоор хүртдэг байхыг сонго; ариун сүмд гэрээ байгуулахыг сонго; амьд Бурханд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхийг сонго. Сонголтууд маань биднийг хэн гэдгийг мөн хэн болох гэж байгааг тодорхойлдог.

Иаковын адислалыг үргэлжлүүлэн: “Иймийн тул, … та нар мөнхийн Бурханы хаант улсад хүлээн зөвшөөрөгдөж болохын тулд, Бурхан та нарыг … цагаатгалын хүчээр үүрдийн үхлээс босгох болтугай” хэмээн би төгсгөе. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Уран зохиолын дүр болох Мэри Поппинс нь П.Л.Травэрсийн бичсэн зохиолоор амьд болов. Түүний зохиолыг үндэслэж, 1964 онд Уолт Дисней продакшн хөгжимт, уран сэтгэмжийн кино бүтээжээ. Мөн сүүлд уг киногоор тайзны жүжиг зохиосон байна.

  2. Тайзны жүжигт энд дурдагдсан үйл явдал гардаг. Libretto to Mary Poppins: The Broadway Musical, х.70-ыг үзнэ үү.

  3. Спэнсэр В.Кимбалл, Брисбэйн бүсийн чуулган, 1976 он, 19-ийг үзнэ үү. Ерөнхийлөгч Кимбалл: “Дэлхий ертөнцийн эхлэлээс өмнө Их Эзэн хамгийн түрүүнд “Би та нарт чөлөөтэй сонгох эрхийг өгнө. Бибээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүчирхэг байгаасай хэмээн хүсэж байна, яагаад гэвэл хүчирхэг байх нь зөв юм. Надад зөвхөн зөв шударга байх ёстой учраас зөв шударга байгаа сул биетнүүд хэрэггүй” гэж таамаглан хэлэв.

  4. Рассэлл М.Нэлсон, “Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7-г үзнэ үү. Гэрээт замыг бас аз жаргалын төлөвлөгөө ( Алма 42:8, 16-г үзнэ үү) мөн гэтэлгэлийн төлөвлөгөө гэсэн байдаг (Алма 12:25–35-ыг үзнэ үү).

  5. 2 Нифай 2:16

  6. Moсе 4:3-ыг үзнэ үү.

  7. 1 Иохан 2:1; Иосеф Ситийн Орчуулга, 1 Иохан 2:1 (1 Иохан 2:1, зүүлт тайлбар a)-ийг үзнэ үү.

  8. Moронай 7:27, 28

  9. Мозая 15:7-г үзнэ үү.

  10. 1 Иохан 2:2-ыг үзнэ үү.

  11. 2 Нифай 10:24; 2 Коринт 5:16–21; Колоссай 1:19–23-ийг үзнэ үү.

  12. The Greek word for advocate (paraklētŏs) means intercessor, helper, comforter, or consoler (see 1 John 2:1, footnote b; The New Strong’s Expanded Exhaustive Concordance of the Bible [1984], Greek dictionary section, 55; 2 Нифай 10:23–25; Сургаал ба Гэрээ 45:3–5).

  13. Илчлэлт 12:10–11

  14. Ифер 8:25-ыг үзнэ үү.

  15. 2 Нифай 2:27 мөн 2 Нифай 2:6–8, 16, 26-г үзнэ үү.

  16. Fiona and Terryl Givens, The Christ Who Heals (2017), 29, 124-т лавлагаа болгов. Оригинал эшлэлийн хувьд Denis Minns, Irenaeus (2010), 61-ийг дурдаж буй Anthony Zimmerman, Evolution and the Sin in Eden (1998), 160-ыг үзнэ үү.

  17. Алма 12:32

  18. 2 Нифай 2:26; 2 Нифай 2:16-г үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 88:32

  20. Aлма 34:31-ийг үзнэ үү.

  21. 2 Нифай 31:20; Мозая 26:29–30; Сургаал ба Гэрээ 58:42–43; Боид К.Пакэр, “Аз жаргалын төлөвлөгөө,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы материал, 28-ыг үзнэ үү. Ерөнхийлөгч Пакэр “Наманчлалын үйл явц дуусгавар болох үед Есүс Христийн Цагаатгалын ачаар ямар ч сорви үлддэггүй билээ” гэж хэлсэн байдаг.

  22. 2 Нифай 31:20

  23. Иошуа 24:15-ыг үзнэ үү.

  24. Julie B. Beck, “And upon the Handmaids in Those Days Will I Pour Out My Spirit,” Liahona, May 2010, 12 мөн Бэк эгч Элиза Р.Снөүгийн 1869 он, 10-р сарын 27-нд Лихай тойргийн Халамжийн нийгэмлэгт хандаж хэлсэн үгээс эш татсан, Lehi Ward, Alpine (Utah) Stake, in Relief Society, Minute Book, 1868–79, Church History Library, Salt Lake City, 26–27.

  25. 2 Нифай 4:35; Хиламан 10:5-ыг үзнэ үү.

  26. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2017 оны 5-р сар, 145.

  27. 2 Нифай 10:23–24

  28. 2 Нифай 10:25