Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй байх
Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй хэвээр байхын тулд Есүс Христийн сайн мэдээ тухайн хүний зүрх сэтгэл, бодгальд шингэсэн байх шаардлагатай.
Хуучин Гэрээний түүхэнд, Израилын хүүхдүүд заримдаа Иеховатай хийсэн гэрээгээ сахиж, шүтэн биширч, харин заримдаа тухайн гэрээгээ огоорч, Баам эсвэл хиймэл шүтээнийг шүтдэг байсан тухай бид уншдаг.
Израилын хойд хаант улс дахь урвалтын ийм нэгэн үед Ахабын хаанчлал ноёрхож байв. Эш үзүүлэгч Елиа нэг удаа Хаан Ахабт Израилын хүмүүсийг болон Баалын эш үзүүлэгч, санваартнуудыг Кармел уулан дээр цуглуул хэмээн хэлжээ. Хүмүүсийг цугларсны дараа, Елиа тэдэнд “Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? [өөр үгээр хэлбэл “Та нар хэзээ эцсийн шийдвэрээ гаргах юм бэ?”] Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.” Тиймээс Елиа хаанд болон Баалын эш үзүүлэгчдэд залуу үхрийг сонгон аваад, хэсэглэн эвдэж, зэрэглэсэн модон дээр байрлуулж, “харин доор нь гал бүү асаа” гэжээ. “Ийн үйлдсэний дараа та нар өөрсдийн бурхны нэрийг дууд. Би ч ЭЗЭНий нэрийг дуудъя. Галаар хариу өгөх Бурхан нь жинхэнэ Бурхан мөн гэлээ. Бүх хүмүүс, Сайн санаа байна гэцгээжээ.”
Баалын санваартнууд байдаггүй бурхандаа хандан гал илгээгээч гэж олон цагийн турш орилолдон дуудсан ч “ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй” гэдгийг та нар санаж байгаа. Елиагийн ээлж болоход, тэр нурсан байсан ЭЗЭНий тахилын ширээг босгож, модоо зэрэгцүүлэн тавиад, дээр нь үхрийн цавчилсан махыг тавилаа. Тэгээд нэг биш, харин гурван удаа ус асгалаа. Тэр болон өөр ямар ч хүн өөрийн чадлаар гал гарган шатааж чадахгүй гэдэгт хэн ч эргэлзэхгүй байв.
“Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч, Абрахам, Исаак, Израилын Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израил дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. …
Тэгтэл ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив.
Бүх ард түмэн үүнийг хармагцаа, нүүрээрээ газар шаан унаж, ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.”
Өнөө үед Елиа дараах байдлаар хэлэх байсан болов уу.
-
Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэг нэг бол байдаг эсвэл байдаггүй. Гэхдээ байдаг бол Түүнийг шүтэн бишир.
-
Есүс Христ бол Бурханы Хүү, хүмүүн төрөлхтний Амилсан Гэтэлгэгч нэг бол мөн эсвэл үгүй. Гэхдээ Тэр мөн бол Түүнийг дага.
-
Мормоны Ном бол Бурханы үг нэг бол мөн эсвэл үгүй, харин Бурханы үг мөн юм бол “үүний зааврыг мөрдсөнөөр [суралцсанаар] Бурханд илүү ойрт.”
-
Иосеф Смит 1820 оны хаврын нэгэн өдөр Эцэг, Хүү хоёрыг нэг бол харж, ярилцсан эсвэл ярилцаагүй. Харин тэр ярилцсан юм бол түүний бошиглолын нөмрөгийг, тухайлбал Елиа миний бие түүнд хүлээлгэн өгсөн лацдан холболтын түлхүүрүүдийг хүлээн зөвшөөр.
Хамгийн сүүлчийн Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та нар юу нь үнэн болох талаар гайхах шаардлагагүй [Моронай 10:5-ыг үзнэ үү]. Та хэнд баталгаатай найдаж болох эсэхэд эргэлзэх шаардлагагүй. Та хувийн илчлэлтээр дамжуулан Мормоны Ном бол Бурханы үг, Иосеф Смит бол бошиглогч, энэ бол Их Эзэний Сүм юм гэсэн өөрийн гэрчлэлийг хүлээн авч чадна. Бусад хүний юу хэлэх, хийхээс үл хамааран, юу үнэн болох талаарх таны оюунд мөн зүрх сэтгэлд хүргэгдсэн гэрчлэлийг хэн ч авч чадахгүй” хэмээн тунхагласан.
Бурхан “мэргэн ухааныг эрэлхийлдэг бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өг[нө]” хэмээн Иаков амлахын зэрэгцээ
“Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.
Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.
Тэр хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм” хэмээн сэрэмжлүүлсэн байдаг.
Нөгөөтээгүүр, бидний Аврагч бат бөх байдлын төгс үлгэр жишээ байсан. Тэрээр “Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй” хэмээн хэлсэн. Аврагчтай адил гуйвшгүй, тууштай байсан сударт гардаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх тодорхойлолтыг бодож үзнэ үү.
Тэд “үнэн итгэлд хөрвүүлэгдсэн байж, үүнээс салж явахгүй байв, учир нь тэд бат мөн шаргуу, мөн гуйвшгүй, бүхий л хичээнгүй байдлаараа Их Эзэний зарлигуудыг дагахад бэлэн байв.”
“Тэдний оюун нь өөрчлөгдөшгүй, мөн тэд Бурханд найдлагаа үргэлж тавьдаг бөлгөө.”
“Мөн болгоогтун, та нар өөрсдөө мэднэ, учир нь та нар үүнийг гэрчилсэн, үнэний мэдлэгт мэдэхээр авчрагдсан болгон нь … тэд юугаар чөлөөтэй болгогдсон түүндээ чанд гуйвшгүй байгааг та нар өөрсдөө мэднэ.”
“Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.”
Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй хэвээр байхын тулд Есүс Христийн сайн мэдээ хүмүүний зүрх сэтгэл, бодгальд шингэсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сайн мэдээ нь тухайн хүний амьдралд нөлөөлдөг олон зүйлийн нэг нь биш, харин түүний амьдрал мөн чанарыг тодорхойлогч хүчин зүйлсийн төвд байх ёстой. Их Эзэн ийн хэлсэн.
“Түүнээс гадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.
Би Өөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихад анхаарах болно.
Та нар Миний ард түмэн, Би та нарын Бурхан болно.”
Энэ бол бидний баптисм хүртэж, ариун сүмд ёслолуудыг хийснээр байгуулдаг гэрээ юм. Гэвч зарим нь өөрсдийн амьдралд Есүс Христийн сайн мэдээг хараахан бүрэн дүүрэн хүлээн аваагүй байна. Хэдийгээр Паулын хэлснээр тэд “баптисм хүртсэнээр [Христтэй] хамт оршуулагдсан” ч “Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид … шинэ амийн дотор явах” болно гэсэн хэсгийг орхигдуулсан. Сайн мэдээ тэднийг хараахан тодорхойлох болоогүй мөн тэд Христ дээр төвлөрөөгүй. Тэд аль сургаал, зарлигийг дагахаа мөн Сүмд хаана, хэзээ үйлчлэхээ сонгодог. Үүний эсрэгээр, “гэрээний дагуу сонгогдсон тэд” зарлигуудыг ягштал дагаснаар мэхлэлтээс зайлсхийж, Христэд гуйвшгүй итгэлтэй үлддэг.
Бид ихэвчлэн нэг бол нийтийн шахалт шаардлагаар эсвэл Христтэй адил Бурханы хүслийг бүхий л зүйлд дагахын тулд гэсэн хоёр өөр сэдлээр сайн мэдээний ёслолуудад оролцдог. Яваандаа энэ нь үргэлжилсээр, Есүс Христийн сайн мэдээний сургаалууд бидний зүрх сэтгэлд нэвтрэн орж, бодгалийг маань эзэмддэг. Энэ нь агшин зуур болчихдог зүйл биш ч бид бүгдээрээ тэрхүү адислагдсан байдал руу тэмүүлэх ёстой.
Хэцүү ч гэлээ, мөнх бус байдалд бидний хүн нэг бүр эрт орой хэзээ нэгэн цагт ирдэг “зовлонгийн зууханд” цэвэршигдэж байхдаа гуйвшгүй, тууштай хэвээр үлдэх нь амин чухал. Бурхангүйгээр эдгээр бараан цаг мөч гунигтай, цөхрөнгүй, бүр гашуун байх нь бий. Бурхантай хамт байхад зовлон шаналал амар амгалангаар, үймээн самуун энх тайвнаар, уй гашуу итгэл найдвараар солигддог. Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй хэвээр байх нь Түүний ач ивээл, дэмжлэгийг авчрах болно. Тэрээр Исаигийн “үнсний оронд цэцгийн хэлхээг өгдөг” хэмээн хэлсэнчлэн сорилт бэрхшээлийг адислал болгон хувиргадаг.
Би өөрийн мэдэх гурван жишээг хуваалцъя.
Эмнэлгийн онцгой халамжинд байж, санваарын адислал хүртэж, мацаг барьж, залбирсан ч биеийнх нь тамир тэнхээг сулруулдаг архаг өвчнөөсөө болоод зовж буй нэгэн эмэгтэй байв. Гэсэн хэдий ч залбирлын хүч, өөрийг нь гэх Бурханы бодит хайранд итгэх түүний итгэл огтхон ч дундраагүй юм. Тэр өдөр бүр (заримдаа бүр цаг цагаар) Сүмийн дуудлагадаа үйлчилж, нөхрийнхөө хамт өөрийн залуухан гэр бүлийг асарч халамжлан, аль болох инээмсэглэхийг хичээдэг байлаа. Өөрөө зовж шаналсан болохоор тэрээр бусдыг ихэд өрөвдөн хайрладаг бөгөөд ихэвчлэн бусдад тохинуулахын тулд өөрийгөө бүрэн зориулдаг байв. Тэр тууштай хэвээр үлдсэн ба эргэн тойрных нь хүмүүс түүнтэй хамт байх дуртай байдаг.
Сүмд өсөн, бүрэн цагийн номлогчоор үйлчилж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн нэгэн эр төрсөн ах, дүү нарынх нь зарим нь Сүмийг болон бошиглогч Иосеф Смитийг шүүмжилж эхлэхэд гайхжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд Сүмээс холдож, түүнийг мөн адил үйлд хэмээн ятгадав. Иймэрхүү тохиолдолд ихэвчлэн юу болдгийн адил тэд шүүмжлэгчдийн, ихэвчлэн өмнө нь Сүмийн гишүүн байсан, Сүмд сэтгэл дундуур хүмүүсийн бичсэн эссэ, подкаст, видео бичлэгүүдээр тэр эрийг бөмбөгджээ. Ах дүү нар нь түүний итгэлийг дооглон тохуурхаж, түүнийг итгэмтгий, төөрөлдсөн нэгэн гэдэг байв. Түүнд тэдний хэлсэн бүх зүйлийг үгүйсгэх хариулт байгаагүй бөгөөд цөхрөлтгүй дайралтан доор түүний итгэл суларч эхэлжээ. Тэр сүмд очихоо болих нь дээр юм болов уу гэж бодох болов. Тэр эхнэртэйгээ мөн итгэдэг хүмүүстэйгээ ярилцан, залбирсан байна. Тэр ийнхүү оюун санаагаа тавгүй байхад эргэцүүлэн бодож, Ариун Сүнсийг мэдэрч, Сүнсээр дамжуулан үнэний гэрчлэлийг хүлээн авч байсан үеүдээ эргэн санав. Тэр эцэст нь, “Хэрэв би өөртөө шударга хандаж чадвал Сүнс надад нэг бус удаа мэдрэгдэж байсныг мөн Сүнсний тухай гэрчлэл бодит гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн хэлсэн юм. Тэр эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт аз жаргал, амар амгаланг дахин мэдэрсэн билээ.
Амьдралынхаа турш Ах нарын зөвлөгөөг байнга, баяртай дагадаг байсан эхнэр, нөхөр хоёр хүүхэдтэй болохгүй байгаадаа шаналдаг байв. Тэд мэргэжлийн эмч нартай хамт ажиллан, чамгүй их мөнгө зарцуулсны эцэст, хүүтэй болж адислагдсан юм. Харамсалтай нь, ердөө ганцхан жилийн дараа хүү нь хэн нэгний алдаанаас болоогүй нэгэн ослоос болж тархиндаа хүнд гэмтэл авч, хагас комд оржээ. Тэр хамгийн сайн эмнэлгийн үйлчилгээг авсан ч эмч нар ирээдүйд юу болохыг урьдчилан хэлж чадахгүй байлаа. Энэ хосын хичээнгүйлэн зүтгэж, залбирч байж энэ дэлхийд авчирсан хүүхэд нь тэдэнтэй хамт байхаа больж, хэзээ түүнийг эргүүлэн өгөхийг тэд мэдэхгүй байв. Одоо тэд өөрсдийн бусад үүрэг хариуцлагыг гүйцэтгэхийн зэрэгцээ хүүгийнхээ наад захын хэрэгцээг хангахын тулд чадлаараа зүтгэдэг. Энэ маш хүнд хэцүү мөчид тэд Их Эзэнд хандсан юм. Тэд Түүнээс хүлээн авдаг “өдөр тутмын талханд” найдсан. Тэдэнд өрөвч сайхан сэтгэлтэй найзууд, гэр бүлийнхэн нь тусалдаг бөгөөд тэднийг санваарын адислалууд хүчирхэгжүүлдэг. Тэд нэг нэгэндээ ойртон дотносож, одоо тэдний эв нэгдэл урьд өмнөхөөсөө ч илүү гүн гүнзгий, илүү бүрэн дүүрэн болсон.
1837 оны 7-р сарын 23-нд тухайн үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан Томас Б.Маршт Их Эзэн нэгэн илчлэлтийг өгсөн юм. Үүнд дараах зүйлcийг өгүүлсэн байв.
“Мөн Арван хоёрын ах нарынхаа төлөө залбирагтун. Миний нэрийн тулд тэднийг хурцаар сануулагтун, мөн тэд бүхий л нүглүүдийнхээ улмаас сануулагдаг, мөн та нар миний нэрэнд миний өмнө итгэлтэй байгтун.
Мөн тэдний уруу таталтууд, мөн их гай зовлонгийн дараа, болгоогтун, Их Эзэн бибээр тэднийг бодох болно, мөн хэрэв тэд зүрх сэтгэлээ үл хатууруулах аваас, мөн миний эсрэг хүзүүгээ хөшүүн болгохгүй аваас, тэд хөрвүүлэгдэх болно, мөн бибээр тэднийг эдгээх болно.”
Эдгээр шүлэгт өгүүлсэн зарчмууд бидэнд хамаатай гэдэгт би итгэдэг. Бидэнд тулгардаг зовлон бэрхшээл, уруу таталтаас гадна Их Эзэний оноодог сорилтууд нь биднийг бүрэн хөрвөж, эдгэрэхэд хүргэж болно. Гэхдээ энэ нь зөвхөн биднийг Түүний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж, хүзүүгээ хөшүүн болгоогүй үед л тохиолддог. Хэрэв бид гуйвшгүй, тууштай хэвээр үлдвэл Аврагчийн Петрт “Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” гэж хэлсэнчлэн бидний хөрвөлт эргэж буцалтгүй, бүрэн дүүрэн байх болно. Амлагдсан эдгээлт бидний нүглээс болж шархалсан бодгалийг цэвэршүүлэн, ариутгаж, ариун болгох юм.
Би ээжийнхээ “Сайныг дагавал сарны гэрэл” гэж хэлсэн зөвлөгөөг санаж байна. Ээж маань зөв зүйл хэлсэн. Итгэлдээ гуйвшгүй, тууштай байж, “сайныг дагах” гэдэг нь тогтмол залбирч, өдөр бүр судар дээр найрлаж, Сүмд үйлчилж, шүтэн биширч, долоо хоног бүр ариун ёслолоос зохистойгоор хүртэж, хөршөө хайрлан мөн өдөр бүр Бурханд дуулгавартай байж, өөрийн загалмайг үүрэх явдал юм.
Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй байсан хэнд ч одоо болон ирээдүйд сайн зүйлс ирэх болно гэсэн амлалтыг бүү март. “Мөнхийн амьдрал, гэгээнтнүүдийн баяр баясгаланг” санагтун. “Ай цэвэр зүрх сэтгэлтэй болох та нар бүгд, тэргүүнээ өргөгтүн, мөн Бурханы таалалт үгийг хүлээн авагтун, түүний хайран дээр найрлагтун; учир нь та нар, хэрэв та нарын оюун шийдэмгий аваас, үүрд түүнчлэн байх болно.” Есүс Христийн нэрээр, амен.