2010–2019
Нээлтийн үг
2018 оны 10-р сар


Нээлтийн үг

Салбар, тойрог, гадасны байранд болдог зүйлсээр дэмжигддэг, гэр оронд төвлөрсөн Сүмтэй болох цаг ирлээ.

Хайрт ах, эгч нар аа, бид та нартайгаа Сүмийн 10-р сарын Ерөнхий чуулганаар дахин цугларан уулзахыг их хүсэн хүлээлээ. Бид та нарын хүн нэг бүрийг чин сэтгэлээсээ тавтай морилно уу хэмээн урьж байна. Бид та нарын бидний төлөөх залбирлуудад гүнээ талархдаг. Мөн бид тэдгээрийн нөлөөг мэдэрдэг. Та нартаа баярлалаа!

Зургаан сарын өмнөх Ерөнхий чуулганаар өгсөн зөвлөгөөг дагахын тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаад тань бид талархаж байна. Дэлхийн өнцөг булан бүрд байх гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн ахлагчдын чуулгыг дахин зохион байгуулахад шаардлагатай илчлэлтийг эрэлхийлсэн билээ. Тэдгээр чуулгын эрчүүд Халамжийн нийгэмлэгийн эгч нартай мөр зэрэгцэн, ах, эгч нартаа илүү дээд түвшинд, илүү ариун нандин арга замаар тохинуулахаар шаргуу хөдөлмөрлөж байна. Та нарын сайн сайхан зан чанар мөн Аврагчийн хайрыг гэр бүл, хөрш, найз нөхдөдөө харуулан, тэдэнд Түүний адил тохинуулахын тулд гаргадаг асар их хүчин чармайлт тань биднийг сүнслэгээр өдөөдөг.

4-р сарын Ерөнхий чуулганаас хойш Нэлсон эгч бид хоёр дэлхийн дөрвөн тивийн болон далай тэнгисийн арлуудын гишүүдтэй уулзсан. Иерусалимаас Хараре, Виннипегээс Бангкок хүртэл явахдаа бид та нарын агуу итгэл, гэрчлэлийн хүчийг харсан.

Мөн Израилыг цуглуулахад туслах Их Эзэний өсвөр үеийнхний армид элссэн өсвөр үеийнхний тоо биднийг маш их баярлуулсан. Та нарт баярлалаа! Мөн дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалт дээр өгсөн урилгыг маань та нар үргэлжлүүлэн дагаснаар бусдад дагах жишгийг тогтоож байгаа. Өсвөр үеийнхэн та нар ямар гайхалтай өөрчлөлтийг хийж байна вэ!

Сүүлийн хэдэн жилийн турш Сүмийн тэргүүлэх зөвлөлийнхөн бид “Бид сайн мэдээг хэрхэн энгийн нандин байдлаар нь мөн ёслолуудыг мөнхийн ач тустай арга замаар нь Бурханы бүх хүүхдэд хүргэж болох вэ?” гэсэн нэгэн чухал асуултад хариулахыг хичээсэн.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид “сүм” бол цуглааны байранд болж өнгөрөөд, гэр оронд болдог үйл явдлаар дэмжигддэг нэгэн зүйл хэмээн бодож сурчээ. Бид энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй. Одоо салбар, тойрог, гадасны байранд болдог зүйлсээр дэмжигддэг, гэр оронд төвлөрсөн Сүмтэй болох цаг ирлээ.

Сүм дэлхий даяар өргөжин тэлж байгаа энэ үед олон гишүүн сүмийн байргүй, бүр ойрын ирээдүйд байртай болохгүй газар амьдарч байгаа. Ийм нөхцөл байдалд амьдардаг тул гэртээ цуглаан хийдэг нэгэн гэр бүлийг би санаж байна. Би ээжээс нь өөрийн гэрт байдаг сүм рүү явахад ямар байгааг асуусан юм. Тэр “Надад таалагддаг! Нөхөр маань долоо хоног бүр энд ариун ёслолыг адисална гэдгээ мэддэг тул гэртээ илүү боловсон ярьдаг болсон” гэж хариулж билээ.

Сүмийн урт хугацааны зорилго бол Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлж, Бурхантай гэрээ байгуулж, уг гэрээгээ сахихад нь бүх гишүүнд тусалж мөн гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж, лацдан холбогдоход нь туслах явдал юм. Өнөөгийн төвөгтэй дэлхий ертөнцөд үүнийг хийх тийм ч амархан биш. Дайсан илүү ширүүнээр итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү дайрч довтолж байна. Сүнслэг байдлын хувьд давж гарахын тулд бид сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Иймээс бид одоо гишүүдийг болон тэдний гэр бүлийг улам бүр бэхжүүлэх зохион байгуулалттай өөрчлөлт хийхийг хүсэж байгаа.

Сүмийн удирдагчид олон жилийн турш сургаалд суралцаж, итгэлийг хүчирхэгжүүлэн, хувиараа илүү гүн гүнзгий шүтэн бишрэхэд зориулсан гэр оронд төвлөрсөн, Сүмээр дэмжигдсэн төлөвлөгөөгөөр дамжуулан гэр бүл, хувь хүнийг хүчирхэгжүүлэх нэгдсэн сургалтын хөтөлбөр дээр ажилласан. Сүүлийн хэдэн жил Хүндэтгэлийн өдрийг сахих буюу уг өдрийг баясгалант өдөр, Бурханыг гэсэн хувь хүний хайрын бэлгэ тэмдэг болгохын тулд гаргасан хүчин чармайлт дээрээ нэмээд, бид одоо танилцуулах өөрчлөлтүүдийг хийж өргөжүүлэх болно.

Энэ өглөө бид сайн мэдээг гэр орондоо заах мөн Сүм дээр заах хоёрыг хооронд нь тэнцвэржүүлэх болон холбох тухай шинэ мэдэгдэл хийнэ. Бидний хүн нэг бүр хувийн өсөлт хөгжлийнхөө өмнө хариуцлага үүрдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ халамжлах, тэдэнд зааж сургах гол үүрэгтэй гэдгийг судрууд онцолсон байдаг. Гишүүдэд өөрсдийн сайн мэдээний талаарх мэдлэгийг өсгөн нэмэгдүүлэх тэнгэрээс тодорхойлсон зорилгодоо хүрэхэд туслах нь Сүмийн үүрэг хариуцлага юм.

Ахлагч Квинтин Л.Күк эдгээр чухал өөрчлөлтийг одоо тайлбарлана. Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зөвлөлийн бүх гишүүн энэ захиасыг санал нэгтэй дэмжсэн. Ахлагч Күкийн танилцуулах энэхүү төлөвлөгөө, үйл явцыг боловсруулахад нөлөөлсөн Их Эзэний сүнслэг удирдамжинд бид талархаж байна.

Хайрт ах, эгч нар аа, би Бурхан амьд гэдгийг мэднэ! Есүс бол Христ! Энэ бол Түүний Сүм бөгөөд Тэрээр энэ Сүмийг Өөрийн томилсон даруухан үйлчлэгчдээр дамжуулан удирддаг гэдгийг би мэднэ. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.