Итгэлийн маань түүдэг
Итгэлийн үүрийн гэгээ нь үүнийг эрэлхийлэгч, хүлээн авагч, үүгээр амьдрагч хүмүүст ирэх ба заримдаа алгуурхан эсвэл дахин ирэх болно.
Хүндэт ах эгч нар аа, бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон болон Сүмийн удирдагчдаасаа биднийг бүхий л зүрх сэтгэл, оюун, хүчээрээ гэртээ болон сүм дээр шинэ бөгөөд илүү ариун арга замаар амьдрахыг урьдаг илчлэлтийг үргэлжлүүлэн хүлээн авах нь гайхалтай биш гэж үү?
Та хэзээ нэгэн цагт бэлэн бус гэдгээ эсвэл шаардлага хангахгүй байгаа гэдгээ мэдэрсэн ч оролдож үзсэнийхээ төлөө адислагдаж байсан уу?
Би адислагдаж байсан. Нэг жишээг ярьж өгье.
Хэдэн жилийн өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн ахлагч Ричард Г.Скотт: “Гэррит, надтай хамт усан будгаар будах уу?” хэмээн намайг эелдгээр урьсан юм.
Юм будах нь түүнд ажиглаж, шинийг бүтээхэд тусалдаг гэж ахлагч Скотт хэлэв. Тэрээр: “Үр дүн нь өчүүхэн бага байсан ч бүтээлч байхыг хичээ. Бүтээлч байх нь амьдралд болоод Их Эзэний танд өгсөн зүйлсэд талархах сүнсийг төрүүлж өгч чадна. Хэрэв та ухаалгаар сонговол үүнд тийм ч их цаг зав гаргах шаардлагагүй” хэмээн бичсэн.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг урлагийн бодол эргэцүүлэл нь “хайрлах мэдрэмжээр,” тухайлбал “Өөрийн хүүхдүүдийг Өөртэйгөө адилхан бүтээх, босгон байгуулах чадвартай болгохыг хүсдэг Бүтээгчийн хайраар” өдөөгддөг хэмээн тайлбарласан. Ерөнхийлөгч Айрингийн бүтээлч ажлууд “итгэл болон гэрчлэлийн талаар өвөрмөц, сүнслэг харах өнц[гийг]” өгдөг.
Ерөнхийлөгч Бойд К.Пакэрын урлагийн бүтээлүүд дараах сайн мэдээний суурь захиасуудыг дүрслэн үзүүлдэг. “Бурхан бол газар, тэнгэр болон дээр нь орших бүх зүйлийн Бүтээгч юм. Байгаль бүхэлдээ тэнгэрээс удирдагдсан бүтээлтийн тухай мөн шинжлэх ухаан, байгаль ертөнц, Есүс Христийн сайн мэдээ хоорондоо бүрэн дүүрэн зохицолдсон болохыг гэрчилдэг.”
Алма “Бүх зүйл Бурхан оршдогийг нотолдог” хэмээн гэрчилсэн. Манай Хүүхдийн хэсгийн хүүхдүүд “Хөөрхөн шувуудын жиргээг би сонсоод, хөх манхан тэнгэрийг харахдаа, … Тэнгэрлэг Эцэгийн бүтээж өгсөн дэлхийд амьдарч байгаадаа би баярладаг” гэж дуулдаг. Зохиолч Виктор Хюго “энэ асар том дэлхий ертөнц дээрх нарнаас эхлээд ургамлын шавж хүртэлх бүх амьтад, зүйлс хоорондоо гайхамшигтай уялдан холбогддог. Дүүлэн нисэх шувуу бүр сарвуугаараа мөнх амьдралтай холбодог утаснаас зуурсан байдаг. … Харин огторгуйн мананцар бол оддын бөөгнөрөл юм” хэмээн магтан дуулсан байдаг.
Энэ нь биднийг ахлагч Скоттын урилга руу эргүүлэн аваачиж байгаа юм.
“Ахлагч Скотт, би илүү бүтээлч, сайн ажиглагч болмоор байна” гэж би түүнд хариулсан. Тэнгэрлэг Эцэг угалзалсан үүл хийгээд тэнгэрийн мөн усны бүх өнгийг гарган, будаж байна гэж төсөөлөн бодоход миний сэтгэл хөдөлж байлаа. “Гэхдээ”—гээд би хэсэг азнан,—“Ахлагч Скотт, би усан будгаар будаж чаддаггүй шүү дээ. Надад заахад танд хэцүү байх болов уу гэж би санаа зовж байна” гэж хэлэв.
Ахлагч Скотт инээмсэглээд, уулзах цаг товлосон юм. Болзсон өдөр тэр цаас, будаг, багс бэлдсэн байлаа. Тэрээр хэдэн таталбар зураад, цаасаа норгоход надад туслав.
Бид түүний “Нар жаргах үеийн түүдэг” нэртэй сайхан зургийг загвар болгон ашиглав. Будаж байх зуураа бид итгэлийн талаар ярилцлаа. Бид түүдэг гал руу харж суугаад, түүдгийн гэрэл, илчийг мэдрэх үед тодорхойгүй байдал болон харанхуй хэрхэн ард үлдэж хоцордгийг мөн заримдаа урт, шөнийн цагаар ганцаараа байхад итгэлийн түүдэг хэрхэн бидэнд найдвар, баталгаа өгдгийг, түүнчлэн энэ бүхний дараа хэрхэн үүр цайдгийг ярилцав. Бидний итгэлийн түүдэг болох дурсамж, туршлага, Бурханы нинжин сэтгэл, амьдралд маань үзүүлдэг нигүүлсэлд итгэх итгэлийн өв зэрэг нь шөнийн цагт биднийг хүчирхэгжүүлж байсан.
Итгэлийн үүрийн гэгээ нь үүнийг эрэлхийлэгч, хүлээн авагч, үүгээр амьдрагч хүмүүст ирэх ба заримдаа алгуурхан эсвэл дахин ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Энэхүү гэрэл нь бид өөрсдөө хүсэж эрэлхийлэн, Бурханы зарлигуудад дуулгавартай байж, тэвчээртэй дагаж, Түүний ач ивээл, эдгээлт, гэрээнд зүрх сэтгэлээ нээх үед ирэх болно.
Будаж эхлэхэд ахлагч Скотт “Гэррит, чи ганц удаагийн хичээлээр ч гэсэн өөртөө хадгалж, санаж явахыг хүссэн ямар ч зүйлээ зурж чадна” хэмээн урамшуулсан юм. Ахлагч Скоттын зөв байсан. Би ахлагч Скоттын надад зурахад тусалсан итгэлийн түүдэг галын усан будгийн зургийг нандигнан хадгалдаг. Миний урлагийн чадвар хязгаарлагдмал байсан ба одоо ч тэр хэвээрээ ч итгэлийн түүдгийн маань дурсамж биднийг таван арга замаар урамшуулж чадна.
Нэгдүгээрт, итгэлийн түүдэг бидэнд эрүүл бүтээлч сэтгэлгээнээс баяр баясгаланг олоход тусалдаг.
Ашиг тустай зүйлийг ургуулан бодож, сурч мэдэн, үйлдэхэд баяр баясал төрдөг. Ялангуяа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт итгэх итгэл, найдвараа гүнзгийрүүлэх үед үүнийг илүү мэдрэх боломжтой. Бид өөрсдийгөө аврахад хангалттай тийм хэмжээгээр хайрлаж чаддаггүй. Харин Тэнгэрлэг Эцэг биднийг өөрсдөөс маань илүү хайрладаг төдийгүй илүү сайн мэддэг. Бид Их Эзэнд итгэх хэрэгтэй ба өөрсдийн ойлголтод тулгуурлах ёсгүй.
Та хэн нэгний төрсөн өдөрт уригдаагүй үлдсэн цор ганц хүн байж үзсэн үү?
Та багийн сонгон шалгаруулалтад хамгийн сүүлд сонгогдож эсвэл сонгогдоогүй үлдэж үзсэн үү?
Та үнэхээр их хүсэж байсан сургуулийн шалгалт, ажлын ярилцлага болон боломжоо ашиглахад өөрийгөө бэлдчихээд, чадсангүй гэсэн мэдрэмжийг мэдэрч байсан уу?
Ямар нэгэн шалтгаанаас болж бүтэхгүй байсан харилцаа холбооны төлөө та залбирч байсан уу?
Та архаг өвчин тусаж, хань ижилдээ хаягдаж, гэр бүлийнхээ төлөө шаналан зовж байсан уу?
Аврагч бидний нөхцөл байдлыг мэддэг. Бид Бурханаас өгөгдсөн сонгох эрхээ ашиглан итгэж, даруу байхад бүхий л хүчээ дайчлах аваас бидний Аврагч, Есүс Христ амьдралын зовлон бэрхшээлээ даван гарахад тусалж, баяр баясгаланг өгнө. Итгэлд итгэхийг сонгох болон хүсэх нь бас ордог. Итгэл нь мөн биднийг Түүний гэрээт замаар алхлах явцад адислахаар өгөгдсөн Бурханы зарлигуудыг дагахад ирдэг.
Бурхан болон Түүний сэргээгдсэн Сүмд эргэлзэн, ганцаардаж, бухимдаж, уурлаж, урам хугарч, гомдсон эсвэл холдсоноо мэдэрсэн эсвэл мэдрэхэд Түүний гэрээт замд эргэн орохын тулд арай илүү хичээл зүтгэл, итгэл шаардагдаж магадгүй. Гэхдээ үүний төлөө ийм үнэ цэнийг төлөхдөө харамсах хэрэггүй! Есүс Христ рүү ир, буцаад ир! Махан биеийн болон сүнсний үхлээс Бурханы хайр илүү хүчтэй байдаг. Бидний Аврагчийн Цагаатгал хэмжээлшгүй бөгөөд мөнхийнх юм. Бидний хүн нэг бүр төөрөлдөн, бүтэлгүйтдэг. Бид хэсэг хугацаанд замаасаа төөрч ч магадгүй. Бурхан бидний хаана байгаа мөн юу хийсэн зэргээс үл хамааран эргэж ирэхгүй байх шалтгаан байхгүй гэж биднийг хайрлангуйгаар хэлдэг. Тэрээр биднийг тэврэн авахад бэлэн хүлээж байдаг.
Хоёрдугаарт, итгэлийн түүдэг маань биднийг шинэлэг, илүү дээд түвшний, Сүнсээр дүүрэн арга замаар тохинуулахад урамшуулдаг.
Эдгээр тохинуулал нь гайхамшгуудыг болон гэрээний адислалуудыг авчирдаг ба үүнээс бид Бурханы хайрыг мэдэрч, ийм сүнсэн дотор бусдад тохинуулахыг эрэлхийлдэг.
Саяхан Гонг эгч бид хоёр нэгэн эцэгтэй болон түүний гэр бүлтэй танилцсан бөгөөд тэднийг нэгэн итгэлтэй санваартан адисалсан байна. Тэр ах (санваартан ах) өөрийн бишоп дээр очин, тухайн гэр бүлийн эцэгтэй гэрийн багшийн хамтрагч болж болох уу хэмээн асуусан байв. Аав нь идэвхгүй бөгөөд гэрийн багшаар явах сонирхолгүй нэгэн байлаа. Гэвч аавынх нь зүрх сэтгэл өөрчлөгдөх тусам тэр хайраар дүүрэн санваартан ахтайгаа хамт “өөрсдийн” гэр бүлүүд дээр айлчлан очиж эхэлсэн юм. Ийм нэгэн айлчлалын дараа, тухайн үед сүмд явдаггүй байсан эхнэр нь айлчлал ямар байсан талаар нөхрөөсөө асуужээ. Нөхөр нь “Надад нэг юм мэдрэгдэхийн хувьд мэдрэгдсэн шүү” гэж хэлээд, шар айраг авахаар гал тогооныхоо өрөөнд орсон аж.
Гэхдээ тохинуулах үйлчлэл, зүрх сэтгэлийн өөрчлөлт, ариун сүмд бэлтгэх анги, сүмд ирэх, ариун сүмд гэр бүлээрээ лацдан холбогдох гэх мэт сайхан үйл явдлууд ар араасаа цувран тохиолдох болов. Хүүхдүүд, ач зээ нар нь аав, ээждээ төдийгүй, анд нөхөр, хамтрагчийн хувьд аавтай нь ирж, түүнтэй хамт бусдыг хайрлан, үйлчилсэн тохинуулагч ахад хэчнээн талархаж явдгийг төсөөлөөд үз дээ.
Итгэлийн гурав дахь түүдэг бол урамшуулан дэмжих явдал юм. Бүтээлч сайн мэдээний баяр баясал, адислалууд биднийг Их Эзэнийг болон бусдыг бүхий л зүрх, сэтгэлээрээ хайрлахаар эрэлхийлэх үед ирдэг.
Судрууд биднийг одоо байгаа болон ирээдүйд болох бүх зүйлээ хайрын болоод үйлчлэлийн тахилын ширээн дээр тавихад урьдаг билээ. Хуучин Гэрээний Дэд хууль номд “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа хайрла” хэмээн бидэнд заадаг. Иошуа “Өөрийн Бурхан Эзэнээ хайрла, … түүний замаар алх, … түүний зарлигуудыг дага, … түүнтэй ойр бай, мөн … түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ үйлчил” хэмээн уриалан дууддаг.
Шинэ Гэрээнд бидний Аврагч “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх чадлаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла, … Удаах нь Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн хоёр агуу тушаалыг өгсөн.
“Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ”-нд хаан Бенжамин “маханбодийнхоо бүх хүч чадлаар мөн оюуныхаа бүх чадвараар хөдөлмөрлөснөөр” уг нутагт энх амгаланг дахин нэгэнтээ тогтоожээ. Сургаал ба Гэрээнд Их Эзэн биднээс “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” Өөрт нь үйлчлэхийг хүсдгийг номлогч бүр мэднэ. Гэгээнтнүүдийг Жэксон гүнлэгт ирэх үед “Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр түүнд үйлчлэ[н],” Хүндэтгэлийн өдрийг сахихыг Их Эзэн тэдэнд зарлигласан байдаг.
Бид Бурханыг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах илүү дээд түвшний, илүү ариун арга замуудыг эрэлхийлж мөн өөрсдийн зүрх сэтгэл, гэр орон, сүмд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд бүх бодгалиа зориулахыг урьдагт нь баясдаг билээ.
Дөрөвдүгээрт, итгэлийн түүдэг маань итгэл болон сүнслэг байдлыг гүнзгийрүүлдэг зөв шударга амьдралын энгийн загварыг бий болгоход биднийг урамшуулан дэмждэг.
Эдгээр ариун дадал хэвшил, зөв шударга ёс заншил эсвэл залбирлын загварт залбирах, судраас суралцах, мацаг барих, ариун ёслолоор дамжуулан гэрээнүүд болон Аврагчаа дурсан санах мөн номлогчийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн, түүнчлэн бусад үйлчлэлээр дамжуулан сайн мэдээний адислалуудаас хуваалцах, тогтмол хувийн тэмдэглэл хөтлөх гэх мэт зүйлс ордог.
Зөв шударга загвар, сүнслэг хүсэл эрмэлзэл хоёр нэгдэн нийлэх үед цаг хугацаа, мөнх байдал хоёр нэгдэн нийлдэг. Шашны энгийн зан үйл биднийг Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёрт илүү ойртуулах үед сүнслэг гэрэл ба амьдрал ирдэг. Биднийг сүнс болон хуулийн үг үсгийг хайрлах үед мөнхийн зүйлс бидний бодгаль дээр тэнгэрээс буух шүүдэр лугаа адил асгарах болно. Бид өдөр бүр дуулгавартай байж, амийн усыг сэлбэснээр сайн мэдээний дагуу тэвчээртэй, алсын хараатай, баяр хөөртэйгөөр өдөр тутмын бэрхшээл, боломжинд хандахад туслах хариулт, итгэл, хүчийг олдог.
Тавдугаарт, бид Бурханыг хайрлах мөн өөрсдөдөө болон бусдад Түүнтэй уулзахад туслах шинэлэг бөгөөд илүү ариун арга замыг эрэлхийлэхдээ танил болсон хамгийн сайн загваруудыг баримтлах юм бол итгэлийн түүдэг маань төгс төгөлдөр байдал нь бидний эсвэл дэлхийн өндөр шаардлага дотор биш, харин Христ дотор байдгийг санахад биднийг урамшуулдаг.
Есүс Христ бол “зам, үнэн, амь” тул Бурханы урилгууд нь хайр, боломжуудаар дүүрэн байдаг. Ачаагаа дийлэхгүй байгаа мэт санагдаж байгаа хүмүүст хандан Тэрээр “Над уруу ир” хэмээн урьдаг бөгөөд Өөр дээр нь ирсэн хүмүүст “Би та нарт амралтыг өгье” хэмээн амладаг юм. “Христ рүү ирэгтүн, мөн Түүн дотор төгөлдөржигтүн, … Бурханыг өөрийн бүх хүч, оюун, хүчээрээ хайрла, тэгвэл Христийн дотор төгс болгох Түүний нигүүлсэл таньд хангалтай байх болно.”
“Түүний нигүүлслээр та нар Христийн дотор төгс болгогдох болно” гэсэн энэ батламж нь, бүр аливаа зүйлс алдаа дутагдал гаргалгүй, хамгийн сайнаараа хичээн хийсэн ч мөн найдаж, хүсэн хүлээсний дагуу, зүй ёсоор болж бүтэхгүй байх үед ч Их Эзэнд итгэж найдан, урагш үргэлжлүүлэн явахад туслах тайтгарал, амар амгалан, амлалтыг бидэнд өгдөг юм.
Бид бүгд өөр өөр цаг үе, нөхцөл байдалд шаардлагад нийцэхгүй, эргэлзэж байгаагаа, магадгүй зохисгүй байгаагаа мэдэрдэг. Гэсэн ч бид Бурханаа хайрлан, хөршдөө тохинуулахаар итгэлийнхээ дагуу хүчин чармайлт гаргахдаа Түүний хайрыг мэдэрч, тэдний болон өөрсдийн амьдралд хэрэгтэй сүнсний өдөөлтийг шинэлэг бөгөөд илүү ариун арга замаар хүлээн авах боломжтой.
Бидний Аврагч энэрэнгүй сэтгэлээр “бүх хүмүүнийг болон Бурханыг хайрлах хайраар, найдварын төгс гэрэлтэйгээр, Христ доторх тууштай байдлаар урагш тэмүүлж болно” хэмээн бидэнд амлаж, биднийг урамшуулдаг. Христийн сургаал, Аврагчийн маань Цагаатгал болон бүхий л бодгалиараа Түүний гэрээт замаар алхах нь бидэнд Түүний үнэнийг мэдэж авч, эрх чөлөөтэй байхад туслах болно.
Би Түүний сайн мэдээний бүрэн байдал, аз жаргалын төлөвлөгөө сэргээгдсэн бөгөөд тэдгээрийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, судрууд, бошиглогч Иосеф Смитээс эхлэн өнөөгийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хүртэлх бүх бошиглогч заасаар ирсэн гэдгийг гэрчилж байна. Түүний гэрээт зам нь хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань хамгийн агуу бэлэг болох “Чи мөнх амьдралыг хүлээн авах болно” гэсэн амлалт руу хөтөлдөг гэдгийг би гэрчилж байна.
Итгэлийн түүдгийн илчинд зүрх сэтгэл, итгэл найдвар, үүрэг амлалтаа ээх үед Түүний адислал, мөнхийн баяр баясгалан биднийх байх болтугай хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.