2010–2019
Эвлэрлийн тохинуулал
2018 оны 10-р сар


Эвлэрлийн тохинуулал

Хэрвээ бид даруу байж мөн хангалттай зоригтойгоор Бурхантай болон бие биетэйгээ эвлэрэх юм бол бидний бодгальд амар амгаланг авчрах болно гэдгийг би гэрчилж байна.

Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тохинууллын зарчмыг танилцуулахдаа энэ бол Бурханыг хайрла мөн бие биенээ хайрла гэсэн агуу зарлигуудыг дагах нэгэн арга гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.1 Сүмийн ажилтнууд бид үүнтэй холбоотой та нарын эхлүүлсэн гайхамшигтай хариу үйлдлүүдийг нээлттэй алга ташин хүлээн авч, баяр хүргэж байна. Хайрт бошиглогчоо дагах энэхүү гайхамшигтай хичээл зүтгэлд тань баярлахын зэрэгцээ илүү олон заавар ирэхийг бүү хүлээгээрэй хэмээн зөвлөж байна. Шууд л усан сан руу үсрээд, сэл. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст рүү чиглэ. Арааараа даллах уу эсвэл нохой самардах уу гэж бодон, битгий хөдлөхгүй зогсоод бай. Хэрвээ бид заасан үндсэн зарчмуудыг даган, санваарын түлхүүрүүдээр тааруулан тохируулж, биднийг удирддаг Ариун Сүнсийг эрэлхийлэх аваас бид бүтэлгүйтэхгүй.

Энэ өглөө би үүрэгдэж даалгадаггүй, хуваарьт ярилцлага шаарддаггүй мөн тэнгэрээс өөр хаана ч тайлагнадаггүй тохинууллын бүр илүү хувийн шинжийн тухай яримаар байна. Би тохинууллын тийм төрлийн ердөө ганц энгийн жишээ хуваалцъя.

Грант Моррэлл Боуэн нь ажилсаг, үнэнч нөхөр мөн эцэг байсан бөгөөд орон нутгийн төмсний ургац сайнгүй байх үед газар тариаланг түшиглэж амьдардаг бусдын адил санхүүгийн хямралд оржээ. Тэр болон түүний эхнэр Норма өөр ажилтай болж, сүүлдээ өөр хот руу нүүн, эргээд санхүүгийн байдал нь дээшилж, тогтворжиж эхэлсэн байна. Гэхдээ Боуэн ахад үнэхээр бүтэлгүй зүйл тохиолдож, тэр маш их гомджээ. Ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын үеэр Моррэлл өөрийгөө аравны нэгээ бүрэн төлөгч гэж тодорхойлоход бишоп нь бага зэрэг эргэлзсэн байна.

Тэр өдөр энэ хоёр эрийн хэнийх нь зөв байсныг мэдэхгүй ч Боуэн эгч тэр ярилцлагаар ариун сүмийн эрхийн бичгээ сунгуулан гарч ирсэн бол Боуэн ах өөрийг нь сүмээс 15 жил холдуулахад хүргэх тийм их ууртайгаар гарч ирснийг би мэднэ.

Аравны нэгийн талаар хэнийх нь зөв байснаас үл хамааран, Моррэлл болон бишопын хэн хэн нь “Арсалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй”2 гэсэн Аврагчийн зарлигийг мөн “Та нарын хилэн дээр нар бүү жаргаг”3 гэсэн Паулын зөвлөгөөг мартсан нь илт байв. Үнэндээ тэд эвлэрээгүйгээр барахгүй, Боуэн ахын уур хилэн дээр нар жарган, олон өдөр, олон долоо хоног, сүүлдээ бүр олон жил болсон бөгөөд эртний Ромын хамгийн мэргэн хүмүүсийн нэгний хэлсэн “Дарж чадаагүй уур хилэн ихэнх тохиолдолд түүнийг өдөөсөн гүтгэлгээс илүү хөнөөлтэй”4 гэдэг үг үнэн болохыг баталжээ. Гэвч эвлэрлийн гайхамшиг нь бидэнд үргэлж боломжтой байдаг бөгөөд үнэн гэж мэддэг байсан Сүм болон гэр бүлээ гэсэн хайрынхаа улмаас Моррэлл Боуэн сүмийн үйл ажиллагаанд эргэн ирсэн юм. Хэрхэн ийм зүйл болж өнгөрснийг би та нарт товчхон ярья.

Боуэн ахын хүү Брэд бидний сайн найз бөгөөд Айдахогийн өмнөд хэсэгт үйлчилж буй үнэнч Бүсийн дал билээ. Энэ явдал болох үед Брэд 11 настай байсан. Тэрээр 15 жилийн турш аавынхаа шашны сүсэг бишрэл буурч байсныг харсан ба уур, үл ойлголцлын үр дүн ямар аймшигтай байдгийг гэрчлэгч нэгэн. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байлаа. 1977 оны Талархлын баяр дөхөхөд Бригам Янгийн Их Сургуулийн оюутан 26 настай Брэд, түүний эхнэр Валерий, дөнгөж төрсөн бяцхан хүү Мик нар өөрсдийн хямдхан машинд сууж, ачаагаа ачаад, цаг агаар тааруу байсан ч Монтанагийн Биллингс рүү хөдөлжээ. Вэст Иелловстоуны ойролцоо цасан хунгарт суух байтугай өөр юу ч энэ гэр бүлийн гурвын Ахмад Боуэн ахтай хийх тохинууллыг зогсоож чадахааргүй байлаа.

Ирснийхээ дараа Брэд эгч Памын хамт аавтайгаа тусад нь уулзахыг хүсэв. “Та үнэхээр гайхалтай аав байсаар ирсэн” хэмээн Брэд сэтгэл хөдөлсөн байдалтай эхлэн, “мөн та бидэнд ямар их хайртай байсныг бид үргэлж мэддэг. Гэхдээ ямар нэгэн зүйл болохгүй байгаа бөгөөд маш удаан үргэлжилж байна. Таны ганц удаагийн гомдлоос болоод энэ гэр бүлийн бүх хүн олон жилийн турш зовж байна. Бид цөхөрсөн. Зөвхөн та л биднийг эдгээж чадна. Энэ удаан хугацааны дараа та бишоптойгоо болсон тэр азгүй явдлаа зүрх сэтгэлээсээ авч хаяад, энэ гэр бүлийг сургаалд удирддаг байсан шигээ дахин удирдаж чадах уу?” гэж асуужээ.

Нам гүм болов. Тэгээд Боуэн ах өөрийнх нь яснаас авсан яс, махнаас тасалсан мах5 болох тэр хоёр хүүхэд рүүгээ хараад, маш аяархнаар “Тийм ээ. Тийм. Би тэгнэ” гэж хэлсэн байна.

Энэ санаанд оромгүй хариулт тэднийг баярлуулж, гайхшируулсан бөгөөд Брэд Боуэн болон түүний гэр бүл аавыгаа өөрийнхөө амьдралыг зөв байранд нь оруулахаар эвлэрлийн сүнстэйгээр одоогийн бишоп руугаа очихыг харсан юм. Боуэн ахыг буцаад ир хэмээн дахин дахин урьсан бишоп нь энэ зоригтой боловч санаанд оромгүй айлчлалд хариу болгон гараа сунгаж, Морреллыг маш удаан гэгчийн тэвэрчээ.

Удалгүй хэдхэн долоо хоногийн дотор Боуэн ах Сүмийн үйл ажиллагаанд бүрэн хамрагдан, өөрийгөө ариун сүмд орохуйц зохистой болгосон. Тун удалгүй тэрээр 25 гишүүнтэй хэцүү байдалд байсан жижиг салбарыг удирдах дуудлага хүлээн авч, 100 гаруй гишүүнтэй, цэцэглэн хөгжиж буй цуглаан болтол нь өсгөж өгсөн. Энэ бүхэн бараг хагас зуун жилийн өмнө болсон хэдий ч охин, хүү хоёрын аавдаа хийсэн тохинууллын гуйлт мөн аавынх нь бусдын дутагдлыг уучлан, урагшаа тэмүүлэх хүслийн үр дагавар Боуэний гэр бүлийг адисалсан ба адисалсаар байх болно.

Ах, эгч нар аа, Есүс бидэнд “хайранд хамтдаа [амьдар]”6 мөн “та нарын дунд ямар ч сөргөлдөөнүүд байх ёсгүй” гэж хэлсэн.7 Тэрээр “Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус”8 хэмээн нифайчуудад сануулсан. Үнэндээ, бидний Христтэй харилцах харилцаа бидний нэг нэгэнтэйгээ харилцдаг харилцаагаар тодорхойлогддог эсвэл ядаж л нөлөөлөгддөг.

Тэрээр “Хэрэв та нар … надад ирэхийг хүсэвч” гэж хэлээд, “мөн ах дүүд тань чиний эсрэг аливаа нэгэн буйг санах аваас—

Өөрийн замаар ах дүүдээ очиж, мөн эхлээд [түүнтэй] эвлэрч, мөн тэгээд зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирэгтүн, мөн би чамайг хүлээн авах болно”9 гэсэн.

Бид бүгд олон янзын ужиг сэтгэлийн шарх, гуниг зовлон, хэцүү дурсамжуудаа тоочиж чадах бөгөөд эдгээр нь одоо ч гэсэн хэн нэгний зүрх сэтгэлийг юм уу гэр бүлийг эсвэл айл хөршийн амар амгаланг сүйтгэж байгаа нь лавтай. Бид тэр зовлонг учруулсан уу эсвэл өөрсдөө зовлонд унасан уу хамаагүй, тэдгээр шарх эдгэх ёстой бөгөөд ингэснээр энэ амьдрал Бурханы хүссэний дагуу таатай сайхан болох болно. Таны ач, зээ нар танай хөргөгчинд байгаа хүнсийг таны өмнөөс болгоомжтой шалгаж үздэг шиг тэдгээр ужиг гомдлуудын хугацаа аль хэдийн дуусаад, их удсан. Бодгалийнхаа үнэт зайд эдгээрийг битгий байлгаач. Шуурга жүжиг дээр гэмшсэн Алонзод Просперогийн хэлсэнчлэн, “Оюун санаагаа аль хэдийн өнгөрсөн гуниг гутралаар зовоохгүй байцгаая.”10

Шинэ Гэрээний үед Христ Уулан дээрх номлолдоо “Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана,11 мөн өнөө үед “Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана”12 хэмээн заасан. Гэвч та нарын зарим нь үнэхээр зовлон зүдгүүртэй амьдарч байгаа бол Аврагч юу гэж хэлээгүйг анхаарах нь чухал. “Та нарт бусдаас болж тохиолдсон тэрхүү гомдмоор явдлаас үүссэн жинхэнэ шаналал эсвэл бодит зовлонг та нар мэдэрч болохгүй” гэж Тэр хэлээгүй. “Бүрэн уучлахын тулд та нар хор хөнөөлтэй харилцаагаа үргэлжлүүлэх эсвэл хүч хэрэглэсэн, хөнөөлтэй нөхцөл байдал руу эргэн очих хэрэгтэй” гэж Тэр хэлээгүй. Дэндүү их гомдоох явдал тохиолдсон ч гэсэн, хэрвээ бид хөлөө жинхэнэ эдгэрлийн зам дээр тавих юм бол зовлон шаналлаа даван гарч чадна. Энэ нь бидний хүн нэг бүрийг “Ирж, намайг дага”13 хэмээн дууддаг Назарын Есүсийн алхсан өршөөлийн зам билээ.

Түүний шавь байж, Түүний үйлдсэний адил үйлдэхийг хичээ гэсэн урилгаар Есүс биднээс Түүний ач ивээлийн зэмсгүүд байхыг мөн коринтчуудад Паулын дүрсэлснээр “эвлэрлийн тохинуулал” дахь “Христийн төлөөх элчин сайд нар” 14 байхыг хүсэж байна. Бүх шархыг Эдгээгч, бүх бурууг зөвтгөгч Тэрээр биднээс дэлхийд өөр ямар ч аргаар олдохгүй амар тайвныг бүтээх хэцүү үүрэг даалгаврын төлөө Өөртэй нь хамт хөдөлмөрлөөсэй хэмээн хүсэж байна.

“Зовлонтой үл ойлголцлыг хэзээ нэгэн өдөр учрыг нь олно гэсээр жилээс жилд тээсээр яваа та нар; хөөрхийлөлтэй хэрүүлээ хийсээр өнөөдөр өөрсдийн бардамналыг золиослон тэдгээрийг [шийдвэрлэх] өдөр хэмээн шийдэж чадахгүй байгаа та нар; хүмүүсийг гомдоох тэнэг хүслээсээ болж тэдэнтэй ярилгүй, гудамжинд тэдний хажуугаар дүнсийн зөрж байгаа та нар …; хэзээ нэг өдөр … хэлнэ гэсээр талархлын эсвэл хайр энэрлийн үгийг хүсэмжлэгч [хэн нэгний] зүрх сэтгэлийг зовоож буй та нар … нэн даруй явж, үйлдэх өөр боломж нь та нарт хэзээ ч гарахгүй байж болох тэр зүйлээ үйлд”15 гэж Филипс Брүкс бичсэн байдаг.

Хайрт ах, эгч нар минь ээ, ужгирсан болон шинэ гомдлуудыг уучилж, орхих нь Есүс Христийн Цагаатгалын сүр жавхлангийн чухал хэсэг юм. Уг сүнслэг эдгээлт эцсийн эцэст зөвхөн бидний тэнгэрлэг Гэтэлгэгчээс ирдэг бөгөөд Тэрээр “жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн”16 бидэнд туслахаар яардаг гэдгийг би гэрчилж байна. Түүнийг илгээсэн Тэнгэрлэг Эцэгтээ бид талархдаг бөгөөд хуучин шаналал, өнгөрсөн алдаануудаас чөлөөлөгдөн, дахин шинэчлэгдэж мөн дахин төрөх нь боломжтой төдийгүй Хурганы урсгасан цусаар бэлгэдсэн зовлон шаналлын төлөөсөөр аль хэдийн төлөгдсөн билээ.

Хэрвээ бид даруу байж мөн хангалттай зоригтойгоор Бурхантай болон бие биетэйгээ эвлэрэх юм бол бидний бодгальд амар амгаланг авчирдаг гэдгийг би Дэлхийн Аврагчийн надад олгосон төлөөлөгчийн эрх мэдлээр гэрчилж байна. “Бие биентэйгээ сөргөлдөхөө эцэслэ”17 хэмээн Аврагч гуйсан. Хэрэв та нарт хуучин шарх байгаа бол түүнийгээ эдгээ. Нэг нэгнээ хайраар халамжил.

Хайрт найзууд минь ээ, бидний хийх эвлэрүүллийн тохинуулалд та нарыг амар тайвныг хайрлах, амар тайвныг эрэлхийлэх, амар тайвныг бүтээх, амар тайвныг цоглоохыг буюу амар тайвныг тогтоогч байгаасай гэж би гуйж байна. Би энэхүү гуйлтаа “[өөрийн] найз нарынхаа гэрт шархадсан”18 байх нь ямар байдгийг мэддэг боловч уучлах болон мартах, эдгээх болон аз жаргалтай байх хүчийг олсон Амар Амгалангийн Ханхүүгийн нэрээр хэлж байна. Би үүнийг та нарын төлөө мөн өөрийн төлөө Их Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна, aмен.

Хэвлэх