Үнэн ба төлөвлөгөө
Бид шашин шүтлэгийн талаарх үнэнийг эрэлхийлэхдээ тухайн судалгаанд тохирсон сүнслэг арга барилыг ашиглах ёстой.
Орчин үеийн илчлэлтэд “Үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг” (Сургаал ба Гэрээ 93:24) хэмээн тодорхойлсон байдаг. Энэ бол авралын төлөвлөгөөнд болон “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т яг тохирох тодорхойлолт юм.
Бид асар их хийгээд өргөн тархсан мэдээллийн эрин үед амьдарч байна. Гэвч эдгээр мэдээллийн зарим нь үнэн биш юм. Бид үнэнийг эрэлхийлж, тухайн судалгаанд тохирсон эх сурвалжийг сонгохдоо анхааралтай байвал зохино. Бид дэлхийн нэр төр, эрх мэдлийг үнэний баталгаатай эх сурвалж хэмээн үзэх ёсгүй. Бид урлагийн одод, нэртэй тамирчид, интернэт дэх тодорхойгүй эх сурвалжуудаас авсан мэдээлэл, зөвлөгөөнд итгэж найдахаас болгоомжилбол зохино. Нэг салбарын мэргэжилтнийг нөгөө салбарын үнэнийг мэддэг хүн гэж үзэж болохгүй.
Мөн бид мэдээлэл өгч буй хүний сэдлээс болгоомжилбол зохино. Тиймээс судрууд санваараар мэргэшихээс биднийг сэрэмжлүүлсэн байдаг (2 Нифай 26:29-ийг үзнэ үү). Хэрэв эх сурвалж нь тодорхойгүй, хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй байвал мэдээлэл худал байх магадлалтай.
Бид хувийн шийдвэрээ тухайн сэдвээр мэргэшсэн, хувийн ашиг сонирхлоос ангид эх сурвалж дээр үндэслэн гаргах ёстой.
I.
Бид шашин шүтлэгийн талаар үнэнийг эрэлхийлэхдээ залбирал, Ариун Сүнсний гэрч, судраас болон орчин үеийн бошиглогчдын үгсээс суралцах гэх мэт тухайн судалгаанд тохирсон сүнслэг арга барилыг ашиглах ёстой. Дэлхийн сургаалаас болж шашинд итгэх итгэлээ алдсан хүний тухай сонсох бүрдээ би гунигладаг. Сүнслэг байдлын хувьд өмнө нь хараатай байсан хүмүүс өөрсдөөсөө болж сүнслэг байдлын хувьд харалган болж болно. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэнчлэн “Асуудлын шалтгаан нь тэдний олж харж байгаа гэж боддог зүйлд биш, харин олж харж чадахгүй байгаа зүйлд байдаг юм.”
Шинжлэх ухааны арга барил нь бидний нэрлэдгээр шинжлэх ухаанаар батлагдсан үнэнд хүргэдэг. Гэвч “шинжлэх ухаанаар батлагдсан үнэн” нь амьдралын бүх үнэнийг багтаадаггүй. “Судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцдаггүй” (Сургаал ба Гэрээ 88:118) хүмүүс үнэний талаарх өөрсдийн ойлголтыг шинжлэх ухааны арга барилаар баталж болох зүйлээр хязгаарладаг. Харин энэ нь үнэнийг эрэлхийлэхэд зохиомол хязгаарлалтыг үүсгэдэг юм.
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст “[Баптисм] хүртсэн хүмүүс зөвхөн шашны бус эх сурвалжаас болгоомжгүйгээр суралцсанаар өөрсдийн мөнхийн бодгалийг эрсдэлд оруулдаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Христийн сайн мэдээний бүрэн байдал байдаг бөгөөд энэхүү сайн мэдээ үнэний болон мөнхийн гэгээрлийн амин зүрх гэдэгт бид итгэдэг” гэж хэлсэн.
Бид хэн гэдгээ мөн мөнх бус амьдралын утга учир, нас барсныхаа дараа хаашаа очих талаарх үнэнийг мэдэж, үүнийхээ дагуу үйлдсэнээр жинхэнэ, эцэс төгсгөлгүй баяр баясгаланг олох болно. Эдгээр үнэнийг шинжлэх ухааны буюу шашны бус арга замаар сурч мэдэх боломжгүй.
II.
Би одоо Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаалын үндэс болсон сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийн талаар ярья. Эдгээр үнэнийг анхааралтай бодож үзэцгээнэ үү. Тэдгээр нь манай сургаал, зан үйлийг болон магадгүй одоог хүртэл ойлгомжгүй байгаа зарим зүйлийн тухай ихийг тайлбарладаг.
Бурхан байдаг. Тэрээр өмнө нь амьдарч байсан, ирээдүйд амьдрах бүх сүнсний хайрт Эцэг мөн.
Хүйс бол мөнхийн юм. Бид энэ дэлхий дээр төрөхөөсөө өмнө бүгдээрээ Бурханы оршихуйд эрэгтэй, эмэгтэй сүнс байдлаар амьдарч байсан.
Бид саяхан Ариун сүмийн талбайн Табернаклын найрал дуучид “Би Бурханы зааснаар амьдарна” дууллыг дуулахыг сонслоо. Бурхан Өөрийн бүх сүнсэн хүүхдэд мөнхөд өсөж хөгжих боломж олгохын тулд нэгэн төлөвлөгөөг гаргасан. Уг төлөвлөгөө нь бидний хүн нэг бүрийн хувьд амин чухал.
Уг төлөвлөгөөний дагуу Бурхан энэ дэлхийг хайртай сүнсэн хүүхдүүддээ зориулан мөнх бус оршихуйд төрж, махан биетэй болж, зөв шударга сонголтуудыг хийснээр мөнхөд өсөж хөгжих боломжийг олгох газар болгон бүтээсэн.
Бид мөнх бус оршихуй дахь сонголтыг утга учиртай байлгахын тулд сайн, муугийн хүчний хооронд тэмцэн байж уг сонголтыг хийх хэрэгтэй байлаа. Эсрэг тэсрэг тал байх ёстой байсан ба тиймээс бослого гаргасны учир хаягдсан тэрхүү дайсанд Бурханы төлөвлөгөөний эсрэг үйлдүүлэхээр хүүхдүүдийг нь уруу татахыг зөвшөөрсөн юм.
Бурханы төлөвлөгөөний зорилго бол хүүхдүүддээ мөнх амьдралыг сонгох боломж олгох явдал байв. Үүнд зөвхөн мөнх бус оршихуйн амьдралыг үзэж туулснаар мөн нас барсныхаа дараах сүнсний дэлхийд өсөж хөгжсөнөөр хүрэх боломжтой байлаа.
Мөнх бус амьдралын явцад бид дайсны хилэнцэт уруу таталтад орсноор бүгд нүгэл үйлдэн бохирдож, эцэст нь үхнэ. Бидний Эцэг Бурхан Аврагчийг буюу Төрсөн Ганц Хүүгээ илгээж, биднийг үхлийн дараа нийтээр нь амилуулан, бодит биеийг өгнө гэсэн төлөвлөгөөнд нь бид найдаж, тэдгээр сорилтыг хүлээн зөвшөөрсөн. Аврагч тавьсан нөхцөлийг нь хангасан бүх хүнийг нүглээс цэвэршүүлэн, төлөөсийг нь төлөх цагаатгалыг хийх байлаа. Тэдгээр нөхцөлд Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг болон санваарын эрх мэдлээр хийгддэг ёслолууд орох байв.
Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөө бидэнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүлээн авах боломжтой мөнхийн шударга ёс, нигүүлсэл хоёрын төгс тэнцвэрийг хангаж өгдөг. Энэ нь мөн бидэнд Христэд шинэ бүтээл болон өөрчлөгдөх боломжийг олгодог.
Биднийг хайрладаг Бурхан бидний хүн нэг бүрд тусламжийн гараа сунгадаг. Бурханы хайраар мөн Төрсөн Ганц Хүүгийнх нь Цагаатгалаар дамжуулан “Түүний сайн мэдээний хууль, ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдгийг бид мэднэ” (Итгэлийн тунхаг 1:3; тодотгол нэмсэн).
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг гэр бүл дээр төвлөрсөн Сүм гэдгээр нь зүй ёсоор мэддэг. Гэвч бид гэр бүл дээр төвлөрснөөр мөнх бус амьдралын харилцаа холбооноос илүү зүйл дээр төвлөрдөг гэдгийг тийм ч сайн ойлгодоггүй. Мөнхийн харилцаа холбоо нь манай шашны номлолын үндэс суурь билээ. “Гэр бүл Бурханаас заяагддаг.” Биднийг хайрладаг Бүтээгчийн агуу төлөвлөгөөний дагуу Түүний сэргээгдсэн Сүмийн зорилго бол Бурханы хүүхдүүдийг селестиел хаант улсад өргөмжлөлд хүргэхэд туслах явдал юм. Үүнийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын мөнхийн гэрлэлтээр дамжуулан хүртэх боломжтой (Сургаал ба Гэрээ 131:1–3-ыг үзнэ үү). Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” мөн “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханы мөнхийн төлөвлөгөөний салшгүй хэсэг” хэмээх Их Эзэний сургаалыг бид баталж байна.
Эцэст нь, Бурханы хайр агуу тул өөрсдийн хүслээр мөхлийн хөвгүүд болсон цөөн хэдээс бусад бүх хүүхдэдээ Тэрээр гайхамшигт хувь заяаг өгсөн билээ. “Түүний бүх хүүхдэд” нас барсан бүх хүн ордог бөгөөд бид ариун сүмдээ тэднийг төлөөлөн ёслолуудыг гүйцэтгэдэг. Есүс Христийн Сүмийн зорилго бол Өөрийн хүүхдүүдийг хамгийн дээд алдар суу буюу мөнх амьдралд бэлтгэх явдал юм. Тэрээр үүнээс хүртэхийг хүсэхгүй буюу шаардлага хангахгүй хүмүүст зориулан өөр, алдар суугийн доод түвшний хаант улсуудыг өгсөн.
Эдгээр мөнхийн үнэнийг ойлгодог хэн ч бай, яагаад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид боддог зүйлээ бодож, хийдэг зүйлээ хийдэг болохыг ойлгож болно.
III.
Одоо би зөвхөн Бурханы төлөвлөгөөг авч үзсэнээр ойлгох боломжтой эдгээр мөнхийн үнэн амьдралд хэрхэн хэрэгждэг талаарх зарим жишээг дурдъя.
Нэгд, бид хувь хүний сонголтыг хүндэлдэг. Ихэнх хүн АНУ-д болон дэлхий даяар шашны эрх чөлөөг дэмжихийн тулд сэргээгдсэн Сүмийн гаргадаг асар их хүчин чармайлтыг мэддэг. Эдгээр хүчин чармайлт дан ганц бидний ашиг сонирхлыг дэмждэггүй, харин Түүний төлөвлөгөөний дагуу Бурханы бүх хүүхдэд сонгох эрхээ эдлэхэд нь туслахыг эрэлхийлдэг.
Хоёрт, бид бол номлогчид. Заримдаа биднээс яагаад номлогчдоо тийм олон орон руу, бүр Христийн шашинтай улс орон руу хүртэл явуулдгийг асууж байсан. Түүнчлэн биднээс яагаад Сүмийн гишүүн бус хүмүүст олон сая долларын хүмүүнлэгийн тусламж өгдгийг мөн яагаад энэ тусламжаа номлолын ажилтайгаа холбодоггүйг асуудаг. Бид мөнх бус бүх хүн Бурханы хүүхэд, бидний ах, эгч гэдэгт итгэдэг тул мөн өөрсдийн сүнслэг болон материаллаг эд баялгаас бүх хүнтэй хуваалцахыг хүсдэг тул үүнийг хийдэг.
Гуравт, бидний хувьд мөнх бус амьдрал үнэ цэнтэй. Бид Бурханы төлөвлөгөөнд итгэдэг тул үр хөндөх, өвчтөний амь насыг зориуд таслахыг эсэргүүцдэг.
Дөрөвт, зарим нь гэрлэлт, үр хүүхдүүдийн талаарх Сүмийн байр суурьт гайхдаг. Уламжлалт гэрлэлтээс татгалзан, хүйсийг хольж хутган, өөрчилж, эрэгтэй, эмэгтэй хүний ялгааг арилгах өөрчлөлтийг хий гэсэн одоогийн нийгмийн болон хууль эрх зүйн дарамт шахалтын эсрэг байр суурин дээр зогсохыг Бурханы илчилсэн авралын төлөвлөгөөний талаарх бидний мэдлэг шаарддаг. Бид эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын харилцаа, мөн чанар, үүрэг хариуцлага Бурханы агуу төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд амин чухал гэдгийг мэднэ.
Тавд, түүнчлэн бидэнд үр хүүхдүүдийн талаарх өөрсдийн гэсэн үзэл байдаг. Бид үр хүүхдээ тээж, өсгөн хүмүүжүүлэх нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд энэ нь үүнд оролцох хүчийг өгсөн хүмүүсийн хувьд баяр баясгалант, ариун нандин үүрэг хэмээн үздэг. Мөн газар дэлхий дээр болон тэнгэр дэх хамгийн үнэт эрдэнэс бол бидний хүүхдүүд болон бидний үр удам хэмээн бид үздэг. Тиймээс бид хүүхдийн буюу бүх хүүхдийн хөгжил дэвшил, аз жаргалын төлөө хамгийн сайн сайхан нөхцөлийг бүрдүүлэх зарчим, зан үйлийг зааж, үүний төлөө тэмцэх ёстой.
Эцэст нь, бид Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхдүүд бөгөөд Тэрээр бидэнд эрэгтэйлэг, эмэгтэйлэг байх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт, хүүхэд тээж, өсгөн хүмүүжүүлэх зэрэг нь бүгд Түүний аз жаргалын төлөвлөгөөнд амин чухал үүрэг гүйцэтгэдэг гэж заасан. Эдгээр үндсэн зарчмын талаарх бидний байр суурь Сүмийн эсрэг байнгын эсэргүүцлийг бий болгодог. Бид ч үүнээс зайлсхийх боломжгүй гэж үздэг. Эсрэг тэсрэг байдал бол төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд Сатаны хамгийн хүчтэй эсэргүүцэл Бурханы төлөвлөгөөний хамгийн чухал гэсэн зүйл рүү чиглэсэн байдаг. Тэр Бурханы ажлыг нураахыг эрэлхийлдэг. Түүний үндсэн арга бол Аврагчийг болон Түүний бурханлаг эрх мэдлийг үгүйсгэх, Есүс Христийн Цагаатгалын үр нөлөөг арилгах, наманчлалд саад учруулах, хуурамч илчлэлт өгөх, хувь хүний хүлээх үүргийг үгүйсгэх зэрэг юм. Тэр мөн хүйсийг будлиулан, гэрлэлтийг гажуудуулж, үр хүүхэд тээхийг, ялангуяа эцэг эхийг үнэнд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийг болиулахыг эрэлхийлдэг.
IV.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаалын дагуу амьдрахыг хичээдэг бид зохион байгуулалттай, байнгын эсэргүүцэлтэй тулгарах ч Их Эзэний ажил урагшилсаар байх болно. Эдгээр эсэргүүцлийн доор бүдчих хүмүүст би дараах гурван зөвлөгөөг өгөх гэсэн юм. Тухайлбал:
Наманчлах зарчим нь Есүс Христийн Цагаатгалын юутай ч зүйрлэшгүй хүчээр боломжтой болсныг сана. Ахлагч Нийл А.Максвэлл “өөрсдийгөө өөрчлөхийн оронд Сүмийг өөрчлөхийг хичээдэг хүмүүстэй” бүү нэгд хэмээн уриалсан.
Ахлагч Жэффри Р.Холланд
“Олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа. …
… Энэ Сүмд бидний мэддэг зүйл мэдэхгүй зүйлээс маань илүү чухал юм” хэмээн хэлсэн.
Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь сайн мэдээний эхний зарчим юм.
Эцэст нь, тусламж эрэлхийл. Манай Сүмийн удирдагчид та нарыг хайрладаг, танд туслахын тулд сүнслэг удирдамж эрэлхийлдэг. Мөн бид гэртээ сайн мэдээг суралцахад зориулсан LDS.org дээрх болон өөр олон эх сурвалжаар хангадаг. Бидэнд хайраар тусламж дэмжлэг үзүүлэхээр дуудагдсан тохинуулагч ах, эгч нар байгаа.
Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг биднийг бүтээлтийн зорилго болох баяр баясгаланг олж аваасай хэмээн хүсдэг. Тэрхүү баяр баясгалант хувь тавилан бол мөнх амьдрал бөгөөд бид манай бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний нэрлэсэнчлэн “гэрээний зам” дээр тууштай, урагш явснаар үүнээс хүртэх боломжтой. Тэр Сүмийн ерөнхийлөгчийн хувьд хэлсэн хамгийн анхны үгэндээ “Гэрээний зам дээрээ үлд. Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно” хэмээн хэлсэн.
Би миний хэлсэн зүйлс үнэн болохыг мөн Бурхан, Мөнхийн Эцэгийн маань агуу төлөвлөгөөний дагуу бүхнийг боломжтой болгосон Есүс Христийн сургаал, Цагаатгалаар дамжуулан энэ бүхнээс хүртэх боломжтой болохыг ёслол төгөлдөр гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.