2010–2019
Эмэгтэйчүүд ба гэр орондоо сайн мэдээнээс суралцах нь
2018 оны 10-р сар


2:3

Эмэгтэйчүүд ба гэр орондоо сайн мэдээнээс суралцах нь

Гэр орондоо сайн мэдээнээс суралцахад илүү онцгой ач холбогдол өгөх Түүний ажилд хэрхэн голлох үүрэг гүйцэтгэхийг Аврагч төгс үлгэрлэн харуулсан юм шүү.

Хайрт эгч нар аа, та нартайгаа уулзахад гайхалтай сайхан байна. Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сэтгэл догдлуулам цаг үе билээ. Их Эзэн амласан ёсоороо Сүмийнхээ дээр мэдлэгийг юүлж байна.

Та нар Түүний юу хэлснийг санаж байгаа. “Хуйлрагч уснууд хэр зэрэг удаан цэвэр биш үлдэж чадах билээ? Ямар хүч тэнгэрийг зогсоох билээ? Түүнчлэн Миссури мөрний жам ёсны урсгалыг хүмүүн өчүүхэн гараа урагш сунган зогсоох буюу эсвээс үүний урсгалыг эргүүлэх лугаа адил Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн тэргүүн дээр тэнгэрээс доош юүлэгдэх Бүхнийг Чадагчийн мэдлэгт саад учруулж чадна гэж үү?”

Их Эзэний мэдлэгээ хуваалцаж буй орчин үеийн арга замын нэг хэсэг нь хүмүүсийнхээ оюун санаа, зүрх сэтгэлд мөнхийн үнэнээ яаравчлан юүлэхтэй нь холбоотой. Тэрээр уг ер бусын яаравчлуулах ажилд Тэнгэрлэг Эцэгийн охид голлох үүрэг гүйцэтгэнэ гэдгийг маш тодорхой хэлсэн. Тэрээр гэрт болон гэр бүлдээ сайн мэдээг заахад илүү их ач холбогдол өгөхөд Өөрийн амьд бошиглогчийг удирдан чиглүүлж байгаа нь энэхүү гайхамшгийн нэг нотолгоо юм.

“Итгэлтэй эгч нар Их Эзэнд Өөрийн гэгээнтнүүдийн дээр мэдлэгийг юүлэхэд хэрхэн туслах гол хүчин зүйл болох вэ?” гэж та асууж магадгүй. Их Эзэн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээр хариултыг нь өгсөн. Та нар үүнийг мэддэг байж болох ч Их Эзэн одоо болж байгаа эдгээр сэтгэл догдлом өөрчлөлтийг урьдчилан харсан гэдгийг ойлгож, шинэ өнцгөөс харах байх. Уг тунхагт Тэрээр “Эхийн үндсэн үүрэг нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх явдал юм” хэмээн эгч нарт гэр бүл доторх сайн мэдээний үндсэн сургагч болох үүргийг өгсөн байдаг. Үүнд сайн мэдээний үнэн ба мэдлэгээр өсгөн хүмүүжүүлэх явдал орно.

Тунхаг цааш нь “Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” хэмээн үргэлжилдэг. Тэд сүнслэгээр өсөж хөгжин, мэдлэг хуримтлуулах эн тэнцүү чадавхтай эрх тэгш хамтрагчид байж, нэг нэгэндээ тусалснаар нэгдэн нийлдэг. Тэд хамтдаа өргөмжлөгдөх эн тэнцүү тэнгэрлэг хувь заяатай бөгөөд үнэндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс тус тусдаа өргөмжлөгдөж чадахгүй.

Тэгвэл энэхүү нэгдмэл, эн тэнцүү харилцаанд яагаад зөвхөн Бурханы охид бид бүхний авах ёстой хамгийн чухал шим тэжээл болох тэнгэрээс ирэх үнэний мэдлэгээр өсгөн хүмүүжүүлэх үүрэгт голлох байр суурь эзэлдэг юм бэ? Миний харж байгаагаар, дэлхий дээр гэр бүл үүссэн цагаас эхлэн энэ нь Их Эзэний арга зам байсаар ирсэн.

Жишээлбэл, Адамыг Бурханы бүх зарлигийг сахиж мөн гэр бүлтэй болохын тулд мэдлэгийн модны жимснээс хүртэх ёстой гэдэг мэдлэгийг Ева хүлээн авсан юм. Яагаад Ева энэ мэдлэгийг хамгийн түрүүнд хүлээн авсныг би мэдэхгүй ч уг мэдлэг Адам дээр юүлэгдэх үед Адам, Ева хоёр төгс нэгдсэн.

Эмэгтэйчүүдийн өсгөн хүмүүжүүлэх бэлгийг ашиглаж байгаа Их Эзэний нэг жишээ бол Хиламаны хөвгүүдийг хүчирхэгжүүлсэн арга зам юм. Энэ түүхийг уншихад, намайг цэрэгт явахаар гэрээ орхих үед ээжийн минь чанд итгэлтэй хэлсэн намуухан үгс санаанд орж, өөрийн эрхгүй хоолой минь зангирдаг.

Хиламан

“Хэрэв тэд эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт тэд эхчүүдээрээ сургагдсан байлаа.

Мөн тэд эхчүүдийнхээ үгсийг надад давтаж, хэлсэн нь: Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна” хэмээн цэдэглэсэн байдаг.

Би өсгөн хүмүүжүүлэх голлох үүрэг хариуцлагыг итгэлтэй эгч нарт өгсөн Их Эзэний бүх учир шалтгааныг мэдэхгүй ч энэ нь та нарын хайрлах чадавхтай холбоотой гэдэгт итгэдэг. Өөрийнхөөсөө илүү хэн нэгний хэрэгцээг мэдрэхэд агуу хайр шаардагддаг. Энэ нь өсгөн хүмүүжүүлж байгаа хүнээ Христийн цэвэр хайраар хайрлаж буй хэрэг юм. Энэхүү энэрлийн мэдрэмж нь Есүс Христийн Цагаатгалын үр нөлөөг хүртэх эрх бүхий өсгөн хүмүүжүүлэгч байхаар сонгогдсон хүнээс төрөн гардаг. Ээжийн маань үлгэрлэн харуулсан Халамжийн нийгэмлэгийн “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” гэх уриа сүнслэгээр өдөөгдсөн мэт санагддаг.

Бурханы охидын хувьд та бүхэнд бусдын хэрэгцээг мэдэрч, тэднийг хайрлах төрөлхийн, агуу чадавх байдаг. Эргээд энэ нь таныг Сүнсний шивнээг илүү сайн мэдрэх чадвартай болгодог. Хүмүүсийг өсгөн хүмүүжүүлэхийн тулд юу бодож, юу хэлж, юу хийхийг тань Сүнс удирдаж чадна. Ийн Их Эзэн тэдний дээр мэдлэг, үнэн, эр зоригийг юүлэх болно.

Намайг сонсож байгаа эгч нар та бүхэн бүгдээрээ амьдралынхаа аяллын онцгой хэсэгт байгаа. Зарим нь эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаанд анх удаа оролцож байгаа залуу охид байж болно. Зарим нь Бурханы хүссэн өсгөн хүмүүжүүлэгч байхаар бэлтгэж буй залуу эмэгтэйчүүд байгаа. Зарим нь дөнгөж гэрлээд, хараахан хүүхэдтэй болж амжаагүй байж болно. Аль эсвэл нэг ба түүнээс дээш хүүхэдтэй залуу ээж нар байж магадгүй. Зарим нь өсвөр насны хүүхэдтэй, аль эсвэл хүүхэд нь номлолын талбарт байгаа ээжүүд байгаа. Заримынх нь хүүхдүүд итгэл нь сулраад, гэрээсээ хол амьдарч байж магадгүй. Харин зарим нь итгэлтэй хамтрагчгүй, ганцаараа амьдарч байж болно. Зарим нь эмээ нар байгаа.

Та нарын нөхцөлд байдал ямар ч байлаа гэсэн та ирээдүйд, энэ дэлхийд эсвэл сүнсний дэлхийд Бурханы мөн өөрсдийнхөө гэр бүлийн хамгийн чухал хэсэг юм шүү. Бурханы та нарт өгсөн үүрэг бол Түүний болон гэр бүлийнхээ аль болох олон гишүүнийг хайр, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээрээ өсгөн хүмүүжүүлэх явдал билээ.

Хэнийг, хэрхэн, хэзээ өсгөн хүмүүжүүлэх нь та нарт тулгардаг нийтлэг бэрхшээл бөгөөд та нарт Их Эзэний тусламж хэрэгтэй. Тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлийг мэддэг бөгөөд хэзээ танаар өсгөн хүмүүжүүлэхэд бэлэн болохыг нь мэддэг. Та нарын итгэлт залбирал амжилтын тань түлхүүр байх болно. Та нар Түүнээс удирдамж хүлээн авна гэдэгтээ найдаж болно.

“Миний нэрээр хүлээн авна хэмээх итгэлд итгэн та нар Эцэгээс асуугтун, мөн хүмүүний үрст зүйтэй бүх зүйлүүдийг илэрхийлэх Ариун Сүнс та нарт байх болно” хэмээх урам зоригийг Тэр өгсөн.

Залбирлаас гадна судруудыг нухацтай судлах нь өсгөн хүмүүжүүлэх хүч чадлаа нэмэгдүүлэх нэг хэсэг юм. Ийм нэгэн амлалт байдаг. “Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно.”

Иймээс залбирч, тунгаан бодон, сүнслэг зүйлсийн тухай бясалгахад илүү их цаг гарга. Ингэснээр та нарын дээр үнэний мэдлэг юүлэгдэх бөгөөд гэр бүлийн хүмүүсээ өсгөн хүмүүжүүлэх хүч тань нэмэгдэх болно.

Илүү сайн өсгөн хүмүүжүүлэх талаар суралцах үйл явц тань удаан мэт санагдах үе гарах бөгөөд тэвчээртэй байхад итгэл шаардагдана. Аврагч тань руу энэхүү урам зориг бүхий захиасыг илгээсэн билээ.

“Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг.

Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ; мөн эрмэлзэгчид хийгээд дуулгавартнууд эдгээр эцсийн өдрүүдэд Сионы нутгийн сайн сайхныг зооглох болно.”

Өнөөдөр та энд ирснээр Их Эзэний өсгөн бусдыг хүмүүжүүлэх урилгыг хүлээн авахад бэлэн байгаагаа харуулж байна. Энэ нь энд байгаа хамгийн залуу нэгэнд хүртэл хамаатай. Та нар гэр бүлдээ хэнийг хүмүүжүүлэхээ мэдэж чадна. Хэрэв та чин хүслээр залбирах юм бол тухайн хүний нэр эсвэл царай оюун санаанд тань орж ирнэ. Хэрэв та юу хийх эсвэл юу хэлэхээ мэдэх гэж залбирвал хариулт нь ирнэ. Таныг дуулгавартай дагах бүрд өсгөн хүмүүжүүлэх хүч чадал тань өсөх бөгөөд өөрийн үр хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх тэрхүү өдөрт бэлтгэгдэнэ.

Өсвөр насны хүүхдүүдтэй ээжүүд дуулгаваргүй байгаа хүү эсвэл охиноо хэрхэн өсгөн хүмүүжүүлэх талаар залбирч болох юм. Мөн та нар үр хүүхдийн чинь хэрэгцээг хангаж, тэдэнд сүнслэгээр нөлөөлж чадах хүн хэн болохыг мэдэхийн тулд залбирч болно. Бурхан зовж шаналсан ээжүүдийн чин сэтгэлийн залбирлыг сонсож, хариулдаг бөгөөд тусламжаа илгээдэг.

Мөн өнөө орой энд байгаа эмээ нар үр хүүхэд, ач зээ нарынхаа асуудал, бэрхшээлээс болоод сэтгэл зовнисон байж болно. Та судрууд дээрх гэр бүлүүдийн туршлагаас эр зориг, удирдамж чиглүүлэг авч болно.

Адам, Ева хоёрын үеэс Эцэг Израил хүртэлх, цаашлаад Мормоны Номон дээрх бүх гэр бүлд дуулгаваргүй хүүхдүүдийнхээ төлөө харуусахдаа хийх нэг л баталгаатай арга байсан. Хэзээ ч хайрлахаа больж болохгүй.

Бидэнд Тэнгэрлэг Эцэгийнхээ эсэргүүцэгч сүнсэн хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн Аврагчийн урам зориг өгөхүйц жишээ бий. Тэднийг мөн биднийг алдаа гаргасан үед ч Аврагчийн мутар сунгаастай байдаг. Тэрээр өсгөн хүмүүжүүлэх гээд бүтэлгүйтсэн сүнсэн ах, эгчийнхээ талаар 3 Нифай дээр ийн ярьсан байдаг. “Ай унасан хүмүүс … Израилын угсаа болох та нар, эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би та нарыг хичнээн ч удаа цуглуулж мөн асарсан билээ.”

Аяллынхаа ямар ч үед, гэр бүлийн ямар ч нөхцөл байдалд байсан мөн ямар соёл уламжлалтай байхаас үл хамааран эгч нарт хандан хэлэхэд, гэр орондоо болон гэр бүлийхэндээ сайн мэдээнээс суралцахад илүү онцгой ач холбогдол өгөх Түүний ажилд хэрхэн голлох үүрэг гүйцэтгэхийг Аврагч төгс үлгэрлэн харуулсан юм шүү.

Та энэрлийн төрөлх мэдрэмжээрээ гэр бүл доторх үйл ажиллагаа, дадал хэвшлүүдийг өөрчлөх бөгөөд тэрхүү өөрчлөлт нь илүү сүнслэг өсөлт хөгжлийг авчирна. Та гэр бүлийн гишүүдтэйгээ хамт мөн тэдний төлөө залбирахдаа тэднийг хайрлах Аврагчийн болон өөрийн хайрыг мэдэрнэ. Үүнийг эрэлхийлэх тусам энэ нь улам бүр таны сүнслэг бэлэг болох болно. Таныг илүү агуу итгэлээр залбирах үед гэр бүлийн гишүүд тань таны хайрыг мэдрэх болно.

Гэр бүлээрээ судруудыг чанга уншихаар хамтдаа цуглах үед та тэдгээрийг урьдчилан уншиж, залбирч, өөрийгөө бэлтгэсэн байх болно. Та оюун ухааныг тань гэгээрүүлэх Сүнсний төлөө залбирах цаг мөчийг олно. Таны унших ээлж ирэхэд гэр бүлийн гишүүд тань Бурханыг болон Түүний үгсийг хайрлах хайрыг тань мэдэрнэ. Тэд Түүгээр болон Түүний Сүнсээр тэжээгдэх болно.

Хэрэв та залбирч, төлөвлөсөн бол ямар ч гэр бүлийн цуглаан дээр мэдлэг юүлэгдэх болно. Хичээл зүтгэл, цаг хугацаа шаардах нь мэдээжийн хэрэг ч энэ нь гайхамшгуудыг авчирна. Бага балчир байхад маань ээжийн заасан зүйлийг би санадаг. Төлөөлөгч Паулын аяллыг харуулсан өнгөт газрын зургийг нь би одоо хүртэл оюун санаандаа тээж явдаг юм. Тэр яаж үүнийг хийх цаг зав, хүч чадлыг гаргасан юм бол гэж би гайхдаг. Итгэлтэй төлөөлөгчийг хайрлах түүний хайраар би одоо ч гэсэн адислагдсаар байна.

Та нар Их Эзэний сэргээгдсэн Сүм дэх гэр бүлүүдэд үнэнийг юүлэх ажилд хувь нэмрээ оруулах арга замуудыг олох болно. Та нарын хүн нэг бүр ямар онцгой хувь нэмэр оруулахаа залбирч, судалж, тунгаан бодоорой. Бурханы хөвгүүдтэй хамт нэг буулганд орсон та нар бүгдээрээ Израилын цугларалтыг яаравчлуулж, Их Эзэн Есүс Христийг алдар суутайгаар ирэх тэр мөчид Бурханы гэр бүлийг бэлтгэх буюу сайн мэдээнээс суралцах, үүнийг амьдралдаа хэрэгжүүлэх гайхамшгийн нэгэн чухал хэсэг байх болно гэдгийг би мэднэ. Есүс Христийн ариун нэрээр, амен.