Шархадсан тэд
Дэлхийн саад бэрхшээл хуйларсан үед тэвчээртэй урагш тэмүүл. Мөн Аврагчийн эдгээгч хүч танд гэрэл, ойлголт, амар амгалан, найдвар авчирна.
2016 оны 3-р сарын 22-ны өглөөний найман цаг болохоос өмнөхөн террористийн алан хядагч хоёр тэсрэх бөмбөг Брюсселийн нисэх онгоцны буудалд дэлбэлжээ. Ахлагч Ричард Норби, ахлагч Мэсон Вэллс, ахлагч Жозеф Эмпий гурав Фэнни Клэйн эгчийг Огайогийн Клийвлэндэд хийх номлолд нь үдэхээр нисэх онгоцны буудалд хүргэж өгөөд байв. Тэнд байсан хүмүүсээс гучин хоёр хүн амиа алдсан бөгөөд номлогчид бүгд шархадсан юм.
Хамгийн ноцтой шархадсан нь эхнэр Пэм Норбигийнхоо хамт үйлчилж байсан 66 настай ахмад номлогч, ахлагч Ричард Норби байжээ.
Ахлагч Норби тэр үеийн тухай дурсахдаа:
“Яг тэр мөчид юу болсныг би мэдсэн.
Өөрийнхөө аюулгүй байдлын төлөө би холдон гүйх гэж оролдсон боловч тэр даруй ойччихов. … Зүүн хөл минь нэлээн шархадсан байсныг би харлаа. Хоёр гараас хар өнгийн, бараг л аалзны тор шиг зунгааралдсан зүйл унжиж байхыг би [ажиглав]. Би тэр зүйлийг зөөлхөн татаад, зунгааралдсан зүйл биш, харин миний түлэгдсэн арьс байсныг мэдсэн. Өмссөн цагаан цамц маань ар нуруундаа авсан шархнаас болоод цусанд будагдан улаан болсон байв.
Дөнгөж сая болсон зүйлийн талаар оюун ухаандаа ухаарах мөчид миний байсан газрыг болон дөнгөж сая юу тохиолдсоныг мөн тэр үед миний юу мэдэрч байсныг Аврагч мэдэж байсан … гэсэн маш хүчтэй бодол төрсөн” хэмээн ярьсан юм.
Ричард Норби эхнэр Пэмийнхээ хамт хүнд хэцүү өдрүүдийг даван туулах хэрэгтэй болов. Түүнийг эмнэлгийн аргаар зориуд унтаа байдалд байлгаж байсан ба тэрээр хагалгаа, хурц халдварууд болон ямар ч тодорхойгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг туулсан.
Ричард Норби амьд гарсан хэдий ч амьдрал нь урьдынхаас огт өөр болов. Хоёр жил хагасын дараа түүний шарх бүрэн аниагүй, эдгэрсээр л байсан ба хөлнийнх нь байхгүй болсон хэсгийг бэхэлгээ орлож байв. Мөн түүний хувьд алхам бүр нь Брюсселийн нисэх онгоцны буудал руу очсон тэр үеийн өмнөхөөс огт өөр болжээ.
Энэ зүйл яагаад Ричард, Пэм Норби хоёрт тохиолдсон байж болох вэ? Тэд энэ номлолоосоо өмнө Зааны Ясан Эрэгийн улсад номлолд үйлчилсэн байсан бөгөөд гайхамшигтай сайхан гэр бүлтэй байсан. Хэн ч, “Шударга биш байна! Яав ч ийм юм байж таарахгүй. Тэд Есүс Христийн сайн мэдээнд амьдралаа зориулсаар байтал яахаараа ийм зүйл яаж тохиолдож байна аа?” гэж хэлэх нь ойлгомжтой байх байлаа.
Энэ бол мөнх бус амьдрал билээ.
Нарийн ширийн зүйл нь янз бүрийн зүйл байж болох хэдий ч эмгэнэлт явдал, төсөөлж ч байгаагүй сорилт, хүндрэл бэрхшээл гээд бие махбод, сүнслэг байдлын асуудлуудын аль аль нь бид бүгдэд ирдэг.
Өглөө намайг чуулганы энэ хуралдаанаар үг хэлж буй хүмүүсийн тухай бодож байхад тэдний хоёрынх нь хүүхэд, гурвынх нь ач зээ тэнгэрлэг гэр рүүгээ зуурдаар буцсан болохыг нь мэдсэн. Хэн ч өвчин шаналал, уйтгар гунигаас хэлтрүүлэгдэхгүй. Энэ дэлхий дээрх бидний хайртай нэгэн тэнгэр элч болох Барбара Баллард эгч яг энэ долоо хоногт хөшигний цаад тал руу тайван амгалан одлоо. Ерөнхийлөгч Баллард аа, энэ өглөө таны хэлсэн гэрчлэлийг бид хэзээ ч мартахгүй.
Бид аз жаргалыг эрж хайдаг. Бид амар амгаланг хүсдэг. Бид хайранд найддаг. Мөн Их Эзэн бидний дээрээс арвин их адислалыг цутгадаг. Гэхдээ баяр баясал, аз жаргалтай зэрэгцэн нэг зүйл тодорхой байдаг нь таны бодгаль шархдах он жил, өдөр хоног, цаг, хором мөчүүд тохиосоор байх болно.
Судрууд бид гашууныг болон амттаныг амсах бөгөөд “бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй” хэмээн заадаг. Есүс “[Эцэг тань] Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм” хэмээн айлдсан.
Бодгалийн шарх баян эсвэл ядууд, нэг соёл, нэг үндэстэнд эсвэл нэг үеийнхэнд л нийтлэг байдаг юм биш. Шарх бол энэхүү мөнх бус туршлагаасаа бидний суралцахаар хүлээн авдаг зүйлийн нэг хэсэг юм.
Зөв шударга хүмүүс халдашгүй дархлаатай биш
Миний өнөөдөр та бүхэнд өгөх гэсэн захиас бол, нэн ялангуяа Бурханы зарлигуудыг дагадаг, Бурханд өгсөн амлалтандаа хүрдэг мөн санаанд оромгүй, зовиур шаналал бүхий асуудал, бэрхшээлтэй Норбигийн адил нүүр тулж буй дэлхий даяарх бусад эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулагдаж байгаа юм.
Шарх шаналал нь байгалийн гамшиг, золгүй осол аваар зэргийн улмаас бидэнд ирж болно. Ийм шарх шаналал нь үнэнч шударга хань ижил, үр хүүхдүүдийнхээ амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үнэнч бус эхнэр, нөхрөөс болж ирж болно. Ийм шарх шаналал нь сэтгэл гутралын харанхуй, бүүдгэр байдал, хэлж ирдэггүй өвчин, хайртай хэн нэгнээ цаг бусаар алдах үед мэдрэх шаналал, гэр бүлийнх нь хэн нэгний итгэлээ үгүйсгэсний улмаас ирэх гунихрал, нөхцөл байдал мөнхийн ханийг нь авчирдаггүй үед мэдрэх ганцаардал эсвэл зүрх зүсэм, сэтгэл шаналгасан ”нүдээр харж чадахгүй [гуниг]”-т автсан өөр бусад хэдэн зуун саад бэрхшээлээс болж ирж болно.
Бидний хүн нэг бүр хүндрэл бэрхшээл бол бидний амьдралын нэгээхэн хэсэг гэж ойлгодог хэдий ч хувь хүн бүрийн хувьд бэрхшээл ирэх үед цочирдолд ордог. Бид сандарч түгшихгүйгээр, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Төлөөлөгч Петр “Та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх” хэмээн хэлсэн. Аз жаргал, баяр баясгалангийн хурц тод өнгөтэй зэрэгцээд саад бэрхшээл, эмгэнэл, уй гашуудлын хар бараан өнгө Эцэгийн төлөвлөгөөний сүлжмэл нэхээс болж гүн гүнзгий шингэсэн байдаг. Ийм бэрхшээл хүнд хэцүү хэдий ч олон тохиолдолд бидний агуу багш болдог.
Хиламаны 2060 залуу дайчны тухай гайхамшигтай түүхийг бид ярьж байхдаа “Бурханы сайн сайхны дагуу, мөн бидний үлэмж гайхширал мөн түүнчлэн бүх их цэргийн маань баяслыг төрүүлэн, тэднээс мөхсөн бодгаль нэгээхэн ч байсангүй” гэсэн судрыг эш татах дуртай.
Гэхдээ уг өгүүлбэр “тэдний дунд олон шарх аваагүй нэг ч бодгаль байсангүй” хэмээн үргэлжилдэг. 2060 дайчин бүгд олон шарх авсан бөгөөд бидний хүн нэг бүр амьдралын тэмцэл тулаанд бие махбод, сүнслэг байдлын хувьд эсвэл хоёулангаар нь шархдах болно.
Есүс Христ бол бидний сайн санаат самар хүн
Гэхдээ таны бодгалийн шарх хэдий хэр гүн гүнзгий байсан, ямар учир шалтгаантай, хаана эсвэл хэзээд бий болсон, хэр хэр урт эсвэл богино хугацаагаар үргэлжилсэн байлаа ч та сүнслэг байдлын хувьд мөхөх ёсгүй. Хэзээ ч бүү бууж өг. Та сүнслэг байдлын хувьд давж гаран, итгэлээрээ болон Бурханд найдах найдвараараа дэвжиж цэцэглэхээр төлөвлөгдсөн.
Бурхан бидний сүнсийг Өөрөөс нь хамааралгүй байхаар бүтээгээгүй. Бидний Их Эзэн Аврагч Есүс Христ Цагаатгалынхаа тоо томшгүй бэлгээр дамжуулан биднийг үхлээс аварч, наманчлалаар дамжуулан бидний гэм нүглийн өршөөлийг санал болгодог төдийгүй бидний шархадсан бодгалиудын гуниг хийгээд шаналлаас аврахад бэлэн зогсож байдаг.
Аврагч бол бидний сайн санаат самари хүн бөгөөд “шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээхээр” илгээгдсэн. Бусад хүн бидний хажуугаар өнгөрөн явах үед Тэрээр ирдэг. Тэрээр биднийг хайрлан энэрч, шархан дээр маань эдгээгч гавраа тавьж, боодог. Тэр биднийг өргөн авч явдаг. Тэрээр биднийг харж халамжилдаг. Тэрээр биднийг “Надад ир … би [та нарыг] эдгээх ажгуу” хэмээн дууддаг.
“Мөн [Есүс] … бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг [тэвчих болно]; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн [өвчнүүдийг маань] өөр дээрээ авч] … нигүүслээр дүүргэгдэж болохын тулд [юм].”
Маш их шаналж зовж байх үед нь Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “Эдгээр бүх зүйлс чамд туршлага суулгах болно мөн чиний сайн сайхны төлөө байх болно” хэмээн хэлсэн. Өвчин шаналал авчирсан шарх хэрхэн бидний сайн сайхны төлөө байж болох билээ? Дэлхийн саад бэрхшээл хуйларсан үед тэвчээртэй урагш тэмүүл. Мөн Аврагчийн эдгээгч хүч танд гэрэл, ойлголт, амар амгалан, найдвар авчирна.
Хэзээ ч бүү бууж өг
Бүх зүрх сэтгэлээрээ залбир. Есүс Христэд болон Түүнийг бодит гэдэгт мөн Түүний ач ивээлд итгэх итгэлээ хүчирхэгжүүл. Түүний “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно” хэмээн хэлсэн үгнээс зууран барь.
Наманчлал бол сүнсний хүчтэй эм гэдгийг сана. Зарлигуудыг дага. Аврагчийн “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ” хэмээн амласныг санан, Тайвшруулагчийг хүлээн авахуйц зохистой бай.
Ариун сүм дэх амар амгалан нь шархадсан бодгалиудад тайвшруулагч гавар болдог. Их Эзэний өргөөнд аль болох ойр ойрхон ирж, шархалсан зүрхээ мөн гэр бүлийнхнийхээ нэрсийг авч очиж бай. Ариун сүм мөнх бус амьдралын маань богинохон мөчийг мөнх амьдралын өргөн дэлгэц рүү тусгадаг.
Энэ амьдралын өмнөх амьдралдаа та зохистой байснаа нотолсон гэдгээ санаад, эргэн хар. Та бол Бурханы зоригтой хүүхэд бөгөөд Түүний тусламжтайгаар та энэхүү унасан дэлхийн тулалдаанд ялан дийлж чадна. Та үүнийг урьд өмнө нь хийсэн. Одоо дахин хийж чадна.
Урагшаа хар. Танд учирсан бэрхшээл, уй гашуу үнэхээр бодитой боловч мөнхөд үргэлжлэхгүй. Таны харанхуй шөнө өнгөрнө. Учир нь “Хүү жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн бос[сон].”
Норбигийнхон “Бид заримдаа сэтгэлээр унадаг ч энэ байдалдаа үргэлжлүүлэн цааш хэвээр үлдэхийг хэзээ ч зөвшөөрдөггүй” гэж хэлж байсан. Төлөөлөгч Паул “Бид бүх талаараа зовдог боловч, няцардаггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй” хэмээн хэлсэн. Та туйлдаж магадгүй ч, хэзээ ч бүү бууж өг.
Та өөрөө хэдий шархдаж шаналсан ч “хэн Миний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ олно” хэмээх Аврагчийн амлалтад найдан, зөнгөөрөө бусдад туслах болно. Шархадсан бусдыгаа асарч халамжилж байгаа шархадсан хүмүүс газар дэлхий дээрх Бурханы тэнгэр элчүүд юм.
Бид хэдхэн мөчийн дараа бидний хайрт бошиглогч бөгөөд Есүс Христэд итгэх итгэлдээ мятаршгүй хүн, итгэл найдвар, амар амгалангийн нэгэн, Бурханд хайрлагдсан ч бодгалийн шаналал шархнаас хэлтрүүлэгдээгүй ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлэх үгийг сонсох болно.
1995 онд түүний охин Эмили хөл хүндтэй байхдаа хорт хавдартай гэж оношлогджээ. Түүний эрүүл чийрэг хүүхэд мэндлэхэд найдвар тээж, аз жаргал амссан өдрүүд үргэлжлэв. Гэтэл хавдар сэдэрч, тэдний хайртай Эмили нь гучин долоон нас хүрээд дөнгөж хоёр долоо хоногийн дараа, хайртай нөхөр, таван бяцхан үрээ ардаа орхин, энэ хорвоогоос хальжээ.
Түүнийг нас барсны дараахан, ерөнхий чуулган дээр ахлагч Нэлсон “Охиныхоо төлөө илүү ихийг хийж чадсан ч болоосой хэмээх хүсэлтэй минь зэрэгцэн гашуудлын нулимс урсаж байна. Хэрэв надад амилуулалтын хүч байсан бол би [түүнийгээ] буцаан авчрахыг хүсэх байсан. … [Гэхдээ] Есүс Христ тэдгээр түлхүүрийг атгадаг бөгөөд тэдгээрийг Эмилигийн төлөө … бусад бүх хүний төлөө Их Эзэний хүссэн цагт ашиглана” хэмээн аминчлан ярьсан билээ.
Өнгөрсөн сард Пуэрто Рикогийн гэгээнтнүүд дээр айлчилж очин, өнгөрсөн жилийн болсон хар шуурганы учруулсан сүйрлийн талаар санаж, хайр, энэрлээр ярьж байхдаа ерөнхийлөгч Нэлсон:
“[Энэ] бол амьдралын нэгээхэн хэсэг юм. Ийм учраас бид энд байгаа. Бид бие махбодтой болж, туршигдан, соригдохоор ирсэн. Эдгээр туршилт, сорилтын зарим нь бие махбодынх, зарим нь сүнснийх байдаг бол та нарт энд учирсан зовлон бэрхшээл бие махбод, сүнсний аль алиных байлаа.
Та нар бууж өгөөгүй байна. Бид та нараар [маш их] бахархаж байна. Итгэлтэй гэгээнтнүүд та нар маш ихийг алджээ, гэхдээ энэ бүхнийг туулахдаа та нар Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлсэн.
Бурханы зарлигуудыг дагаснаараа бид хамгийн хэцүү нөхцөл байдал дунд ч гэсэн баяр баяслыг олж чадна” хэмээн хэлсэн.
Урсах нулимс бүрийг арчих болно
Ах, эгч нар минь ээ, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх нь та нарт нэмэлт хүч чадал, илүү агуу найдварыг авчрах болно гэдгийг би амлаж байна. Зөв шударга та нарын хувьд бидний бодгалийг Эдгээгч Өөрийн цагт, Өөрийн арга замаар таны бүх шархыг эдгээх болно. Түүний тайвшрал, амар амгалан, өнө удаан үргэлжлэх найдварт хэчнээн гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй, зовиур шаналгаатай байсан ч бүхий л шударга бус байдал, хавчлага шахалт, зовлон бэрхшээл, уйтгар гуниг, өвчин шаналал, шарх сорви багтах бөгөөд Тэрээр биднийг Өөрийнхөө оршихуйд сорвитой мутраа дэлгэн урин залах болно. Тэрхүү өдөр төлөөлөгч Иохан “үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд” болох зөв шударга хүмүүс “Бурханы сэнтийн өмнө … цагаан өмсгөлтэйгөөр” зогсоно. Хурга “[биднийг] хариулах бөгөөд … Бурхан [та нарын] нүднээс урсах нулимс бүрийг арчих болно” хэмээн гэрчилнэ. Ийм өдөр ирэх болно. Би Есүс Христийн нэрээр ийн гэрчилж байна, амен.