2012
Хөрвөгчийн дуудлага
2012 оны дөрөвдүгээр сар


Хөрвөгчийн дуудлага

Би шинэ хөрвөгч байхдаа төгөлдөр хуур тоглож чаддаггүй байлаа. Гэвч салбарын хөгжмийн удирдаачийн дуудлага амьдралыг минь өөрчилсөнд би хэчнээн их баяртай байдаг гээч.

Би 10-тайдаа Финландын Лаппийнрантад баптисм хүртсэнээс хойш удалгүй Сүмийн анхны дуудлагаа авч билээ. Энэ бол 1960 он байсан бөгөөд манай жижигхэн салбарт ариун ёслолын цуглаан дээр дуу хөгжим удирдах хүн маш их хэрэгтэй байлаа. Энэ үүрэгт ажлыг хийхийг надаас хүсэв.

Манай ээж ах бид хоёрыг урлагийн авьяасаа хөгжүүлэхийг дэмждэг ч, би төгөлдөр хуур яаж тоглохыг мэддэггүй байв, тэгээд ч манайд төгөлдөр хуур байсангүй. Гэвч би дуудлагат ажлаа хийхийг хүсч байсан болохоор бид хамтран төлөвлөгөө гаргав.

Энэ дуудлага бид бүгдийн хувьд чухал болохыг гэр бүлийн үдшээр ярилцдаг байлаа. Гэвч манай ээж бага насны хоёр хүүхэдтэй, бэлэвсэн эмэгтэй байсан болохоор төгөлдөр хуур худалдан авч, төлбөртэй хөгжмийн хичээл заалгана гэдэг бүтэшгүй хэрэг болохыг бид мэдэж байв. Бид бүгдээрээ шаардлагатай золиослолыг хийе гэж шийдэв.

Манай гэр бүлийн хийсэн анхны золиослол санхүүгийнх байлаа. Бид хавраас намар хүртэл автобусаар явахгүй, дугуй унаж байя гэж шийдлээ. Манай ах Мартти үүнд их дуртай байв. Иймээс тэр бүр цас, мөсөн дээр ч дугуйгаар онцгой сайн явдаг болж билээ. Би ихэнх хувцсаа худалдаж авахаа больж, юм оёж сурлаа. Бид бас арвич хямгач амьдарч сурав. Хөдөө байдаг өвөөгийнхөө байшингийн ойролцоо ногоо тарьж, өвлийн хүнсээ базаадаг болов. Бидний “амралт” ээжийн маань Швейцарийн Ариун сүм уруу явдаг аян эсвэл гэрийнхээ ойролцоо салхинд гарч зугаалах болж хувирав.

Манай гэр бүлийн хийсэн хоёр дахь золиослол бол цаг хугацаа юм. Бид гэрийн ажлаа хувааж хийн, бусад үйл ажиллагаанууд болон гэрийн даалгавраа хуваарь гарган хийдэг болсноор надад төгөлдөр хуурын дадлага хийх хангалттай цаг гарсан билээ. Золиослол болон шаргуу ажил хөдөлмөрийн улмаас бидний насны бусад хүүхдүүдэд тохиолддог шиг төвөгтэй асуудалд ороолцолдох цаг бидэнд байдаггүй гэж ээж олонтаа ярьдаг байж билээ. Чухамдаа намайг ноотоор тоглож суртал миний дуудлага манай гэр бүлийн дуудлага байсан юм.

Би орон нутгийн нэг сургууль дээр хөгжмийн багшаар хичээл заалгаж эхлэв. Дадлагадаа цаасан даралтуур хөгжим болон сүмийн төгөлдөр хуурыг ашиглана. Хөгжмийн багшаа өөр газар шилжихэд бид төгөлдөр хуурыг нь худалдаж аваад, нутагтаа нэрд гарсан төгөлдөр хуурын багшаар би хичээл заалгах болов.

Дууллуудыг бие даан сурч, салбарын хөгжмийн удирдагчтай хамт удаан дадлага хийсэн. Ноотоо “буруу тоглосон ч,” хүн бүр надад урам хайрлан дэмждэг байлаа. Намайг бүх ноотоо сайн сурч, цээжлэхээс өмнө хүмүүсийн өмнө гарч тоглосныг багш маань мэдээд цочсон гэдэг. Гэвч нэг гараар тоглох нь огт хөжимгүй байснаас дээр биз дээ.

Хөгжмийн хичээлдээ дугуйгаар явна. Өвөл болоход явган юм уу бололцоо гарвал цанаар явна. Ням гараг бүр нэг цагийн өмнө очиж, дадлага хийхийн тулд Сүмийн цуглаанд ганцаараа очно. Агаарын хэм Цельсийн -150-аас доош болсон үед л зөвхөн автобусаар явна. Бороо, цас миний санааг огт зовоодоггүй байлаа. Олон сайхан дууллыг дотроо санаж явдаг болохоор явган явахад цаг хурдан өнгөрнө. Би явган явж байхдаа анхдагчуудтай хамт хээр талыг туулна (“Ирцгээ, ирцгээ, Гэгээнтнүүд ээ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 2-ыг үз), уулын оргил дээр гарна (“Уулын оргил дээр,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 30), хэзээ ч үл шантрах залуустай хамт байна (“True to the Faith [Итгэлдээ үнэнч],” Hymns, дугаар 254). Оростой хаяа нийлэн оршдог дорнод Финляндын энэ нутагт манай гэр бүл ганцаархнаа Хожмын Үеийн Гэгээнтнүүд хэдий ч, дууллуудаас ирдэг энэхүү урам зориг намайг хэзээ ч шантрахад хүргээгүй юм.

Он жилүүд өнгөрөх тусам би төгөлдөр хуураар сайн тоглодог болж, хөгжим миний амьдралд зөвхөн ноотыг зөв тоглохоос илүү чухал зүйл болсон билээ. Цуглаан дээр Сүнс байхын тулд би хөгжмийг залбиран сонгож сурсан. Хамгийн чухал нь, сайн мэдээний тухай миний гэрчлэл хөгжмөөр дамжин ирсэн юм. Хэрэв би ямар нэг юманд эргэлзвэл, дууллуудын үг, захиас, дууллаас төрдөг гайхамшигтай мэдрэмжийг эргэн санадаг. Сайн мэдээний зарчмууд болон ёслолууд үнэн гэдгийг би мэднэ. Тэдгээрийг би шат шатаар, ноот ноотоор сурсан билээ.

Эдгээр зарчмуудад итгэх миний шийдвэр төгс байдал нэг удаа сорилттой тулгарсныг би санадаг. Тэгэхэд би 14-тэй байлаа, усанд сэлдэг, тэгээд бүр Олимпийн тоглолтонд оролцохыг мөрөөддөг байсан гээч. Ням гарагт тэмцээнд оролцдоггүй байсан ч миний чадвар үргэлж өсч хөгжсөөр байлаа. Тэгтэл Mексик хотод болох Олимпийн Тоглолт ойртсон үед нэгэн дасгалжуулагч намайг дасгал сургуулилтанд оролцохыг урив.

Харин сургуулилалт ням гараг бүрийн өглөө ням гарагийн хичээлийн үеэр болох байв. Ням гарагийн хичээлд явалгүй, дасгал сургуулилтаа хийж болох юм биш үү. Учир нь ариун ёслолын оройн цуглаанд оролцох цаг гаргаж болно шүү дээ гэж бодов. Тэгээд автобусны мөнгө хурааж, бүх зүйлээ төлөвлөв. Сургуулилтын өмнөх бямба гарагт төлөвлөгөөнийхөө тухай ээждээ хэллээ.

Ээжийн нүүрэнд гуниг, урам хугаралт илрэхийг харлаа. Гэвч ээж энэ бол чиний өөрийн чинь шийдвэр гэдгийг хэлээд юу зөв болохыг надад заасан юм. Тэр шөнө “Choose the Right [Зөвийг сонго]” (Hymns, дугаар 239) дууллын үг миний санаанаас гарсангүй. Тэр дууллын үг миний толгойд эвдэрсэн пянз тоглуулагч шиг дахин дахин сонсогдсоор байсныг яана.

Ням гарагийн өглөө би усан сэлэлтийн цүнхээ нэг гартаа, хөгжмийн цүнхээ нөгөө гартаа барин, ээж намайг сүм уруу явж байгаа юм байна гэж бодог гээд гарч явлаа. Гадаа гараад автобусны буудал уруу явав. Усан сэлэлтийн бассейн уруу явдаг автобусны зогсоол гудамжны наад талд, харин цуглааны байр уруу явдаг автобусны зогсоол гудамжны нөгөө талд байдаг байлаа. Хүлээж зогстол нэг л дургүй хүрээд явчихав. “Have I Done Any Good?” (Би сайн юм хийсэн үү?) дууллын хөгжим санаанаас гарахгүй, чихэнд сонсогдсоор байлаа. Энэ дууллыг (Hymns, дугаар 223) тэр өдрийн ням гарагийн хичээлээр дуулахаар төлөвлөсөн байлаа. Энэ дуулал хэцүү айзам, утга уянгын нарийн хөг ая, өндөр нооттой болохоор сайн удирдаачгүй бол дуулахад эвгүй байж болохыг би туршлагаасаа мэдэж байлаа.

Яая даа байз хэмээн эргэлзэж байтал хоёр чиглэлийн автобус хоёулаа хүрээд ирэв. Усан бассейн уруу явдаг автобус намайг хүлээн зогстол сүм уруу явдаг автобус бас зогсоод намайг гайхсан янзтай харав. Учир нь намайг үргэлж энэ автобусаар явдгийг жолооч нь мэднэ. Бид бүгдээрээ хэдэн хором бие биенээ ширтэн харлаа. Би ер нь юу хүлээж байсан хэрэг вэ? Ингээд би Их Эзэнийг сонголоо (“Хэн Их Эзэний талд байна вэ? Дууллын ном, 260-р дууллыг үз).” (Hymns, дугаар 260). Их Эзэн намайг хаашаа явахыг хүснэ, би тийшээ явахаар амласан (“Хаа ч дуудсан би үйлчлэх болно,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 46-г үз). Зарлигуудыг сахих шийдвэрээ гаргаад удаж байна (“Keep the Commandments [Зарлигуудыг сахь],” Hymns, 303-р дууг үз).

Аль автобусанд суухаа шийдэхээс өмнө би нэг л мэдэхэд гудамж гатлан, нөгөө автобусны жолооч уруу даллан ухаан жолоогүй гүйж байв. Мөнгөө төлөөд сүмийн зүг хөдөлсөн автобусны ар тал уруу очиход дэлхийд нэрд гарсан сэлэгч болох мөрөөдөл минь замхран алга болсон юм шиг санагдаж билээ.

Тэр өдөр Сүнсийг мэдэрсэн учраас намайг уйлж байна гэж хүн болгон бодсон гэдэг. Харин би хүүхэд насны минь мөрөөдөл нуран унасны улмаас, бас Хүндэтгэлийн өдөр усанд сэлэхээр завдаж байсандаа ичсэнээс үнэнээсээ уйлсан юм. Гэвч би тэр ням гарагт ч бас түүнээс өмнө ч, дараа нь ч дуудлагаа биелүүлж ирсэн.

Би коллежид явахаасаа өмнө салбарынхаа нэлээд хэдэн гишүүнийг хөгжим удирдаж, төгөлдөр хуур тоглож сургасан. Би коллежид төгөлдөр хуур тоглохоо үргэлжлүүлж, бадралт баг бишгүүрийн хичээл заадаг байв. Усанд сэлэлтийн тэмцээнд оролцох хүслээ орхисон болохоор Латин Америкт очих боломжгүй боллоо хэмээн боддог болж билээ. Гэвч Бригам Янгийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсны дараа Колумбид номлолд үйлчлэв. Номлолд байхдаа төгөлдөр хуурын хичээл заадаг байлаа. Миний заадаг байсан Гэгээнтнүүд хөгжмийн бэлэгтэй үлдээсэй хэмээн хүсдэг байлаа. Колумбын хүүхэд залуучууд төгөлдөр хуур тоглож сурахын тулд аагим халуун наранд хэдэн км газар явган явдаг байлаа. Тэд ч бас хоёр гараараа тоглож суртлаа нэг гараараа тоглодог байсан. Бас тэд төгөлдөр хуур тоглож сурахаар чармайхдаа надаас илүү золиослол хийсэн юм.

Намайг баптисм хүртсэнээс хойш эдүгээ 50 гаруй жил өнгөрчээ. Би Финлянд дахь гэрээсээ олон удаа хол газар явж үзсэн ч, хаашаа ч явсан хэн нэгэнд зориулж дуулал тоглох хэрэг үргэлж гардаг байлаа. Бүх хүмүүст адилхан ойлгогддог хөгжмийн хэл олон газар оронд харилцан ойлголцол, хайрын гүүр болж байна.

Өнөөдөр миний гар удаан хөшүүн, бэртэнгэтэй болж, миний халааг олон чадварлаг хөгжимчин аваад байна. Ээж минь Сүмд өнгөрүүлсэн миний хүүхэд ахуй насны жилүүдийг, хийсэн олон золиослол, олон км явган явдаг байсныг, бас миний золиосолсон зүйлсийг эргэн санаад олонтаа гунигтай байдаг. Хүйтэн цаг агаар миний бэртэнгэд нөлөөлөхвий гэж ээж минь айдаг. Гэвч хийсэн олон золиослолынхоо энэхүү сануулагчийг хараад би баяртай байдаг. Баяр баясгалан, уй гашуугаа хөгжимтэй холбож, хөгжим тоглож байхдаа сэтгэлдээ инээж, уйлж сурсан юм.

Тэнгэрлэг Эцэг болон миний удирдагчид ийм төвөгтэй ажил үүргийг гүйцэтгэхийг бага насны охиноос хүссэнийг бодоход зүрх сэтгэл минь талархлаар дүүрдэг билээ. Миний дуудлага сайн мэдээний тухай бат бөх ойлголттой болох, хөгжмөөр дамжуулан Сүнсийг мэдрэхэд нь бусдад туслах боломжийг надад олгосон билээ. Шинэ хөрвөгчдөд, бүр төгөлдөр хуур тоглож чаддаггүй бяцхан охидод хүртэл дуудлага хэрэгтэй байдгийн амьд нотолгоо нь би байна. Бурханд боломжгүй юм гэж байдаггүй бөгөөд Өөрийнхөө хүүхэд нэг бүрд зориулсан төлөвлөгөө, зорилго Түүнд байдгийг би анхны дуудлагаараа мэдсэн юм. Би хөгжмөөр дамжуулан Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай гуйвшгүй гэрчлэлтэй болсон хүн.

Зураг чимэглэлийг Майк Малм