Би номлолд явах ёстойгоо мэдэрсэн
Альдо Фабио Морака, Невада, АНУ
Намайг Аргентины Буэнос Айрест баптисм хүртсэнээс хойш хоёр жил зургаан сарын дараа, надад заасан ахлагч нарын нэгнийх нь: “Та бол номлогч гэдгийг би мэднэ” гэж хэлсэн үгс одоо хүртэл миний чихэнд сонсогдсоор байх шиг санагддаг. Зүрх сэтгэлд минь шингэсэн энэхүү мэдрэмж үнэн эсэхийг мэдэхээр залбираад хариуг нь хүчтэй мэдэрснээ би бас санадаг. Би 20-тойдоо номлолд бэлтгэх ёстойгоо мэдсэн.
Гэвч яаж номлогч болох вэ? Надад сайн мэдээг заасан тэнгэр элч шиг тэр залуу эрчүүдтэй би огтхон ч адилгүй шүү дээ. Бас ажлаа яаж орхих юм бэ? Гэртээ эргэж ирсний дараа хаана амьдрах юм бэ? Хүний байшингийн мухрын нэг жижиг өрөө олж, толгой хоргодох гэж хэчнээн зовлоо доо.
Нэг орой гэр уруугаа харьж явтал нөгөөх мэдрэмж, нөгөөх эргэлзээ толгойд дахин орж ирлээ. Гэртээ ирээд шийдвэр гаргая гэж бодоод, тусламж хүсч өвдөг сөгдөн залбирав. Уйтгар гунигт автсан үед хүч чадал өгдөг найз Леандротойгоо уулзах хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж залбирч дуусахад надад төрлөө.
Гэвч шөнө дунд түүнийг сэрээх нь эвгүй байв. Би түүнийг ажилдаа явахаар эрт босдогийг мэдэх учраас тэр үед хаалгыг нь тогшихыг хүссэнгүй. Яах вэ гэж эргэлзсэн ч, түүнтэй уулзах ёстой гэсэн мэдрэмж санаанаас гарахгүй байлаа. Түүнтэй уулзах уу, яах вэ гэж эргэлзэн ацан шалаанд ороод байлаа.
Тэгээд юу ч гэсэн орон сууцны хорооллын хавиар салхинд жаахан алхъя гэж шийдэв. Гэтэл хаалгаа онгорхой орхисноо санаад гэр уруугаа буцлаа. Гэртээ ортол Леандро миний өрөөнд сууж байх нь тэр. Сүнс хүчтэй мэдрэгдэж, амьсгал давчдан, сэтгэл догдолсноос амьсгаагаа дарж ядан, “Чи энд юугаа хийж байгаа юм бэ?” гэж би түүнээс асуулаа.
“Мэдэхгүй ээ. Чамтай уулзмаар санагдаад байхаар нь хүрээд ирлээ” гэж найз маань хэлэв.
Номлолын талаарх эргэлзээгээ би түүнд ярихад тэр гэрчлэлээ хуваалцаж, надад урам хайрлав. Тэгээд номлолын өргөдлөө бөглөхөд надад туслав. Би маргааш өглөө нь өргөдлөө бишопт аваачиж өглөө. Хоёр сарын дараа Аргентины Салта номлолд үйлчлэх дуудлагаа хүлээж авлаа.
Тэр шөнө миний найз Их Эзэний мутарт зэмсэг болсныг би мэднэ. Чин сэтгэлээсээ, үнэн санаа бодолтойгоор хэлсэн залбирлыг Тэнгэрлэг Эцэг сонсож, хариулдгийг би мэднэ.