2012
‘Тэр Амилсан’—Бошиглогчийн гэрчлэл
2012 оны дөрөвдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Тэр Амилсан

Бошиглогчийн гэрчлэл

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Назарын Есүс үхэгсдээс амилсан нь Христийн ертөнцийн ихэд хүсэн хүлээсэн агуу үйл явдал байлаа” хэмээн Ерөнхийлөгч Toмас С.Монсон мэдэгджээ. “Амилалтын үнэн бодит байдал нэг хүнд ч, бүх хүмүүст ч бидний ойлгодгоос илүү дээгүүр амар амгаланг өгдөг юм” (Филиппой 4:7-г үз).1

Ерөнхийлөгч Монсон дараах хэсгүүдэд Аврагчийн Амилалтын тухай өөрийн гэрчлэл, талархлыг хуваалцан, Хүү үхлийг ялсан учраас дэлхийд ирсэн Бурхан Эцэгийн бүх хүүхэд дахин амьдрах болно хэмээн тунхаглажээ.

Мөнх бус байдлын дараах амьдрал

“Бидний хэн нь ч бидний төлөө Христийн Гетсеманид хийсэн зүйлийн ач холбогдлыг бүрэн ойлгож чадахгүй ч, бидний төлөө хийсэн Түүний цагаатгагч золиослолын төлөө миний бие өдөр бүр баярлан талархаж явдаг билээ.

“Эцсийн мөчид Тэр эргэн буцаж болох байсан шүү дээ. Гэвч тэгээгүй юм. Тэрбээр бүх зүйлийг аврахын тулд бүх зүйлээс доогуур амьсгалаа хураасан юм. Тэрбээр ингэснээрээ мөнх бус энэхүү оршихуйн дараах амьдралыг бидэнд өгч, биднийг Адамын Уналтаас буцаан авчирсан юм.

“Миний бие сэтгэл зүрхнийхээ гүнээс Түүнд баярлан талархаж явдаг билээ. Тэр бидэнд хэрхэн амьдрахыг бас хэрхэн үхэхийг заасан юм. Тэр бидний авралыг баттай болгосон юм.”2

Үхлийн харанхуй ангалыг зайлуулсан нь

“Зарим тохиолдолд, жишээ нь, их гай зовлон, өвчин эмгэг, үхэл хагацал нь нигүүлслийн тэнгэр элч лүгээ ирдэг. Гэвч бид ихэнх тохиолдолд үүнийг хүмүүний аз жаргалын дайсан хэмээн үздэг.

“Үхлийн харанхуй ангал нь илчлэгдсэн үнэний гэрлээр эгнэгт зайлуулагдана. ‘Би бол амилалт ба амь мөн’. ‘Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. ’ хэмээн Эзэн хэлсэн билээ.

“Үхлийн дараах амьдралын тухай энэхүү баталгаа, бүр энэхүү ариун баталгаа нь: ‘Амар амгаланг би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгаланг та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” хэмээн шавь нартаа Аврагчийн амласан тэрхүү амгаланг өгч чадна.’”3

Тэр энд байхгүй

“Бидний Аврагч дахин амьдарсан юм. Хүн төрөлхтний түүхийн бүх үйл явдлаас хамгийн гайхамшигтай, хамгийн их тайтгаруулагч, хамгийн их итгэл найдвар төрүүлсэн үйл явдал бол үхлийг даван туулсан ялалт мөн. Гетсемани, Калвари хоёрт болсон тэсэхийн аргагүй бэрх өвдөлт, шаналал ард үлдэж, хүн төрөлхтний аврал баталгаатай болсон билээ. Адамын Уналтаас биднийг эргүүлсэн юм.

Христийн Амилалтын өглөө хоосон байсан булш, ‘Хэрэв хүн үхвэл тэрээр амьдрах уу?’ гэсэн Иовын асуултын хариу болсон билээ. Хэрэв хүн үхвэл тэр дахин амьдарна гэдгийг би бүх дуу хоолойгоороо тунхаглаж байна. Бид үүнийг мэдэж байна, учир нь бидэнд илчлэгдсэн үнэний гэрэл байгаа. …

“Хайрт ах, эгч нар минь ээ, Христийн Амилалтын эхний өглөө: ‘Тэр энд байхгүй. Учир нь Тэр амилсан’ хэмээн хэлсэн тэнгэр элчийн үгсээс бид гүнзгий уй гашууд автсан үедээ агуу амар амгаланг мэдэрдэг билээ.’”4

Бүх хүмүүс дахин амьдарна

“Бид инээж, уйлан, ажил хийж, тоглон, хайрлаж амьдардаг. Эцэст нь үхдэг. …

“Хэрэв нэгэн Хүн болон Түүний үүрэг зорилго байгаагүй бол, Назарын Есүс байгаагүй бол бид үхэлд үлдэх байсан. …

“Бурхан амьд гэдгийг миний бие онцгой гэрчийн хувьд бүх зүрх сэтгэл, оюун санааныхаа эрч хүчээр дуу хоолойгоо өргөн гэрчилж байна. Есүс бол Түүний Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Ганц Хүү мөн. Тэр бол бидний Гэтэлгэгч; Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний Зууч билээ. Тэрбээр бидний гэм нүглийг цагаатгахын төлөө загалмай дээр амьсгалаа хураасан юм. Тэрбээр Амилалтын анхны үр жимс болсон билээ. Тэр амиа өргөсөн учраас бүх хүмүүс дахин амьдрах болно.”5

Хувийн гэрчлэл

“Үхэл дийлэгдэж, булш ялагдсан гэдэг хувийн гэрчлэлээ би тунхаглаж байна. Эдгээр зүйлсийг хэрэгжүүлсэн Түүгээр ариун болгогдсон үгс бүх хүмүүст үнэн бодит мэдлэг болох болтугай. Эдгээр үгсийг санагтун. Эдгээр үгст баярлагтун. Эдгээр үгсийг хүндэтгэгтүн. Тэр Амилсан.6

Эшлэл

  1. “Тэр Амилсан,” Лиахона, 2003 оны 4-р сар, 7.

  2. “At Parting,” Лиахона, 2011 оны 5-р сар, 114.

  3. “Now Is the Time,” Лиахона, 2002 оны 1-р сар, 68; мөн Иoхан 11:25–26; 14:27-г үз.

  4. “Тэр Амилсан,” Лиахона, 2010 оны 5-р сар, 89, 90; мөн Иoв 14:14; Maтай 28:6-г үз.

  5. “Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ!” Лиахона, 2007 оны 5-р сар, 24, 25.

  6. Лиахона, 2003 оны 4-р сар, 7.

Энэ захиасаас заах нь

Ерөнхийлөгч Монсонгийн захиас дахь эшлэлүүдээс хуваалцсаны дараа Христийн Амилалтын баярын жинхэнэ утга учрын талаарх түүний гэрчлэлийг ажигла. Гэр бүлийн гишүүдээс дараах асуултуудыг асуу: “Амьд бошиглогч эдгээр үнэнүүдийн талаар гэрчилсэн нь та нарын хувьд ямар учир холбогдолтой вэ? Та эдгээр үнэнүүдийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?” Та үүн дээр өөрийн гэрчлэлийг нэмж болно.

Томас эргэлзсэн нь, Карл Хейнрих Блок