2012
Хүн болгон Блекийг танина
2012 оны дөрөвдүгээр сар


Хүн болгон Блекийг танина

Хоноура “Блек” Бонеет-д сагсан бөмбөгнөөс өөр бодох юм байдаггүй гэхэд болно. Блек 15-тай байхдаа Францын Полинезид энэ орны насанд хүрэгчдийн хамгийн шилдэг багийн хамгийн шилдэг, өсч яваа тоглогчдын нэг болон тодорчээ. Хэдийгээр түүний хоч нь блак (black-хар) гэсэн англи үгийн алдаатай бичлэг ч түүний гоц авьяасанд ямар ч алдаа байхгүй.

Гэвч тэр илүү ихийг, тухайлбал Европт мэргэжлийн сагсан бөмбөг тоглохыг хүсдэг байв. Түүгээр ч зогсохгүй Өмнөд Номхон Далайн Тоглолтоос алтан медаль авахыг хүсдэг байсан гэнэ.

Амжилтанд хүрэх замд нь зөвхөн Сүм л саад болж байгаа мэт түүнд санагддаг байж.

Номлолд үйлчилсэн нь

Тэр үед түүний тоглодог багийг Сүм ивээн тэтгэдэг байсан ч, Блек Сүм эсвэл номлолд үйлчлэх чадвартай, зохистой залуу эрэгтэй бүрт зориулсан бошиглогчийн дуудлагыг бараг сонирхдоггүй байлаа.

Тэр номлолд явахгүй гэдгээ бишоптоо хэлсэн гэнэ. Хэрэв тэр бүтэн хоёр жилийг алдах юм бол, яаж мэргэжлийн сагсан бөмбөг тоглох юм бэ?

Хамгийн гол нь, Өмнөд Номхон Далайн Тоглолт дөрвөн жил тутам буюу түүнийг номлолд үйлчилж байх үеэр болох нь байна шүү дээ. Бас Тахитийн Сагсан Бөмбөгийн Холбоо үндэсний шигшээ багт түүнийг тоглуулах сонирхолтой байгаа. Блекийг биеэ тоож эхлэх бүрд: “Хүн болгон Блекийг танина, гэвч тэр алтан медаль аваагүй л байна” хэмээн аавынхаа хэлдэг үгэнд цэг тавих боломж эцэстээ түүнд тохиожээ.

Блекийн аав Жин Баптисте дээрх үгийг аятайхан байдлаар хэлдэг байв. Гэвч энэ үг Блекийг галзууруулах шахдаг аж. Аавынх нь энэ үг Тахитийн бүх сагсан бөмбөгийн хорхойтнууд түүнийг мэддэг ч, Блек тэмцээнээс медаль аваагүй байгааг түүнд сануулсан аж. Харин аав нь Өмнөд Номхон Далайн Анхны Тоглолтоос эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд тоглож, алтан медаль авсан ажээ.

Аавынх нь үг буруу гэдгийг нотлох нь Блекийн зорилго байв. Өөр зүйлд зориулах цаг түүнд байсангүй.

Санаа бодол өөрчлөгдөхөд зүрх сэтгэл өөрчлөгдөнө

Блек номлолын тухай боддоггүй ч Сүмийн үйл ажиллагаануудад оролцсоор байлаа. Блек 16-тай байхдаа Сүм дээр болсон бүжгийн үеэр Миранда Маритеражийг бүжгэнд урихаар зориглосон гэнэ. Миранда бол мөн л алтан медаль авахыг мөрөөддөг, сагсан бөмбөг сайн тоглогч байлаа. Аав нь бас л анхны алтан медаль авсан багийн бүрэлдэхүүнд тоглосон ажээ.

Блек түүнийг бүжгэнд урьснаас хойш хэдхэн хором болоод хөгжим нь зогсчихож. Тиймээс тэд дараагийн хөгжим эхлэхэд бүжиглэв. Энэ нь тэр оройн сүүлчийн бүжиг байжээ. Гэвч Блек бүжиг дуусахыг хүссэнгүй.

Блек ариун сүмд гэрлэх, тэр тусмаа ариун сүмд гэрлэхийг хүсдэг гишүүнтэй гэрлэх бодолгүй байлаа. Гэвч тэр дараагийн хоёр жил Мирандатай бүр сайн танилцсан үед дээрх бодол нь өөрчлөгдөж эхлэв. Нэг өдөр Залуу Эмэгтэйчүүдэд зориулан Мирандагийн гэртээ хийсэн нэг зүйл Блекийн анхаарлыг татсан гэнэ. Энэ нь “Би ариун сүмд гэрлэнэ” гэсэн үгс байлаа.

Миранда болон ариун сүмд гэрлэх түүний эргэлтгүй шийдвэр сонирхлыг нь татсан учир Блек бодол санаагаа эргэн харахад хүрсэн ажээ. Тэрээр Сүмд буурь суурьтай хандахаар шийдсэн гэнэ. Түүний энэ шийдвэр амьдралд нь оролцох боломжийг Ариун Сүнсэнд олгосон үйл ажиллагаа уруу хөтөлжээ.

Шийдвэр гаргасан нь

18 насандаа патриархын адислал авахаар бэлтгэх нь түүний гаргасан шийдвэрүүдийн нэг байлаа. Патриарх Блекийг номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэх болно гэсэн үгсээр адислалаа эхлэхэд тэрээр Сүнсийг мэдэрчээ. “Энэ бол Бурхан надаар хийлгэхийг хүсч байгаа зүйл мөн гэдгийг би мэдсэн” гэж тэр хэллээ.

Үндэсний шигшээ баг медаль авах боломжтой байсан ч Блек гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр Бурханы хүсдэг зүйлийг өөрийнхөө хүсдэг зүйлийн түрүүнд тавихаар шийджээ. Ийм шийдвэр гаргах нь амаргүй байлаа. Шигшээ багт тоглооч гэсэн шахалт хүчтэй байлаа. Бурханы хүсэлд захирагдах түүний шийдвэр нэг бус удаа соригдоно гэдгийг Блек удалгүй ойлгов.

Түүнийг Тахитид нэг жил номлогчоор үйлчилсний дараа Сагсан Бөмбөгийн Холбоо ердөө ганцхан сарын хугацаагаар шигшээ багтаа эргэн ирж, тоглооч гэж гуйжээ.

Блекийн номлолын ерөнхийлөгч, тоглолтын дараа эргэн ирж, номлолдоо үйлчлэх нь боломжгүйг ойлгоод, санаа нь зовон, “Хэрэв чи хүсвэл явж болно, харин буцаж ирээд номлолоо үргэлжлүүлнэ гэж байхгүй” гэв.

Блек медаль авахыг хүсч байсан ч, энэ нь бусад бүх зүйлээс илүү гэж бодохоо нэгэнт больжээ. Номлол нь гайхалтай сайхан байлаа. Сагсан бөмбөг тоглох гэж номлолын сүүлчийн жилээ орхихыг хүссэнгүй,

үйлчлэлээ үргэлжлүүлэв.

Баг нь алтан медаль авчээ.

Өөр нэг чухал шийдвэр

Блек номлолоо хүндэтгэлтэйгээр дуусгасны дараа Тахитийн Папийте Ариун сүмд Мирандатай гэрлэж, гал голомтоо бадраасан ажээ. Тэр бас үндэсний шигшээ багт тоглохсон гэж бодно.

Миранда Эмэгтэйчүүдийн Үндэсний Шигшээ Багийн гол хамгаалагч болж, Өмнөд Номхон Далайн тоглолтонд бэлтгэж байлаа.

Гэвч тоглолт ойртох тусам гэр бүлийн энэ хос хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх нь гэдгийг хүчтэй мэдэрч эхэлсэн гэнэ.

Тоглолт болоход жил шахам хугацаа байгаа болохоор Миранда хүүхдээ төрүүлэхээс нэлээд өмнө тоглолтод оролцож болохоор байв. Эмэгтэйчүүдийн баг медаль авах магадлал өндөр байлаа.

Гэвч гэр бүлийн энэ хос өөрсдийн хүслийг Бурханд захируулах нь хувийн ашиг сонирхлоо эрхэмлэснээс илүү их адислал авчирдгийг амьдралаас мэджээ. Тэд анхааралтай судалж үзэн, залбирсны дараа гэр бүлээ эн тэргүүнд тавихаар шийдсэн гэнэ.

1999 онд Мирандаг найман сартай жирэмсэн байхад эмэгтэйчүүдийн баг алтан медаль авчээ.

Хүн болгон Блекийг танина

Блек Миранда хоёр өнгөрсөн арван жилийн турш Францын Полинезид сагсан бөмбөгийг өндөр төвшинд тоглож, үндэсний аварга шалгаруулах болон цомын тэмцээнүүдэд түрүүлж, 2003, 2007 оны тоглолтуудад үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тогложээ.

2011 оны тоглолтуудад хоёул оролцсон бөгөөд Блек энэ удаа эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар ажиллажээ. Миранда болон эмэгтэйчүүдийн баг алтан медаль авсан бол эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль авч, алтан медаль авах гэсэн Блекийн мөрөөдөл биелэгдсэнгүй.

Хэрэв Блек Бурханы хүслийн оронд өөрийнхөө хүслийг биелүүлэхээр зүтгэсэн бол амьдрал нь ямар байх байсан бол гэж заримдаа боддог ажээ.

“Би алтан медаль авсан байж магадгүй. Мэргэжлийн сагсан бөмбөг тоглосон байж магадгүй, үгүй ч байж магадгүй” гэж тэр хэлэв.

Гэвч гэр бүлийн энэ хос гаргасан шийдвэртээ харамсдаггүй ажээ. Тэд одоогийнх шигээ аз жаргалтай байх байсан гэж боддоггүй гэнэ.

“Би ариун сүмд гэрлэсэн. Сайн хань, дөрвөн сайхан хүүхэдтэй болсон. Сүмд идэвхтэй байгаа. Ганцхан сагсан бөмбөг эдгээрийн алийг нь ч надад өгч чадахгүй шүү дээ. Энэ бүхэн бол Их Эзэнийг нэгдүгээрт тавьсны ачаар ирсэн адислалууд” хэмээн Блек ярив.

Их Эзэнийг нэгдүгээрт тавьсан нь аавынх нь егөөдсөн үг буруу байсныг нотолсонгүй, харин энэ үгийг шинэ утгатай болгожээ. Хэдэн жилийн өмнө сагсан бөмбөгийн холбоо ням гараг бүр лигийн тоглолт явуулж байх тухай ярилцахаар клубын ерөнхийлөгч нар цугласан ажээ. Тэдний нэг нь, “Та Блекийг урьсан уу?” гэж асуув.

Уг саналыг Блек хүлээж аваагүй ажээ.

Блек Их Эзэнийг нэгдүгээрт тавьсан учраас эдүгээ хүн болгон зөвхөн түүнийг таньдаг төдийгүй, тэр юунд итгэдгийг бас мэддэг болсон гэнэ.

Хоноура “Блек,” Миранда Боннет хоёр Тахитид олон жилийн турш сагсан бөмбөг тоглож байгаа ажээ.

Блек Миранда хоёрын хувьд спортын амжилт нь өрх гэрийнхээ амьдралыг өнгөтэй өөдтэй авч явахаас бага ач холбогдолтой зүйл болсон юм.

 Тэмдэглэснээс бусад нь Адам К.Өүлсоны гэрэл зураг

Сагсан бөмбөгийн гэрэл зургийг Тамара Ратиета © IRI