Ерөнхий чуулганаас улам ихийг сурч мэдэх нь
Бид ерөнхий чуулганы сүүлчийн хуралдаан дээр “амен” гэж хэлдэг ч, сүнслэг байдлын найр үүгээр дуусдаггүй. Энэ нь чуулган дээр заагдсан сургаалуудыг судалж, амьдралд хэрэгжүүлэх явцад цааш үргэлжилдэг. Бошиглогчид чухам үүнийг хийхэд л олон жилийн турш биднийг хөхүүлэн дэмжсээр ирсэн билээ. Жишээ нь, чуулган дээр хэлсэн үгсийг гишүүд дараагийн зургаан сарын турш ажил үйлс, хэл яриандаа удирдамж болгож байхыг” Ерөнхийлөгч Харольд Б.Лий (1899–1973) уриалан дуудсан юм. “Энэ бол өнөө үед энэ хүмүүст илчлэх ёстой чухал зүйлс хэмээн Их Эзэн үзэж байна” гэж тэр тайлбарлажээ.1
1988 онд Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) “Дараагийн зургаан сард та Ensign сэтгүүлийн чуулганы дугаарыг жишиг бүтээлүүдтэйгээ хамт байлгаж, байнга уншиж байх хэрэгтэй” хэмээн дээрх зөвлөгөөг давтан өгчээ.2
Ерөнхийлөгч Toмас С.Монсон 2008 оны Аравдугаар сарын ерөнхий чуулганы төгсгөлд чуулган дээр хэлсэн үгсийг судлахын ач холбогдлыг дахин нотолсон билээ. Тэрбээр хэлсэн нь: “Энэ ерөнхий чуулганы үеэр сонссон зүйлсээ урт удаан хугацаанд санацгаая. Захиасуудыг Ensign, Лиахона сэтгүүлүүдэд нийтлэх болно. Захиасуудыг судалж, тэдгээрт агуулагдсан сургаалуудыг тунгаан бодохыг би та бүхэнд уриалж байна.”3
Чуулганы захиасуудыг судалж тунгаан бодоод, амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд та юу хийж болох вэ? Сүнсээр нөлөөлөгдсөн үгсийг хүлээж аван, амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслахын тулд зарим зөвлөмжийг доор өгөв:
Сүнсний удирдамж хүлээн авахад бэлтгэ. Та чуулган дээр хэлсэн үгсийг зурагтаар харж, сонсож, уншиж байна уу, ялгаагүй бурханлаг сүнсний нөлөөнд зүрх сэтгэл, оюун ухаанаа нээгтүн. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар сургахдаа, үг хэлэгч хэр зэрэг үр өгөөжтэй заасан нь хамаагүй, “гагцхүү хүлээн авагч нь захиасын агуулга хийгээд Ариун Сүнсний гэрчлэлийг зүрх сэтгэлдээ нэвчтэл шингээх хүсэлтэй байх хэрэгтэй” гэжээ. Сүнсний нөлөөг хүлээн авах нь “өөртөө ирсэн бүхнийг зүгээр аваад байх биш, харин сэтгэл санаа, оюун ухаан, бие бялдрын хүч чармайлт шаарддагийг тэрээр тайлбарласан юм.4
Дараах санаанууд Сүнсээр сурахад бэлтгэхэд тань тусалж чадна:
-
Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авахын тулд цаг гаргахын сацуу анхаарал сарниулахгүй байх орчныг бүрдүүл.
-
Залбирлаар дамжуулан бурханлаг удирдамж эрэлхийл.
-
Хариуг нь эрж буй асуултууд буюу асуудлуудаа жагсаан бич.
Захиасуудыг ойлго. Амьд бошиглогчид, төлөөлөгчид зааж, сануулан, тайлбарлаж, ухуулан гэрчилдэг. Тэдний хэлсэн үгсийг анхааралтай судлах нь захиасуудыг илүү бүрэн дүүрэн ойлгоход тань тусална. Үр өгөөжтэй судлах зарим арга гэвэл:
-
Aсуултууд асуу. Жишээ нь: Энэ захиасаас юуг сурч мэдэхийг Их Эзэн надаас хүсэх бол? Энэ хэлсэн үг сайн мэдээний аль нэг зарчмын тухай эсвэл судрын аль нэг шүлгийн тухай миний ойлголтыг хэрхэн өргөжүүлэх вэ? Сайн мэдээний зарчмуудыг дүрслэхийн тулд ямар түүхүүдийг ашигласан байна вэ? Эдгээрээс би юу сурч болох вэ?
-
Захиасын тоймыг бич. Үг хэлэгч юуг тоймлон өгүүлснийг анхаар. Хэлсэн үгийг хэсгүүд болгон хувааж, товч тоймыг бичин, хэсэг бүрийн гол санааг тайлбарла.
-
Хэлсэн үгэнд ямар хэсгүүд байгааг тогтоо. Сургаал, судар, түүх, сэрэмжлүүлэг, жагсаалт, гэрчлэл, ямар нэг зүйл хийх урилга, зөвлөгөөг дуулгавартай дагаснаас ирэх амлагдсан адислалуудыг ажигла.
-
Хэлсэн үгийг нэгээс дээш удаа уншиж судал. Сайн мэдээний үнэнүүдийн утга учир, ач холбогдлыг бүрэн ойлгохын тулд тэдгээрийг нэгээс дээш удаа уншиж судлах шаардлагатай. Судлах бүрдээ шинээр ойлгож мэдсэн зүйлээ тэмдэглэж бай.
Сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүл. Хэрэв та чуулган дээр хэлсэн үгсийг залбирч судалбал, захиасууд нь амьдралд тань хэрхэн хэрэгжиж байгааг харах болно. Сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхийг Их Эзэн надаас хүсэх үү? Гэр бүл, ажил төрөл, Сүмийн дуудлагад туслах юуг би сурч мэдэв? гэх мэтийн асуултууд чухал өөрчлөлт гаргаж чадахыг та мэдэх болно. Санал бодлоо мартахгүйн тулд тэмдэглэж ав. Та ингэснээр сургаалын дагуу амьдрахад сүнсээр нөлөөлөгдөж, амлагдсан адислалуудыг авах болно.
Ерөнхий чуулган бол Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан хүсэл бодлоо илчилдэг цаг үе юм. Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985), “Мөнх амьдралд хүрэх замыг заадаг үзэл баримтлал болох Сүмийн жишиг бүтээлүүд биш бол, хэчнээн ч уран цэцэн үг хэллэгтэй, яруу сайхан дүрслэлтэй ном зохиол, өгүүлэл таны хувийн номын санд дээгүүр байр эзлэх ёсгүй ”хэмээн сургажээ.5