2012
Тойргийн зөвлөлийн ажил
2012 оны дөрөвдүгээр сар


Тойргийн зөвлөлийн ажил

Хожмын Үеийн Гэгээнтнүүд тойрог, салбарын зөвлөлөөр дамжуулан тусламж хэрэгтэй хүмүүсийн амьдралыг адисалдаг.

2011 оны тавдугаар сарын 22-ны шөнө хангинасан чанга дуут дохиотой зэрэгцэн, их хар салхи АНУ-ын Миссурийн Жоплины төвийг нөмрөн олон орон гэрийг сүйтгэж, олон хүний амийг авч одсон билээ. Жоплины нэгдүгээр тойрог хар салхинд хүндээр нэрвэгдсэн ч бишоп Крис Хоффман болон тойргийн зөвлөл тэр даруйд гишүүдийн аюулгүй байдалд анхаарал тавьж эхэлжээ.

“Бид гамшиг болохоос өмнө тойргийн зөвлөлөөр гамшигт бэлтгэлтэй байх асуудлыг хэлэлцсэн учраас хариу арга хэмжээ авах төлөвлөгөө бэлэн байлаа” гэж тэр ярив. “Бид бас юу хийхээ мэдэхийн тулд Сүнсэнд найдвар тавьж байсан. Эрчим хүчний шонгууд унаж, гар утас ажиллахгүй болсон. Бид залбирч хариу хүлээн чагнаж байтал хариу ирсэн. Ер нь үргэлж ирдэг л дээ. Гишүүд “‘Намайг юу хийхийг та хүсэхсэн бол?’ гэж асуухын оронд ‘За би ийм зүйл хийлээ’” гэж хэлэхийг сонсвол бишоп би баяртай, сэтгэл хангалуун байдаг.

Жоплинд гамшигт хариу арга хэмжээ авсан нь тойргийн зөвлөлийн эв нэгдлийн хүчийг харуулсан юм. “Tойргийн зөвлөлийн хурал бол Сүмийн хамгийн чухал хурлуудын нэг. Учир нь санваартны чуулгын болон туслах бүлгүүдийн удирдагчид бишопын зөвлөлтэй хамтран хэлэлцэж, төлөвлөгөө гаргадаг. … Сүм дэх бүх зөвлөл, хороодоос тойргийн зөвлөл Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд туслахад хамгийн их нөлөө үзүүлдэг гэдэгт би итгэдэг” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Расселл Баллард бичжээ.1

Хайр итгэлээр нэгдэх нь

Эквадорын ширэнгэн ойд алслагдсан бөглүү тосгон Пуэрто Франциско де Орелланад гишүүд хайр, итгэлийн хүчирхэг холбоотой байдаг. Сар тутам болдог салбарын зөвлөлийн хурал тэдний анхаарал, халамжийг харуулдаг. Тэд юуны өмнө хувь хүмүүс, гэр бүлүүдэд, дараа нь хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж байгаад анхаарал төвлөрүүлдэг ажээ. Ингэсэн үед сүнсний удирдамж ирдэг байна.

Олон гишүүдэд ажил олоход нь туслах хэрэгтэй байдаг гэнэ. Гишүүдийн асуудлыг ихэнхдээ орон нутагт шийдвэрлэх боломжтой гэж салбарын зөвлөл үзэж байна. Эрүүл мэнд нь тааруухан бага насны охинтой ганц бие эхийн хэрэгцээг салбарын зөвлөлөөр хэлэлцэхэд Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч тэр эх охинтойгоо ойр байхын сацуу ажил хийх боломж байгаа гэдгийг хэлжээ.

Салбарын зөвлөл ХҮГ Сүмийн ажил эрхлэлтийн төвийн сургалтын материалууд зэрэг Сүмийн нөөц боломжийг ашигладаг байна.2 Тус салбарын нэг гишүүн анги зохион байгуулж хичээл заан, өөр нэг гишүүнд сайн ажил олоход нь тусалсан гэнэ.

Салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Рамиро Райс салбарын зөвлөлийн талаар ийн хэллээ: “Бид бол Их Эзэний мутар дахь зэмсэг. Тэр бидний ажлаар дамжуулан зорилгодоо хүрдэг.”

Ариун сүмд хүрэх зам

АНУ-ын Нью-Йоркийн Ливерпульд Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч Мелисса Фиск тойргийн зөвлөлийн хуралд оролцсоноор зөвлөлийн хүчийг аажмаар ойлгожээ. Тэр цүнхэн доторх тэмдэглэлийн дэвтэртээ хүртэл Нью-Йоркийн Палмира Ариун сүмийн довжоон дээр зогсож буй Хүүхдийн Хэсгийн 28 хүүхдийн зургийг харсан аж. Хүүхдүүд бүгдээрээ хэдгэнэд хатгуулсан байв. Тэр зураг түр хугацаанд анхаарлыг нь хурлаас хөндийрүүлэхэд, тойргийн Хүүхдийн Хэсэг ариун сүмийн газар дээр ариун нандин мэдрэмжийг мэдрэхээр Палмира уруу очсон тэр өдөрт анхаарлаа түр төвлөрүүлжээ. Харамсалтай нь, хүүхдүүд хөнжлөө газарт дэвсэхдээ санаандгүйгээр хэдгэнийн үүрийг хөндсөн ажээ.

Хэдгэнэнд хатгуулсан хүүхэд бүрд анхаарал тавьж зохих арга хэмжээ авсны дараа удирдагчид тэднийг ариун сүмд бүр тулж очихыг урихад хүүхдүүд бүр олон хэдгэнэ байгаа байх гэж айн татгалзав. Тиймээс удирдагчид, эцэг эхчүүд ариун сүм уруу очих замын хоёр талаар эгнэн, хүүхдүүдийг хүрээлэн зогсоход сая тэд зориглон урагш хөдөлжээ.

Мелисса тойргийн зөвлөлийн хуралд анхаарлаа дахин хандуулж, “Хүн болгон ариун сүмд хүрэх замдаа үүн шиг хайрт найз нар, удирдагчдаар хүрээлүүлж болно шүү дээ” гэж бодсон ажээ.

Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч тусламж хэрэгтэй нэг эгчийн талаар: “Тэр өнгөрсөн ням гарагт сүмд ирсэнгүй. Удахгүй болох ариун сүмийн аяллын талаар айлчлагч багш нараар нь түүнд хэлүүлнэ” гэж хэлэхэд Меллиссагийн бодол тасалдсан гэнэ.

“Тэдэнд одоо нэг хүнд асуудал тулгараад байгаа. Би гэрийн багш нартай нь ярилцаж, тэдэнд хэрхэн тусалж болохыг мэдье” гэж ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч нэмж хэлэхэд,

“залуу эмэгтэйчүүд хүүхдийг нь харахад тусалж болно” гэж Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч хэлэв.

Мелисса тойргийн зөвлөлийн гишүүдийн нүүрэнд жинхэнэ хайр энэрэл, санаа тавилт илэрч байхыг хараад, инээмсэглэв. “Их Эзэн хүүхдүүдээ хайрлах, хамгаалах арга замыг бэлтгэсэн юм.” “Нэг арга зам нь тойргийн зөвлөл!” гэж тэр бодлоо.

Дэлхий даяарх Сүмийн удирдагчид Жоплин, Пуэрто Франциско де Ореллана, Ливерпульд болсон шиг тойрог, салбарын зөвлөлөөс ирдэг адислалуудыг нээж олсоор байна. Ийн тэд хүүхдүүдээ адисалж, Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд нь Их Эзэнд туслахын тулд тойрог, салбарын зөвлөлүүдийг ер бусын хүчтэй болгож байна.

Эшлэл

  1. M. Рассел Баллард, Counseling with Our Councils: Learning to Minister Together in the Church and in the Family (1997), 102.

  2. The Career Workshop Participant’s Workbook (item no. 35163) номыг store.lds.org-хаягаар орж үзэж болно, эсвэл Сүмийн Хангамжийн болон Ажил эрхлэлтийн төвүүдээс авч болно.

Зүүн талд: Гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд

Зүүн талд: зураг чимэглэлийг Жошуа Ж.Пөрки