НЭРС ЖИМС ба Мормоны Ном
Сюллен С.Вейлер, Жоржи, АНУ
Хэдэн жилийн өмнө манайх түм түжигнэж, бум бужигнасан, их хөлийн том хотоос нэгэн жижигхэн тосгоны зах дахь хөдөөгийн бяцхан эдлэн газартаа нүүж ирсэн юм. Манай ойролцоо арвин их нэрс ургадаг нэг ферм байлаа. Бид эзнийх нь найз нараар дамжуулан хүссэн л хэмжээгээрээ нэрс хурааж авах зөвшөөрөл олж авлаа.
Бид тэр зун долоо хоног бүрийн хэдэн өглөө машин дүүрэн хувин, шуудай авч очоод, нэрс түүж цагийг тун сайхан өнгөрөөдөг байж билээ. Нэг өглөө манай отгон хүү Хайрам бидэнтэй хамт явах дургүй байгаа юм шиг харагдав. Бид нэг ч нэрс хаялгүй бүгдийг түүсэн болохоор тийшээ дахин явах нь цагийн гарз гэж түүнд санагдсан гэнэ. Хэчнээн олон нэрс үлдчихсэнийг тэр мэдээд гайхахын ихээр гайхаж билээ. Түүний ажиглаагүй өнгөрсөн олон газарт багсайсан нэрс бөөн бөөнөөрөө байв. Бас өмнө нь түүний түүсэн мөчрүүд дээр хүртэл хамгийн их шүүслэг нэрс хэсэг хэсгээрээ үлдсэн байлаа.
Яг тэр үед тойргийн залуучуудын удирдагчид сургуулийн хичээл эхлэхээс өмнө Мормоны Номыг наймдугаар сард уншиж дуусгах даалгаврыг өсвөр насныханд өгсөн байлаа. Хүүхдүүд маань даалгаврыг гэртээ авчирсан болохоор насанд хүрэгчид бид тэдэнтэй нэгдэхээр шийдэв.
Мормоны Номыг тэр жилийн эцэс гэхэд уншиж дуусгасан байх тухай Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн (1910–2008) даалгавартай Ensign сэтгүүл наймдугаар сарын 25-нд ирэхэд бид Мормоны Номоо уншиж дуусгаад байлаа. Бид бошиглогчийн үгийг аль хэдийн дуулгавартай дагасан шүү дээ гэж Хайрам, Жозеф ах дүү хоёр гайхсан гэнэ. Тэгэхэд нь Ерөнхийлөгч Хинкли биднийг энэ номыг өмнө нь хэчнээн ч удаа уншсан бай хамаагүй дахин уншихыг хүссэн байна шүү дээ гэж Сет, Бетани хоёр ах нь тэдэнд сануулсан аж.
“Яагаад тэгсэн юм бол?” гэж хөвгүүд асуулаа. “Бид үг бүрийг гээлгүй уншсан. Бидний уншсан зүйлээс өөр мэдэх ёстой юу тэнд байдаг юм бол?”
Хэдэн хором дуугүй байсны дараа хэн нэг нь нэрсний тухай дурдав. “Бид нэрсийг ганцыг ч орхилгүй бүгдийг түүсэн гэж бодож байсныг санаж байна уу? Гэтэл буцаад очиход зөндөө нэрс үлдсэн байсан биз дээ! Бид олон удаа, бүр саяхан очсон ч, нэрс дандаа л бөөн бөөнөөрөө байсан шүү дээ.”
Энэ хоёр зүйл хоорондоо ямар холбоотой болохыг бид түргэн ойлголоо. Ойролцоох ферм болон түүний сайхан амттай нэрс, Мормоны Ном хоёр үнэнийг шинээр нээх сүнсний тэжээлийн байнгын эх сурвалж юм. Тиймээс бид Мормоны Номыг дахин уншиж эхлэв.
Би бошиглогчийн даалгаврыг аваад Мормоны Номноос өмнө нь олон удаа уншсан зүйлсийг уншсан. Гэхдээ тэдгээрийг шинэ өнцгөөс харж, шинэ нөхцөл байдал, шинэ сорилтын үед хэрхэн хэрэглэхийг ойлгосон. Мормоны Номыг чин сэтгэлээсээ унших бүрд олон шинэ ойлголттой болж, Аврагчид улам ойртдогийг би мэднэ.