2012
Би үхэх нь ээ!
2012 оны дөрөвдүгээр сар


Би үхэх нь ээ!

Рамона Росс, Теннессий, АНУ

Би мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн сувилагчаар амсхийх завгүй ажиллаж байхдаа саяхан мэс засал хийлгэсэн Билл гэгч өвчтөний талаар нэг хүн надтай утсаар ярьж билээ. Түүнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэх ёстой байсан ч тэр тасаг дүүрэн хүнтэй байсан учир манай тасагт шилжүүлсэн юм.

Өвчтөн удалгүй гэр бүлтэйгээ ирлээ. Тэр санаа нь зовсон, бие нь ямар байгаа болон хаана ирснээ сайн мэдсэн янзтай, сэтгэлээр унасан шинж царайд нь харагдахгүй байсанд би тайвширлаа.

Зүрхнийх нь цохилт, цусны даралт, биеийн халууныг үзэж, энэ тухай өөрт нь болон гэрийнхэнд нь хэлсний дараа би өвчний түүхэнд тэмдэглэл хийхээр өрөөндөө орлоо. Үзгээ цаасанд дөнгөж хүргэнгүүд “Өвчтөний өрөө уруу буцаад яв” гэж хэлэхийг сонсоод, бичихээ больж, эргэж харав. Хэн ч байсангүй. Тэгж хэлэх шиг санагдсан юм байх даа гэж бодтол хоёр дахь удаагаа нөгөөх үгсийг чангаар хэлэхийг гэнэт сонслоо.

Биллийн өрөөнд буцаад гүйж ортол хүзүү нь хоёр дахин том болчихсон, хүндээр амьсгаадаж байв. Гүрээнийх нь артерийн судас хагарсан юм болов уу гэж бодоод баруун гараараа хүзүүн дээр нь дарж, зүүн гараараа мэс засал хийсэн эмч рүү нь утасдлаа. Билл уруу мэс засалч эмч нарын багийг аль болох түргэн явуулна. “Харин гараа авч болохгүй шүү!” гэж мэс заслын эмч хэллээ.

Би Биллийн хүзүүн дээр дарж байхдаа орных нь дэргэд Сүмийн нэг танил ном байхыг ажиглав. “Та Сүмийн гишүүн үү?” гэж би асуув.

Тэр толгойгоо дохих гэж оролдсоноо Атлантын Жорж Ариун сүмийн ёслолын ажилтан гэдгээ хэллээ. Тэр нулимсаа барьж ядан, “Би үхэх нь ээ!” гэв.

Та үхэхгүй ээ гэж би өчүүхэн ч эргэлзээгүйгээр хэлээд, “Би ирэх сард Атлантын Ариун сүмд гэрлэнэ. Тэгэхэд та тэнд байгаарай” гэв. Тэгтэл мэс засалч эмч нарын баг ирж, Биллийг аваад явав.

Би ирэх сард болох хуримандаа сэтгэл догдлоод, эмчилгээ нь хүндэрсэн Биллийг бараг мартчихаад байлаа. Гэвч хуримын өдөр ариун сүмийн ерөнхийлөгчийн гэргий намайг лацдан холболтын өрөөнд дагуулж ороход нэг танил царай харагдсан нь Биллийн эхнэр Жорж байлаа. Би түүнд гэрлэх гэж байгаагаа хэлтэл тэр Биллийг олж ирэхээр гарав. Ёслол эхлэхээс хэдхэн хормын өмнө хаалга нээгдэж, Билл орж ирлээ. Билл хэдэн долоо хоног толгой нь өвдөж, огиулан, сульдан тамирдсаны эцэст бие нь илааршиж, тэр өдөр миний хуримын өдөр гэдгийг мэдэлгүйгээр ариун сүм дээр ирсэн гэнэ.

Хоёр жилийн дараа нөхөр бид хоёр Тенниссийн Нашвилл ариун сүмд ёслолын ажилтнаар дуудагдав. Бид хоёр онцгойлон адислагдахаар ариун сүм дээр иртэл нэг эрэгтэй хүн надад хаалга нээж өгөөд, “Нашвиллын ариун сүмд тавтай морилно уу!” гэв. Энэ бол Билл ах байлаа.

Бид хамт гурван жил үйлчилсэн. Намайг амийг нь аварсан хэмээн Билл хүн болгонд ярьдаг байлаа. Гэвч Их Эзэн түүнийг аварсныг би мэднэ. Сүнсний өдөөлтөнд анхаарал тавихын чухлыг Их Эзэн тэр үйл явдлаар надад заасан юм.