2012
Асуулт, хариулт
2012 оны дөрөвдүгээр сар


Асуулт, хариулт

“Би судруудыг бие даан судалж чадах байтал яагаад семинарт явах хэрэгтэй юм бэ?”

Та амьдралынхаа үлдсэн хугацаанд судруудыг бие даан судалж болно л доо. Харин боломжтой бол судруудыг онцгой туршлагатай багш, найз нөхөдтэйгөө хамт семинарт одооноос судлах сайхан боломжийг бүү алд.

Сайн багшийн удирдлагаар судруудыг судлах нь бие даан судлахад ойлгохгүй байж болох судруудын тухай шинэ ойлголттой болоход тань тусална. Багш чинь бас бошиглогчид болон Сүмийн бусад удирдагчдын сургаалаас хуваалцах болно. Энэ нь судруудыг сайн ойлгоход тань тусална.

Түүнчлэн, ангийнхантайгаа хамт суралцах нь сонирхолтой, хөгжилтэй байдаг. Унших үедээ шинээр олж мэдсэн зүйлсийнхээ тухай ярих боломж өөрт чинь олдоно. Ангийнхан чинь сударт хэрхэн дуртай болсон туршлагаа хуваалцаж болно. Тэдний туршлагыг сонсох нь судруудыг амьдралдаа хэрэгжүүлэхэд чинь тусалж болно. Та сайн мэдээг бусадтай хамтран судалдаг учраас дараах амлагдсан адислалыг хүртэнэ: “Хоёр эсвэл гурваараа миний нэрээр, … хамтдаа цугласан тэнд би тэдний дунд байх болно” (С ба Г 6:32).

Семинар бас таны судар судлах бүтцийг тогтоож өгдөг. Та бас судрыг тодорхой хуваариар унших хүсэлтэй болох бөгөөд энэ нь судрын ном бүрийг уншиж дуусгахад тань тусална. Судрын гарамгай эзэмших шүлгүүдийг ярилцан, тэдгээрийг цээжлэх боломж танд олдоно. Семинарт явснаар амьдралынхаа энэ үед өөр ямар ч аргаар судалснаас илүү их үр өгөөжийг судруудаас олох нь танд баталгаатай болно.

Шинэ найз нөхөд, шинэ санаа

Семинарт та шинэ найз нөхөдтэй болж, бие биетэйгээ нэг гэр бүл мэт ойр дотно болно. Та бие дааж судлаад мэдэх аргагүй олон шинэ зүйлийг сурч мэднэ. Энэ нь хөгжилтэй бас туйлын сүнслэг байж, цаг заваа зөв өнгөрүүлэх боломжийг олгоно. Хэрэв та семинарт хамрагдаагүй бол одоо яв, тэгвэл амьдрал чинь өөрчлөгдөх болно.

Kaтарина Б.,нас 16, Калифорни, АНУ

Аз жаргал

Семинараар миний өдөр эхэлдэг. Семинар намайг аз жаргалтай бөгөөд сайн мэдээг бусад хүмүүстэй ярилцах хүсэл эрмэлзэлтэй болгосон. Бид судруудыг шүлэг бүрээр нарийвчлан ярилцдаг болохоор илүү сайн ойлгодог.

Maди С., нас 15, Колорадо, АНУ

Хувиараа болон семинараар хослон судал

Семинар бол сэтгэл санаа өөдрөг өрнүүн байдаг сайхан газар. Зарим үед бие дааж судлах нь хангалтгүй байдаг. Хувиараа болон семинараар хослон судлах нь үр өгөөж маш сайтай. Багш нар гайхалтай сайхан заахын сацуу хэрвээ танд асуулт байвал багш нар болон ангийнхан чинь асуултанд тань хариулахад тусална.

Доосон Д., нас 15, Айдахо, АНУ

Илүү сайн ойлголт

Ариун судруудыг ганцаараа судалснаас бусадтай хамтран судлах нь илүү сонирхолтой, хөгжилтэй байдаг. Түүнээс гадна, бид судруудыг хамтран судалснаар бусдаасаа сонирхолтой санаануудыг сурч мэдэж болно. Би семинараас олон сонирхолтой түүхийг мэдэж авсан, мөн судрууд юун дээр үндэслэгдэн бичигдсэн талаар их зүйл мэддэг болсон. Энэ нь судар судлахыг улам сонирхолтой, сэтгэл догдлом болгодог! Би семинарт явахаар шийдсэндээ баяртай байдаг.

Ребека M., нас 16, Шлесвиг-Холстейн, Герман

Бат бөх гэрчлэл

Нэгдүгээрт, хоёр юм уу гурван хүн Түүний нэрээр цугласан газарт Тэр тэдэнтэй хамт байх болно хэмээн Их Эзэн хэлсэн билээ (Maтай 18:20; С ба Г 6:32-ыг үз). Түүний Сүнсийг мэдрэх нь бидний төлөө Тэрбээр юу хийснийг тунгаан бодоход тусална. Хоёрдугаарт, бид судруудыг бусадтай хамтран судалснаар тэнд бичигдсэн зүйлийг илүү сайн ойлгож чадна. Бид бие биеийнхээ үгийг сонссоноор өөрөө ажиглаагүй ямар нэг зүйлийг мэдэж болно. Бас биднийг мэддэг зүйлээ хуваалцахад бусад нөхөд маань ч бас сурч мэдсэнээ хуваалцана. Гуравдугаарт, семинарт явснаар миний гэрчлэл бат бөх болсон. Семинар гэрчлэлээ хуваалцах болон бусад хүмүүсийн гэрчлэлийг сонсох боломжийг бидэнд олгодог. Бас үргэлж зөв зам дээр байхад бидэнд тусалдаг.

Дмитрий Г., нас 16, Днепрпетровск. Украйн

Бусдаас суралц

Семинарт явах нь миний заавал биелүүлэх ёстой үүрэг мөн. Туршлагатай багш надад зааж, судар дахь үнэнүүдийг тайлбарлаж өгдгөөс гадна би хичээл дээрх ярилцлагаас маш их зүйл сурдаг. Бусад суралцагчид сурч мэдсэн зүйлээсээ хуваалцах нь сайн мэдээний тухай, Аврагч болон Түүний Цагаатгалын тухай илүү их мэдлэгтэй болоход надад тусалдаг. Ганцаараа бие дааж судлах нь хангалтгүй учраас би хичээл дээрх ярилцлагуудаас зарим асуудлынхаа хариуг олсон. Есүс Христийн үнэн Сүмийн тухай миний гэрчлэл өсч хөгжихөд семинар маш чухал үүрэг гүйцэтгэснийг би гэрчилж чадна.

Дензел Ж., нас 15, Баруун Самоа

Гэрэл ба үнэн

Би семинарт явснаар гэрэл ба үнэнийг хайж, Бурханы өвч хуяг дуулгыг өмссөн юм (С ба Г 27:15–18-ыг үз). Энэхүү хуяг дуулга бүх цаг үед, бүх газарт Түүний дуу хоолойг танихад надад тусалдаг. Өдөр бүр судар унших нь миний итгэл, гэрчлэлийг бэхжүүлж, сорилт бэрхшээл тулгарсан үед зоригтой байхад тусалдаг. Семинарт явах нь гэрэл ба үнэнийг олж, судруудыг судлан, тунгаан бодох хамгийн сайн аргуудын нэг мөн.

Нохеми M., нас 17, Пуэбло, Мексик

Гурван шалтгаан

Нэгдүгээрт, би номлолд үйлчлэхийг хүсдэг учраас семинарт явдаг. Номлогчид өглөө эрт босч, сайн мэдээг өглөө судалдаг байх хэрэгтэй. Семинарт явах нь өглөө эрт босч байх сайн хэвшлийг бий болгоход надад тусалдаг. Хоёрдугаарт, бид өглөө толгой сэргэг байхад уншиж, судалж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадна. Бурханы тухай мэдэхийн тулд өдрийн хамгийн тохиромжтой цагийг ашиглах нь ухаалаг арга юм. Гуравдугаарт, хэрэв би бие даан судаллаа гэхэд багшаар заалгасан шиг гүнзгий ойлгохгүй байж мэднэ. Би багшийн заах арга, удирдлагаар өөрөө бие даан судалснаас илүү ихийг сурч чадна.

Х. Чен Юуан, нас 16, Тай-Чунг, Тайвань